Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00080

 

Х.Х, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

М.Болатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00301 дүгээр шийдвэртэй, С.Х, Х.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хангелди овогт Мединешийн Болатын нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.             

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, прокурор М.Фарида нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эдийн бус, сэтгэл санааны хохиролд 20000000.00 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “М.Болат би Х.Х, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Х.Х, Х.Хаумет нар нь М.Д гэгчтэй бүлэглэн С.М гэгчийн 3 тооны адууг бүлэглэн хулгайлсан хэрэгт 2012 онд цагдаагийн байгууллагаар шалгагдан яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжсэн байдаг. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн Х.Х, Х.Хаумет нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэм буруутайд тооцон, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорихоор шийтгэж, хохирогчид учирсан хохирол болох 1.200.000 төгрөгийг төлүүлэхээр 101 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс эхлэн С.Х-ийг цагдан хорьсон байдаг. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлоор аймгийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, Х.Х, Х.Х нар нь бусдын 3 тооны адууг хулгайлсан нь хангалттай нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатган, С.Хийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Х.Х-ыг өөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа болохыг дурдаж, 04 дүгээр магадлалыг гаргасан байна. Хяналтын шатны шүүх 2013 оны 165 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.  Х.Х өөр хэргийн учир ял эдэлж, С.Х өөр зүйл ангиар гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн үндэслэлээр зохих хариуцлага хүлээсэн боловч С.М-ыг 3 морийг хулгайлсан хэрэгт цагдаагийн байгууллагаар он дамжин шалгагдаж, шүүхээр хорих ял шийтгэгдэн цагдан хоригдож сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр алдрын хувьд ноцтой хохирсон байх тул Х.Х, С.Х нарын сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч нарын сэтгэл санааны үр дагаварт учирсан хохирлын үр дагаврыг тус бүр 10.000.000 төгрөгөөр үнэлэх бөгөөд нийт 20.000.000 төгрөгийг төр хариуцан арилгах үүрэгтэй учраас дээрх мөнгийг Засгийн газрыг нөөц сангаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00301 дүгээр шийдвэрээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан Х.Х, С.Х нарын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирол 20000000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Х.Х, С.Х нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00301 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:  

Х.Х нь  2012 оны 6 дугаар сард эрүүгийн хэргийн учир ял эдэлж байхдаа бусдын 3 адуу хулгайлсан хэрэгт шалгагдан сэжигтнээр тооцогдон яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээр энэ хэргийн учир 2 жилийн хорих ял авч, урьд эдлээгүй үлдсэн ялаа нэмж нэгтгүүлэн нийт эдлэх ялаа 4 жил 5 сараар тогтоолгож байсан. С.Х нь Х.Х, Д нартай бүлэглэн бусдын 3 тооны адууг хулгайлсан хэрэгт буруутгагдан мөн адил хулгайн хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байсан.

Х.Х, С.Х нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх ялтнуудын гомдлоор хянаад холбогдсон хулгайн хэргийг нь хэрэгсэхгүй болгон Х.Х, С.Х нарыг цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заалтуудыг үндэслэн Х.Х, Х.Хаумет нарын сэтгэл санаанд учирсан үр дагаврыг арилгуулах зорилгоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх “ Х.Х нь тухайн үед өөр хэргийн учир ял эдэлж байсан ялтан байсан, С.Х нь давхар зүйл ангитай байгаад түүгээр ял шийтгэгдсэн учир сэтгэл санаанд нь хохирол учрах ёсгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирол арилгуулах тухай үндэслэлүүдийг тодорхой заасан байхад шүүх түүнийг баримтлаагүйд гомдолтой байна. Үүгээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим алдагдсанаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл бүхэлдээ зөрчигдсөн гэж үзнэ. Иймд холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон боловч дараах үндэслэлээр хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Х.Х, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч М.Болат нь Х.Х, С.Х нарын сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулахаар Засгийн газрын нөөц сангаас 20000000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ “...С.М-ын 3 морийг хулгайлсан хэрэгт цагдаагийн байгууллагаар он дамжин шалгагдаж, шүүхээр хорих ял шийтгэгдэн цагдан хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр алдрын хувьд ноцтой хохирсон байх тул Х.Х, С.Х нарын сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Х-г хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бүлэглэж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар С.Х-ийн LG маркийн 37 инчийн 40000 төгрөгийн үнэтэй зурагтыг хурааж, 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч С.Х-эд  мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хорих ялын зарим болох 3 /гурван/ сарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Х.Х-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Х.Х-д Сум дундын шүүхийн 2012 оны 06 сарын 20 өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар  оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 28/ хорин найман/ хоногийн хорих ялын зарим болох 2 /хоёр/ жил 5 /таван/ сарыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 

шүүгдэгч С.Х-эд урьд батлан даалтаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Х-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр магадлалаар шүүгдэгч Х.Х, С.Х, өмгөөлөгч С.Алтай, Я.Сьезд, Т.Аршагүл нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Х, М.Д, С.Х нарыг “хохирогч С.М-ын нэг гүү, хоёр морь, нийт 3 тооны адууг бүлэглэж хулгайлсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.1, 13 дугаар зүйлийн 13.2.-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.Х, М.Д С.Х нарыг тус тус цагаатгаж,

С.Х-г хориглосон эд зүйлийг бүлэглэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2.-т зааснаар шүүгдэгч С.Хийн “Эл Жи” маркийн 37 инчийн, 40000 төгрөгийн үнэтэй зурагтыг хурааж, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар С.Хэд оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж, түүнийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчдийг цагаатгасан тул цагдан хоригдож байгаа цагаатгагдсан этгээд С.Х-ийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, цагаатгагдсан этгээд Х.Х нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгааг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 4 дүгээр сарын 165 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хэвээр үлдээжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х, С.Х нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх албан тушаалтнуудын хууль зөрчсөн, гэм буруутай үйл ажиллагааны улмаас мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5.-д зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ял оногдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар Х.Х, С.Х нар өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу сэтгэл санааны үр дагавраа арилгуулахаар шаардах эрхтэй, харин энэ тохиолдолд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаа байх эсэхээс шалтгаалахгүйгээр нэхэмжлэгч нар уг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэйгээр зохицуулжээ.

 

            Нэхэмжлэгч М.Болат нь Х.Х, С.Х нарт учирсан эдийн бус гэм хорыг буюу сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх гаргасан Х.Х, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч М.Болатын Засгийн газрын нөөц сангаас 20000000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой заах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, маргааны үйл баримтад хамааралгүй мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, түүнчлэн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-т заасныг баримталсныг тус тус хасаж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т заасныг нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00301 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан Х.Х, С.Х нарын сэтгэл санааны хохиролд 20000000.00 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК