| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00306/и |
| Дугаар | 101/ШШ2021/00618 |
| Огноо | 2021-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/00618
| 2021 02 26 | 101/ШШ2021/00618 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд цахимаар хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86-41 тоотод оршин суух, Шарууд овогт Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбэ 8-69 тоотод оршин суух, Эмчийнхэн овогт Б.Б-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2019 оны 02 дугаар сард Б.Б-той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд Тоёото кровн маркийн автомашиныг 24,500,000 төгрөгөөр худалдсан. Б.Б нь автомашины үнэд 17,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 7,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.Б-оос автомашины үлдэгдэл төлбөр болох 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Манай ах Б.Г-гийн төлөх байсан өр төлбөрийг би мэдэхгүй. Хэрвээ ах Б.Г нь хариуцагч Б.Б-д өртэй юм бол уг төлбөрөө өртэй хүнээсээ нэхэх ёстой гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г-ийг төлөөлж түүний дүү Б.Г-тай худалдах, худалдан авах гэрээ
байгуулж, Тоёото кровн маркийн автомашиныг 24,500,000 төгрөгөөр авахаар тохирсон. Миний нөхөр Б.Б-А нь Б.Г-ийн төрсөн ах Б.Г-тэй найзууд бөгөөд тэрээр манай нөхөрт өртэй байсан. 7,500,000 төгрөгийг Б.Г-ийн өрөнд тооцож, үлдэх 17,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлсөн. Талууд тохиролцсоны дагуу төлбөр тооцоо бүрэн дууссан. Мөн гэрээний 2.2-т төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг тусгасан байгаа. Би Б.Г-ийг гэрээ байгуулах үед хараагүй, дараа нь 1 удаа л харсан гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Г нь 02-2141007-19-I00777 тоот гаалийн мэдүүлэгтэй, GWS204-0010613 арлын дугаартай, Тоёото кровн маркийн, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Б.Б нь 24,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 14 дугаар тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Зохигчдын хэн аль нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнэд худалдан авагч Б.Б нь 17,000,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийг хүлээн авсан үйл баримтад тус тус маргаагүй. Харин хариуцагч Б.Б нь үлдэх 7,500,000 төгрөгийг өөрийн нөхөр болох Б.Б-А-д Б.Г-ээс төлөх өр төлбөрт суутгасан гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай зохицуулалт юм. Гэрээний талууд болох Б.Ганз, Б.Б нарын хооронд өр, авлага байхгүй талаар талууд тайлбарласан.
Хариуцагчаас гаргасан Б.Г-ээс нөхөр Б.Б-А-д төлөх өр төлбөрт 7,500,000 төгрөгийг суутгасан тул худалдах-худалдан авах гэрээний үлдэх төлбөрийг төлөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
Хэдийгээр талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоо дууссан гэж заасан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь 7,500,000 төгрөгийг худалдан авагч нь төлөөгүй үйл баримтыг тайлбарласан. Иймд хариуцагч Б.Б нь тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төлөөгүй болох нь тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг түүнээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-т олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ