| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., 24.6.2.3., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 2424000000006 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч 1: Монгол улсын иргэн, * оны * дугаар сарын*-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт * аймгийн *сумын * баг * оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,
Шүүгдэгч 2: Монгол улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, *, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт * аймгийн * сумын * баг *тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ын /регистрийн дугаар /,
Шүүгдэгч 3: Монгол улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, *, малчин, ам бул 3, эцэг, дүүгийн хамт * аймгийн *сумын * багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ын /регистрийн дугаар /,
Шүүгдэгч 4: Монгол улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт * аймгийн * сумын * багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ын , /регистрийн дугаар /.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхний “Цагаанчулуутын ам” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, хэрэглээний, хуурай 17.8392 метр куб модыг бэлтгэж, ЗИЛ-131 маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглаж 13.2881 метр куб модыг Завхан аймгийн сумын төв рүү тээвэрлэж, сумын ойн санд 5,415,606.50 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхний “Цагаанчулуутын ам” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, хэрэглээний, хуурай 17.8392 метр куб модыг бэлтгэж, ЗИЛ-131 маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглаж 13.2881 метр куб модыг Завхан аймгийн сумын төв рүү тээвэрлэж, сумын ойн санд 5,415,606.50 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-15-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 71-р хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:"...Манай аав суманд " " ХХК-ийн хөрөө рамыг ажиллуулдаг юм. *******, ******* нар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө манай аавын хөрөө рамын хашаанд хэрэглээний 4 метрийн хуурай шинэс төрлийн 130 ширхэг бөөрөнхий модыг зүсүүлэх гээд буулгасан талаар надад хэлээд би аавын хөрөө рам дээр очиж тухайн моднуудыг харж байсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *******аас дээрх моднуудаа хаанаас ямар нэртэй газраас бэлтгэсэн талаар асуухад Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг "Цагаанчулуутын ам" гэх газраас 2024 оны 01 дүгээр сард , *******, ******* нарын хамт нийлж бэлтгэсэн гэж надад хэлсэн. *******, ******* нар дээрх моднуудыг хөрөө рамын хашаанд буулгахдаа ******* ах өөрийнхөө ЗИЛ-131 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр харин ******* өөрийн хүргэн гийн ЗИЛ-131 маркийн гэсэн улсын дугаартай автомашинаар буулгасан байсан. Тухайн иргэдийн зүгээс дахиж аавын хөрөө рам дээр өөр ямар нэгэн мод буулгаагүй... *******, ******* нарын зүгээс урьд өмнө манай аавын " " ХХК-ийн хөрөө рамын тусгаарлалтын талбай дээрээс мод бэлтгэж тус нэмэр болдог хүмүүс байгаа юм. Тухайн иргэдийн зүгээс шинэ цагаан сар дөхөөд хэдэн төгрөг болгох санаатай манай аавын хөрөө рамд дээрх моднуудыг буулгаад зүсүүлэх гэж байгаад цагдаа сэргийлэх болоод тухайн моднуудыг цагдаагаас хураагаад авсан гэсэн. Түүнээс манай аав бид хоёрын зүгээс ямар нэгэн байдлаар тухайн моднуудыг худалдаж аваагүй, мод бэлтгээд ир гэж захиалга өгсөн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-р хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Манай " " ХХК-ийн хөрөө рамын хашаанд *******, ******* нар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэрэглээний 4 метрийн урттай 130 ширхэг бөөрөнхий модыг зүсүүлэх гээд буулгасан байсныг би сүүлд нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цагдаагаас мод хурааж авна гэхээр анх мэдсэн юм. Манай гэр хөрөө рамаасаа зайтай сумын төвд байдаг болохоор өдөр болгон рамын хашаанд очоод байх боломж бололцоо миний хувьд муу байдаг. Харин манай хүүхэд хөрөө рамын хашаагаараа намайг бодоход нааш цаашаа явдаг юм. Манай Ойн мэргэжлийн байгууллагын зүгээс дээрх иргэдэд мод бэлтгүүлсэн нэгэн зүйл байхгүй. Миний хувьд тэр моднуудыг буухыг нь хүртэл анх мэдээгүй байж байгаад сүүлд цагдаа сэргийлэх гэхээр нь мэдлээ... гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 85-р хуудас/,
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Тосонцэнгэл сумын хэмжээнд 2024 он гарсаар цөөн тооны иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байгаа. Надаас 2024 он гарсаар сумын иргэд ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Миний зүгээс 2024 онд Тосонцэнгэл сумын Рашаант багийг хариуцан ажиллаж байгаа байгаль хамгаалагч байгаа юм... Сумын байгаль хамгаалагчийн зүгээс зөвхөн сумын ойн сан бүхий газар нутгаас иргэдэд хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй. Иргэн хүний зүгээс улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хэрэглээний мод бэлтгэж болохгүй..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 87-р хуудас/,
-Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг "Ташуу Дөрвөлжингийн ар" гэх газраас гэх хүний 4 метрийн модыг өөрийнхөө ЗИЛ-131 маркийн 05-86 ЗАН улсын дугаартай автомашинаар сумын төв рүү тээвэрлэж яваад Тасархай гэх газарт шөнө 23 цаг өнгөрч байхад *******, нартай таарч уулзсан юм. Тухайн үед ******* өөрийнхөө ЗИЛ-131 маркийн улсын дугаартай автомашинаар ******* өөрийн хүргэн гийн ЗИЛ-131 маркийн улсын дугаартай автомашинтай явж байсан юм. Би тухайн үед тэр хоёроос хаа хүрэх нь вэ гээд асуухад , ******* бид нар хэдхэн хоногийн өмнө Рашаант багаас Цагаанчулуутын ам гэх газраас 4 метрийн 100 гаран тооны мод бэлтгээд өнөө өглөө сумын төв рүү хэдэн мод тээвэрлэж орж ирээд ахын хөрөө рамын хашаанд буулгаад хаячихлаа одоо эргэж очоод тэнд үлдсэн хэдэн модоо ачаад отрын адуугаа доош нь уруудуулаад ирнэ гэж надад хэлсэн. Би ч тэр хоёрт Ташуу Дөрвөлжингөөс 4 метрийн моднууд надаар ачууллаа ирж байгаад замдаа чиргүүлийн дугуй салаад уначихсан хээр орхичихлоо гэж хэлсэн. Намайг сумын төвөөс дуудаад мод ачаад өгөөч гэхээр нь би Ташуу дөрвөлжин гэх газарт очиход тэнд байгаа отрын гэр дээр *******, *******, , ******* нар хамт амьдарч байгаа гэж надад хэлсэн. Надад энэ талаар өөр мэдэх зүйл алга..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 89-р хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сумаас отрын хөлсний адуу аваад Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхэнд гарч ирсэн. Тэгээд би хөдөө байж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 13, 14-ний үед сумын төв рүү орж 3-4 хоноод буцаад Рашаант багийн нутаг Ташуу дөрвөлжин гэх газарт отрын гэр дээр мориор очсон. Намайг отрын гэр дээр очиход тэнд , *******, *******, ******* нар сумын төвөөс отрын адуун дээрээ гарч ирсэн байсан. Тэд нар сумын төвөөс гарч ирэхдээ ******* өөрийнхөө ЗИЛ-131 маркийн улсын дугаартай автомашинаар ******* өөрийн хүргэн гийн ЗИЛ-131 маркийн улсын дугаартай автомашинтай ирсэн байсан. , *******, *******, ******* бид нар отрын гэр дээр хамт амьдарч байсан. Тухайн иргэдийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны үеэс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Рашаант багийн нутаг Цагаанчулуутын ам гэх газрын ойгоос хэрэглээний 4 метрийн моднуудыг бэлтгэсэн. *******, нар 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сумын төв рүү өөрсдийнхөө ЗИЛ-131 маркийн 3 автомашинаар 100 гаран тооны 4 метрийн модыг сумын төв рүү тээвэрлээд буцаад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө сумаас гарч ирсэн. сумын төв рүү тээвэрлэсэн модоо гэдэг хүний рамын хашаанд буулгасан талаар ярьж байсан. Тэр моднуудаа өөрсдөө төв орохоороо зүсүүлж мөнгө болгох гэж байсан юм шиг байна лээ. , *******, *******, ******* нарын зүгээс хоорондоо болон гэрт надад ярихдаа ойгоос 170 орчим модыг бэлтгэсэн талаар хэлсэн. Угаасаа дээрх хүмүүс мод бэлтгэх үеэр өглөөд модоо хийнэ гээд хамт явцгаадаг байсан. Харин би адуундаа явдаг байсан. Миний зүгээс мод бэлтгэх ажиллагаанд оролцоогүй... *******ын шар алаг, ******* өөрийнхөө бор алаг өнгийн хужаа моторт хөрөөг ашигласан угаасаа өглөөд хөрөөгөө аваад модонд явдаг байсан. Мод бэлтгэхдээ зөв талын гуяндаа Н үсгэн тамгатай шар хээр морь, алаг зүсмийн морийг ашигласан. Шар хээр зүсмийн Н үсгэн тамгатай морь *******ынх, харин наад алаг морь нь *******ийн эзэмшлийн морь байсан юм. Тэд нар мод бэлтгэхдээ *******, ******* нар хөрөөгөөр мод тайрч унагаад , ******* хоёр мориор модоо чирч цагаалж бэлтгэсэн гэсэн. Бид нар нэг гэрт хамт амьдарч байсан болохоор би сайн мэдэж байна...." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 91-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт,/ 1-р хх-ийн 103-107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, уг гэмт хэргийг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч нарын мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэд эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийг 4 хүн нэгдэж үйлдсэн тул бүлэглэж үйлдсэн гэж үзэх ба Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхний “Цагаанчулуутын ам” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох нь холбогдох шийдвэр, эрх бүхий албан тушаалтнуудын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгч нарын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирлыг 3 нугалсан хэмжээгээр нөхөн төлбөрийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 17.8392 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 5,415,606.50 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 16,246,819.50 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлсөн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч ******* *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурорын санал болгосноор шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч 200 ширхэг мод тарих, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын ахуй амьдралын хувьд бололцоо боломж муутай нөхцөл байдал, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд байгаль цаг уурын хүнд нөхцөлийн улмаас өвс тэжээлийн нөөц хомсдож, мөнгөний зайлшгүй хэрэгцээ гарч байгаа бодит байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал, үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч хүн тус бүр 100 ширхэг мод тарих, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээс гадна дахин энэ төрлийн хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх хүмүүжлийн чанартай, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйц албадлага байх болно гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 178 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-131 маркийн автомашин 2 ширхэг, цахилгаан хөрөө 2 ширхэг, уяа, хазаар 2 ширхэг, ногт 2 ширхэг, 2 тооны морь зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 178 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий бор алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хээр зүсмийн, зүүн гуяндаа "Э" үсгэн тамгатай 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адуу, шар хээр зүсмийн, хязаалан насны зүүн гуяндаа "Н" үсгэн тамгатай 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адуу, ЗИЛ-131 маркийн улсын дугаартай 5,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож, улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 6,200,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метрийн урттай мяндсан уяа, хазаар 2 ширхэг, ногт 2 ширхэг зэргийг устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ын , овогт ын , овогт ын нарыг бүлэглэн Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн ангид хүлээлгэн өгөх, 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон 178 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, улаан шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хээр зүсмийн зүүн гуяндаа "Э" үсгэн тамгатай 1 тооны адуу, шар хээр зүсмийн хязаалан насны зүүн гуяндаа "Н" үсгэн тамгатай 1 тооны адуу, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож, улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 6,200,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метрийн урттай мяндсан уяа, хазаар 2 ширхэг, ногт 2 ширхэг зэргийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН