| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/05842/И |
| Дугаар | 101/ШШ2021/00086 |
| Огноо | 2021-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/00086
2021 01 08 101/ШШ2021/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Б,
Хариуцагч М.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Б миний бие М.М-той 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аман хэлцлээр 1.500.000 төгрөгийг, 50 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлдүүлсэн.
М.М-ын амласан хугацаа дууссан боловч тэрээр зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Түүнээс мөнгөө нэхэхээр энэ хугацаанд утсаа авахгүй байх, эсхүл мессежээр мөнгийг өгнө гэдэг хариу өгдөг байсан. Ярьж тохирсоны дагуу хүү нэхэх юм бол 24 сарын хүү 18.000.000 төгрөг болохоор байгаа боловч ингэж нэхэмжлэх нь үндэслэлгүй юм.
Одоо болохоор 800.000 төгрөгийн хүүг зөвшөөрч байгааг болон гэрээний 45 хугацааг 45 хоног гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хүү тооцох талаар бичгээр хийсэн хэлцэл байхгүй, бид амаар тохиролцсон бөгөөд 2019.08.30-ны өдрөөс хойш хугацааг сунгасан албан ёсны баримт байхгүй.
Иймд хариуцагч М.М-оос үндсэн зээл 1.500.000 төгрөг, 3 сарын хүү 2.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
М овогтой М миний бие нь Д овогтой Б-аас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлж авсан. Мөнгийг зээлж авахдаа 50 хувийн хүү өгнө гэж тохиролцоогүй болно. Мөнгийг буцааж өгөхгүй хугацаа алдсан маань үнэн, бидний хооронд бичгээр хийгдсэн гэрээ хэлцэл байхгүй. Мөнгийг буцааж өгөхгүй хугацаа алдсан учраас хүүд 800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Иймд Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 800.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 2.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 800.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг хариуцагч М.М-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.
/хх-ийн 6 тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1 сарын хугацаатай, 50 хувийн хүүтэйгээр хариуцагч М.М-т зээлдүүлэх талаар аман хэлцлээр тохирсон, ийнхүү үүргээ биелүүлээгүй тул 3 сарын хүүд 2.500.000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж,
Хариуцагч нь сарын 50 хувийн хүү төлөх талаар тохиролцоогүй тул хүүд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаас үзэхэд талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхийг шаардах бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулсан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг, сарын 50 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, ийнхүү хүү төлөхөөр тохиролцсон хугацааг сунгасан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх тухай хуульд заасан гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч нь хүүд 800.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр хүүг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч М.М-оос үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 800.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.700.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.М-оос үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 800.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.700.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 51.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ