Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 83

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Г.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД:2-173/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ганболдын Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201626031500 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 01-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Боржгон овогт Ганболдын Сүхбаатар /РД:РФ96090116/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хадатын ар гэх нэртэй газраас 2 ширхэг шуудайтай Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 3 ширхэг хүрэн баавгайн түүхий эдийн зүйл болох толгой, сарвуу бүхий 2 арьс, дотор эрхтэн, мах зэрэг эд зүйлийг олж хаваржаан дээр байх модон амбаарт 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот хүртэл хот хооронд хүн тээвэрлэдэг нийтийн тээврийн “Истана” маркийн цагаан өнгийн 44-00 ХӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ирж, 2016 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” дэлгүүрийн урд талын замд Отгонбаатарын эзэмшлийн Тоёота Естима маркийн цагаан өнгийн 98-10 УНИ улсын дугаартай автомашинд тээвэрлэн авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Сүхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хадатын ар гэх нэртэй газраас 2 ширхэг шуудайтай Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 3 ширхэг хүрэн баавгайн түүхий эдийн зүйл болох толгой, сарвуу бүхий 2 арьс, дотор эрхтэн, мах зэрэг эд зүйлийг олж хаваржаан дээр байх модон амбаарт 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот хүртэл хот хооронд хүн тээвэрлэдэг нийтийн тээврийн “Истана” маркийн цагаан өнгийн 44-00 ХӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ирж, 2016 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” дэлгүүрийн урд талын замд Отгонбаатарын эзэмшлийн Тоёота Естима маркийн цагаан өнгийн 98-10 УНИ улсын дугаартай автомашинд тээвэрлэн авч явсан болох нь:

             1. Шүүгдэгч Г.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 10 дугаар сарын үед бид нар самар түүж байгаад самрынхаа машины гол төмрийг ууланд орхисон байсан. Тэгээд самрын машины гол төмрийг авахаар Даян дээрхийн хийд рүү аавындаа оччихоод морь унаад самрын отог руу явсан. Самрын 4 отог дарааллаж байрласан байсан. Надтай хамт цагаан алаг нохой хамт явж байсан. Би дээрээс нь эхлээд уруудаад зам дагаад явж байтал нохой хуцаад цас малтаад байсан. Тэгээд очоод юу юм бол гэж очиж үзэхэд 2 шуудайтай юм байхаар нь үзээд тухайн ойр хавьд хүн байхгүй болохоор нь мориндоо ачаад дараагийн самрын отог дээр самрын машины гол төмрийг олж аваад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явах замдаа хаваржааны модон амбаарт 2 шуудайтай юмыг хийж орхичихоод цаашаа Даян дээрхийн хийд дээр очоод самрын машины 2 гол төмрийг аваад гэртээ харьсан. Тухайн үед нь би хууль дүрэм мэдэхгүй болохоор тэнд орхисон байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр хот руу самраа зарах гэж явахдаа шуудайтай зүйлийг авч явсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед цагдаад баригдсан...Би баавгайн түүхий эдийг юу ч гэсэн хот руу аваад явъя, самар авсан хүнд бэлэглэе, хүнээс асууя гэж бодсон...Ойролцоогоор 2016 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хадгалсан...Жолооч юу юм бэ гэхээр нь би идэшээ авч явж байгаа юм гэсэн...Тухайн үед шуудайтай зүйлийг задалж үзээгүй. Тухайн үед нь юм оллоо гэж бодоод юу ч бодолгүй, мориндоо тавиад отог дээрээ ирээд задалж үзсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...машин доторх хайрцагтай зүйлсийг гаргаж хайрцагнуудыг задалж үзэхэд хүрэн өнгийн нас, хүйс нь тодорхойгүй баавгайн сарвуу болон толгойтой өвчсөн арьс байх ба уг арьснуудыг хайцагнаас гаргаж дэлгэхэд esse blue гэсэн бичигтэй хайрцаг дотроос гарсан арьс нь нөгөө арьснаас жижиг хэмжээтэй, бамбаруушны арьс мэт байх ба дотор талыг нь дэлгэж үзэхэд нойтноороо цус нь хатаагүй, наалдамхай, зунгагтай байсныг тэмдэглэлд тусгав. Тээш хэсэгт байсан west гэсэн бичигтэй хайрцаг доторх зүйлсийг гаргахад хайрцагны амсар хэсэгт хувцас тавьсан, түүний доор уутан дотор ямар амьтны аль хэсгийнх нь тодорхойгүй мах, дотор гэдэс мэт зүйл байсан...” /1хх-ийн 5-10/

            3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Сэжигтэн Г.Сүхбаатарын өгсөн мэдүүлгийн дагуу...Эрдэнэбулган сумын төвөөс...гарч ертөнцийн зүгээр зүүн зүгт...зам заалган явсаар давааг даван уулын амыг өгсөн...замаар  явсаар жижиг горхи гарч зогсоход Г.Сүхбаатар тэр уулыг өгсөнө энэ уулыг даваад цаана нь миний баавгайн арьс олсон газар байгаа гэж заасныг гэрэл зургийн аппаратаар зургийг нь авч бэхжүүлэн авав...Г.Сүхбаатарын шуудайтай эд зүйл олсон гэх газраас зам хүртэл 25 метр 40 см зайтай байв...эд зүйл олсон газрын ойр орчимд...ямар нэгэн зүйл илрээгүй болно...Үүнээс цааш машиндаа сууж Г.Сүхбаатараар зам зааж яваар хаваржааны хашаан дээрээ очиж би энд шуудайтай эд зүйлээ жижиг амбаарт оруулж тавьчихаад гэртээ харьсан гэсний дагуу...Г.Сүхбаатар жижиг байшиндаа орж энд би шуудайтай зүйлээ нуусан гэж заасныг гэрэл зургийн аппаратаар зургийг нь авч бэхжүүлэн авлаа...” /1хх-ийн 26-30/

             4. Хохирогч Ц.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Ховордсон үндэслэл нь хууль бусаар агнаж арьс мах тавхай, доньд зэргийг гадаад улсад нууцаар худалдаалдаг үүнээс болж ховордсон. Хамгаалагдсан байдал нь Амьтны тухай хуулийн 2012 онд гарсан Засгийн газрын 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд оруулсан. Ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнах барих эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгоно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36/

            5. Гэрч Г.Бөхболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр өдөр 01 цагийн үед “Тоёота Естима” маркийн 98-10 УНИ улсын дугаартай автомашиныг зогсоогоод жолоочийн бичиг баримтыг шалгаад багажийг нь онгойлгуулж үзэхэд 2 цаасан хайрцагтай зүйл байсан бөгөөд 1 хайрцаг нь тосны толботой харагдахаар нь задалж үзсэн. Уг хайрцаганд мал амьтны нойтон мах байхаар нь жолоочоос юун мах юм бэ гэтэл хонь, үхрийн мах байгаа юмаа гэсэн. Гарал үүслийн бичгээ шалгуул гэтэл жолооч гарал үүслийн бичиг байхгүй гэхээр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулахаар аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-47/

            6. Гэрч Г.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…3 хайрцагтай зүйлийг задалж үзэхэд баавгайн 2 арьс, нойтон мах дотор эрхтэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49/

            7. Гэрч Н.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Сүхбаатар ирээд би жаахан махтай явж байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Сүүлд нь Сүхбаатар баавгайн махтай явж байгаад баригдчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/

            8. Гэрч Д.Наранцогтын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Г.Сүхбаатар хот явна гэж надад хэлсэн байсан болохоор нь би төвд байдаг гэрээс нь очиж авахад Сүхбаатар 2 юмуу, 3 ширхэг цаасан хайрцагтай зүйл ачаанд өгөөд хамт Улаанбаатар хот явсан юм. Тухайн үед Г.Сүхбаатар өөрийн өвлийн идэшнийхээ махаа авч яваа гэж хэлсэн. Тэр хайрцагтай юм нилээн хүнд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68--69/

            9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Бамбаруушны толгой, сарвуу бүхий арьс нь 118 см урт, 85 см өргөн, баруун сугандаа 23 см зайд 14 см диаметртэй нүх гарсан, зүүн тийш 15 см зайд 4 мм хэмжээтэй нүх гарсан, баруун талаас 51 см зайд арьсан дундаас улаан шар өнгийн металл мэт зүйл илэрсэн, 5 мм хэмжээтэй нүх гарсан, 74 см зайд 5 мм хэмжээтэй нүх гарсан,...Эм бодгаль буюу эвшний толгой, сарвуу бүхий арьс нь 175 см урт, 120 см өргөн, баруун талаас 19 см зайд 2 см хэмжээтэй нүх гарсан, арьсны доод хэсгээс 12 см зайд 2 см хэмжээтэй нүх гарсан, зүүн талаас 8 см зайд 1 см хэмжээтэй нүх гарсан, зүүн талын эгэмнээс 6 см зайд 5 мм хэмжээтэй нүх гарсан,...Хүрэн баавгайны түүхий эдийн зүйл болох жижиг цээж хэсэг 1 ширхэг, дотор эрхтэн болох бөөр 5 ширхэг, зүрх 3 ширхэг, элэг 3 ширхэг, уушиг 1 ширхэг зэрэг эд зүйлүүд байлаа...” /1хх-ийн 72-73/

            10. Шинжлэх ухааны академи, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №20 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 2 арьс, дотор эрхтэн, мах зэрэг нь зэрлэг амьтны эд эрхтэн мөн болно.

                        -Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 2 арьс, дотор эрхтэн, мах нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн (Urus arctos Linnaeus, 1758) толгой, сарвуу бүхий 2 арьс, дотор эрхтэн, мах мөн болно. Толгой, сарвуу бүхий 2 арьсны 1 нь төл буюу бамбаруушных байсан бөгөөд нөгөө 1 нь эм буюу эвш байна. Мах нь хүрэн баавгайн хүзүүтэй цээж байсан. Мөн дотор эрхтэн болох бөөр 5 ширхэг, зүрх 3 ширхэг, элэг 3 ширхэг, уушиг 1 ширхэг байна. Энэ бүгдээс харахад нийт 3 бодгаль хүрэн баавгайн эд, эрхтэн болно.

                        -Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс 2 ширхэг байсны 1 нь төл буюу бамбарууш, нөгөө 1 нь эм бодгаль буюу эвшны арьснууд байна. Мөн хүрэн баавгайн хүзүүтэй цээж хэсэг нэг ширхэг, дотор эрхтэн болох бөөр 5 ширхэг, зүрх 3 ширхэг, элэг 3 ширхэг, уушиг 1 ширхэг байна.

                        -Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 2 арьсаар нас хүйсийг тогтоох боломжтой бөгөөд 1 арьс нь төл буюу бамбарууш, нөгөө 1 арьс нь 5-6 настай эм бодгаль буюу эвш байна. Мах болон дотор эрхтнээр нас, хүйсийг тогтоох боломжгүй болно.

                        -Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

                        -Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 2 арьсан дээр үзлэг хийхэд бамбаруушны биеийн зүүн талын нуруунаас цээж чиглэлд буудан баруун талын дал, чөмөг, мөрний шонтон орчмыг дайран арьсыг нэвтлэж чадалгүй сумны хошуу арьсанд үлдсэн байсныг олсон болно...Эм баавгайн зүүн талын эгэм орчмоор нэг сум орсон ул мөр олдсон. Мөн хүрэн баавгайн хүзүүтэй цээж маханд үзлэг хийхэд зүүн эгэм, чөмөг хэсгийг дайрсан сумны ул мөр байсан. Дотор эрхтэн болох бөөр, зүрх, элэг, уушиг зэрэгт ямар нэгэн ул мөр илрээгүй болно.

                        -Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 2 арьсны 1 арьс нь төл буюу бамбарууушны экологи-эдийн засгийн үнэлгээг бие гүйцсэн бодгалийн 70 хувиар тооцож тогтооно гэсний дагуу бамбаруушных 5.250.000 төгрөг, эр бодгалийнх экологи-эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөг, эм бодгаль буюу эвшний экологи-эдийн засгийн үнэлгээ 7.500.000 төгрөг болно. /1хх-ийн 77-85/

            11. Шинжээч Г.Цогжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Шинжилгээнд хүргүүлсэн дотор эрхтнүүдэд шинжилгээ хийж үзэхэд 3 бодгаль хүрэн баавгайн эд эрхтэн байсан. Толгой, сарвуу бүхий арьсанд үзлэг хийхэд эвш буюу эм бодгалийнх байсан. Жижиг толгой, сарвуу бүхий арьсанд үзлэг хийхэд эр, эм нь мэдэгдэхгүй бамбарууш буюу төл амьтны арьс байсан. Дотор эрхтэнд үзлэг хийхэд 1 зүрх, 1 элэг том байсан бөгөөд эр баавгай байсан байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88/

            12. Сэжигтэн Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Энхтайвны гүүр даваад замын цагдаа зогсоогоод явтал Сүхээ гэнэт сандрахаар нь түүнээс яасан гэж асуухад ангын жаахан юм байгаа гэж хэлсэн. Яг ямар амьтны юм байсныг мэдээгүй, хараагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд баавгайн арьс, мах байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 143-144, 145-146/

            13. Сэжигтэн Х.Бамбарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Сүхээ дүү нь 2 баавгайн арьс, жаахан махтай яваа гэж хэлсэн. Сүхээгээс чи өөрөө алсан юм уу ямар учиртай юм бэ хүний дайвар ачаа юм уу гэж асуухад би самрын отогруугаа морьтой хүнс зөөж явж байхад дагаж явсан нохой цас ухаад байхаар нь сонирхож буугаад ухаж үзтэл ороож хөлдөөсөн 2 ширхэг арьс, хөлдүү хэсэг мах олсон. Ачаагаа буулгачихаад буцахдаа авчирч хайрцагт хийж орхиод, наашаа ирэхдээ аваад ирсэн юмаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148, 149-151, 152-153/

            14. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол: “...Хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс 2 ширхэг, хүзүүтэй цээж 1 ширхэг, дотор эрхтэн болох бөөр 5 ширхэг, зүрх 3 ширхэг, элэг 3 ширхэг, уушиг 1 ширхэг...Хэлбэр дүрс нь эвдэгдсэн улаан шаргал өнгийн 7.62 мм калибрийн сумны хошууны хэсэг...эд мөрийн баримтаар тооцож хавсаргахаар тогтов...” /2хх-ийн 214, 215/

             15. Сэжигтэн Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хадатын ар гэх нэртэй газрын уулын араар модон дотор явж байхад зассан замын зүүн талд нохой хуцаад байхаар нь явж очиход цасан дотор 2 ширхэг цагаан өнгийн том мяндсан шуудайтай зүйл байхаар нь барьж үзтэл зөөлөн зүйл байсан. Ингээд 2 шуудайтай зүйлийг мориндоо ачаад Мухарын эрээн гэх нэртэй газарт байх самрын отог дээр самрын машины 2 ширхэг гол төмрийг олж аваад шуудайтай зүйлийг задалж үзэхэд баавгайны том жижиг 2 ширхэг толгой, сарвуутай арьс, жижиг цээж бөөн мах байсан. Ингээд буцаж явах замдаа Улаан мод гэх нэртэй газарт байдаг өвөлжөөний модон амбаарт оруулж орхисон...Ингээд олсон шуудайтай баавгайны түүхий эдийг бор өнгийн 3 ширхэг цаасан хайрцагт хийж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Эрдэнэбулган сумын хүн тээврийн “Истана” маркийн саарал өнгийн машинд сууж Улаанбаатар хот руу явсан...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед...Бамбар руу залгаж яриад...боломжтой бол хүрээд ир гэж хэлсэн. Ингээд удалгүй Отгонбаатар, Бамбар ах нар цагаан өнгийн машинтай ирсэн...3 хайрцагтай ачаатайгаа машинд суусан...Замын цагдаа машин шалгаж зогсоогоод миний ачааг шалгахаар цагдаагийн хэлтэс дээ авчираад...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157-159/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Сүхбаатар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1хх-ийн 193/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжлэх ухааны академи, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №20 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Хадатын ар гэх нэртэй газрын уулын араар модон дотор...цасан дотор 2 ширхэг цагаан өнгийн том мяндсан шуудайтай зүйл байхаар нь...задалж үзэхэд баавгайны том жижиг 2 ширхэг толгой, сарвуутай арьс, жижиг цээж бөөн мах байсан. Ингээд буцаж явах замдаа Улаан мод гэх нэртэй газарт байдаг өвөлжөөний модон амбаарт оруулж орхисон...Ингээд олсон шуудайтай баавгайны түүхий эдийг бор өнгийн 3 ширхэг цаасан хайрцагт хийж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Эрдэнэбулган сумын хүн тээврийн “Истана” маркийн саарал өнгийн машинд сууж Улаанбаатар хот руу явсан...Ингээд удалгүй Отгонбаатар, Бамбар ах нар цагаан өнгийн машинтай ирсэн...3 хайрцагтай ачаатайгаа машинд суусан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157-159/, Шинжлэх ухааны академи, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №20 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 2 арьсан дээр үзлэг хийхэд бамбаруушны биеийн зүүн талын нуруунаас цээж чиглэлд буудан баруун талын дал, чөмөг, мөрний шонтон орчмыг дайран арьсыг нэвтэлж чадалгүй сумны хошуу арьсанд үлдсэн байсныг олсон болно...Эм баавгайн зүүн талын эгэм орчмоор нэг сум орсон ул мөр олдсон...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 77-85/ зэргээр түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан ховор ан амьтны /хүрэн баавгай/ түүхий эдийг олж авч хадгалсан, улмаар Улаанбаатар хот руу оруулахаар тээвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.Сүхбаатарыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал /20 настай/, гэмт хэргийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Г.Сүхбаатарт 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хувьд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан бөгөөд энэ нь тухайн амьтны аймагт учирсан хохирлыг арилгах буюу уг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангахад зарцуулагдах ач холбогдолтой, шүүгдэгч Г.Сүхбаатар нь өөрийн үйлдлээр амьтны аймагт шууд хохирол учруулсан гэх нөхцөл байдал /өөрөө агнаагүй/ тогтоогдоогүй байх тул нөхөн төлбөрийн хэмжээг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр буюу эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль буюу эвш 7.500.000 төгрөг, бамбарууш /бие гүйцсэн бодгалийн 70 хувиар/ 5.250.000 төгрөг буюу нийт 19.250.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Отгонбаатар, Х.Бамбарт нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял сонсож, яллагдагчаар татан шалгахдаа мөрдөн байцаагчаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар Х.Бамбарын эзэмшлийн 98-09 УБГ улсын дугаартай Ниссан Теранно маркийн тээврийн хэрэгсэл, Б.Отгонбаатарын эзэмшлийн 98-10 УНИ улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл, улсын бүртгэлийн Ү-2201011232 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 6-11 тоот орон сууц зэргийг тус тус битүүмжилсэн бөгөөд прокуророос 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Б.Отгонбаатар, Х.Бамбарт нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ хэрэгсэхгүй болгож, дээрх тээврийн хэрэгсэл, орон сууц битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх тул шүүх Г.Сүхбаатарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.

Харин шүүгдэгч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хадатын ар гэх нэртэй газрын...цасан дотор 2 ширхэг цагаан өнгийн том мяндсан шуудайтай зүйл байхаар нь...мориндоо ачаад...буцаж явах замдаа Улаан мод гэх нэртэй газарт байдаг өвөлжөөний модон амбаарт оруулж орхисон...” /1хх-ийн 157-159/ гэсэн мэдүүлгээр дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн хээр зүсмийн адуугаар зөөж тээвэрлэсэн байх тул түүний эзэмшлийн хээр зүсмийн 1 толгой адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсөг буюу хээр зүсмийн 1 толгой адууг хурааж улсын орлогод оруулахаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Сүхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 бодьгаль хүрэн баавгайн түүхий эд зүйл болох толгой, сарвуу бүхий 2 арьс, хүзүүний цээж хэсэг бүхий мах 1 ширхэг, дотор эрхтэн болох бөөр 5 ширхэг, зүрх 3 ширхэг, элэг 3 ширхэг, уушиг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлж, хэлбэр дүрс нь эвдэгдсэн улаан шаргал өнгийн 7.62 мм калибрийн сумны хошуу 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржгон овогт Ганболдын Сүхбаатарыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар Боржгон овогт Ганболдын Сүхбаатарыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Сүхбаатарт 4 /дөрөв/ сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбаатараас ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр буюу нийт 19.250.000 /арван есөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсөг буюу хээр зүсмийн 1 толгой адууг хурааж улсын орлогод оруулахаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Г.Сүхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 бодьгаль хүрэн баавгайн түүхий эд зүйл болох толгой, сарвуу бүхий 2 арьс, хүзүүний цээж хэсэг бүхий мах 1 ширхэг, дотор эрхтэн болох бөөр 5 ширхэг, зүрх 3 ширхэг, элэг 3 ширхэг, уушиг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлж, хэлбэр дүрс нь эвдэгдсэн улаан шаргал өнгийн 7.62 мм калибрийн сумны хошуу 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Сүхбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР