Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 755

 

 

 

 

 

 

2020          6               11                                        2020/ДШМ/755

 

 

Ж.Б, Э.Э, Т.Б,

Т.А, И.Ц, Ж.Б, Ц.З

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

хохирогч Ч.Баасанцэрэнгийн өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч Ж.Б, Т.Б, И.Ц, Ц.З,

шүүгдэгч Ж.Б, Ж.Б нарын өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Н.Жамъяндорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/629 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр Ж.Б, Э.Э, Т.Б, Т.А, И.Ц, Ж.Б, Ц.З нарт  холбогдох 1810008520442 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

1. Адуучин овгийн Ж.Б, 1981 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-ийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны Тэм-103 дугаар байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Кинг Таур 4-1” хотхоны 122-211 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:Й381100300/;

2. Боржигон овгийн Э.Э, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн, Хэрлэн сум, 2 дугаар багийн тээвэрчид гудамжны 3/6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден Парк” хотхоны 107-184 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖГ94113009/;

3. Боржигон овгийн Т.Б, 1984 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг Улиастайн гудамжны 672 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД.СР84053011/;

4. Боржигин овгийн Т.А, 1969 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидро механик мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д авто кранист ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШЕ69122218/;

5. Хүдэр овгийн И.Ц, 1974 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 3 дугаар гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-263 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦГ74032763/;

6. Зэс базар овгийн Ж.Б, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 3 дугаар гудамжны 1188 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 106-186 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МД90102073/;

7. Барнууд овгийн Цэдэндоржийн Зулцэцэг, 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Батсутай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10 дугаар гудамжны 74 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 303-133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖА79061068/;

1. Ж.Б нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Эко констракшн” ХХК-ийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт “...Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 1-д заасан “...Барилга угсралт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандартыг мөрдөж, батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөгөөт хугацаанд түргэн шуурхай технологийн дагуу чанартай гүйцэтгэх, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад хүлээлгэн өгөх үе шатны ажлыг хэвийн саадгүй явуулах арга хэмжээ зохион байгуулах, ажлын явц гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах" гэсэн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Маршал таун” хотхоны 4-1 суурийн блокны гадна тусгаарлалтын хавтан хохирогч Ч.Баасанцэрэнгийн дээрээс унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко констракшн” ХХК-ийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар”-ын /БД12-101-05/ дүрмийн 28.4-д “Өндөр хүчлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын дотор ЦШСГ-ын албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д "Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, мөн Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 1-д заасан “...Барилга угсралт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд барилгын тухай хууль тогтоомж барилгын норм, дүрэм, стандартыг мөрдөж... ажлын явц гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах”, 2-д заасан “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын суурийн арматурын хэсэгт туслах ажилтнаар ажиллаж байсан О.Ганбаатар нь авто кранаас арматур төмөр буулгаж байгаад тогонд цохиулж нас барж, амь насыг нь болгоомжгүй хохироосон,

2. Э.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эко констракшн” ХХК-ийн барьж байсан “Кинг таур 4-1” барилгын талбайд тус компанийн талбайн инженерээр ажиллаж байхдаа “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27.3.2-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, болон ажилтан, зөвлөл нь “хөдөлмөрийн аюулгүй байдал...удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2-д “Хариуцсан бригадын ажилтнуудын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах” гэсэн гэсэн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын суурийн арматурын хэсэгт туслах ажилтнаар ажиллаж байсан О.Ганбаатар нь авто кранаас арматур төмөр буулгаж байгаад тогонд цохиулж нас барж, амь насыг нь болгоомжгүй хохироосон,

3. Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эко констракшн” ХХК-ийн барьж байсан “Кинг таур 4-1” барилгын талбайд тус компанийн бригадын даргын ажлыг хариуцан ажиллаж байхдаа Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 4.4-д “...Бригадын ажилтнуудын ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах” гэсэн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын суурийн арматурын хэсэгт туслах ажилтнаар ажиллаж байсан О.Ганбаатар нь авто кранаас арматур төмөр буулгаж байгаад тогонд цохиулж нас барж, амь насыг нь болгоомжгүй хохироосон,

4. Т.А нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эко констракшн” ХХК-ийн барьж байсан “Кинг таур 4-1” барилгын талбайд тус компанийн авто кранистаар ажиллаж байхдаа “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 8.5.17-д “...Кранчин замын хуудсанд бичигдсэн байсан ч цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо өөрийн дураар кран байрлуулахыг хориглоно”, мөн “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 33-д “цахилгаан байгууламж, тоног төхөөрөмж, хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 0.6-1.0 метрээс дотогш зайд ойртохыг хориглоно”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт дүрэм, технологийн горимыг чанд мөрдүүлэх”, мөн хуулийн 18.2.7-д “...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх “ гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргүүдээ биелүүлж ажиллаагүйн улмаас, барилгын суурийн арматурын хэсэгт туслах ажилтнаар ажиллаж байсан О.Ганбаатар нь авто кранаас арматур төмөр буулгаж байгаад тогонд цохиулж нас барж, амь насыг нь болгоомжгүй хохироосон,

5. И.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Эко констракшн” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эко констракшн” ХХК-ийн барьж байсан “Кинг таур 4-1” барилгын талбайд “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27.3.2-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл нь “хөдөлмөрийн аюулгүй байдал...удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.1-д “...осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх” гэсэн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын суурийн арматурын хэсэгт туслах ажилтнаар ажиллаж байсан О.Ганбаатар нь авто кранаас арматур төмөр буулгаж байгаад тогонд цохиулж нас барж, амь насыг нь болгоомжгүй хохироосон,

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Эко констракшн” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүул ахуйн хяналтын ажилтнаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27.3.2-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл нь “хөдөлмөрийн аюулгүй байдал...удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.1-д “...осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх” гэсэн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Маршал таун” хотхоны 4-1 суурийн блокны гадна тусгаарлалтын хавтан хохирогч Ч.Баасанцэрэнгийн дээрээс унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

6. Ж.Б нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Эко констракшн” ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байхдаа “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27.3 2-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл нь “хөдөлмөрийн аюулгүй байдал...удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.1-д “...осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх" гэсэн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Маршал таун” хотхоны 4-1 суурийн блокны гадна тусгаарлалтын хавтан хохирогч Ч.Баасанцэрэнгийн дээрээс унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

7. Ц.З нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Батсутай” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Барилгын тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-д заасан “...барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил далд ажлын актыг баталгаажуулах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “...барилгын талбайн орчин хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11-д заасан “үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”, “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 4.2.7-д “...шороон болон хиймэл бүтэц, байгууламж нурж болзошгүй газар хаалт хамгаалалт, анхааруулга, тэмдгийг байршуулна" гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Маршал таун” хотхоны 4-1 суурийн блокны гадна тусгаарлалтын хавтан хохирогч Ч.Баасанцэрэнгийн дээрээс унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Т.Аын үйлдлийг 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, И.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Ц.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хянан хэлэлцэх” талаар заасан бөгөөд яллагдагч Э.Э, Т.Б нарын өмгөөлөгч М.Машбат, яллагдагч И.Цын өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийлээ.

Ж.Б нарын 7 хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд “хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулах,” мөн хуулийн 32.7 дугаар зүйлд “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах тухай” тодорхой заажээ. Гэтэл 9 дүгээр хавтас хэргийн 35-аас 37 дугаар талд яллагдагч С.Нямдаваад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь заалтад заасны дагуу прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2020 оны 4 дүгээр тогтоолыг /9хх35-37/ хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор ...барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд ажил олгогчийн үүргийг заасан бөгөөд мөн зүйлийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;”

28.1.2. “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах,”

28.1.3. “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж,

“Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар”-ын 28.4-т “Өндөр хүчлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын дотор ЦШСГ-ын албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Батжаргалын “...Өндөр хүчдэлийн шугам байгаа газарт барилгын ажил явуулахыг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар хориглодог, “Эко констракшн” ХХК 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр барилгын талбайд орсон шугамыг зөөн шилжүүлэх тухай хүсэлтийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ирүүлсэн, уг хүсэлтийг судалж дуусгаад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Техник нөхцөлийн комиссын хурлаар хэлэлцүүлж, 0662/2018 дугаартай техникийн нөхцөлийг олгосон. Техникийн нөхцөлийн комиссын хурлаас гаргасан техникийн нөхцөлийг зөвшөөрөл олгосон гэж тооцдог, манай компаниас уг өндөр хүчдэлийн доор ажил эхлүүлэхийг зөвшөөрөөгүй, харин уг хүчдэлийг зөөж, шилжүүлэх зөвшөөрлийг зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас дотор албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг хэн эхлүүлсэн, ажил олгогч компанид тухайн өндөр хүчдэлийг зөөвөрлөхийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-иас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0662/2018 дугаартай техникийн нөхцөлийг өгсөн байхад зөөвөрлөх талаар “Эко констракшн” ХХК, түүний удирдах албан тушаалтан ямар ажиллагаа хийсэн, ямар арга хэмжээ авах талаар хэнд, ямар үүргийг өгсөн, энэ дагуу тухайн ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх, тухайн хүчдэлийг зөөвөрлөлгүйгээр барилгын ажлыг хийж гүйцэтгэх талаар хууль, дүрэм, журамд хэрхэн яаж зохицуулсан, улмаар энэ хэрэгт яллагдагчаар татагдаж ирсэн нэр бүхий хүмүүс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас дотор дур мэдэн барилгын ажил хийсэн үү, барилгын ажлыг эхлүүлэн хийж гүйцэтгэж байсан нь нэр бүхий эдгээр хүмүүсийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгааг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

Мөн тухайн барилгын зураг төсөлд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын талаар тодруулах, шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэв. Энэ талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой байна.

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын талаарх ажиллагааг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шаардлагатай ажиллагааг хийлгүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь мөн хэрэгт ач холбогдолтой.

Иймд дээрх зөрчлийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай.

Эрүүгийн 1810008520442 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөр хамгаалалтын зааварчилгааны дэвтрийг хэргийн хамт Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагч Ж.Б, И.Ц, Ж.Б, Ц.З, Э.Э, Т.А, Т.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. Яллагдагч С.Нямдаваад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тогтоолыг хохирогч О.Ганчимэг, яллагдагч С.Нямдаваагийн өмгөөлөгчид нь туслах ажилтан Э.Чанцалням 99176435 дугаарын утсаар мэдэгдэж, танилцуулсан болно. Шүүх тухайн шийдвэрийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй гэсэн нь хэргийн аль оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзсэн нь тодорхойгүй, шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх гэсэн заалттай зөрчилдөж байна.

Яллагдагч Ж.Б, И.Ц, Ж.Б, Ц.З, Э.Э Т.А, Т.Б нарын хувьд С.Нямдаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн байдлыг нь дордуулсан, тэдний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд уг гэмт хэрэгт хамтран оролцох гэсэн ойлголт байхгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэргийг хэрэгсэхгүй болгосон... прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна, ...мөн зүйлийн 2-т “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргах журмыг заана...”, мөн 4-т “...Прокурорын шийдвэрийг авах хүсэлт гаргасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид тухайн шийдвэрийг 7 хоногийн дотор ирж гардан авахыг прокурор мэдэгдэнэ“ гэж тус тус заасан ба бусад оролцогч буюу яллагдагч нарын хувьд прокурорын шийдвэрийг авах талаар санал, хүсэлт гаргаж байгаагүй болно.

Мөн хохирогч О.Ганчимэг нь мөрдөн байцаалтын явцад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлж бичгээр хүсэлт гарган хэрэгт хавсаргуулсан бөгөөд уг үндэслэлээр шүүх хуралд ирээгүй болохыг дурдаж байна.

2. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас дотор албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх үүргийг хэн өгсөн, ажил олгогч компанид тухайн өндөр хүчдэлийг зөөвөрлөхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0662/2018 дугаартай техникийн нөхцөлийг өгсөн байхад зөөвөрлөх талаар “Эко констракшн” ХХК түүний удирдах албан тушаалтан ямар ажиллагаа хийсэн, ямар арга хэмжээ авах талаар хэнд, ямар үүргийг өгсөн, энэ дагуу тухайн ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх, тухайн хүчдэлийг зөөвөрлөлгүйгээр барилгын ажлыг хийж гүйцэтгэх талаар хууль, дүрэм, журамд хэрхэн яаж зохицуулсан, дээрх үйлдэлд ажил үүргийн хувиар болон Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу тус компанийн дэд захирал Ж.Б, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Ц, талбайн инженер Э.Э нар буруутай болох нь хэрэгт авагдсан.

Гэрч Д.Амгаланбаатарын “...Би “Эко констракшн” ХХК-д чанарын хяналтын инженерээр 1 жилийн хугацаанд ажиллаж байгаа. ...”Эко констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур 4-1” барилгыг барьж байгаа юм. Өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 14 цаг 30 минутын орчим цайндаа орчихоод өрөөндөө амарч байхад хүн тогонд цохиуллаа гэсэн дуудлага хөдөлмөр хамгааллын инженер Цэрэндуламд ирсэн. Уг дуудлагыг сонсоод Цэрэндулам бид хоёр явж очиход, тогонд цохиулсан хүн ухаангүй байдалтай 4-өөс 5 хүн өргөчихсөн сууринаас гараад гарах хаалганы зүг явж байсан. Тэгээд тогонд цохиулсан хүнийг ухаангүй байсан учир элстэй газар авч ирэн хэвтүүлээд 103 дуудсан гэхээр нь зүрхэнд нь иллэг массаж Цэрэндулам инженер бид хоёр ээлжилж хийгээд байж байхад манай барилгын компанийн эмч Энхтуяа ирээд зүрхэнд иллэг хийж, даралтыг нь үзээд, зүүгээр хөлний ул хэсэгт нь хатгаж байх шиг байсан. Тэгээд 103 ирж үзлэг хийгээд нас барсан байна гэсэн. Өдөр тутмын зааварчилгыг талбайн инженер Энхцацрал өгдөг юм. ...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг Хөдөлмөр хамгааллын инженер Цэрэндулам болон талбай хариуцсан инженер Энхцацрал нар хариуцдаг. Одоогоор талбай хариуцсан инженер Бямбажаргал нь өвчтэй байгаа учир талбайн даамал ажилтай Энхцацрал нь түр талбай хариуцсан инженерийн ажлыг орлон гүйцэтгэж байгаа” гэх мэдүүлэг /1хх40-41 дүгээр тал/,

Гэрч Б.Батгэрэлийн “...Талийгаач нь “Барилга-4” бригадад хамаардаг байсан ба бригадыг нь инженер Энхцацрал хариуцаж ажилладаг. ...Компанийн зүгээс барилгын талбайд өндөр хүчдэлийн шугам байгааг мэдэж байсан. Өндөр хүчдэлийн шугамыг зөөвөрлөх талаар Улаанбаатар цахилгаан түгээхэд албан бичгээр хандсан байсан. ...”Кинг таур 4-1” төслийг үйлдвэрлэлийн алба хариуцан ажилладаг, томилогдсон инженер нь өвчтэй байсан учраас Энхцацрал хариуцан үүрэг гүйцэтгэж байсан, ...”Кинг таур 4-1” барилгын төсөл зургийн асуудлыг үйлдвэрлэлийн алба мэднэ, би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх49, 4хх55, 104 дүгээр тал/,

Гэрч С.Батжаргалын “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр барилгын талбайд орсон шугамыг зөөн шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг 3 дугаар сарын 16-ны өдөр би хүлээн авч судлахад материалын иж бүрдэл дутуу, зураг төсөлд хийгдсэн инженерийн шугам сүлжээний тодруулгыг Баруун түгээх төвөөс авах шаардлагатай байсан тул хүсэлт гаргасан утасны дугаар руу удаа дараа залгаж холбогдох гэсэн боловч тухайн үед уг утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу 2 хоногийн дараа манай байгууллагын гаднаас дуудлага хүлээн авдаг 341892 дугаараар “Эко констракшн” ХХК-иас хэнийг нь мэдэхгүй хэрэглэгч холбогдоод өгсөн хүсэлтийнхээ дагуу асуусан, тэр үед нь Баруун түгээх төвөөс тодруулга авч ир, мөн танайхаас ирүүлсэн материалын иж бүрдэл дутуу байгаа гэдгийг хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 3 дугаар сарын 26-ны өдөр дутуу байсан материалуудаа бүрдүүлж өгсөн ба цаашид судалж үзэхэд “Эко констракшн” ХХК-ийн буулгах гэсэн өндөр хүчдэлийн шугамаас Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн ойр орчмын усыг хангадаг 1 дэд станц, “Хүннү-2222" хорооллын бетон зуурмагийн үйлдвэрийн нэг станц зэрэг нийт 2 станц холбоотой байсан. Урьд өмнө нь “Эко констракшн” ХХК нь “Маршал" тауныг барихдаа Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн 3 станцыг буюу гүний худгийг тэжээдэг станцыг буулгуулсан байсан болохоор Ус сувгийн удирдах газраас одоо үлдсэн байгаа өндөр хүчдэлийн шугамаас холбоотой байгаа станцыг хүчдэлээс чөлөөлөхөд татгалзах зүйлгүй эсэхийг тодруулах шаардлагатай байсан болохоор Ус сувгийн удирдах газрын инженертэй гар утсаар холбогдож энэ тухай асуухад одоо ашиглахгүй байгаа, хүчдэлээс чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд цаашид “Эко констракшн” ХХК-иас гаргасан хүсэлтийг судалж үзэж дуусгаад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн техник нөхцөлийн комиссын хурлаар хэлэлцүүлж 0662/2018 дугаартай техникийн нөхцөлийг олгосон. ...Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар хориглодог юм. Техник нөхцөлийн комиссын хурлаар гаргасан техникийн нөхцөлийг зөвшөөрөл олгосон гэж тооцдог юм. Манай байгууллагаас уг өндөр хүчдэлийн доор ажил эхлүүлэхийг бол зөвшөөрөөгүй, харин уг хүчдэлийг зөөж шилжүүлэх зөвшөөрлийг л зөвшөөрсөн байгаа. “Эко констракшн” ХХК-ийн зүгээс техникийн нөхцөл батлагдсаны дараа тус техникийн нөхцөлийг үндэслэн ажлын зураг төслийг хийлгэх шаардлагатай байсан. Уг зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий компаниуд хийдэг юм. ...Төв дээр тийм хүсэлт бол орж ирээгүй. ...Инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлсний дараа л барилгын ажлыг эхлүүлэх ёстой байсан ба Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ...Журмаараа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авахын тулд дулаан, цахилгаан, холбоо болон бусад холбогдох техникийн нөхцөлүүдээ авсан байх шаардлагатай, зөвшөөрөл авсны дараа барилгын ажил эхлүүлэх үүрэгтэй...” гэх мэдүүлэг /1хх52-53, 4хх102 дугаар тал/,

Барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, бригадын дарга, туслах инженерийн Ажлын байрны тодорхойлолт /1хх217-231 дүгээр тал/,

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-иас ирүүлсэн албан бичиг /2хх4 дүгээр тал/,

Гэрч С.Диймаагийн “...Хэрэг учрал болох үед уг өндөр хүчдэлийн шон нь тогтой байсан. Техникийн нөхцөл гараагүй тохиолдолд бид нар тэр шугамыг зөөвөрлөх эрх байхгүй. Уг нөхцөлийг гаргуулахаар “Эй Би Жи Энэрго” ХХК-тай гэрээг байгуулсан байсан. Уг хэрэг учрал болохоос өмнө жил болгон урсгал засварын ажил хийгддэг юм. Манай компани нь өөрөө цахилгааны 3 дэд өртөөтэй, мөн манай хотхон дотор улсын харьяаны цахилгааны агаарын шон, худаг зэрэг байдаг юм. Тэгээд үзлэг шалгалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮК-иас хүмүүс ирж засвар үйлчилгээ хийж байсан. Тухайн үед би уг хүмүүстэй уулзахад урьд нь танайд мэдэгдсэн төлөвлөгөөт урсгал засварын ажил хийгдэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / Зхх16-17 дугаар тал/,

Гэрч Ц.Хойлогдоржийн "...Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ ТӨХК-д анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж байна. ...2018 оны 2 дугаар сард, мөн оны 3 дугаар сард графикийн дагуу очиж шугамын гэмтэл гарсан эсэхийг шалгасан, ...тогтой байгаа шүү, хамгаалалтын зурвас байрласан, зайтай байх хэрэгтэй гэдгийг талбай хариуцсан хүнд хэлж байсан...” гэх мэдүүлэг /Зхх39 тал/,

Гэрч Ж.Доржпүрэвийн " ...2018 оны 4 дүгээр сарын эхээр өөрийн бригадын хүмүүсийн хамтаар хэнтэй очсон талаараа би одоо санахгүй байна. Уг барилгын талбайд очиж аянгын өмнөх бэлтгэл засварын ажлаар очсон. Тухайн үед цахилгааны мод буюу анкераас 2 метрийн зайд барилгын хундаамны нүх ухсан байсан ба тэнд ажиллаж байсан 2 эмэгтэй хүнд дахиж газар ухвал уг цахилгааны шон уналаа, дээшээгээ кран хүрвэл өндөр хүчдэл байгаа шүү гэж анхааруулж хэлж байсан. Тэр үед би үзлэг шалгалт, арчиж цэвэрлэгээ, засварын ажил хийсэн. Шалгахад ямар нэг гэмтэл саатал байгаагүй. Тэнд ажиллаж байсан 2 эмэгтэй хүмүүс уг цахилгааны шонг буулгана, нөхцөл нь гарч байгаа гэж ярьж байсан. Хэрэв уг шалгалтаар ямар нэг гэмтсэн, тасарсан зүйл байсан бол тэр үед нь шууд засварлах байсан, угаасаа тэр өдөр гадуур явж засвар хийх ээлжтэй байсан. Уг шон дээр тухайн өдрийн орчимд очиж, уг шонгийн цахилгааныг өглөө 10 цагаас салгаад тэр өдөртөө орой 18 цагт буцаан залгасан. Энэ хугацаанд шугам дагаж засварын ажил хийсэн. Тийм болохоор уг ажил хийснээс хойш уг шонгууд хэвийн байсан. Тухайн үед 2 эмэгтэй хүнд анхааруулж хэлсэн. Уг 2 эмэгтэй ахалж ажилладаг юм болов уу гэж би тухайн үед бодсон. Нэр, ямар ажил хийдгийг нь би мэдэхгүй байна, одоо царайг нь ч гэсэн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /Зхх49 дүгээр тал/,

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /Зхх53-59 тал/,

Үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирлын Ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ /4хх79-81, 93, 8хх20-23 дугаар тал/,

И.Цыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ,

Э.Эын хөдөлмөрийн гэрээ, /5хх250, 8хх4-6, 12-14/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн тухайн барилгын зураг төсөлд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон гэж үзэж байгаа тул энэ талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах нь зайлшгүй шаардлагатай ажиллагаа биш юм.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргасан санал хүсэлтүүд буюу шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй тул дахин дүгнэлт гаргуулж өгнө үү гэх асуудал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны №05/092/08, 2019 оны №05/092/04 дугаартай дүгнэлтүүдийг яллах дүгнэлтэд оруулж, яллах талын нотлох баримт болгоогүй, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/629 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ч.Баасансүрэнгийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч Ч.Баасанцэрэн болон надад мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийн материалтай танилцахдаа С.Нямдаваагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг бүх оролцогч нар мэдсэн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б нарын өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулаад асуулт асууж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн санал гаргасан. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд тусгайлсан санал гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлаад илүү нухацтай дүгнэлт гаргах байсан гэж үзэж байна. Хэрэв шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж үзэж байвал шинжлэн судалж байж зөрүүний асуудлыг ярих байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байгаа. С.Нямдаваагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулаагүй нь бусад оролцогч нарын эрхийг зөрчөөгүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Барилгын ажлыг хэн зөвшөөрөлгүй эхлүүлснийг олж шалгах ёстой. “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-иас цахилгаан дамжуулах, зөөвөрлөх техникийн нөхцөлийг олгосны дагуу тухайн байгууллагын ямар ажилтан хариуцаж ажиллах байсныг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Дур мэдэн барилгын ажил хийсэн үү, эсвэл хэн нэгний эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч И.Ц “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.З “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Ж.Б, Э.Э, Т.Б, Т.А, И.Ц, Ж.Б, Ц.З нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас дотор албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг хэн эхлүүлсэн, ажил олгогч компанид тухайн өндөр хүчдэлийг зөөвөрлөхийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-иас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0662/2018 дугаартай техникийн нөхцөлийг өгсөн байхад зөөвөрлөх талаар “Эко Констракшн” ХХК, түүний удирдах албан тушаалтан ямар ажиллагаа хийсэн, ямар арга хэмжээ авсан байдалд хууль зүйн дүгнэлт хийж, буруутай этгээдийг холбогдуулан шалгах нь зүйтэй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, “Эко констракшн” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж хуульчилсныг зөрчсөн нөхцөл байдал байхад “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваагийн үйлдлийг прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль үндэслэлгүй болжээ.

Иймд Ж.Б, Э.Э, Т.Б, Т.А, И.Ц, Ж.Б, Ц.З нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/629 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/629 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Энхболдын “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ