Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0715

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч З.О

          Хариуцагч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0735 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ш.Н

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 128/2026/0639/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч З.О нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 735 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

          3.1. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал болон хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй. Маргаан бүхий акт болох Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг дэслэгч цолтой албан хаагч болохыг тодорхой дурдсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөвхөн түүний сувилагч мэргэжил, эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөр бус цэргийн албанд томилогдсон тушаал, цэргийн цол, цэргийн алба хаасан байдлыг бүхэлд нь харгалзан бүрэн зөв шалгаж тогтоолгүйгээр үйлчилгээний албан хаагч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг ийнхүү буруу тодорхойлсон нь тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгож хэрэглэхэд нөлөөлсөн.

          3.2 Тодруулбал, нэхэмжлэгчийн үйлчилгээний албан хаагч гэж үзсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилтэй болжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг бүрэн тогтоолгүйгээр үйлчилгээний албан хаагч гэж дүгнэж, Цэргийн албаны тухай хуулийн тусгай зохицуулалт, Төрийн албаны тухай хуулийг уялдуулан хэрэглээгүй нь маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          3.3 Сонсох ажиллагааг бодитой хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох боломжийг бүрэн шалгаж тогтоогоогүй талаар: Сонсох ажиллагааг бодитой хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох боломжийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Нэхэмжлэгч санал болгосон албан тушаалыг хүлээж аваагүй нь түүнийг цэргийн албаа үргэлжлүүлэн хаах хүсэлгүй байсан, эсхүл өөр албан тушаалд шилжүүлэн томилох бусад боломжийг шалгах шаардлагагүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн санал, хүсэлтийг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан, тусгаагүй бол шалтгааныг тайлбарласан эсэх, мөн түүнийг чөлөөлөхөөс өөрөөр шийдвэрлэх бодит болон хууль зүйн боломж байсан эсэхийг шалгалгүйгээр сонсох ажиллагааг хангалттай явагдсан гэж дүгнэсэн нь сонсох ажиллагааны агуулгыг бүрэн үнэлээгүй, маргаан бүхий захиргааны актын хууль ёсны байдлыг бүрэн шалгаагүй байна.

          3.4 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэх, уг чиг үүрэг нь ямар албан тушаалын тодорхойлолтод хэрхэн туссан, тухайн албан тушаалд томилогдох этгээдийн мэргэжил, мэргэшил, ажлын дадлага, туршлагыг хуульд заасан шалгуурын дагуу харьцуулан үнэлсэн эсэхийг тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан нөхцөл, шалгуурыг хэрэгт бүрэн хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалд Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д нэхэмжлэгчийг чөлөөлсөн хууль зүйн үндэслэл болгон заагаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн албан тушаал бүтэц, орон тооны өөрчлөлтөөр хасагдсан гэж дүгнэсэн атлаа уг бодит нөхцөл байдал нь дээрх хуульд хамаарах эсэхэд дүгнэлт өгөлгүй орхигдуулснаас нэхэмжлэгчийн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхийг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулсан.

          3.5 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр 121.1.2-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г Ш.Н нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Нэхэмжлэгч З.О-аас гаргасан “...миний бие эзэмшсэн мэргэжлийн дагуу Улаанбаатарын бүсийн хилийн цэргийн ангид шилжин ажиллах хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Шалгагч, ахлагч З.О-ыг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс **** дугаар тусгай салбар (Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ын захирагчийн мэдэлд шилжүүлжээ.

          4. Мөн З.О-ын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...цаашид миний бие ТТАХНЭ-т шилжин ажиллах сонирхолтой байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Н.О 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б/*** дугаар тушаалаар ахлагч З.О-ыг Яаралтай тусламжийн тасагт Яаралтай тусламжийн сувилагчаар томилон ажиллуулсан.

          5. Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мн/... тушаал (“маш нууц” дардас бүхий)-аар тус эмнэлгийн бүтэц, орон тоо, ...шинэчлэн баталсан байх бөгөөд хавсралтад Сувилахуйн албаны даргын орон тоо батлагджээ.

          6. Улмаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мн/... дугаар тушаал (“маш нууц” дардас бүхий)-ын хавсралтаар З.О-ыг Сувилахуйн албаны даргаар томилсон байна.

          7. Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” А/** дүгээр тушаал гарч, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, “Дотоод хяналт шалгалтын ажлын удирдамж”-ийг баталсан.  

          8. Уг Ажлын хэсгийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тэмдэглэлд Дөрөв. Тус эмнэлэгт шинээр томилогдсон албан хаагчдын материалтай танилцахад: 1. “...яаралтай тусламжийн сувилагчаар томилогдсоны дараа 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мн... дугаар тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилогдсон З.О тухайн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын тусгай шаардлагын “туршлага”-д заасан шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдээгүй...” зөрчил илэрсэн. Зургаа. Санал. 6. Хуульд заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага болон ... хангаагүй ...З.О нарыг тус эмнэлгийн удирдах албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн ...-д заасныг тус тус зөрчсөн тул зөрчлийг арилгах...” гэж тус тус тусгагджээ.

        9. Хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл”-ийг З.О-д хүргүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонсох ажиллагааг хийж, ...тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй талаар мэдэгдэж, З.О нь “Санал байхгүй” гэж, мөн “Сувилахуйн албаны дарга, дэслэгч З.О-д мэргэжлийн дагуу Яаралтай тусламжийн сувилагчаар ажиллах санал болгосон бөгөөд “ажиллах боломжгүй” гэж тэмдэглэл үйлдсэн байна.

          10. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мн/... дугаар тушаал (“маш нууц” дардас бүхий)-аар тус эмнэлгийн бүтэц, орон тоо, ...шинэчлэн баталж, хавсралтад Сувилахуйн албаны даргын орон тоо хасагдсан байна.

          11. Ингээд маргаан бүхий акт болох Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан тус эмнэлгийн бүтцийн өөрчлөлтөөр Сувилахуйн албаны дарга албан тушаалын орон тоо нь хасагдсан тул тухайн албан тушаалд ажиллаж байгаа дэслэгч З.О-ыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох...”-оор шийдвэрлэсэн байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          12. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус заасан.

          13. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд хуулиар тогтоосон тусгай шаардлага болон шалгуурыг хангасан, удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй иргэдээс шатлан дэвшин зарчмыг баримтлан сонгон шалгаруулж, томилохоор байна.

          14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хууль зүйн, дотоод хэргийн яамны Ажлын хэсгийн дотоод хяналт, шалгалтаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мн/... дугаар тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилогдсон З.О нь тухайн Албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “туршлага”-д заасан шаардлагыг хангаагүй, мөн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байхад томилсон зөрчил илэрсэн, уг зөрчлийг арилгах талаар санал, дүгнэлт гарчээ. Нэхэмжлэгчээс хууль болон Албан тушаалын тодорхойлолтод тусгайлан заасан шаардлага, шалгуурыг хангаагүй зөрчлийн тухайд маргадаггүй.

          15. Мөн яамны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/**** дугаар “Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...шалгалтын дүгнэлтэд тусгагдсан ...З.О, ...нарыг удирдах албан тушаалд томилсон нь ...зөрчсөн тул зөрчлийг арилгах...” зөвлөмжийг хүргүүлсэн байна.

          16. Иймээс хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, Төрийн албаны тухай хууль зөрчсөн зөрчлийг арилгах, дээд шатны байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, чиглэлийг биелүүлж З.О-ыг Сувилахуйн албаны даргын албан тушаалаас чөлөөлөх захиргааны акт гаргах тухай мэдэгдэж, мөн түүнд ажлын туршлага, мэргэжлийн дагуу Яаралтай тусламжийн тасагт сувилагчийн албан тушаалд ажиллахыг санал болгосон, харин нэхэмжлэгч “ажиллах боломжгүй” гэж хариу өгчээ.

          17. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мн/... дугаар тушаалаар тус эмнэлгийн бүтэц, орон тоо, ...шинэчлэн батлагдаж, улмаар Сувилахуйн албаны даргын орон тоо хасагдсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нөхцөл үүссэн тул хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь хуульд нийцсэн байна.

          18. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана”, 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заажээ.

          19. Төрийн жинхэнэ албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар түүний ажиллаж байсан албан тушаал буюу орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, төрийн хөрөнгөөр дахин мэргэшиж, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох зэрэг аль тохирох нөхцөл, боломж, баталгаагаар хангагдахаар хуульчилсан.

          20. Хэрэгт авагдсан Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мн/... дугаар тушаалаар ...тус эмнэлгийн Сувилахуйн алба нь Албаны дарга 1, ...нийт 30 орон тоо батлагдсан байсан бол мөн яамны сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мн/... дугаар тушаалаар Сувилахуйн албаны ...орон тоо нийт 20 болж, Албаны дарга болон бусад 10 орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байна.

          21. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Тэгэхээр Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргаад тэндээс таныг шилжүүлж авъя гэвэл бид нар шилжүүлэхэд бэлэн байна гэж сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээд 11 хоног хүлээсэн... Үүнээс өмнө Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн дарга хурандаа н.Б, манай эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн дарга дэд хурандаа н.Э нар утсаар холбогдоход “...Хил хамгаалах ерөнхий газарт сул орон тоо байхгүй, манайх авахгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар танайд шилжүүлээд өгчихсөн гэсэн. ... манайх Яаралтай тусламжийн сувилагчийн орон тоог санал болгосон, гэвч З.О ажиллахгүй гэсэн” гэж тайлбар гаргасан.

          22. Энэ тохиолдолд хариуцагчаас З.О-д мэргэжил, ажлын туршлагыг харгалзан үзэж Яаралтай тусламжийн сувилагчаар ажиллахыг санал болгосон, мөн түүний хүсэлтийн дагуу өмнө ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлэх талаар тухайн байгууллагатай санал солилцож үр дүнд хүрээгүй тул хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 5,955,000 төгрөгийг олгож, ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

          23. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заасан.

          24. Үүнээс үзэхэд захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд захиргааны шийдвэр гаргах, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгохын тулд сонсох ажиллагааг хийхээр зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө хариуцагчаас хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.

          25. Анхан шатны шүүхийн “...хариуцагч байгууллагын хувьд тус шүүхийн үндэслэх хэсгийн 4.5, 4.6-д заасан хуульд хийвэл зохих бүхий л арга хэмжээг авч ажилласан байх тул Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлаас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг бүрэн хангасан байх тул уг тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй…” гэх дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

          26. Цэргийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.1-д “ “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг”, 3.1.5-д “ "цэргийн жинхэнэ алба хаагч" гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг” гэж,

          27. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, 1/ “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч”, 2/ “хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч”, 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан байна.

          28. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал (“маш нууц”)-аар тогтоож, баталдаг бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Яаралтай тусламжийн сувилагч (1 сар), Сувилахуйн албаны дарга (7 сар 6 хоног)-ын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “төрийн тусгай албан тушаал” гэж заасан албан тушаалын ангилал, төрөлд хамаарч байна.

          29. Нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухай байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, нэхэмжлэгчээс үл хамаарч түүний ажиллаж байсан орон тоо хасагдсан тул хариуцагчаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэмэгдэл баталгаагаар хангах боломжит арга хэмжээг авсан боловч үр дүнд гараагүй тул З.О-д нэг удаагийн тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцжээ.

          30. Энэ тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдсан “18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох” зохицуулалт хэрэглэгдэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

          31. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нэхэмжлэгчийн цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг бүрэн тогтоолгүйгээр үйлчилгээний албан хаагч гэж дүгнэж, ...Цэргийн албаны тухай хуулийн тусгай зохицуулалт, Төрийн албаны тухай хуулийг уялдуулан хэрэглээгүй, ...Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхийг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА