| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03687/И |
| Дугаар | 101/ШШ2021/00028 |
| Огноо | 2020-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2021/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас оролцогчдыг цахимаар оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ГФ ББСБ” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.О,
Хариуцагч: Б.Т,
Хариуцагч: Ц.Онарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 104,379,872 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, Б.Бат-Оргил, хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, Б.Бат-Оргил нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.О болон Ц.Оь нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагатай 19-019-10П-СБ1/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулан 76,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийг олгохдоо талуудын хооронд 19-019-10П-СБ1/БГ дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, ********* тоот, улсын бүртгэлийн Ү-2204031621 дугаарт бүртгэгдсэн, 57 мкв талбайтай, орон сууц, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхон, 802 дугаар байрны 1-76а тоот, улсын бүртгэлийн Ү-2204042082 дугаарт бүртгэгдсэн, 13,5 мкв талбайтай, автозогсоолыг тус тус барьцаалсан. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/, 802 дугаар байр 1-76а тс автозогсоолыг 2019 оны 11 дүгээр сарын 11-нд Бадарч овогтой Т болон Нямаа овогт О нарын хооронд хийгдсэн итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Зээлдэгч нар нь хамтран япон улсаас 2 ширхэг Lexus RX450 маркын автомашиныг хувь хүнээс захиалга аван оруулж ирсэн бичиг баримтын алдаанаас болж үйлдвэрлэсэн он нь зөрсөн гэх шалтгаанаар захиалга өгсөн хүмүүс нь захиалгаа буцаан мөнгөө нэхэмжилсэн гэх шалтгаанаар зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс 2020 оны 02 дугаар сарын 05 болон 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд тодорхой хугацаа заасан мэдэгдэх хуудсыг Нарантуул ОУХТөв дахь гутлын лангуу дээр нь хүргүүлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 16-нд гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд хамтран зээлдэгч Ц.Оьтай уулзсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 01-нд Н.Отэй уулзаж зээлийн хуримтлагдсан хүүг төлөх шаардлагыг тавьсан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 5 дугаар сарын 04-нд гэрийн хаягаар мэдэгдэх хуудсыг шуудангаар өгч явуулсан. Зээлдүүлэгчийн хувьд зээлдэгч нарт итгэн хүлээсэн боловч амласан хугацаандаа зээлийн үүссэн өрийг бүрэн төлж барагдуулаагүй тул хариуцагч нартай байгуулсан гэрээгээ цуцалж байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 76,000 төгрөг, зээлийн хүү 21,736,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,580 төгрөг, нийт 97,776,580 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 6,520,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,498 төгрөг, нийт 104,379,872 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ГФ ББСБ” ХХК-иас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй нь үнэн. Нэхэмжлэгчийн эхний гаргасан шаардлага болох 97,776,580 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, сүүлд нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Т нь Ц.Оь, Н.О нарын зээлийн барьцаанд тавиулсан хамтын өмч болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Жаст хотхоны 51/б дугаар байрны 1 тоот дахь 2 өрөө орон сууц, өөрийн өмч болох Кристал таун хотхоны 801 дүгээр байрны доорх 76/а тоот автозогсоолыг хураалгаж чадахгүй болно. Тухайн орон сууцны өмчлөх эрх нь Н.Оийн нэр дээр байдаг боловч хамт амьдрах хугацаандаа босгосон дундын хөрөнгө юм. Үүнд миний хүч хөдөлмөр багагүй шингэсэн байдаг. Иймд албадан хураалгахыг зөвшөөрч чадахгүй, хугацаа өгвөл төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК нь хариуцагч Н.О, Ц.Оь, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76,000,000 төгрөг, хүү 21,736,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,580 төгрөг, нийт 97,776,580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хүү 6,520,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,498 төгрөг, нийт 6,603,292 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт зээлийн гэрээний үүрэгт 104,379,872 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь зээл авсан нь үнэн, нэхэмжлэгчийн анхны нэхэмжилсэн 97,776,580 төгрөгийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Т нь барьцаа хөрөнгүүдийн хувьд дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд албадан худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“ГФ ББСБ” ХХК нь Н.О, Ц.Оь нартай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19-019-10П-СБ1/ЗГ дугаартай “Зээл гэрээ”-г байгуулж, 76,000,000 төгрөгийг, сарын 3,3, хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, уг зээлийг мөн өдрөө Н.Оийн Голомт банкны дансанд шилжүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдаж, зээл авснаас хойш Н.О, Ц.Оь нар нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй буюу гэрээгээр хүлээсэн зээлийг заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээл төлөх мэдэгдлийг өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Н.О, Ц.Оь нарын зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК нь хариуцагч нартай байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардсан нь үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас өөрт учирсан хохиролд тооцон шаардаж буй нь үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч нарын нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
“ГФ ББСБ” ХХК нь Н.О, Ц.Оь нартай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19-019-10П-СБ1/ЗГ дугаартай “Зээл гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******** тоот, улсын бүртгэлийн Ү-2204031621 дугаарт бүртгэгдсэн, 57,4 мкв талбайтай орон сууц, Б.Төмөртулгын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхон /13311/ 802 дугаар байрны 1-76а тоот, улсын бүртгэлийн Ү-2204042082 дугаарт бүртгэгдсэн, 13,5 мкв талбайтай, автозогсоолыг тус тус барьцаалж, мөн өдрөө 19-019-10П-СБ1/БГ дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулсан байна.
Хариуцагч Б.Т нь дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан өдөр болох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхон /13311/ 802 дугаар байрны 1-76а тоот, 13,5 мкв ... үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны гэрээ байгуулах, барьцаанд тавих, ҮХЭХГ-т бүргүүлэх бүрэн эрхийг ...” хариуцагч Н.От 3 жилийн хугацаатай олгосон, энэхүү итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр, Иргэний хуульд нийцсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Дээрхээс дүгнэхэд зээлийн гэрээг хариуцагч Н.О, Ц.Оь нар нь нэхэмжлэгчтэй байгуулж, захиран зарцуулсан байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Тд хариуцуулах үндэслэлгүй, харин хариуцагч Б.Төмөртулгын хувьд барьцаа хөрөнгийн эзэн байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.О, Ц.Оь нараас зээлийн гэрээний үүрэгт 104,379,872 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-д олгож, эдгээр хариуцагч нар энэхүү үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Н.О, Б.Т нарын өмчлөлийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан арга, журам, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралт “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ийн 4.2-т тус тус зааснаар хариуцагч Б.Тд шүүх хуралдааны товыг түүний 9417-1010 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан тул 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн туслахын 8051-6999 дугаарын утаснаас хурлын тов мэдэгдсэн мессеж явуулсан ба “эзгүйд болон биечлэн оролцох, эсхүл цахимаар оролцох боломжтой...” талаар бичихэд Б.Т нь “Би зоом ашиглаж мэдэхгүй ээ, маргааш би өөрөө залгая” гэсэн хариу ирүүлсэн, түүнчлэн түүний сүүлийн оршин суугаа газрын Засаг даргад хурлын тов хүргүүлсэн зэргээр шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэх бүхий л арга хэмжээг авсан байна.
Дээрх аргачлалын дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар нь шүүх хуралдаанд Zoom программ ашиглан цахимаар оролцсон, харин хариуцагч Б.Т нь хурлын товыг мэдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хэрхэн оролцохоо мэдэгдээгүй, бусад оролцогч нар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О, Ц.Оь нараас зээлийн гэрээний үүрэгт 104,379,872 /нэг зуун дөрвөн сая гурван зуун далан есөн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.О, Ц.Оь нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Н.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****** тоот, улсын бүртгэлийн Ү-2204031621 дугаарт бүртгэгдсэн, 57,4 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Төмөртулгын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхон /13311/, 802 дугаар байрны 1-76а тоот, улсын бүртгэлийн Ү-2204042082 дугаарт бүртгэгдсэн, 13,5 мкв талбайтай, автозогсоолыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О, Ц.Оь нараас улсын тэмдэгтийн хураамжид 767,443 /долоон зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг, хариуцагч Н.О, Ц.Оь, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ