Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

0202 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/00497

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ө.Г миний бие С.Птэй 2009 онд танилцан 2009 оны 3 сарын 18-ны өдөр гэр бүл болсноо 2016 оны 3 сарын 7-ны өдөр бүртгүүлсэн. Хамтран амьдрах явцад 2009 оны 9 сарын 24ий өдөр охин П.И төрсөн.

Бид зан харилцааны таарамжгүй байдал болон С.П нь удаа дараа миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учир 2019 оны 11 сараас өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа ба охин маань тусдаа амьдарснаас хойш миний асрамжинд өсч торниж байна.

Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин П.Иг би өөрийнхөө асрамжинд авна. С.П охинтойгоо хүссэн үедээ уулздаг бөгөөд миний зүгээс хориглох зүйлгүй.

Би С.Пээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр С.П нь охиноо 18 нас хүртэлх хугацааны сургалтын төлбөр, зардлыг нь төлөхөөр тохирсон.

Орон сууцны зээлийн төлбөрийг би төлдөг бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 43.853.219 төгрөг байгаа ба зээлээ би төлж дуусгана. Зээл төлөөд дуусмагц С.П өөрийнхөө өмчлөлд бүртгэгдсэн, дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 44.1 м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс өөрийн нэрийг хасч, орон сууцны өмчлөх эрхийг охин бид хоёрын нэр дээр шилжүүлэхээр тохирсон гэв.

 

Хариуцагч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Ө.Г бид хоёр 2010 онд танилцсан ба 2011 оны 9 сарын 24-ний өдөр охин П.И маань төрсөн. 2016 оны 3 сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хоорондын таарамжгүй байдлын улмаас 2019 оны 11 сараас тусдаа амьдарч байгаа.

Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул Ө.Гээс гэрлэлтээ цуцлуулах ба охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Миний хувьд хүссэн үедээ охинтойгоо уулзаж чаддаг.

Бид хоёр ярилцаад Ө.Г надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр, би охиноо 18 нас хүртэлхи хугацааны сургалтын төлбөр, зардлыг нь төлөхөөр болсон.

А.Г бид хоёр 2016 оны 4 сард Ц.Сарантуяа гэж хүнээс Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 44.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 69.400.000 төгрөгөөр худалдан авсан.

Байрны урьдчилгаа төлбөрт 21.000.000 төгрөг төлөөд Төрийн банктай 2016 оны 4 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 48.500.000 төгрөг зээлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 43.853.219 төгрөг байгаа.

Байрны зээлийн үлдэгдэл 43.853.219 төгрөгийг Ө.Г хариуцан төлж, зээлээ төлж дуусахаар нь би өөрийн нэрийг орон сууцны өмчлөх эрхээс хасуулж, орон сууцаа Ө.Г болон охин П.И нарын өмчлөлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсон. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

           

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч С.Пэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 2 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч  Ө.Г, хариуцагч С.П нар нь 2009 оны 3 сарын 18-ны өдөр гэр бүл болсноо 2016 оны 3 сарын 7ы өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2011 оны 9 сарын 24-ний өдөр охин И төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 9-10 дугаар тал/

 

Гэрлэгсэд 2019 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэргээс гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. 

 

Хариуцагч С.П нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд  2011 оны 9 сарын 24-ний өдөр төрсөн охин П.Игийн нас болон эхийн халамжийг харгалзан охин П.Иг эх Ө.Гийн асрамжинд үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч С.Пээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр хариуцагч С.П нь 2011 оны 9 сарын 24-ний өдөр төрсөн охин Иг 18 нас хүртэлхи хугацааны сургалтын төлбөр, сургалтын зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон болно.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн“,

мөн хуулийн 126.2.4-т “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө“ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна“ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч С.П нь иргэн Ц.Сарантуяатай 2016 оны 4 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 44.1 м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 69.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон нь талуудын тайлбар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

С.П, Ө.Г нар нь уг орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг төлж үлдэх хэсэгт нь 2016 оны 4 сарын 26-ны өдөр Төрийн банктай орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, 48,500,000 төгрөгийг, сарын 0,66 хувийн, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлэн авсан ба зээлийн барьцаанд хариуцагч С.Пийн өмчлөлд 2016 оны 4 сарын 23-ны өдөр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 44.1 м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

2021 оны 2 сарын 8-ны өдрийн байдлаар уг орон сууцанд ногдох үүрэг 43,853,219 төгрөг байгаа болох нь зээлийн гэрээний хуулбар болон зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдлоо. 

/ХХ-ийн 11, 33-93 дугаар тал/

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно“ гэж заасан байна.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 44.1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө  орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 43.853.219 төгрөгийг цаашид нэхэмжлэгч Ө.Г хариуцан төлж дуусган, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болмогц хариуцагч С.П өөрийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 00 тоотын 44.1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс өөрийн нэрийг хасч, орон сууцыг нэхэмжлэгч Ө.Г, охин П.И нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцон энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгсэдийн харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                     

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ө.Г, С.П нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 9 сарын 24-ний өдөр төрсөн охин Иг эх Ө.Гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Ө.Г нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр хариуцагч С.П нь охин П.Игийн 18 нас хүртэлхи хугацааны сургалтын зардлыг хариуцан төлөхөөр нэхэмжлэгч Ө.Гтэй харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ө.Г нь Төрийн банктай 2016 оны 4 сарын 26-ны өдөр байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүрэг 43.853.219 төгрөгийг цаашид хариуцан төлж дуусган, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болмогц хариуцагч С.П өөрийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 26/4-р байр, 89 тоотын 44.1 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс өөрийн нэрийг хасч, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ө.Г, охин П.И нарт шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Гээс 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч С.Пээс 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.САРАНГҮН