Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

             2024         01           22                                    2024/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч Б.Энхбат нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Батхишигийн Энхбатад холбогдох эрүүгийн 2340000370066 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, яс үндэс халх, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи 16-1620 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, СК90042836 регистрийн дугаартай, Боржигон овогт Батхишигийн Энхбат.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Энхбат нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшлийн ачилтын 14 дүгээр талбайд Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19-д Краныг ажиллаж байхад хориглох зүйлс/:Үүнд н.бүхээгээс гадна буюу кран дээр /нэвтрэх талбай, машины өрөө, сум эсрэг ачаа г.м/ хүмүүс байхад механизмуудыг ажиллуулах гэснийг хориглоно гэх заалт: “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны №12-ын 11-т оосорлогч, дохиочны дохиогоор л краныг ажиллуулах ёстой гэх заалтуудыг зөрчин дохио өгөөгүй байхад 2876 ХЭА улсын дугаартай XCMG автокраныг ажиллуулсан болгоомжгүй үйлдлийн улмаас оосорлогч С.Амартүвшинг кранд хавчуулан амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Энхбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэмүүлэн-Шакман Транс ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалд 116,800,000 төгрөг төлсөн. Би нэг хонь өгсөн” гэв. 

Эрүүгийн 2340000370066 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 6-11 дүгээр хуудас/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17 дугаар хуудас/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би талийгаач нөхөр С.Амартүвшинтэй 2006 онд танилцаад 2011 онд гэр бүл болж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мал маллаж байгаад 2017 оноос сумын төвд амьдрах болсон. Бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Одоо 12-17 насны хүүхдүүд байна. Манай нөхөр нас барахаасаа өмнө хувийн уурхайд харуулын ажил хийж байсан юм. Би өөрөө бие хаа тааруу, манай хүн ажил хийж амьдрал ахуйгаа авч явж байсан юм. Би 2023 оны 07 сарын 10-ны өдөр танил айлд юм хийж байхад манай нөхөр ажлаасаа буугаад ирсэн. Энэ үед манай нөхрийн ажиллаж байгаад нас барсан гэх компаниас нь ажил гарлаа хийгээд өгөөч гээд дуудсан юм билээ. Ингээд манай нөхөр нойр муутай байна гээд жаахан дургүйхэн явсан байсан. Ингээд би үдээс хойш нөгөө айлдаа байж байхад манай ахын эхнэр нь С.Амартүвшин нас барсан байна гэж анх хэл дуулгасан. Надад манайхан тухайн үед бол талийгаачийг төмөр замын урд талбай дээр ажиллаж байгаад техникт хавчуулагдаад нас барсан байна гэж байсан. Би осол болсон гэх газарт нь бол очоогүй. Үүнээс хойш ажил явдлын үеэр компаний хүмүүс нь ирсэн, дараа нь осол гаргасан гэх жолооч залуу ирж уучлалт гуйсан, би өөрөө насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй өрх толгойлж үлдлээ. Миний хоёр хүүхэд ч гэсэн аавгүй болсон, бидний хувьд маш хүнд байгаа. Тухайн үед бид нар оршуулгын зардалд 15.000.000-16.000.000 төгрөгний хавьцаа зардал өөрсдөөсөө гаргасан. Ажил явдлаас хойш компаниас 15.000.000 төгрөг шилжүүлсэн, ажил явдлаас нилээн хойш У.Оюун-Ундрах гэх хүн 19.000.000 төгрөг шилжүүлсэн. Цаашид би компаниас сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, бидэнд компаниас төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Би өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд учирсан хохирлыг шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй. Одоо надад гомдол санал байхгүй. Манай нөхөр эрүүл саруул хүн байсан, цаад компаниас хамгаалалтын хувцас хунар өгөөгүй, хууль журмын дагуу ажиллаагүй улмаас осол гарсан байна гэж би бодож байгаа. Миний бие талийгаачаас хойш маш их сэтгэл санааны хямралд орсон, нойргүйтээд сэтгэцийн эмчийн хяналтанд орж эмнэлэгт хүртэл хэвтсэн байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

-Гэрч У.Оюун-Ундрахын 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Тэмүүлэн-Шакман Транс ХХК-ний захирал ажилтай 2019 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, ачаа тээврийн чиглэлтэй, Бор-Өндөр сумын 14 дүгээр талбайд 2022 оны 11 дүгээр сараас ажиллаж байна. 2023 оны 12 сард гэрээ нь дуусна. Б.Энхбат нь 2023 оны хавраас оосорлогчоор ажилд орж ажиллаж байгаа, ажилд авсан тушаал байгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан, 05 сараас кран дээр дагалдаж туслахаар ажиллаж байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай явахаар болоод явсан. Би явахаасаа өмнө ажилчидтай уулзаж маргааш вагонд ачилт хийнэ гэдгийг хэлээд ажил үүргийг нь хуваарилан зааварчилгаа өгөөд явсан. Ачилт буулгалтын талбайд манай кранист Идэрбаатар ачилт буулгалт хийх байсан ажил гараад надад хэлж мэдэгдэлгүй Улаанбаатар хот руу явчихсан байсан. Тэгээд Б.Энхбат кран барьж буулгалт хийж байгаад осол гаргасаныг сая сонсож мэдсэн. Сайн танихгүй, өөр газарт харуул хамгаалалт хийдэг гэж ойлгосон, манай кранист Т.Идэрбаатар авчирсан юм билээ, энэ хүн ажил байвал хэлж байгаарай гэж захиж байсан юм гэсэн би талийгаачийг манайд ажилласан талаар мэдээгүй. Хөдөмөр хамгаалалын ажилтан ажлаасаа гарсан одоогоор ХАБ байхгүй байгаа би ажилчиддаа өөрөө хөдөлмөр хамгаалалын чиглэлээр зааварчилгаа өгч ажил хийж гүйцэтгэхэд нь өөрийн биеэр хяналт тавьж ажилладаг. Манай компани нь тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор тэр бүр талбайд ачилт хийгээд байдаггүй ачилт хийх үед би зааварчилгаа өгөөд өөрийн биеэр хяналт тавьж ажиллуулдаг байсан. Би өчигдөр буюу 2023 оны 07 сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явахаас өмнө ажилчдадаа хийж гүйцэтгэх ажлын талаар нь зааварчилгаа өгч ажил үүргийг нь хуваарилан зааварчилгаа өгөөд Энхтуул гэх эмэгтэйд нарядын дэвтэр үлдээж өөрөө биечлэн хяналт тавьж ажиллаарай гэж хэлээд явсан. Хэн зөвшөөрөл өгсөн талаар би мэдэхгүй байна надад хүн авч ажиллуулна гэж хэлээгүй. Энхбат краны жолоочийн дагалдан туслахаар ажиллаж байснаас ачилт буулгалт хийдэггүй байсан, би краны жолооч Идэрбаатарыг л ачилт буулгалт хийж байгаа гэж бодсон. Краны жолооч Идэрбаатарыг ирэхгүй болохоор надад хэлж мэдэгдэлгүй ачилт хийсэн байна гэж бодож байна. Одоогоор нэмж ярих зүйл байхгүй байна миний хувьд сэтгэл санааны хувьд тогтворгүй хүнд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

-Гэрч Ж.Энхтуулын 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”БиТэмүүлэн-Шакман транс ХХК-д пүүлэгч ажилтай ба энэ ажлыг 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс эхэлж хийж байна. Миний өдөр тутмын хийх ажил чингэлэг ачсан ачааны жинг хэмжих ёстой. Өнөөдөр чингэлэг вагонд ачих ёстой байсан. Би өнөөдөр 09.00 цагийн орчимд ажил дээр ирсэн кранист Идэрбаатар ирээгүй байсан, тэгээд Б.Энхбат кранистаар, Бат-Эрдэнэ дохиочноор талийгаач Амартүвшин оосорлогчоор ажилд гарсан. 13.20-13.30 цагийн хооронд Б.Энхбат чанга хашхираад юм хэлээд кранаасаа бууж ирэхийг харсан, юу хэлснийг нь сонсоогүй Энхбатыг кранаас бууж ирээд гүйхэд нь дагуулаад харахад краны тулгуур хөлөн дээр талийгаач дамнаад хэвтэж байсан. Би Б.Энхбатыг чангаахад газар унасан, би энэ үед баруун талд ойролцоо байсан. Намайг урдаас бууж ирхэд талийгаачийн толгой болон ам хамраас нь цус гарч байхаар нь буцаад тусламж гуйгаад эмнэлэг дуудсан. Манай компанийн захирал У.Оюун-Ундрах өчигдөр кранист Идэрбаатар, туслах Энхбат, дохиочин Бат-Эрдэнэ нарыг дуудан маргааш ачилт хийнэ гэж хэлээд аюулгүй ажиллагааны чиглэлээр амаар зааварчилгаа өгөөд өөрөө яаралтай ажлаар Улаанбаатар хот руу явсан. Би аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зуруулсан. Манай үндсэн ажилтан биш манай кранист Идэрбаатарт ажил захиад байсан гэж сонссон. Би ажил үүргийн талаар нь сайн хэлж мэдэхгүй байна миний ажил үүргийн хувьд чингэлэг ачсан ачааны хэмжээг хэмжих ёстой. Би хэн даалгасан талаар нь мэдэхгүй байна. Тэд өөрсдөө ярилцаад л ачилт хийсэн. Компанийн удирдлагад хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

-Гэрч Я.Чулуунхүүгийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Дорнын нүүрс ХХК-ийн ачилтын 14 талбайг 2018 оноос хойш хариуцаж байна. 2023 оны 07 сарын 10-ны өдөр Тэмүүлэн шакман транс ХХК-ний кран манай талбай дээр байсан вагонд жоншны баяжмал ачиж байгаад оосорлогч хийж байсан. С.Амартүвшин гэх залууг кранд хавчуулагдчихлаа гэж дуудлага ирсэн учраас би түргэн цагдаад хэлээрэй гээд өөрөө очсон. Цагдаагийн байгууллагад би дуудлага өгсөн. Амьд байж магадгүй гэж санаад эмч аваад очсон нас барсан байсан. Би тэдний ажилд оролцохгүй, зөвхөн тайлбайгаараа л үйлчилнэ. Гэрээ байгаа, цагдаагийн байгууллагад 1 хувийг хувилж өгнө гэж бодож байна. Манай даргатай байгуулсан гэрээ байгаа болов уу гэж бодож байна. Миний бие талбайг л хариуцдаг, өөр мэдэх юм алга” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд 

1.Талийгаач С.Амартүвшингийн цогцост цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун 1,2,3,4,5, зүүн 3,4,5,6,7,8-р хавирга, өвчүү ясны хугарал, мөгөөрсөн хоолойн баруун салааны тасрал, цочмог гадуур болон дотуур цус алдалт, цээжний хөндийн цусан хураа, гол судас, улаан хоолойн ар болон урд хана, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун хөмсөг, зүүн бугалганы гадна дээд хэсэгт шарх, цээжний баруун дээд хэсэг, урд хэсэг, зүүн дээд хэсэг, нурууны ар дээд хэсэгт дарагдлын ором, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр дарагдах, шахагдах үед үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цус, ходоодны шингэн, цөсөнд илрээгүй.

  6.Талийгаач нь цээжний дарагдлын улмаас мөгөөрсөн хоолой тасарч гадуур болон дотуур цочмог цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 37-40 дүгээр хуудас/

-Шүүх эд эсийн шижилгээний илгээх бичиг, гэрэл зураг /хх-ийн 43-49 дүгээр хуудас/

-ХНХЯ-ны салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаагийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2023/04 дугаартай шинжээч дүгнэлт /хх-ийн 55-58/

-Иргэний хариуцагч У.Оюун-Ундрахын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би иргэний хариуцагчаар татсан тогтоолтой танилцлаа асуух зүйл байхгүй. Манай компани нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болсон энэ өдрөөс хойш би өмгөөлөгчтэйгөө болон ганцаараа байнга очиж уулзаж талийгаачийн ар гэрийн хүмүүстэй холбоотой байгаа. Оршуулгын зардалд 15.000.000 төгрөг ажил явдал болохоос өмнө өгсөн. Тухайн үед талийгаачийн эхнэр нь данс байхгүй ах дүү нартайгаа ярилцаж байгаад хэний дансанд хийлгэхээ хэлье гэсэн болохоор түр хүлээж байтал Эрдэнэцэцэг гэж хүний дансаар авахаар боллоо гэж хэлэхээр нь тухайн хүний дансанд оршуулгын зардлын 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Хэнтий аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн акт гарсны дагуу 19.800.000 төгрөгийг А.Азжаргалын дансанд шилжүүлсэн. Ар гэрт нь хоолны мах өгье гэж бодож нэг хонины мах хүргэж өгсөн. Цаашид гарах бүх зардал төлбөрийг хуулийн дагуу бүрэн төлж барагдуулна. Бидний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ болсон явдалд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрт тус болж байнгын холбоотой байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/

-Иргэний хариуцагч У.Оюун-Ундрахын 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай компани нь 2019 онд үүсгэн байгуулагдаж ачаа тээврийн чиглэлээр 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь 10 ажилтантай. Би талийгаач С.Амартүвшинг танихгүй, манай жолооч Идэрбаатарын таньдаг хүн нь юм билээ, би сүүлд сонсож мэдсэн. Осол болдог өдөр би талийгаачийг манай компанид ажилласан талаар би мэдээгүй, надад хэлж мэдэгдэлгүйгээр ажиллуулсан байсан. Осол болдог өдрийн урьд өдөр нь би ажилчидыг цуглуулан Идэрбаатарыг кранистаар, туслахаар нь Энхбатыг, дохиочноор Бат-Эрдэнийг, мөн талбайд пүүлэгч Энхтуулыг ажиллуулан ачилт хийх талаар зааварчилгаа өгөөд өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот явсан байсан юм. Уг автокраныг 2023 онд худалдан авсан үзлэг оношилгоонд орсон техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Бидний зүгээс талийгаачийн ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байж туслалцаа үзүүлж байгаа, талийгаачийн ар гэр нь хохирлын мөнгө болох 82.500.000 төгрөг авна гэсэн. Манай зүгээс талийгаачийн ар гэрт нь тухайн мөнгийг өгнө, цаашид ч туслалцаа үзүүлж байнгын холбоотой байх болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/

-Вагон ачилтын гэрээ, ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-д мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07/34-02/158-04 дугаартай “үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр тогтоох” тухай акт, “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн техник ашиглалтын паспорт, “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-д мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Т.Идэрбаатарын манипуляторт краны операторын мэргэжлийн үнэмлэхний хуулбар, Б.Бат-Эрдэнийн оосорлогч, дохиочины мэргэжлийн үнэмлэхний хуулбар, Т.Идэрбаатарыг цахилгаанчин, кранистын ажилд томилсон тушаалын хуулбар, Т.Идэрбаатарыг цахилгаанчин, жолоочийн ажилд томилсон тушаалын хуулбар, Б.Бат-Эрдэнийг оосорлогч, дохиочиноор ажилд томилсон тушаалын хуулбар, Б.Энхбатыг оосорлогч, дохиочиноор ажилд томилсон тушаалын хуулбар, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрийн хуулбар /хх-ийн 70-77, 80-87, 89-128 дугаар хуудас/

-“Тэмүүлэн Шакман Транс ХХК”-иас 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэбатын Эрдэнэцэцэгт 15.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 88 дугаар хуудас/

-“Тэмүүлэн Шакман Транс ХХК”-иас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэбатын Эрдэнэцэцэгт 19.800.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт /шүүх хуралдаанд өмгөөлөгч гаргаж өгсөн/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын “Миний нөхөр С.Амартүвшин нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Компанийн зүгээс оршуулгын зардалд 15,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 116,800,000 төгрөг өгсөнийг хүлээж авсан. -“Тэмүүлэн Шакман Транс ХХК” болон краны жолооч Б.Энхбат нарт ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, 82,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 152-153/

-Яллагдагч Б.Энхбатын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотоос 2023 оны 02 сард Бор-Өндөр суманд нүүж ирсэн. “Тэмүүлэн-Шакман-транс ХХК-д 2023 оны 03 сард оосорлогч хийхээр ажилд орсон. Ингээд компанид ажиллаж байгаад 2023 оны 05сараас автокранчины туслахаар ажиллаж байгаад автокраны туслах гэдэг нь краны жолоочид краны хөлийг гаргах, эвхэх, ивээс хийж өгөх, авах гэх мэтээр ажилладаг, би туслахаар ажиллаж байгаад цаашид краны жолоочийн эрх олгох курсэд суралцаж үнэмлэх аваад энэ компанидаа ажиллах гэж байсан юм. 2023 оны 07 сарын 10-ны өдөр 14 вагон жонш ачих ажилтай байсан ба урьд өдөр нь буюу 2023 оны 07 сарын 09-ний өдөр захирал У.Оюун-Ундрах ажилчдыг цуглуулаад ажил үүргийг хуваарилж Т.Идэрбаатарыг кранистаар, намайг туслахаар, Бат-Эрдэнийг дохиочноор, Энхтуулыг пүүлэгчээр томилж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зааварчилгаа өгөөд өөрөө Улаанбаатар хот руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан юм. Маргааш нь буюу 2023 оны 07 сарын 10-ны өглөө ажилдаа ирэхэд Т.Идэрбаатар ах ажил гараад Улаанбаатар хот явчихсан байсан. Ингээд би барьж байсан туршлагатай энэ компанид ороод бол кран бариагүй, намайг үнэмлэх байхгүй гээд кран бариулдаггүй байсан юм курст суралцаж үнэмлэх аваад кранистаар ажиллах байсан юм. Тухайн өдөр би захирал болон краны жолооч Т.Идэрбаатарт хэлж мэдэгдэлгүйгээр дур мэдээд   автокраныг ажиллуулж, оосорлогчоор талийгаач Амартүвшин, дохиочноор Б.Бат-Эрдэнэ, пүүлэгчээр Энхтуул нар ажилласан юм. Би хэдхэн шуудай жонш ачих юм чинь өөрөө ачаад дуусгая гэж бодоод кран барьж ажиллуулсан. Өдөр гэхэд ихэнх жоншоо ачиж дуусаж байсан ба хоёрхон шуудай жонш үлдсэн байхад би вагоны чингэлэгт 1 шуудай жонш буулгаад үлдсэн 2 шуудай жоншоо авах гээд эргэхэд оосорлогч хийж байсан талийгаач С.Амартүвшин жоншны хажууд байхгүй байсан. Ингээд би гайхаад краны дуунд янз бүрийн юм сонсогдохгүй болохоор баруун, зүүн тийшээ харахад төмөр тээглээд юм харагдахгүй болохоор нь буугаад харахад талийгаач краны тулгуур төмөр дээгүүр тонгойгоод байж байгаа хүн шиг харагдсан. Би очоод яасан бэ ахаа зүгээр үү гээд гараас нь барьсан чинь арагшаа унасан, ингээд энэ тэндээ цус гарсан байхаар нь айгаад шууд Энхтуул эгч рүү  хашхираад бид хоёр ийш тийшээ ярьж дуудлага өгсөн юм. Талийгаач намайг жонш буулгаж байхад газар үлдсэн байсан 2 ууттай жоншны нэг нь бөөрөн дээрээ цооронхой байсныг бүтэн уут углахаар уут авах гэж байгаад краны бөгс хэсэгт хавчуулагдсан юм билээ. Энэ талаар би тухайн үед мэдээгүй дараа нь сонсох нээ талийгаач өөрөө Т.Идэрбаатар ахад ажил захиад байдаг байсан юм билээ, ямар ч байсан тухайн өглөө ажилд гарахад жаахан хожуу ажилд гарна гээд ирсэн юм. Т.Идэрбаатар ахтай холбогдоод л ирсэн байх гэж бодож байна. Би бол сайн танихгүй хүн байсан. Урьд орой нь захирал ажилчдыг цуглуулж хөдөлмөр хамгааллын чиглэлээр зааварчилгаа өгөхөд Амартүвшин гэж хүн ажиллана гэж огт хэлээгүй тэгэхээр талийгаач Т.Идэрбаатар ахтай ярьж байгаад ирсэн байх. Захирал урьд өдөр нь ажилчдыг цуглуулж аюулгүй ажиллагаа зааварчилгаа өгч бүгдэд нь анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар хэлсэн мөн өглөө нь Энхтуул эгч бас зааварчилгаа өгч байсан. Тухайн үед кранист Т.Идэрбаатар гэнэт ажил гараад урьд өдөр нь Улаанбаатар хот руу захиралд хэлж мэдэгдэлгүй явсан болохоор би тухайн өдөр нь захиралд гэж хэлэх юм бол болохгүй гэж бодоод нуусан. Захирал байхдаа намайг сургалтанд суугаагүй эрх байхгүй болохоор автокран дээр ажиллуулдаггүй байсан юм. Миний хариуцлагагүй, байдлаас болж хүний амь нас эрсдсэн маш их харамсаж байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 144-146 дугаар хуудас/

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын улсын байцаагч Я.Дамдинрагчаагийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг ачилтын 14-р талбайд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр оосорлогчоор ажиллаж байсан С.Амартүвшин автокранд хавчуулагдан нас барсан гэх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан. “Тэмүүлэн Шакман Транс” ХХК нь талбайд ажиллаж байсан ажилчдад зааварчилгаа өгсөн нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа MNS 4969:2000 стандартын ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч, тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө гэснийг ханган биелүүлж ажилласан байсан. “Тэмүүлэн Шакман Транс” ХХК нь Б.Энхбатыг оосорлогч, дохиочноор 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал гаргасан. Осолдогч С.Амартүвшинтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан байдаг. Энэ нь осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан болохгүй. С.Амартүвшин нь автокранд хавчуулагдан нас барсан үндсэн шалтгаан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа MNS 4969:2000 стандартын дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлээр эрх бүхий албан тушаалтнаас зааварчилгаа өгч тус тусын хийж гүйцэтгэх ажлыг ажилчдыг даалгасаар байтал зөрчсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг Б.Энхбат, С.Амартүвшин нар нь зөрчсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 208/

-Гэрч А.Ууганболдын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар Биндэръяа гэх эмэгтэй ажиллаж байсан. Тухайн хүн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчилгаа өгдөг байсан. Тухайн хүн ажлаас гарснаас хойш манай компанийн захирал У.Оюун-Ундрах гэх хүн ажилчдад хамгаалалтын хувцас хэрэглэл олгож, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулж, ажилчдыг ажил үүрэг гүйцэтгэх үед өдөр тутмын зааварчилгаа өгч хяналт тавьж ажилладаг. 2023 оны 01 дүгээр сард хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна, эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж ажилчдыг цуглуулан, хурал хийгээд 2023 онд ажил гүйцэтгэхэд гарч болзошгүй зүйлсийг засварлана гэж компаниас мөнгө гаргаж бүх тээврийн хэрэгсэлд оврын гэрэл, гэрэл ойлгогч, туузан наалт нааж өгсөн. Мөн компанид шинээр анхааруулах тэмдэг тэмдэглэгээ авч байсан. Мөн ажилчдад сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт явуулна гэж компанийн захирал ажилчдад 2023 оны 01 дүгээр сард, 03, 05 дугаар саруудад Замын хөдөлгөөны аюулгүй байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Ачаа өргөх, буулгах үеийн аюулгүй ажиллагаа зэрэг тусгайлан бэлтгэсэн хичээлүүдээр сургалт орж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 211/

-“Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн ээлжит давтан зааварчилгааны бүртгэл /хх-ийн 222-241/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхбат нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшлийн ачилтын 14 дүгээр талбайд Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19-д Краныг ажиллаж байхад хориглох зүйлс/:Үүнд н.бүхээгээс гадна буюу кран дээр /нэвтрэх талбай, машины өрөө, сум эсрэг ачаа г.м/ хүмүүс байхад механизмуудыг ажиллуулах гэснийг хориглоно гэх заалт: “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны №12-ын 11-т оосорлогч, дохиочны дохиогоор л краныг ажиллуулах ёстой гэх заалтуудыг зөрчин дохио өгөөгүй байхад 2876 ХЭА улсын дугаартай XCMG автокраныг ажиллуулсан болгоомжгүй үйлдлийн улмаас оосорлогч С.Амартүвшинг кранд хавчуулан амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч У.Оюун-Ундрахын 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Ж.Энхтуулын 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Я.Чулуунхүүгийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,  иргэний хариуцагч У.Оюун-Ундрахын 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/, Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07/34-02/158-04 дугаар үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр тогтоох тухай акт /хх-ийн 91 дүгээр хуудас/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын улсын байцаагч Я.Дамдинрагчаагийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 208/, гэрч А.Ууганболдын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 211/, “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн ээлжит давтан зааварчилгааны бүртгэл /хх-ийн 222-241/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэж заасан. 

Шүүгдэгч Б.Энхбат нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшлийн ачилтын 14 дүгээр талбайд Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19-д Краныг ажиллаж байхад хориглох зүйлс/:Үүнд н.бүхээгээс гадна буюу кран дээр /нэвтрэх талбай, машины өрөө, сум эсрэг ачаа г.м/ хүмүүс байхад механизмуудыг ажиллуулах гэснийг хориглоно гэх заалт: “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны №12-ын 11-т оосорлогч, дохиочны дохиогоор л краныг ажиллуулах ёстой гэх заалтуудыг зөрчин дохио өгөөгүй байхад 2876 ХЭА улсын дугаартай XCMG автокраныг ажиллуулсан болгоомжгүй үйлдлийн улмаас оосорлогч С.Амартүвшинг кранд хавчуулан амь насыг хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Энхбат нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшлийн ачилтын 14 дүгээр талбайд Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчиж, өөрөө автокраныг жолоодох эрхгүйгээр, “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн удирдлагад мэдэгдэлгүйгээр краныг жолоодож, үүний улмаас С.Амартүвшин нь кранд хавчуулагдаж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэгт “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн удирдлага болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан хамааралгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан гэрч нарын мэдүүлэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан талаарх нотлох баримт бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Энхбатын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүхээс шүүгдэгч Б.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Энхбатын болгоомжгүй үйлдлийн улмаас С.Амартүвшин нь кранд хавчуулан амь нас хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын “...би өөрөө насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй өрх толгойлж үлдлээ. Миний хоёр хүүхэд ч гэсэн аавгүй болсон, бидний хувьд маш хүнд байгаа. Тухайн үед бид нар оршуулгын зардалд 15.000.000-16.000.000 төгрөгний хавьцаа зардал өөрсдөөсөө гаргасан. Ажил явдлаас хойш компаниас 15.000.000 төгрөг шилжүүлсэн, ажил явдлаас нилээн хойш У.Оюун-Ундрах гэх хүн 19.000.000 төгрөг шилжүүлсэн. Цаашид би компаниас сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, бидэнд компаниас төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Би өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд учирсан хохирлыг шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй. Одоо надад гомдол санал байхгүй. Манай нөхөр эрүүл саруул хүн байсан, цаад компаниас хамгаалалтын хувцас хунар өгөөгүй, хууль журмын дагуу ажиллагаагүй улмаас осол гарсан байна гэж би бодож байгаа. Миний бие талийгаачаас хойш маш их сэтгэл санааны хямралд орсон, нойргүйтээд сэтгэцийн эмчийн хяналтанд орж эмнэлэгт хүртэл хэвтсэн байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна.

Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалд мэдэгдэхэд “би хохирлыг бүрэн авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг өгсөн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Энхбат нь “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 116,800,000 төгрөгийг төлсөн. Би нэг хонь өгсөн” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Хэрэгт “Тэмүүлэн Шакман Транс ХХК”-иас 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэбатын Эрдэнэцэцэгт 15,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 88 дугаар хуудас/, “Тэмүүлэн Шакман Транс ХХК”-иас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэбатын Эрдэнэцэцэгт 19,800,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт /шүүх хуралдаанд өмгөөлөгч гаргаж өгсөн/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын “Миний нөхөр С.Амартүвшин нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Компанийн зүгээс оршуулгын зардалд 15,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 116,800,000 төгрөг өгсөнийг хүлээж авсан. “Тэмүүлэн Шакман Транс ХХК” болон краны жолооч Б.Энхбат нарт ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, 82,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 152-153/ зэрэг нотлох баримт авагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Энхбат нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Б.Энхбат нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшлийн ачилтын 14 дүгээр талбайд Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19-д Краныг ажиллаж байхад хориглох зүйлс/:Үүнд н.бүхээгээс гадна буюу кран дээр /нэвтрэх талбай, машины өрөө, сум эсрэг ачаа г.м/ хүмүүс байхад механизмуудыг ажиллуулах гэснийг хориглоно гэх заалт: “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны №12-ын 11-т оосорлогч, дохиочны дохиогоор л краныг ажиллуулах ёстой гэх заалтуудыг зөрчин дохио өгөөгүй байхад 2876 ХЭА улсын дугаартай XCMG автокраныг ажиллуулсан болгоомжгүй үйлдлийн улмаас оосорлогч С.Амартүвшинг кранд хавчуулан амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Шүүгдэгч Б.Энхбатын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Энхбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шилжүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,  

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Энхбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шүүгдэгч Б.Энхбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаж өгнө.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

  Шүүхээс шүүгдэгч Б.Энхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, болгоомжгүй үйлдлийн улмаас С.Амартүвшин кранд хавчуулагдан амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Б.Энхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.

  Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Энхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Энхбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч У.Оюун-Ундрахаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалд оршуулгын зардал болон бусад зардалд 116,800,000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн XCMG 28-76 ХЭА улсын дугаартай автокран битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 28-76 ХЭА улсын дугаартай XCMG автокраныг “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Боржигон овогт Батхишигийн Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батхишигийн Энхбатад хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбат нь тэнссэн 2 (хоёр) жилийн хугацаанд хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

             4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Энхбатад тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбат нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тайлбарласугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-ийн XCMG 28-76 ХЭА улсын дугаартай автокран битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 28-76 ХЭА улсын дугаартай XCMG автокраныг “Тэмүүлэн Шакман Транс” ХХК-нд буцаан олгосугай.

  7.Шүүгдэгч Б.Энхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч У.Оюун-Ундрахаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалд оршуулгын зардал болон бусад зардалд    116,800,000 (нэг зуун арван зургаан сая найман зуун мянган) төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Энхбатад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ