| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/04619/И |
| Дугаар | 101/ШШ2021/00156 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/00156
2021 01 15 101/ШШ2021/00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.С-д холбогдох,
3.043.393 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э” ХХК, “ЭБ” ХХК нар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №03/105 тоот “Эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээр 4 сарын хугацаатай эм, бараа нийлүүлэхээр тохиролцож нийт 7.494.593 төгрөгийн эм, бараа нийлүүлсэн болно.
“ЭБ” ХХК нь гэрээний зүйл болох эм, бараа бүтээгдэхүүнийг авч үйл ажиллагаа явуулсан атлаа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, төлөлтийг шаардахад "төлөхгүй, эмийн сангийн хувьд О.С гэдэг хүн хариуцан ажиллуулж байсан, компанийн хувьд төлбөр тооцоо байхгүй” гэдэг ба холбоо барихаас татгалздаг.
Бид шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэж үзсэн тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан болно.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсний дүнд “ЭБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдүүлэг, О.С нарын мэдүүлгийг авч уг хэргийн хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон ажиллагааг зогсоосон.
Уг мэдүүлгээр “ЭБ” ХХК-ийн эмийн сангийн нягтлан албан тушаалтай О.С нь “ЭБ” ХХК-ийн “Э” ХХК-д төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг хувьдаа завшсан тул хариуцаж төлнө гэсэн.
“ЭБ” ХХК-ийн захирал нь манай нэрийг ашиглан О.С танайхтай гэрээ байгуулсан болохоос бид гэрээ байгуулаагүй тул төлбөрийг хариуцахгүй, О.С үйл ажиллагаа явуулж байхдаа энэ өрийг үүсгэсэн учир тэрээр өөрөө хариуцах ёстой гэдэг тайлбарыг Цагдаагийн байгууллагад өгсөн.
2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар “ЭБ” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №03/105 тоот “Эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн үүрэгт 2.028.929 төгрөг, алдангийн төлбөрт 1.014.464 төгрөг, нийт 3.043.393 төгрөгийн өр төлбөртэй байна.
Хариуцагч О.С-ийн алданги төлөхгүй гэдэг тайлбарыг зөвшөөрөхгүй, гэрээний 6.1-д алданги тооцохоор бичгээр тохиролцсон байгаа тул алданги нэхэмжлэх эрхтэй, алдангийн хэмжээг хуульд зааснаас хэтрүүлээгүй болно.
Иргэн О.С нь компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан учраас түүнээс үлдэгдэл төлбөрийг, гэрээгээр тохиролцсоны дагуу алданги нэхэмжилсэн.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг үндэслэн О.С-ээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №03/105 тоот “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 3,043,393 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
О овогтой С надад хамаарагдах “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй бичигт хариу тайлбар гаргаж өгч байна. О.С миний бие нь “ЭБ” ХХК-ийн эмийн санг түрээслэн ажиллуулж байхдаа “Э” ХХК-иас 2.028.929 төгрөгийн эм тариа зээлээр авч байсан боловч ажлын байрны шалтгааны улмаас татан буугдаж, зээлж авсан эм тарианы мөнгийг төлж чадахгүйд хүрч одоог хүрсэн нь үнэн болно.
О.С миний бие нь “Э” ХХК-ийн зүгээс алданги болох 1.014.464 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөр болох 2.028.929 төгрөгийг 12 сар буюу 1,2 сард бүрэн төлж барагдуулна.
Иймд надад алдангийн асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
/хх-ийн 24 тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч О.С-д холбогдуулан 3.043.393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2.028.929 төгрөг, алданги 1.014.464 төгрөг, нийт 3.043.393 төгрөг төлөх үүргээ О.С биелүүлээгүй гэж шаардсан байх ба хариуцагч нь алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
“Э” ХХК болон “ЭБ” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээгээр нийлүүлэгч буюу “Э” ХХК нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай, аюулгүй эм, барааг худалдах, худалдан авагч буюу “ЭБ” ХХК нь гэрээгээр тохирсон үнийн дүнг бэлнээр төлөх, гэрээ байгуулахад нийлүүлэгч талыг төлөөлж харилцагчийн менежер, худалдан авагч талыг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал болон тус компанийн эрх бүхий бусад албан тушаалтан гарын үсэг зурах талаар тохиролцож, гэрээнд “Э” ХХК-ийг төлөөлж х/менежер Г.Б, “ЭБ” ХХК-ийг төлөөлж О.С гарын үсэг зурсан байна.
/хх-ийн 6-7 тал/
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу “ЭБ эмийн сан” гэх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, уг баримтад 7.494.593 төгрөгийн эм, бараа нийлүүлсэн, үүнээс 5.465.664 төгрөгийн төлөлт хийгдсэн, үлдэгдэл нь 2.028.929 төгрөг болох талаар тусгагджээ.
/хх-ийн 8-9 тал/
Дээрх баримтаас үзэхэд “Э” ХХК нь гэрээний дагуу 2018.01.04-ний өдрөөс 2018.09.13-ны өдрийг хүртэлх хугацаанд 7.494.593 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг “ЭБ эмийн сан”-д нийлүүлсэн, үүнээс “ЭБ эмийн сан” нь 5.465.664 төгрөг төлж, 2.028.929 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг худалдах,худалдан авах гэрээг “ЭБ” ХХК-ийг төлөөлж О.С байгуулсан тул тэрээр уг гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК болон “ЭБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Эм, хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-нд гүйцэтгэх захирал О.С гэж гарын үсэг зурсан байх ба гэрээнд уг хуулийн этгээдийн дүрэм авагдаагүйгээс О.С-ийг тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирал гэж үзэх боломжгүй байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д: “Эрүүл мэндийн тухай хуулийн 22.3-т заасан зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн эм барих үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасныг баримтлан “Э” ХХК нь худалдах, худалдан авах гэрээг “ЭБ” ХХК-тай байгуулсан боловч гэрээгээр тохиролцсон 7.494.593 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг “ЭБ” ХХК-д бус уг нэрийн дор эмийн сан ажиллуулж буй иргэн О.С-д шилжүүлсэн, тэрээр 5.465.664 төгрөгийг буцаан шилжүүлсэн, 2.028.929 төгрөгийг буцаан шилжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаар “Э” ХХК болон О.С нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээгээр тохиролцсон үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх талаар бичгээр тохиролцсон гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл тэдний хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
Тодруулбал “Э” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг О.С-тэй байгуулсан, тэрээр заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон авахаар тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Хэдийгээр “Э” ХХК болон О.С нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй боловч О.С нь “ЭБ” ХХК-ийн нэр дор байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.С-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн барааны үлдэгдэл төлбөр 2.028.929 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, алданги болох 1.014.464 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч О.С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн äàãóó Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 100 äóãààð ç¿éëèéí 100.3-ò çààñíûã баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.С-ээс 2.028.929 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.014.464 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 47.412 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ