Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 35

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1, 212 дугаар зүйлийн 212.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох 201611000476 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  Хэрлэн суманд 1990 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, ******* ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,  овогт ******* /ЖЯ:*******/

 Шүүгдэгч овогт ******* нь 2016 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” нэртэй хилийн боомтоор ДОР улсын дугаартай Хюндай Соната маркийн суудлын авто машины шатахууны саванд ховор ургамлын жагсаалтанд орсон Дэрэвгэр Жиргэрүүгийн үндэс 4.4 кг-ыг  зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсний улмаас 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2016 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” нэртэй хилийн боомтоор ДОР улсын дугаартай Хюндай Соната маркийн суудлын авто машины шатахууны саванд хориглосон 89 ширхэг тарваганы арьсыг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлсэний улмаас 15.130.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх урагшаа хүн тээвэрлэдэг байсан юм. Тэр үед хүн олдохгүй орлого бага байсан. Би Улаанбаатар хотын “Өгөөмөр” зах дээр машинаа янзлуулах гээд явж байхад гэдэг хүн ирээд “...чи тарваганы арьс авах уу” гэхээр нь би “..үгүй” гэхэд “танай Дорнодынхон тарваганы арьс авдаг шүү дээ, 360000 төгрөгөөр авчих” гэж гуйсан. Хотод танил ахтайгаа ярилцаж байхад надад машинаа янзлаад гараад үз гэдэг санааг хэлж өгсөн. Тэгээд би тарваганы арьсыг худалдаж аваад машиныхаа банкийг цоолж янзлаад анх удаа хилээр гаргах гэж байхдаа баригдсан. Би бага наснаасаа эхлээд үе мөчний өвчнөөр өвчилсөн. Цусны өвчин болон зүрхний өвчтэй. Би 60 хувийн групптэй байж байгаад энэ оноос группээс хассан. Жоохон суухад л хөл, гар бадаарч өвддөг. Шөнө унтаад сэрэхэд өглөө хамарнаас байнга цус гардаг. Бага наснаасаа эмнэлгээр эмчлүүлж ирсэн. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Хийсэн зүйлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

            Иргэний нэхэмжлэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Чойбалсан сумын Хавирга хилийн боомтоор дэрвэгэр жиргэрүү, тарваганы арьсыг гаргах гэж байгаад хураалгасан байгаа. Байгаль орчны сайдын 2014, 2015 онд гарсан тушаал дээр дэрвэгэр жиргэрүү, тарваганы арьсны үнэлгээг тогтоосон байдаг. Эдгээр хураагдсан эд зүйлс нь Чойбалсан сумаас түүсэн, агнасан гэж тогтоогдоогүй байгаа. Харин Чойбалсан сумын нутаг дэвсгэр дээрх хилийн боомтонд хураагдсан эд зүйл учир улсын орлого болгох шаардлагатай гэж үзэж байна. Байгаль орчны сайдын гаргасан тушаалын дагуу хураагдсан эд зүйлийг улсын орлогод оруулах саналтай байна гэжээ.

            Гэрч ******* ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2016 оны 11 сарын 09-ний өдөр Чойбалсан сумын нутагт байрлах Хавиргын боомтон дээр гаалийн байцаагчаар ажиллаж байхад 10-11 цагийн орчим гаалийн хяналтын талбайд орж ирсэн ******* гэх хүний эзэмшилийн саарал өнгийн соната-6 маркийн ДОР дугаартай тээврийн хэрэгсэлд хуваарийн дагуу үзлэг шалгалт хийсэн. Уг машин нь гаазаар явдаг шатахууны нэмэлт савыг нуувч болгон ашиглаж 89 ширхэг тарваганы арьс, 4.6 кг /бохир/ дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндэс хийж хилээр гаргах гэж байсныг илрүүлэн тээврийн хэрэгслийг саатуулж, эд зүйлийг хураан авсан. Дээрх бараа нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д гаалийн хяналтын талбай нь гаалийн хилд тооцогдоно гэж заасан гэх мэдүүлэг. /хх-ийн 43/

            Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 10-11 цагийн орчим гаалийн хяналтын талбайд орж ирсэн ******* гэх хүний эзэмшлийн саарал өнгийн Саното-6 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн байцаагч О.******* хуваарийн дагуу үзлэг, шалгалт хийсэн. Уг машин гаазаар явдаг, шатахууны нэмэлт савыг нуувч болгон ашиглаж 89 ширхэг тарваганы арьс, 4,6 кг /бохир/ дэргэвэр, жиргэрүү ургамлын хатаасан үндэс хийж хилээр гаргах гэж байсныг илрүүлэн тээврийн хэрэгслийг саатуулж, эд зүйлийг хураан авсан. Жолооч болон машины эзэмшигч нь ******* юм. Дээрх бараа нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Жолооч хураагдсан эд зүйлс нь зорчигч нарт хамаагүй гэсэн тайлбар өгсөн гэх мэдүүлэг. / хх-ийн 44/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 11  сарын 09-ний шөнө намайг унтаж байхад ах хотоос өөрийнхөө Соната-6 маркийн ДОР дугаартай машинтай гэртээ ирсэн. Үүрээр намайг сэрээж хамт Алтан Эмээл яваад ирье гэж хэлсэн. Бид хоёр аймгийн төвөөс гарахад нэг хятад, танихгүй монгол эмэгтэйн хамт явсан. Тэр эмэгтэй хүн хоолон гэр дээр үлдээд 3-уулаа боомтон дээр очсон. Намайг штамб даруулах гээд боомтын байран дотор байхад ах гадаа машинаа шалгуулж байсан. ах тарваганы арьс, үндэс авч явсныг тийм зүйл машин дотор байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудсууд  /хх-ийн 11-14/

Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодис, бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх-ийн 22-24/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 29/

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 32, 66/

Соната-6 маркийн ДОР улсын дугаартай суудлын авто машины лавлагаа /хх-ийн 28/

Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 33/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ний 36/

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт / хх-ийн 56-57/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл / хх-ийн 58-59/

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 сарын 25-ны өдрийн А-61 тоот тушаал /хх-ийн 67/

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн А-377 тоот тушаал /хх-ийн 72/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 105/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч   овогт ******* нь 2016 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор ДОР улсын дугаартай, Хюндай Соната маркийн суудлын авто машины шатахууны савыг нуувч болгон ашиглаж,  ховор ургамлын жагсаалтанд орсон Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон Дэрэвгэр Жиргэрүүгийн үндэс 4.4 кг-ыг  зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж  220000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, мөн 2016 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга”  хилийн боомтоор ДОР улсын дугаартай, Хюндай Соната маркийн суудлын авто машины шатахууны савыг нуувч болгон ашиглаж, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон  эд зүйл болох 89 ширхэг тарваганы арьсыг Улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлж 15130000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч О.*******, Ш., насанд хүрээгүй гэрч Т. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлгүүд болон бараа, тээврийн хэрэгсэлийг саатуулах хуудсууд  /хх-ийн 11-14/, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодис, бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх-ийн 22-24/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 33/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ний 36 дугаар хуудас/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт / хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудаар  батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн  эд ангийг зориуд тоноглож нуувч болгон ашиглан үйлдэж, нийт 15350000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1, 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн А-377 тоот тушаалаар “Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр, жиргэрүүг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хоригложээ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох ДОР улсын дугаартай, Хюндай Соната маркийн суудлын авто машин нь шүүгдэгчийн эзэмшлийн машин мөн болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 31/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар хурааж улсын орлого болгох, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4,4 кг Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс, 89 ширхэг тарваганы арьсыг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтад эд мөрийн баримтаар хураагдсан  нэг кг Дэрэвгэр жиргэрүүг экологи эдийн засгийн үнэгээгээр 5000 төгрөгөөр, нэг ширхэг тарваганы арьсыг экологи эдийн засгийн үнэгээгээр 170000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.      Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох тул машиныг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, түүний  баримт бичгээр хурагдаж ирсэн  Монгол, Хятадын хил орчмын нутагт зорчих үнэмлэх, 01276299 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг  шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн зан төлөв, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзах боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой гэж үзсэн тул ялтан *******ын баримт бичгээр ирсэн Монгол, Хятадын хил орчмын нутагт зорчих үнэмлэх, 01276299 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл, ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүгдэгч ******* эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан *******т оногдуулсан ялын хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******ын эдлэх 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3000000 төгрөгний үнэ бүхий ДОР улсын дугаартай, Хюндай Соната маркийн суудлын авто машиныг хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

7. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4,4 кг Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс, 89 ширхэг тарваганы арьсыг тус тус хурааж улсын орлого болгосугай.                              

 8. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан *******ын ирсэн  Монгол, Хятадын хил орчмын нутагт зорчих үнэмлэх, 01276299 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг буцаан олгосугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын  эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3000000 төгрөгний үнэ бүхий ДОР улсын дугаартай, Хюндай Соната маркийн суудлын авто машиныг  битүүмжилсэн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч,иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                            

                                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ