| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 117/2026/0017/З |
| Дугаар | 221/МА2026/0726 |
| Огноо | 2026-10-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0726
Х.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Г
Хариуцагч Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Р.М, аудитор Л.У
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 40/A/******* дугаар акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” 107/А/******* дугаар Албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 117/ШШ2026/0022 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 117/2026/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Г-аас Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Р.М, аудитор Л.У нарт холбогдуулан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 40/A/******* дугаар акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” 107/А/******* дугаар Албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 42 дугаар зүйлийн 42.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5.2, 16.5.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 57 дугаар зүйлийн 57.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Г-аас гаргасан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40/А/******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107/А/******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
3.1 “...Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлууд болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.2 Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан 2024 оны төсвийн жил дуусаж, хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дүгээр тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажил үүргээ гарамгай ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж зааснаар нягтлан бодогч Х.Г-д 2025 онд нэг удаа шагнал олгосон нь байгууллагын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажиллаж улсын хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаагаар 99.9 хувь дүгнэгдэж 1-р байр эзэлсэн тул 1 удаа шагнасан. Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь заалтыг үндэслэл болгож шагнасан тушаал биш бөгөөд зөвхөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу байгууллагын даргын эрх хэмжээний хүрээнд шагнасан болно. Анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн “үр бүтээлтэй ажилласан гэдгээ нотлоогүй” гэх үгүйсгэсэн тайлбарт үндэслэлгүйгээр итгэж, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг үгүйсгэсэнд нь гомдолтой байна.
3.3 Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Р.М, аудитор Л.У нар нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Төрийн аудитын газраас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Х.Г, Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Ө нартай хийсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй этгээд оролцуулсан. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ө нь УБЕГ-ын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/** тоот тушаалаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст шилжин томилогдсон байсан тул Ж.Ө нь Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж сонсох ажиллагаанд оролцох боломжгүй гэж удаа дараа мэдэгдэж, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн аудитын газарт бичгээр тайлбар гаргаж, өөрийн шилжин томилогдсон тушаалыг тайлбарын хамт аудитор Л.У-т хүргүүлсэн байхад сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Ө-д гэж ирүүлж өөрт нь гардуулан заавал тантай хийнэ гэж сонсох ажиллагааг уг өдрийн 15 цагт Төрийн аудитын газрын даргын *** тоот өрөөнд уулзаж сонсох ажиллагааг явуулсан. Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Ё.Б нь 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/** тоот тушаалаар томилогдсон. Иймд процессын болон хууль хэрэглээний ноцтой алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд нийцээгүй мөн 26, 27-д заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй.
3.4 Хэлтсийн даргын Х.Г-ыг шагнасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/** тоот тушаалд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны А/**** тушаалаар батлагдсан байгууллагын дотоод журмыг огт үндэслэл болгоогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан байгууллагын дарга буюу төсвийн шууд захирагч биш, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу төсвийн төвлөрүүлэн захирагчтай холбоотой өөр утга, агуулгатай байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд үндэслэлгүй тайлбар гаргасан.
3.5 Албан шаардлагын тухайд, тайлант он болох 2025 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтаар дахин урамшуулал давхардуулж олгоогүй тул зөрчлийг давтан гаргаагүй. Тухайн гүйлгээнүүдийг хийх болсон үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Г-ыг шагнах тухай” Б/**, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай” Б/** тоот тушаалуудаар тус тус гарсан гүйлгээ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан анхан шатны баримт болох баримтын бүрдэл хангагдсан гэж үзэж, удирдах албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлсэн байхад дээрх 2 тушаалыг намайг өөрөө гаргасан мэтээр сахилгын арга хэмжээ авах гээд байгаад гомдолтой байна.
3.6 Мөн уг 2 тушаал нь илт хууль зөрчсөн асуудал байхгүй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заасан үндэслэлээр гарсан тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.4-д заасан үндэслэл байхгүй учир дээрх 2 гүйлгээг хийхгүй, татгалзах үндэслэлгүй юм. Тайлант он болох 2025 онд дээрх хуулийн 23.2 дахь заалтаар дахин урамшуулал олгоогүй, зөрчлийг давтан гаргаагүй бөгөөд харин өөр ажлын үндэслэлээр 1 удаа шагнал олгосон. Хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/** тоот тушаалаар олгогдсон шагнал нь тухайн сарын цалин дээр нэмэгдэж бодогдсон тул нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь (379,960 төгрөг), ХХОАТ хуулийн 7.1.1-д зааснаар (292.404 төгрөг), нийт 672,364 төгрөг суутгагдаж, 2,631,636 төгрөг авсан байхад Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40/А/******* дугаар бүхий акт нь тухайн тушаалын нийт дүнгээр байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3.7 Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.Г-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Г-ыг шагнах тухай” Б/** дүгээр тушаалаар “...Ахлах нягтлан бодогч Х.Г ...санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээгээр 2024 онд 99.9%-тай 1-р байр эзэлсэн, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн шилэн дансны үнэлгээгээр 100%-тай үнэлгээ авсан тул хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 3,304,000 төгрөгийн шагнал”-аар мөнгөн шагнал, үр дүнгийн урамшуулал олгожээ.
4. Мөн хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дугаар, мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/** дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалуудаар 2025 оны эхний хагас жилийн болон 3-р улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг харгалзан хавсралтад нэр дурдсан албан хаагчдад урамшуулах олгохоор шийдвэрлэж, ...Ерөнхий нягтлан бодогч Х.Г-д эхний хагас жил 100%, 3-р улиралд 50%-ийн цалингийн нэмэгдэл урамшууллыг тус тус олгосон байдаг.
5. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нятлан бодогчийг хэлтсийн нягтлан бодох бүртгэлийг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гэж 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3,304,000 төгрөгийн мөнгөн шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон зөрчлийг илрүүлж, маргаан бүхий 40/А/1270470 дугаар төлбөр барагдуулах актыг тогтоосон байна.
7. Улмаар Аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107/А/******* дугаар Албан шаардлагаар “...нягтлан бодогч Х.Г нь өмнөх оны аудитаар өгөгдсөн алдаа зөрчлийг давтан гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн...” байх тул “...Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Х.Г-д хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, зөрчлийг таслан зогсоох”-ыг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Б-т даалгасан байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
8. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно”, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж, урамшуулна”, 51.1.4-д “улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох“ гэж тус тус зохицуулсан.
9. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”-ын 3.1-д “Төрийн бусад байгууллагын шагнал нь Жуух бичиг, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл гэсэн төрөлтэй байна”, 3.3-д “Мөнгөн шагналыг төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн төрийн албан хаагчид олгож болно. Байгууллагын удирдлагын шийдвэрээр тухайн ажилтныг шагнах мөнгөн шагналын хэмжээ нь сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна” гэж, мөн “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно”, 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус журамлажээ.
10. Дээрх хуулийн заалтууд болон журмын зохицуулалтаас үзэхэд, нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан гэдгийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн байх агуулгаар тодорхойлох ба ийнхүү үр бүтээл гаргасан ажилтныг мөнгөн шагналаар (сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх) шагнах, харин албан тушаалын чиг үүрэгт тусгагдсан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал (албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй) олгож болох бөгөөд зөвшөөрсөн зохист хэмжээнээс хэтрүүлж шагнал, урамшууллыг давхардуулж олгохыг хориглосон байна.
11. Нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тодруулгыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу бэлтгэж, хугацаанд нь тайлагнах, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан өдөр тутмын албан үүргээ хангалттай гүйцэтгэсэн нь “нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган” ажилласанд хамаарахгүй.
12. Энэ тохиолдолд Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээ 99.9% улсын хэмжээнд 1-р байр эзэлсэн байх ба мөн шилэн дансны үнэлгээгээр 100% үнэлгээ авсан нь тухайн байгууллагын хувьд тухайн жилийн ажлын үзүүлэлт, үнэлгээ бөгөөд үүнийг нягтлан бодогч нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан болон “нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган” ажилласан гэж үзэхгүй.
13. Тиймээс нэхэмжлэгч Х.Г нь нягтлан бодогчийн хувьд ажлын байрны чиг үүргийн хүрээнд, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн ажил, үүргээ хэрэгжүүлж ажилласан байхад үр дүнгийн урамшуулал (цалин 100% + 50% нэмэгдэл)-тай давхардуулан мөнгөн шагнал (2 сарын цалин 3,304,000 төгрөг) олгосныг зөрчил гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
14. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно”, 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж тус тус заасан.
15. Төсвийн тухай хуулиар төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах, ажилтныг шагнах, урамшуулах, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буюу аудитор төлбөрийн акт тогтоож, нөхөн төлүүлэх эрх хэмжээтэй байна.
16. Нэхэмжлэгчээс “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан тохиолдолд шагнаж урамшуулах боломжтой, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг тусгайлан заагаагүй” гэж тайлбарлан маргах боловч шагнал олгохдоо зөвхөн нэг хуулийн зохицуулалтыг дангаар нь хэрэглэхгүй, төрийн албан хаагчид мөнгөн шагнал олгохтой холбоотой бусад хууль, байгууллагын дотоод дүрэм, журам зэрэг зохицуулалтуудыг хамтад нь хэрэглэх бөгөөд эрх бүхий албан тушаалтны тушаал гарсан гэх нөхцөл нь төсвийн хөрөнгийг хуульд нийцүүлэн зарцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.
17. Иймээс маргаж буй “Төлбөр барагдуулах тухай” 40/А/******* дугаар актаар нэхэмжлэгчид олгосон 3,304,000 төгрөгийн шагналыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон гэж үзэж уг төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.
18. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ“ гэж зааснаар Аудитор нь аудитаар илэрсэн алдаа, зөрчилтэй холбоотойгоор тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд Албан шаардлага хүргүүлэх эрх хэмжээтэй байна.
19. Маргаж буй 2026 оны 107/А/******* дугаар Албан шаардлагаар Х.Г-ыг өмнөх оны аудитаар өгөгдсөн алдаа зөрчлийг давтан гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл шууд ногдуулсан бус, харин тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд Х.Г-д сахилгын хариуцлага тооцуулахаар Албан шаардлага хүргүүлсэн байх ба энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарч байх тул хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
20. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаас үзвэл захиргааны байгууллага нь захиргааны акт, шийдвэрээ гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа хийх, тайлбар, санал гаргах боломжийг олгохоор хуульчилсан.
21. Хариуцагчаас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Ө болон ахлах нягтлан бодогч Х.Г нарыг оролцуулж Сонсох ажиллагаа явуулсан, 01 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Ө, Х.Г нар аудитаар илэрсэн зөрчилтэй холбоотой бичгээр тайлбар гарган, гарын үсэг зурж хүргүүлсэн байх ба нэгэнт нэхэмжлэгч өөрөө уг сонсох ажиллагаанд биечлэн оролцсон байна.
22. Хариуцагч нь маргаж буй захиргааны актыг гаргахаас өмнө хуульд заасны дагуу нэхэмжлэгчид сонсох ажиллагааг хийсэн, оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгосон болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хангасан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Г-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА