| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0031/э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
2024 03 14 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Т-т холбогдох эрүүгийн 2404000000009 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, яс үндэс халх, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн ...дүгээр хороо Жаргалантын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Багануур дүүрэг .. дүгээр хороо Тогос Уул хэсгийн...дүгээр гудамжны ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Нийслэлийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял,
Төв аймгийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 02 сарын хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н Т /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний оройн 22 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн 4 дүгээр гудамжны 14 тоот гэртээ хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Д.Б-ыг “гэрт шүлсээ хаялаа” гэсэн шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын дундуур би Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг хэсэгт байрлах “Ахиц” нэртэй дэлгүүрийн гадна 18 цагийн үед байж байхад манай найз Б над руу залгаад “хаана, байна, би танай гэр рүү очиж байна” гэсэн. Тэгээд намайг гэртээ ирэхэд Б бараг зэрэг ирсэн. Тухайн үед Б 2 үл таних залуутай хамт ирсэн. Тэгээд бид 4 манай гэрт “Хараа” нэртэй архи хувааж уусан. Өөрийгөө “Хоовон” гэх хочоор дуудаж байсан залуу нь миний танил ахыг “Монголын пиа бол хулгай” гэх мэтээр хараагаад байсан. Тэгэхээр нь би “чи миний ахыг битгий муулаад бай, чамд гай болоогүй шүү” гэж бага зэрэг муудалцсан. Тэгээд ууж байсан архи дуусах үед нөгөө залуу гэр дотор шүлсээ хаясан. Би “гэрт битгий шүлсээ хаяад бай, одоо яв” гээд хөөхөд явахгүй байсан. Тэгээд дахиж архинд яваад 2 дахь архиа ууж байхад нөгөө залуу дахиад шүлсээ хаяхаар нь миний уур хүрээд нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохьсон. Хохирогчийн нэхэмжилсэн 315,000 төгрөгийг төлж барагдуулна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 9-10-р хуудас/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,
- Шүүгдэгч Н.Т-рын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг баримт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн шинжлэн судлуулсан баримт:
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 40-48-р хуудас/,
- Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2023 оны 12 дугаар сарын 19-ний оройн 22 цагийн орчимд Багануур дүүргийн ... дүгээр хорооны Тогос-Уул хэсгийн ... дүгээр гудамжны ...тоотод шүүгдэгч Н.Т нь өөрийн гэрт хамт архи ууж байсан Д.Б-ыг “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохих үйлдэл гаргасан нь:
- Хохирогч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Баатартай тааралдсан. Тэгээд Б танил хүн рүүгээ утсаар залгаад Т гэх айлд Б, бас нэг үл таних залуу бид 3 хамт очсон. Тэгээд бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Тэгээд ярилцаад сууж байтал Т гэх залуу нь миний ярьж байсан зүйл дээр дөрөөлж “миний таньдаг ахыг муулахгүй шүү, чи манай гэрээс зайл” гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гэрээс нь гараад явж байтал араас Б гарч ирээд “гадаа харанхуй болсон хойно хаачих гээд байгаа юм бэ, энд тэнд хөлдөж үхвэл яана” гээд намайг дагуулаад буцаж орсон. Тэгээд сууж байгаад Б нөгөө үл таних залууг дагуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд би унтлаа гээд хэвтэж байхад Т гэх залуу миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Намайг өндийгөөд харахад Т-с өөр хүн байгаагүй. Намайг толгойгоо бариад тонгойгоод сууж байхад хоёр гараараа нэлээн хэдэн удаа цохиод байсан. Би Т гэх залууг огт танихгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 315,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Тогос-Уул хэсгийн 4 дүгээр гудамжны 14 тоотод Д.Б нь бусдад зодуулсан” гэх тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ны эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь:
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай: “...1.Д.Б-ны биед тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/-ээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр болон хуулийн зүйлчлэл дээр маргахгүй. Үйлдсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Н.Т нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэв,
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч Н.Т нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Д.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “...эмчилгээнд зарцуулсан 70,000 төгрөг, такси үйлчилгээнд явж олох байсан орлого 245,000 төгрөг, нийт 315,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шатанд шүүгдэгч Н.Т нь “Миний бие Д.Б-ны зүгээс хохирлын төлбөрт нэхэмжилж буй 315,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан төлөхөө илэрхийлж байна” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналыг гаргаж байна.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Н.Т нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв,
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм асуудал гаргахгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Н.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН