Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч  Б.Нарантуяа нарыг оролцуулан,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иовогт Д Мд холбогдох эрүүгийн 2302 00290 0398 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И ургийн овогт Д М, /РД: /,

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шалган нэвтрүүлэх албаны шалгагч, эрх зүйч мэргэжилтэй, “” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “”-н 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо байрлуулан тавьсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй нийт 28,943 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн авга дүү Г.Пүрэвчулуунаар авхуулахаар дүрсээр залгах, мессеж бичих зэргээр зааварчилга өгөн удирдан чиглүүлж дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан,

Мөн Д.М нь худалдаалах зорилгогүйгээр 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 байрны 59 тоот гэртээ байхдаа “Юү Би Каб”-ийн хүргэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар олж авч,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64а байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах авто зогсоолд байрлуулж тавьсан 33-60 УНТ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Акуа” тээврийн хэрэгслийн доор цагаан гялгар уутанд хийсэн цэвэр жин 9,8396 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” бодисын агууламжтай “мөс” мэт зүйлийг хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 437 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо байрлуулан тавьсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй нийт 28,943 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн авга дүү Г.Пүрэвчулуунаар авхуулахаар дүрсээр залгах, мессеж бичих зэргээр зааварчилга өгөн удирдан чиглүүлж дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан,

Мөн Д.М нь худалдаалах зорилгогүйгээр 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 байрны 59 тоот гэртээ байхдаа “Юү Би Каб”-ийн хүргэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар олж авч,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64а байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах авто зогсоолд байрлуулж тавьсан 33-60 УНТ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Акуа тээврийн хэрэгслийн доор цагаан гялгар уутанд хийсэн цэвэр жин 9,8396 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” бодисын агууламжтай “мөс” мэт зүйлийг хадгалсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Энэ нь  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 12-22 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 28-32 дугаар тал/,

Гэрч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үдээс хойш 13-14 цагийн хооронд байх ямар ч байсан үдээс хойш намайг тамхи авах гээд дэлгүүр рүү алхаж байхад миний 98016699 дугаар уу манай аавын бага дүү Д.М ах өөрийн 99108439 дугаараас залгасан. Тухайн үед Д.М ах мэнд мэдэж ойр зуурын юм ярьж байгаад ах нь нэг жоохон юм хүнээс авхуулах гэсэн юм чи завтай байна уу гэж асуухаар нь миний бие би ажилтай байна, нөгөө хүн нь хүргэж өгөх боломжтой бол ажил дээр хүргээд өгчих гээд “Метро молл”-ын тэнд байдаг ажлаа зааж өгсөн юм. Тэр үед за за чам руу явуулъя гээд ах утсаа тасалсан. Ингээд би орой 18 цагийн үед ажлаа тараад шууд харьсан. Тэгээд гэртээ байж байхад Д.М ах 19-20 цагийн орчим дахин залгаж танай гэр хаана байдаг вэ гэж асуухад би Түмэннаст хотхон зааж өгсөн, тэр үед одоо нөгөө хүнд хэлье хүргээд өгөх байх, дөхөж байгаа байх чи өөдөөс нь гараад авах боломж байна уу гэж асуухад миний бие одоо боломжгүй байна манай найз машин аваад явсан би машингүй байна гэж тэр үед ах “за за нөгөө хүн нь дөхөж байгаа байхаа, дөхөж байг” гэж хэлээд утсаа тасалсан Тэгээд би гэртээ байж байхад манай найз н.Бямбасайхан, н.Мөнхболд нар орж ирсэн тэгээд бид 3 юм ярьж сууж байхад Бат-Оргил орж ирээд бид 4 “НБА талк” үзээд н.Мөнхболд удалгүй явсан, тэгээд бид 3 үлдээд унтах гээд ороо засаад орондоо орсон байхад 23 цаг 20-30 минутын хооронд Д.М ах өөрийн фейсбүүк хаягаас миний Гантулга, Пүрэвчулуун гэх хаяг руу мессенжерээр залгасан юм. Тухайн үед залгаад чиний машин чинь ирсэн үү гэж асуусан тэр үед хүргэж өгөхгүй юм уу гэж би асуухад хүргэж өгөх боломжгүй гэж байна Сансарын “Петровис” ШТС дээр байна гэж байна тэнд чамайг хүн хүлээж байгаа тэнд очоод ахдаа хэлээрэй би чамд аваачаад өг гэж хэлнээ. Тэр үед би юу авхуулах гэж байгаа юм бэ гэж асуухад жоохон юм байгаа юм аа гэж хэлсэн тэр үед би юу авах гэж байгаа талаар лавлаж асуухад тамхины гялгар уутанд хийсэн нунтаг алт байгаа юм аа гэж хэлсэн тэр үед би юун алт юм бэ, зүгээр юм үү гэж асуухад зүгээр зүгээр би угаалгаад авч байгаа юм, миний юм ирж байгаа юм аа гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарсан гарахдаа гэрт хэвтэж байсан найз Бат-Оргилыг хамт ханиндаа Мөнхөөлэй ах юм захиад байна гэж хэлээд хань татаад аваад явсан. Тэгээд Бат-Оргил бид хоёр гэрээс гараад албаны 45-32 УНУ цагаан өнгийн “марк-Х” маркийн машинаар Сансарын “Петровис” бензин колонкийн зүүн талд байдаг ATM-ийн гадаа ирж, зогсож Д.М ах руу фейсбүүк мессенжерээр залгаад ирчихлээ гэж хэлсэн, тэр үед би хажууд байсан дэлгүүр орж ундаа аваад гарч ирэхэд Д.М ах над руу буцаагаад залгасан тэр үед Д.М ах нөгөө хүн нь петровис бензин колонкийн урд талд байрлах баригдаж буй барилгын цэнхэр хашааны хажууд байна гэж хэлсэн, тэр үед би утсаа салгахгүй яриад явж байсан тэгээд доошоо петровис бензин колонкоос “РЦНК” руу уруудаж явахад хүн тараагүй, харин цэнхэр хашаа нь петровис бензин колонкын баруун талд байсан тэгээд би тус хашааг дагаад алхаж байхдаа Д.М ахаас нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ, цэнхэр хашаа нь дууслаа гэсэн чинь нөгөө хүн нь хашааны буланд үлдээсэн гэнээ ахын дүү гэрлээ тусгаад авчих гэсэн юм тэр үед би олдохгүй байна хаана орхисон юм бэ гэж асуухад гэрлээ тусгаад наад булан руу хардаа гэж хэлсэн тэр үед би гэрэл тусгаад харахад ямар нэгэн зүйл харагдаагүй тэгээд машинтай хүмүүс буугаад намайг саатуулаад аваад явсан. Би тухайн эд зүйлд мансууруулах төрлийн бодис байсныг мэдээгүй. Харин надад тамхины уутанд хийсэн нунтаг алт байгаа юм очоод ав гэхээр нь ийм асуудалд орооцолдлоо...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 35-37 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Тагнуулын ерөнхий газрын нийслэл дэх газрын лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/,

Г.Мас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Турк улсад ажиллаж амьдарч байгаа гэх Г.Эрдэнэбаатар гэгчтэй фейсбүүк чатаар харилцсан мэдээллээ гаргаж өгснийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 73-86 дугаар тал/,

Д.М эзэмшлийн 5065345933 тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 122-124 дүгээр тал/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Пүрэвчулуун ажлаа тараад гэртээ ирэхээр нь би зөрөөд машиныг аваад гадагшаа гарсан. Тэгээд би буцаад 22 цагийн үед гэртээ ирээд амрах гээд байж байтал Пүрэвчулуун М ахын юмыг очиж авах хэрэгтэй байна хамт гарах уу гээд бид 2 гэрээсээ ойролцоогоор 23 цагийн үед гараад Пүрэвчулууны машинтай Сансарын петровисын колонкийн орчимд ирээд Хаан банкны бэлэн мөнгөний машины хажууд машинаа зогсоогоод бид 2 машиндаа хүлээсэн. Тэр хооронд Пүрэвчулууны гар утас руу видео дуудлага хийж М ах нь яриад нөгөө юм өгөх хүн нь байхгүй байна, машинаасаа бууж очоод авчих гээд Пүрэвчулуун нь утсаараа яриад машинаасаа буусан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 136-138 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн мөс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 14,383 грамм, 2 гэж дугаарласан 14,560 грамм жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйлд тус тус метамфетамин илрэв.

Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно гэх /2 дугаар хавтаст хэргийн 141-144 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-23 дугаар тал/,

2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бид 2 гэртээ байж байгаад орой 22 цагийн үед дэлгүүр орох гээд Мтай хамт гэрээс гараад алхаж байтал гэнэт цагдаа нар гарч ирээд баривчлагдаад ирсэн. Өнөөдөр манай гэрт нэг саарал өнгийн түрүүтэй гутал байхыг олж хараад юун гутал юм бэ гэж асуухад М Туркээс Эркагаас ирсэн гутал гэж хэлсэн...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2707 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хар хайрцагтай тамхи мэт зүйл, цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, хар өнгийн ууттай жин мэт зүйл, “AR1230450” гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хөвөнтэй мод тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.“1” гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 12,0013 грамм, цэвэр жин нь 9,8396 грамм болов.

Шинжилгээнд ирүүлсэн хар хайрцагтай тамхи мэт зүйл, “AR1230450” гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хөвөнтэй мод тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

“1” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, хар өнгийн ууттай жин мэт зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн.

Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно гэх /1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дугаар тал/,

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 567 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дугаар тал/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “гэм буруугийн тал дээр маргаан байхгүй тул хэлэх зүйлгүй” гэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж, 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.  

Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

Шүүхээс, шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.   

Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “AR1230450” гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол Банканд хүргүүлж,

хөвөнтэй мод, цагаан өнгийн талстлаг зүйлийн нийт цэвэр жин нь 28,943, 9,8396 грамм бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Мд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2  дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И ургийн овогт Д Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “AR1230450” гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол Банканд хүргүүлж,

хөвөнтэй мод, цагаан өнгийн талстлаг зүйлийн нийт цэвэр жин нь 28,943, 9,8396 грамм бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг даалгасугай.

            7. Шүүгдэгч Д.Мд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД