| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/05193/И |
| Дугаар | 101/ШШ2021/00160 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/00160
2021 01 15 101/ШШ2021/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 725,488.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Н,
Хариуцагч Ч.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Н миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Э-г “нөөцийн мах зарах гэсэн юм. Мөнгө дутаад байна. Та надад зээл аваад өгөөч, би олон газар зээлтэй болохоор надад зээл өгөхгүй байна” гээд гуйгаад байхаар нь ”НМ” ХХК-иас 1,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан Ч.Э-д авч өгсөн.
Тухайн үед “НМ” ХХК-ийн зээлийн эдийн засагч н.С нь уг зээлийг Ч.Э авч байгааг мэдэж байсан бөгөөд түүнд зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч болно шүү гэхэд Ч.Э нь бичиг баримт байхгүй гэж хэлж байсан. Уг нь “НМ” ХХК дээр байхдаа зээлийн эргэн төлөлтийг Ч.Э хийхээр болсон.
Дээрх зээлийн гэрээний дагуу сар болгоны 10-ны өдөр эргэн төлөлт хийх бөгөөд 1,600,000 төгрөг болгож дуусгах юм байна гэдгийг Ч.Э-д хэлсэн. Тэрээр зээл авснаасаа хойш 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлөхгүй байсан тул түүний араас хөөцөлдөж, түүнтэй уулзахад “манай дэлгүүр дампуурсан, би төлж чадахгүй” гэх мэт янз бүрийн юм яриад өгөхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан боловч прокурор эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гээд хэргийг хаасан.
Ч.Э нь цагдаагийн байгууллагад “зээлийг төлнө” гэж тайлбар өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа Ч.Э нь “НМ” ХХК-иас авсан зээлийн хүү, алданги нэмэгдээд 1,500,000 төгрөг болсныг мэдэж байсан бөгөөд “Мөнгийг 3 хуваагаад төлнө, би зээл авахуулсан нь үнэн, зээлийн эдийн засагч нь мэдэж байгаа” гэж хэлж байсан.
Тэрээр 2020 оны 05 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 06 сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг төлсөн, үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй.
2019.11.06-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум явах зайлшгүй шаардлага гарсан учир Ч.Э-тай уулзаж, түүнээс машинаа түр хэрэглүүлэхийг гуйгаад буцааж өгсөн. Гэтэл машин эвдэрсэн, засвар хийлгэсэн гэхээр нь түүнд машины засварт 480.000 төгрөг зарцуулсан талаарх баримтаа авч ир гэсэн боловч авчраагүй.
“НМ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл, хүү, алданги нь 785,488.53 төгрөг болчихоод байна. Манай нөхөр машины засварын талаар Ч.Э-ийн ахтай уулзаж байсан гэж хэлж байгаагүй.
Ч.Э өөрөө нөхөр, бид 2-т хоолонд ороорой гээд 60.000 төгрөг өгснийг 785,488.53 төгрөгөөс хасч 725,488.53 төгрөг болгож байна.
Иймд Ч.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 725,488.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ч овогтой Э миний бие нь Ц.Н-аас 2019 оны 06 дугаар сард бэлнээр 930,000 төгрөг зээлж авсан нь үнэн, 1,000,000 төгрөг аваагүй. Дээрх мөнгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байхаар тохиролцсон юм. Ц.Н-ийн яриад байгаа “НМ” ХХК-д орж үзээгүй, тэр яриад байгаа зээлийн эдийн засагчийг танихгүй. ББСБ-аас “Энэ зээлийг таныг төлөх ёстой гэж Ц.Н хэллээ гэхээр нь би төлөөд дуусгасан” гэдгээ хэлсэн.
Ц.Н эгч 2019.11 сард машинаа өгөөч гэхээр нь өгөөд явуулсан, буцааж өгөхдөө эвдэрсэн байсан. Үүнээс болж муудалцсан бөгөөд машины засварт 480.000 төгрөг зарцуулсан.
2020.01 сард Ц.Н эгчийн нөхөр н.Ц ах манайд ирж уулзаад 3 сар гэхэд 800,000 төгрөгийг төлөөд дуусгана гэсэн баримтад гарын үсэг зуруулаад явсан боловч би төлж чадаагүй юм.
2020.05 сард Цагдаагийн байгууллагаас дуудсан, өргөдөл дээрээ 1,500,000 төгрөг бичсэн байснаас нь 1,000,000 төгрөгийг зөвшөөрнө гэдгээ хэлсэн. Үүнээс хойш Ц.Н-ийн ХААН банкны 5062219934 тоот данс руу 2020.05.17-ны өдөр 500.000 төгрөг, 2020.06.22-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн. Өмнө нь 150.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 1 данс руу хийгээрэй гэсэн, тэр данс руу шилжүүлсэн, ингээд миний буцааж өгсөн мөнгө нь 1,050,000 төгрөг болно.
Нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлээд байгаа 785,488.53 төгрөгөөс машины засварт зарцуулсан 480,000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 305,488.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Машины засварт зарцуулсан 480.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутгаж тооцох талаар Ц.Н-тай ярилцаагүй, харин түүний нөхөр болон машин барьж явсан хүнтэй нь манай ах уулзаж байсан. Машиныг тухайн үед жижиг засварын газраар засуулсан учир тухай бүрт нь баримт өгөөгүй. Гэхдээ засвар хийлгэсэн ах, зассан газар нь байдаг юм.
Иймд Ц.Н-ийн нэхэмжлэлээс 305,488,53 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 785,488.53 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 60,000 төгрөгөөс татгалзаж, 725,488.53 төгрөг болгосон шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн, тэрээр зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс “НМ” ХХК-ийн өмнө 785,488.53 төгрөг төлөх үүрэг үүссэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж,
Хариуцагч Ч.Э нь 2019 оны 6 сард 930,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан, зээлийн гэрээний үүрэгт 1,050,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 305,488 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 480,000 төгрөгийг автомашины засварт суутган тооцох үндэслэлтэй гэж тус тус маргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 1,000,000 төгрөг бус 940,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлан 785,488.53 төгрөг гаргуулах шаардлагынхаа 60,000 төгрөгөөс татгалзсан, тэрээр ийнхүү 940,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин хариуцагч нь 930,000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 930,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ амаар тохиролцсон болох нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаас үзэхэд талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхийг шаардах боловч хүү төлөх талаар амаар тохиролцсон үйл баримтын талаар талууд маргахгүй байх тул тэднийг өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож хэлцлийн гол нөхцөл болох зээлийн хүүгийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзнэ.
Хариуцагч Ч.Э нь зээлийн гэрээний үүрэгт 2019.07.08-ны өдөр 150,000 төгрөг, 2020.05.17-ны өдөр 500,000 төгрөг, 2020.06.22-ны өдөр 400,000 төгрөг, нийт нийт 1,050,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь "ХБ" ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
/хх-ийн 23-25 тал/
Үүнээс үзэхэд талуудын хооронд 2019.06.17-ны өдөр 930,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.Э нь үндсэн зээл 930,000 төгрөг, хүү 558.000 төгрөг, нийт 1,558,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Н-д буцаан өгөх үүрэгтэй гэж үзэх ба үүнээс тэрээр 1.050.000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 508,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь 940,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь автомашины засварт зарцуулсан 480,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутган тооцохоор тохиролцсон гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл зохигч нь дээр дурдсан баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч Ч.Э-с зээлийн гэрээний үүрэгт 508,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217,488.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-д тус тус зааснаар хариуцагч Ч.Э-с 508,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217,488.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 15,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ