| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310030710007 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, *** ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *** (РД:***).
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2310030710007 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа жолооч ахлах ахлагч ***ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ...нүд нүүрэн тус газар гэмтээсэн... гэсэн утгатай бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),
2. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүний биед үзлэг хийсэн: Хохирогч ***ийн зүүн талын хөмсөг нь зүсэгдсэн, цус мэт зүйл гарсан байв. Зүүн эрүү доор зүсэгдсэн шархтай. *** нь цагдаагийн албаны хээрийн дүрэмт хувцастай зүүн гартаа цагаан өнгийн цус мэт улаан өнгийн даавуу барьсан, хувцас нь урагдсан зүйл байхгүй байв. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
3. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн 09 цаг хүртэл Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд жолооч цагдаагаар ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 02 цаг өнгөрч байхад согтуу иргэнийг Зайсан-112 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар 2 эрэгтэй хүнийг эрүүлжүүлэх зорилгоор авч ирсэн. Ингээд миний бие тухайн хоёр иргэнийг эрүүлжүүлэх гэтэл урдаас эсэргүүцэл үзүүлэн миний биед халдаж намайг түлхэж зүүн нүдний орчимд гэмтэл учруулсан. Мөн зүүн хүзүү орчимд бас гэмтэл учруулсан. Би тухайн иргэдийг уг нь асуудлаа энд шийдчих гэж хэлсэн боловч ойлгохгүй байсан. Ийм учраас зохих журмын дагуу илтгэж уг асуудлыг шалгуулж байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
-мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн: Би эрүүлжүүлэхийн үүдэнд хамт байсан гэх залууг газар хэвтээд байхаар нь босгох гээд татаж байхад миний ар хэсгээс түлхэж унагаасан. Би унахдаа зүүн хөмсөг хэсгээр замын төмөр хашааг мөргөж унасан. Өөрөөр бол намайг цохиогүй. Намайг түлхэж унагаадаг залуу найзыгаа авмаар байна гээд ирсэн. Миний ард зогсож байсан юм. Тухайн эрүүлжүүлэхийн үүдийг харсан камер байдаггүй. Би найзыг нь газарт хэвтээд байхаар нь босгож эрүүлжүүлэх байр руу авч орох гэж байхад араас шууд түлхсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмнэлгээр явж эмчлүүлсэн төлбөр 1,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Яармагт гэртээ байж байхад найз *** утсаар залгаж дуудсан. Аймгийн начны цолны найр хийх гэж байна тийшээ хамт явъя гэж дуудсан. Би найз ***тай 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, UB центр буудалд уулзсан. Намайг найз ***ын хамт буудлын өрөөнд зүгээр юм яриад сууж байхад нэрийг нь сайн мэдэхгүй ***ын хоёр найз гаднаас орж ирсэн. Ингээд бид 4 хамт Бугын зурагтай литрийн виски ууж эхэлсэн. Ингээд байж байхад манай эхнэр *** ирсэн, намайг явъя гэтэл ***ын нэг найз нь энийгээ дуусгачхаад яв гээд явуулахгүй байсан. Бид нар Вискиг ууж дуусгасан, дахин Абсолют нэртэй архийг шинээр задалж уусан. Тэгээд буудал дотор надтай ***ын нэг найз нь муудалцаж бие биеэ заамдаж авсан. Бид хоёр буудлаас гарч байгаад үзье гээд гарсан. Бид хоёр буудлын гадаа гараад хоорондоо барилцаж автал шат руу хамт зууралдаад унасан. Босож ирээд намайг цагдаад өгнө гэж хэлсэн. Манай эхнэр цагдаа гэх мэт юм яриад байсан. Удалгүй эргүүлийн цагдаа нар бид хоёрыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчирсан. Цагдаа та хоёрын хэн нэгэн нь гомдол байгаа юм уу гэхэд ***ын найз нь ямар нэгэн гомдол санал байхгүй, сая харин жаахан тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд эргүүлийн жолооч цагдаагийн хамт буудал руу буцаж эргэж очоод төлбөр тооцоо ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж уулзсан. Тэр газраас буцаад цагдаа дээр ирсэн. Ингээд намайг болохоор эхнэр чинь уугаагүй юм байна явж болно, харин ***ын найз ***ийг чи ар гэрээсээ эхнэрээ дуудчих, тэгээд ирэхээр чинь хүлээлгэж өгөөд явуулна гэхэд урдаас нь чи юу юм чам шиг гурван зураастай цагдаатай юм ярихгүй гээд дайраад унасан. Тухайн цагдаа шаардлага биелүүлэх талаар хэлж сануултал урдаас нь чи муу цагдаа багадна гээд хэрэлдээд байсан. *** тухайн үед зүгээр байж өгөхгүй, янз бүрийн үйлдэл гаргаад байхаар нь гавласан байсан. Өөрөө цагдаагийн гадаа унаад өгсөн. Тэгтэл эрүүлжүүлэхийн цагдааг *** гээд ***ийн найз нь би найзыгаа аваад явчихна гээд хажуугаас нь түлхэж унагаагаад хөмсгийг нь аймар болгосон. Тэгээд бид нарыг Баянзүрхийн эрүүлжүүлэх дээр аваачсан. *** машинаас буугаад шууд зугтаачихсан. Тэгээд ***ийн хамтаар эрүүлжүүлэх байр руу орсон. Эхнэр нь ирээд авч явсан. Намайг болохоор эрүүлжүүлэх байранд хонуулсан. Ийм л зүйл болж өнгөрсөн...Цагдаагийн албан хаагчийн биед *** хажуугаас нь түлхэж унагаан гэмтэл учруулсан. Бид нар нэлээн согтуу байсан. *** бол нэлээд согтсон байсан. Би бол согтсон хэдий ч жаахан өөрийн гэсэн ухаантай байсан. *** бас л согтсон харагдсан. Тухайн үед согтуу байсан. Уг нь бол цагдаа ар гэрээсээ хүн дуудчих хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Тэгтэл *** ямар учраас түлхэж биед нь халдсан талаар мэдэх зүйл байхгүй байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №10036 дугаартай:
- ***ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, эрүүний язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
6. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ***ийн биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал язарсан шарх, цус хуралт, эрүүний язарсан шарх гэмтлүүд нь бүгд дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
7. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ***ийн хамт РС тоглоомын газарт тоглож байхад *** над руу чатаар залгаж хотод ирсэн байна гэдгээ хэлсэн. ...Найз ***ийн хамтаар ***ын байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зочид буудалд очсон. ***ийн хамт очихдоо бид хоёр Виски, архи эсэхийг мэдэхгүй байна, бугын зурагтай согтууруулах ундаа дэлгүүрээс худалдан авч очсон. Бид хоёрыг очиход *** нь найз *** гэх залуугийн хамтаар буудалд байсан. *** бид хоёр *** дээр очоод буудалд ууж байхдаа *** гэх залуутай танилцаж авч ирсэн архиа дөрвүүлээ хувааж уусан. Бид дөрөв байж байхад ***, *** хоёр хоорондоо юунаас болсныг мэдэхгүй маргаад эхэлсэн. Тэгтэл буудлын хүн цагдаа дуудлаа гээд дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа нар ирж ***, *** хоёрыг авч явсан. *** бид хоёрыг буудалд үлдээсэн. Тэгээд *** бид хоёр буудлаас гарч цагдаа руу явах гэж байтал наад хоёроо орхичихоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз ***ийг эхнэрт нь хэлээд дагуулаад гарч ирсэн юм чинь цагдаа дээр очихгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгтэл *** цагдаа руу очихгүй гээд яваад өгсөн. Тэгээд би тухайн газраас такси бариад Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн. Манай найз ***ийг цагдаагийн эрүүлжүүлэхийн үүдэнд цагдаа гаваар гавлачихсан, өвдөглөсөн байдалтай сууж байсан. Би ***ийг босгох гээд өргөсөн чинь хажууд байсан цагдаа түлхэгдээд унасан. Тухайн үед би нэг их зүйл анзаараагүй. Намайг өөр цагдаа ирээд цагдаагийн биед халдаа гээд эрүүлжүүлэх рүү авч явна гээд машинд суулгасан. Тэгээд би Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхийн гадна очсон. Маргааш өдөр нь би ажилтай байсан учраас цагдаагийн машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн. Би тогтоолыг уншиж танилцсан тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийг гомдол саналгүй болгосон. Хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа учраас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
8. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүний хуваариар хохирогч *** нь ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримт, (хавтаст хэргийн 66-67 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газрын *** дугаартай үнэмлэх (хавтаст хэргийн 76 дахь тал)
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45-51 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***гийн үйлдсэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэн саатуулах байранд, жолооч цагдаа ажилтай, цагдаагийн ахлах ахлагч цолтой *** нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэн нийтийн хэв журам зөрчсөн иргэн Б.***ийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт саатуулах үед нь шүүгдэгч *** нь найзыгаа өмөөрч хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар түүнийг түлхэн унагаж биед нь зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал язарсан шарх, цус хуралт, эрүүний язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа жолооч ахлах ахлагч ***ийн бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),
- 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр (хавтаст хэргийн 19 дэх тал),2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21 дэх тал),
- 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүний хуваариар хохирогч *** нь ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримт, (хавтаст хэргийн 66-67 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газрын *** дугаартай үнэмлэх (хавтаст хэргийн 76 дахь тал)
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №10036 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” бол гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хууль зүйн ойлголтоор Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа ...”-г ойлгоно гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** нь хууль сахиулагч буюу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын *** дугаартай үнэмлэх (хавтаст хэргийн 76 дахь тал)-ээр тогтоогдож байх ба 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа албан үүргээ биелүүлэн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх арга хэмжээг авахаар шаардлага тавихад шүүгдэгч *** нь маргаан үүсгэж улмаар шаардлагыг эсэргүүцэн хууль сахиулагчид хүч хэрэглэсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж заасан байна.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдэх явцдаа мөн хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлах үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлджээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч *** согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх ба хохирол, хор уршигтай холбоотой баримтыг ирүүлээгүй, харин шүүгдэгчээс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч ***ийн 5653000705 тоот данс руу 1,500,000 төгрөг “***гээс хохирол барагдуулав” гэх утгаар шилжүүлсэн баримтыг (хавтаст хэргийн 78 дахь тал) ирүүлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:
Улсын яллагч шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох саналтай байна.гэсэн дүгнэлтийг гаргасан.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар Хэнтийн аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэж байсан байх ба ял биелэгдсэн эсэх талаарх лавлагаа хэрэгт авагдаагүй боловч ял биелэгдээгүй гэж үзэх боломжгүй, харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ашигтай байдлаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн болно.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Иймд шүүгдэгч ***г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул “эрүүгийн хариуцлага хүлээлгэх” “гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ”, “гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нөгөө талаас хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн ажил эрхэлдэг, тогтмол цалин хөлс орлоготой зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялыг тогтоож, торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ***г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,
- Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 (гурван сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын (зургаа) хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН