| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310004831922 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *** төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш нийт 3,980,568 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг гаргахгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2310004831922 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** коллежоос бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 22 дахь тал),
2. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эд зүйл хүлээн авсан болон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэлд ***гаас Samsung Galaxy А7 Таблет-4 ширхэг, НP брэндийн нөүтбүүк 1 ширхгийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28-31 дэх тал),
3. *** коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бичиг баримт гаргах, тайлбар, мэдүүлэг өгөхөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ***г томилсон гэсэн. албан бичиг (хавтаст хэргийн 32 дахь тал),
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: *** нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд тус коллежийн дотуур байрны багшаар ажилласан. Ингэхдээ сургуулийн тодорхой нэр төрөл бүхий эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхээ больж холбоо барих ямар нэгэн аргагүй болсон. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***д албан мэдэгдэл хүргүүлсэн ч сургууль дээр ирээгүй. Сургуулийн дотоод үйл ажиллагаа доголдож албан ажлын зайлшгүй шаардлага байсан учраас мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түүний хариуцаж байсан өрөө тасалгааг бичлэгээр баримтжуулан захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг өрөөнийх нь цоожийг эвдэн нэвтрэн эд хөрөнгийн үзлэг тооллогыг хийхэд суралцагчдын сурч хөгжих хэрэгцээнд зориулагдсан Samsung А7 маркийн таблет 8 ширхэг, HP брэндийн нөүтбүүк 1 ширхэг тус тус дутсан учир цагдаагийн байгууллагад хандах болсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
5. *** коллежийн захирал ***ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тус сургуулийг төлөөлж нярав ***ийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон. албан бичиг (хавтаст хэргийн 39 дэх тал),
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: 1 ширхэг нөүтбүүк, 4 ширхэг таблет авсан. Одоо үлдэгдэл 4 таблетын хохирол үлдсэн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
7. Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Х-241 дугаартай:
- HP брэндийн зөөврийн компьютер, хуучин хэрэглэж байсан i-3 250GB HDD 8GB ram, нэг ширхэг нийт үнэлгээ 1,100,568 төгрөг,
- Samsung tab a7, хуучин хэрэглэж байсан, 8 ширхэг, нэгж үнэлгээ 360,000 төгрөг, нийт үнэлгээ 2,880,000 төгрөг, нийт хохирлын дүн 3,980,568 төгрөг.гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
8. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: Би 2021 оны 5 сарын сүүлээс эхлүүлэн дотуур байрны багшаар ажиллаад 2022 оны 9 дүгээр сард ажлаасаа гарсан. Надад анх сургуулиас 1 ширхэг нөүтбүүк, Samsung Galaxy таблет 25 ширхгийг надад хариуцуулан өгсөн. Би тухайн нөүтбүүк таблетыг дотуур байрны хүүхдүүдэд өгч хэрэглүүлдэг байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сард 1 ширхэг таблетыг ломбардад 7 хоногийн хугацаатай барьцаанд тавиад авч чадалгүй алдсан. Түүний дараа 2022 оны 8 дугаар сард 2 таблетыг ломбардад тавиад мөн буцааж авч чадалгүй алдсан. Үүнээс гадна дахин нэг таблет байгаа. Тэр таблетыг хэзээ тавиад алдсанаа санахгүй байна. Нийтдээ 4 ширхэг таблетыг ломбардад тавиад алдсан. Нөүтбүүкийг би 2022 оны 7 дугаар сард ломбардад тавиад сая авсан. Надад одоо нэг ширхэг нөүтбүүк, 4 ширхэг таблет нь байна. Үлдсэн таблетуудыг би мөнгөн дүнгээр төлөх болно. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
- яллагдагчаар түүний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Би 1 нөүтбүүк болон 4 ширхэг таблетыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 4 таблетыг мөнгөн дүнгээр сард 300,000 төгрөгийг өгөхөөр ярилцсан байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
9. *** коллежийн захирлын Б/64 дугаартай ***г 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дотуур байрны багшаар томилогдсон тушаал (хавтаст хэргийн 95-96 дахь тал), 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 98-100 дахь тал), *** коллежийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/89 дугаартай ажил хүлээлцэх комиссын тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), Иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 93 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** коллежид дотуур байрны багшаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллахдаа 2022 оны 4 дүгээр сараас 08 сард үргэлжилсэн үйлдлээр байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох HP брэндийн 1 ширхэг нөүтбүүк, Samsung tab а-7 загварын 8 ширхэг таблетыг завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш нийт 3,980,568 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** коллежоос бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 22 дахь тал),
- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эд зүйл хүлээн авсан болон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28-31 дэх тал),
- Хохирогч *** коллежийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
- *** коллежийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар ***г дотуур байрны багшаар томилсон тушаал (хавтаст хэргийн 95-96 дахь тал), 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 98-100 дахь тал), *** коллежийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/89 дугаартай ажил хүлээлцэх комиссын тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Х-241 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62, 67-68 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” бол гэж үндсэн шинжийг тодорхойлсон.
Хууль зүйн ойлголтоор итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж: аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэргээр завшихыг ойлгоно.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь *** коллежийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар дотуур байрны багшаар томилогдож тухайн албан тушаалд ажиллаж байсан байна. (хх95-96) Мөн ажил олгогч, ажилтан нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба гэрээний дөрөв дүгээр зүйлийн 4-т “Албан хэрэгцээний зориулалттай эд хөрөнгө, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шууд харьяалагдах удирдлагын зөвшөөрөлгүйгээр хувийн зорилгоор ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарсан” бол хариуцлага тооцохоор тохиролцжээ.
*** коллежийн дотуур байрны багшаар томилогдсон ***д оюутнуудын суралцах хэрэгцээ, шаардлагад ашиглуулах зориулалттай HP брэндийн 1 ширхэг нөүтбүүк, Samsung tab а-7 загварын 8 ширхэг таблетыг хүлээлгэн өгсөн байх ба дээрх эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан субъект болох нь тогтоогджээ. Гэвч шүүгдэгч ***гаас хөдөлмөрийн гэрээнд заасан буюу хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж *** коллежийн өмч болох HP брэндийн 1 ширхэг нөүтбүүк, Samsung tab а-7 загварын 8 ширхэг таблетыг ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч явж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж мөнгийг нь өөрөө хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.гэсэн ба үүгээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр нийт хөрөнгийн үнийг 3,980,568 төгрөгөөр тогтоосон, шүүгдэгч *** нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас хуульд заасан бага хэмжээ 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч ***гийн ажилдаа хариуцлагагүй хандсан байдал, хувийн зан чанар, ажил олгогчийн итгэлийг алдсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Мөн шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах хууль зүйн үндэслэл байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд нь улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Прокуророос шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж ирүүлээгүй байгааг шүүх зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангав.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Хохирогч ***ийн коллежид нийт 3,980,568 төгрөгийн бодит хохирол учирсан, улмаар шинжээчийн ажлын хөлс буюу эд зүйлийг үнэлүүлсэн 120,000 төгрөгийн хор уршгийн зардал учирсан байх ба шүүгдэгч завшсан хөрөнгөөс Samsung Galaxy-А7 Таблет-4 ширхэг НP брэндийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгч (хавтаст хэргийн 29-31 дэх тал), үлдэх 4 ширхэг Samsung Galaxy-А7 таблетын үнэ 1,440,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн сангийн 100900015405 дугаарын дансанд шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 123 дахь тал) хэрэгт авагдсан байна. Түүнчлэн шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хуралдааны тов мэдэгдэхэд хор уршгийн зардал 120,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч ***г хохирогч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо тусгайлан санал, тайлбар хэлээгүй болно.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн ажилгүй, нөгөө талаас хохирогч байгууллага гомдол саналгүй гэснийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН