Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/799

 

А.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

хохирогч Ц.Нын өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Нын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор А.Ст холбогдох 1908050800216 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Аийн С, 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын оператор засварчин мэргэжилтэй, “Эрдэнэ тээвэр нэгдэл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1а хэсэг, Улаанхуаран гудамжны 183 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            А.С нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллоос Таван шар орох замд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим таксины жолооч Ц.Ныг “таксины мөнгөний хариулт 200 төгрөгөнд гэрийн гадаа буулгаж өгсөнгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар цохиж түүний эрүүл мэндэд нь чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Аийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Ц.Нын “Өмгөөлөгчийн хөлс, тээврийн хэрэгсэл мөргөсний хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Ц.Нын өмгөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ц.Нын хүсэлтийг хүлээн авч, өмгөөллийн ажлын талаар харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын тохирч байгуулсан өмгөөллийн гэрээг байгуулж, гэрээний дагуу өмгөөлөгчийн дансанд 600.000 төгрөгийг /хх 20-23/ шилжүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Шийтгэх тогтоолд “...Түүнчлэн, хохирогчийн “Өмгөөллийн хөлс 600.000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”, мөн хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”-ыг оруулан тооцно гэснийг үндэслэн шүүгдэгч А.Сээс өмгөөллийн хөлсийг гаргуулж өгнө үү. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолын өмгөөлөгчийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн урьдчилан төлсөн өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг шүүгдэгч А.Сээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан. Үүнд, улсын өмгөөлөгч авах зардал хамаарахаас биш хохирогч хувиараа, сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авчихаад өмгөөлөгчийнхөө хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хуулийн зохицуулалт биш юм. Хэрвээ өмгөөлөгчийнхөө зардлыг нэхэмжлэхээр бол Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.С “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Прокурор А.Тунгалагтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

А.С нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллоос Таван шар орох замд таксины жолооч Ц.Ныг “таксины мөнгөний хариулт 200 төгрөгөнд гэрийн гадаа буулгаж өгсөнгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгойн зүүн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Нын “...Тэр ... залуу хойд хаалга онгойлгож буугаад хаалга савж хаагаад газраас чулуу аваад ална гээд над руу далайгаад, ... намайг заамдаад миний толгойн зүүн тал руу нэг удаа хүчтэй цохисон. Би манараад машинаа унтраагаад, түлхүүрээ сугалчихлаа гэж бодоод машинаасаа буугаад, ... тэр залуутай зууралдаж байхад миний машин урсгал сөрж яваад хоёр хүний машин мөргөсөн. ...Машинаас буугаад хаалга чанга хаагаад чулуу аваад шидэх гээд байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь чулуутай гараараа намайг цохисон. ... /хх 8, 18-19/,

гэрч П.Лхагвасүрэнгийн “...Би ... машинтай ... явж байхад цагаан өнгийн “Приус 20” загварын жолоочгүй машин өөдөөс өнхөрч орж ирээд миний хажууд явж байсан машиныг мөргөөд эрчиндээ миний машиныг мөргөсөн. Намайг машинаас буухад цаанаас хоёр залуу зууралдчихсан хүрч ирсэн. ...” /хх 38/,

А.Сийн яллагдагчаар өгсөн: “...Би санамсаргүй байдлаар цохисон байх ...” /хх 71-72/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11700 дугаартай “...Ц.Нын биед чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтгэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /хх 41-42/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Сийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Сийн хохирогч Ц.Нын толгойн зүүн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хохирогч Ц.Н нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохирч төлсөн 600.000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хохирогч Ц.Нын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн “...Шийтгэх тогтоолын өмгөөлөгчийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн урьдчилан төлсөн өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг шүүгдэгч А.Сээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхээс хохирогчийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Нын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Нын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ