Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0755

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2026/0113/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 92 дугаар зүйлийн 92.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн хувьд давж заалдах гомдлоо үндсэн 5 хэсгээс тоймлож гаргасан. Нэгдүгээрт, анхан шатны шүүхийн шийдвэр бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгүүдийг зөрчсөн зөрчил гаргасан. Энэ зөрчил бол гомдлын нэг дэх хэсэгт дурдагдсан “М” ХХК буюу нэхэмжлэгч компани нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/170 дугаартай тушаалаар зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцсон. Тухайн сонгон шалгаруулалтад оролцохтой холбоотой хууль болон журмаар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлсэнтэй холбоотой анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.20, 3.21, 3.22, 3.23 дахь хэсгүүдэд зөрүүтэй байдлаар дурдсан. Яг дурдсан хэсгийг нь гомдолд тодорхой дурдчихсан учраас гомдлоо агуулгаар нь товчхон танилцуулаад явчихъя. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй байна гэж тайлбарлаад дүгнээд байдаг. Гэтэл хариуцагч тухайн сонгон шалгаруулалтыг зарлаад, сонгон шалгаруулалтыг дүгнээд дуусгавар болох хугацаанаас өмнө зөвхөн нэхэмжлэгчийн оролцсон талбайг нь хуульд тусгайлан зохицуулагдаагүй хэм хэмжээгээр тухайн сонгон шалгаруулалтын талбайгаас хасчихсан. Ингээд энэтэй холбоотой нэхэмжлэгчийн бас сонгон шалгаруулалтад оролцож, өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн төлбөр төлөөд сонгон шалгаруулалтад оролцож тусгай зөвшөөрөл эзэмших гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хязгаарласан үйлдэл болсон. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзсэн. Хоёрдугаарт, сонгон шалгаруулалтын талбайгаас нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж хүсэлт гаргасан талбайг хассан үндэслэлээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр н.Д гэдэг иргэнээс гаргасан гомдлыг үндэслээд яамнаас агентлагийн хооронд албан бичиг явуулсан байдаг. Энэ албан бичгийг үндэслээд сонгон шалгаруулалтын талбайгаас хассан гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс болон нэхэмжлэгчийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ховд аймгийн Цэцэг сумын иргэн н.Д гэдэг хүний гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үйл баримтыг тогтоохтой холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулж өгөөч гэж нэхэмжлэгчийн зүгээс хүссэн. Үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагааг анхан шатны шүүх бүрэн гүйцэт хуульд зааснаар явуулж чадаагүй. Өнөөдрийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд эхлээд н.Доржсүрэн гэдэг хүний өргөдөл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ирээгүй байна. Тийм гомдол байхгүй байна. Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр дээр н.Д гэдэг хүнээс ирсэн өргөдөл, гомдол байхгүй гэж шүүгчийн туслахад мэдэгдээд явж байсан. Сүүлдээ хурлын өмнө н.Д-с гомдол бол ирсэн гэдэг боловч хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, н.Д-н гомдолд дурдагдсан үндэслэл шалтгаан нөхцөлийг судалж үндэслэл бүхий дүгнэлт өгч, хариу өгсөн тохиолдолд тухайн хариу дээр үндэслээд сонгон шалгаруулалтын талбайгаас хассан. Хассантай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдсан асуудалд дараа дараагийн шатад процессоос процесс үүсэх, үр дагавар дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөл байдал үүсэх ёстой байсан. Гэтэл иргэн н.Д-н гомдлыг хэзээ хүлээж авч, хэзээ, ямар албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх хуульд зааснаар үндэслэл бүхий тогтоож чадаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Гомдлын 3 дахь агуулга бол нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.10, 11 дүгээр зүйл, мөн сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5.4 дэх хэсгүүдийг үндэслээд түүнтэй холбоотой хууль зүйн болон журмаар зохицуулагдсан харилцаан дээр үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон. Анхан шатны шүүх бол дээрх хууль зүйн үндэслэлийг няцааж үгүйсгэж чадаагүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын Хууль зүйн үндэслэлийн Ашигт малтмалын тухай хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлүүдэд заасан болон сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлүүдийн талаар нэхэмжлэл болон давж заалдах гомдол, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тусгагдсан учраас хууль зүйн үндэслэлийн зүйл хэсэг бүрүүд дээр дэлгэрүүлээд ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Гомдлын 4 дэх хэсэгт анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтыг бүрэн гүйцэт бодитой дүгнэж чадаагүй гэсэн агуулга явж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлээд төлбөрөө төлөөд, сонгон шалгаруулалт зарлагдах хугацаанд техникийн санал гаргах боломжит өөрийн компанийн холбогдох материалуудыг бүхэлд нь бүрдүүлсэн. Илгээх цаг хугацаа нь болоогүй байсан. Гэтэл илгээх цаг хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтын талбайгаас зөвхөн нэхэмжлэгчийн оролцож байгаа талбайг хасчихсан. Ингээд материалаа илгээх гэхээр материалыг илгээх боломжгүй ийм нөхцөл байдал үүсчихсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/170 дугаар тушаалаар батлагдсан СШ81 дугаартай сонгон шалгаруулалтын нийт 20 талбай дээр зарлагдсан хугацаа бол дуусаагүй байсан. Хугацаа дуусгавар болохоос өмнө хасалт хийчихсэн. Үүнтэй холбоотойгоор зөвхөн манайх материал ирүүлээгүй гэсэн байдлаар нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан байдлаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн техникийн саналтай холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь бас шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 5 дугаарт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.14, 3.15, 3.16 дахь хэсгүүд дээр маргаан бүхий асуудалтай холбоотой хууль тогтоомжуудыг төсөөтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн. Гомдол дээр бол маш тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй нь төрийн захиргааны байгууллагаас өөрийн зарласан сонгон шалгаруулалтын илэрсэн нөхцөл байдлыг харгалзан зогсоох, сонгон шалгаруулалт явуулах талбайг хасах зэрэг шийдвэр гаргах эрхийг хязгаарлахгүй юм гэх зэргээр хуулиар тусгайлан зохицуулагдаагүй харилцаанд дүгнэлт хийж холбогдох хуулийн зохицуулалтыг төсөөтэй байдлаар хэрэглэсэн нь Шүүхийн тухай хуульд заасан хууль тайлбарлах эрх олгосон хууль зүйн зохицуулалтыг ноцтой зөрчиж, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан гэдэг байдлаар 5 дахь гомдлын агуулга тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт болон түүнтэй холбогдох харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн болон сонгон шалгаруулалтын журамд заасан зохицуулалтыг анхан шатны шүүх өөр байдлаар тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/170 дугаар тушаалаар 20 талбайд СШ-81 дугаартай сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн байх ба үүний дотор маргаан бүхий Ховд аймгийн Цэцэг сумын нутаг, Цагаан толгой нэртэй газарт байрлах 6486.12 гектар талбай багтжээ.

3.2. Дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “М” ХХК оролцох сонирхолтой байжээ.

3.3. Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/3093 дугаар албан бичгээр “... 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зарласан Ховд аймгийн Цэцэг сумын нутагт хамаарах СШ-8115 дугаартай сонгон шалгаруулалтын талбай ... сонгон шалгаруулалтуудыг түр зогсоож, урилгаас хасах арга хэмжээг яаралтай авна уу” гэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар маргаан бүхий Ховд аймгийн Цэцэг сумын нутагт оршин Цагаан толгой нэртэй газрыг сонгон шалгаруулалтын талбайгаас хассанаар энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 10.1.3-т “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 10.1.8-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих”, 10.1.10-д “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.13-д “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах”, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж тус тус заасан.

4.2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, тухайн нутагт оршин суудаг иргэний гаргасан гомдлын дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/3093 дугаар албан бичгээр СШ-8115 дугаартай сонгон шалгаруулалтаас маргаан бүхий Ховд аймгийн Цэцэг сумын нутагт хамаарах хэсгийг түр зогсоож, урилгаас хасах арга хэмжээ авахыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулах ажиллагаа хийхээс өмнө маргаж буй талбайг хассан нөхцөл байдал тогтоогдож байх тул захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

4.3. Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хийгдээгүй, төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт зарлах үе шатанд байхдаа маргаан бүхий талбайг сонгон шалгаруулалтаас хассан нь сонгон шалгаруулалтын оролцогч болоогүй “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

4.4. Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь Засгийн газрын баталсан сонгон шалгаруулалтын талбайн солбицлыг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, ийм үр дагавар үүсгээгүй тул Засгийн газрын хуулиар олгогдсон эрхийг агентлагийн дарга эдэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих материаллаг хуулийн хэм хэмжээг баримтлаагүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.1. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 92 дугаар зүйлийн 92.1, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3, 10.1.8, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.13, 11.1.14 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  З.ГАНЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                      ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ