Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0616

 

“******* ******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* ******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хол*******ох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан “******* ******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах, ...... нөхөн татварт тооцон суутгах...-ыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” гэсэн хэсгийг хангаж, “...хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.000  төгрөгийг нөхөн татварт тооцон суутгахыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг маргааныг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэр ойлгомжгүй /салаа утгатай/ тусгасан байна. Тодруулбал, Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн хүү, торгууль, алдангийг энэхүү хуулийн үйлчлэлд хамруулах нь хуульд нийцэхгүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамрахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Их хурал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй хол*******сон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас “татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлнэ” гэж шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл татварын дүнд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцсэн байна. Харин 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нь энэхүү хуулийг хэрэгжүүлж эхлэх өдрийг заасан бөгөөд бидний маргаж байгаа захиргааны акт, анхан шатны шүүхийн шийдвэр нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа шийдвэрүүд юм. ...Анхан шатны шүүх шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар тогтоох хэсэгт ”...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа..”-г зааж өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. ...Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “******* ******* трейд” ХХК нь  “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 тоот актаар ногдуулсан хүү, торгууль, алданги болох 38.358.100 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамруулж хүчингүй болгох, хүү, торгууль, алдангид төлөгдсөн 30.869.000 төгрөгийг татварын үндсэн өр болох нөхөн татвараас суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.  

Гэтэл анхан шатны шүүх “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах, ...нөхөн татварт тооцон суутгах...-ыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “...хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.000  төгрөгийг нөхөн татварт тооцон суутгахыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг болон Тогтоох хэсэг хоорондоо агуулгын зөрөөтэй. Тодруулбал,

Шийдвэрийн Үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт ямар нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг бөгөөд энд дурдсан дүгнэлтийн үр дагаврыг Тогтоох хэсэгт тусгадаг.

Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүх эрх мэдлийн акт болох шийдвэр нь хэргийн оролцогч болон олон нийт, нийгэмд ойлгомжтой, хэл найруулгын алдаагүй, тодорхой, биелэгдэх боломжтой, локик уялдаа холбоотой байх бүх нөхцлийг хангасан байхыг шаарддаг атал энэхүү шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйн зэрэгцээ үндэслэх хэсэгт нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Тухайлбал, Үндэслэх хэсэгт “...маргаан бүхий захиргааны актад заасан торгууль, хүү, алданги нь захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдэд өршөөл үзүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна”, “...татварын улсын байцаагчийн 35/0001897 дугаар акт нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, уг актад өөрчлөлт оруулсан шүүхийн шийдвэр 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гарсан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хугацаанд хамаарч байгаа шийдвэрүүд байна”, “...Актын тогтоох хэсгээр тогтоосон алданги, торгууль, хүүг өршөөлд хамруулах нь зүйтэй бөгөөд хариуцагчийн уг актаар тогтоосон алданги, торгууль, хүүг өршөөлд хамруулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэсэн атлаа “Нэхэмжлэгч компани улсын байцаагчийн актаар тогтооосон хүү, торгууль, алдангийн зарим хэсэг болох 30.869.000 төгрөгийг улсын төсөвт төлсөн гэдэг нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн маргаж байгаа хүү, алданги, торгуульд төлсөн 30.869.000 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн, захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны ямар эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг дагаж мөрдсөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдсөн хүү, торгууль, алдангийг нөхөн татвараас суутган тооцохыг зөвшөөрч хүсэлтээ өгч шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байхад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийн тухайд хариуцагч ямар эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэгч тодорхойлж байгааг тодруулаагүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдсөн 10.485.000 төгрөгийг нөхөн татвараас суутган тооцохыг зөвшөөрч байгаа тохиолдолд хэдий хэмжээний төлөгдсөн төлбөрийг нөхөн татвараас суутган тооцохыг зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй тодорхой болох учиртай.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг маргааныг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэр ойлгомжгүй салаа утгатай, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               ШҮҮГЧ                                                   Э.ХАЛИУНБАЯР                                                     

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ  

                               ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН