Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

 

 

2024          02            29                                  2024/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Д.Тулга,

иргэдийн төлөөлөгч А.Баасансүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав,

шүүгдэгч О.Батчулуун нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Батчулуунд холбогдох эрүүгийн 2315002620275 дугаартай, 163/2024/0036/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Одонгуагийн Батчулуун, Булган аймгийн Бугат суманд 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Бага Төгөл Дүнхэний өвөр гэх газар оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 35 настай, эрэгтэй, /РД:ГБ88060716/.

Холбогдсон хэргийн талаар:/ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Батчулуун нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн Бугат сум Хан Жаргалант 2 дугаар баг “Хүрэн булаг” гэх газарт хохирогч Д.Тулгыг гэртээ амарч байх үед нь 2012 онд Оросын холбооны улсын ВГМЗ Молот үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн КО-91/30 загварын винтов буугаар гэрийн гаднаас нь 2 удаа буудаж алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315002620275 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч О.Батчулуун нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн Бугат сум Хан Жаргалант 2 дугаар баг “Хүрэн булаг” гэх газарт хохирогч Д.Тулгыг гэртээ амарч байх үед нь ангийн зориулалттай  винтов маркын  буугаар гэрийн гаднаас нь 2 удаа буудаж алахыг завдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Энэ үйл баримт нь:

 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Батчулууны өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эх үрсийн баяр гээд манай голын 4-5 айл манайд нийлээд ууж идээд орой болоод мал хотолсон. Малаа бүртгэсэн чинь 4-5 үхэр дутуу байсан. Нөгөө хүмүүсээ явсан хойгуур үхэртээ явсан чинь ойр хавьд байхгүй байсан. Өвөлжөө рүү давсан байх гэж бодоод хайж явахад гэрэлд амьтан орж ирсэн. Яараад буудахад алдах шиг болсон. Тэгээд дахиад нэг буудсан. Тэгсэн гэнэт хүн гарч ирээд яагаад гэр лүү буудаад байгаа юм гэсэн. Би Тулгын гэрийн хажууд байгаагаа тэгж мэдсэн. Би гэр лүү чинь биш амьтан руу буудсан гэхэд гэр лүү буудчихлаа гэсэн. Тэгээд балмагдаад байж байхад чи гэр лүү буудаж байхаар намайг буудаад алчих гэхээр нь би хүн бууддаг хүн биш гэсэн. Тэгээд ах нь тамхиа мартчихаж нэг тамхи өгөөч гэж хэлээд тамхи авч татсан. Тэгээд яагаад гэр лүү буудаад байгаа юм гэхээр нь би амьтан буудсан болохоос гэр лүү чинь буудаагүй гэсэн. Тэгээд Тулгаас дахиад нэг тамхи авч татаад гэртээ хариад амарсан. Маргааш өглөө нь Тулга манай урд айл руу залгаад ирж уулз, өчигдөр орой гэр лүү буудсан гэж хэлүүлсэн байсан. Очоод харахад гэр лүү нь буудсан байсан. Тэгээд цагдааг иртэл уучлалт гуйгаад байж байсан гэх мэдүүлэг,

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тулгын өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед Батчулуун манай гадаа ирээд эхлээд нэг буудсан. Тэгээд намайг дуудсан. Би тэр үед орон дээрээ зурагт үзээд хэвтэж байсан. Гутлаа өмсөөд өндийх гэхэд дахиад нэг буудахад сум толгой дээгүүр гарсан. Юу болоод байна гээд гэрээс гарахад өөдөөс буу шагайгаад пизда минь гэсэн. Гэр орон луу яагаад буудаад байгаа юм гэхэд би хярс буудсан гэсэн. Юу яриад байгаа юм, гэр лүү буудчихлаа ш дээ гэхэд би хярс буудсан гэж маргасан. Надаас тамхи байна уу гэхэд тамхийг өгөөд 2 тамхи татаад 3 дахийг аваад буцаад явсан гэх мэдүүлэг,

 3. Хэргийн газарт үзлэг хийсэн: “… Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын Хан Жаргалант 2 дугаар баг,  Хүрэн булаг буюу Д.Тулга гэх хүний гэрийн өвөлжөөний газар байв. Энэхүү газар нь Булган аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 45 км зайнд байв. Үзлэгийн явцад хэргийн газрын гадна дотор тал болон сум орсон гарсан цэг эд мөрийн баримтууд байсан цэгүүдийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Гэрийн дотор хэсэгт буюу гэрийн хаалганы баруун хавтаснаас баруун тийш 1 метр 31 см зайд, гэрийн шалнаас дээш 57 см зайд гэрийн дотор талын ногоон эрээн хөшгинд  7 мм диаметр бүхий шинэ нүх байв 3 гэж дугаараар дугаарлав. Гэрийн хаалганы толгойноос унь дагуу 83 см зайнд шалнаас 170 см зайнд 7 мм шинэ нүх байсныг 4 гэж дугаараар дугаарлав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 08-10, 11-17 дугаар тал/,

4. Эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл “...Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ЧБ-5513 гол төмрийн дугаартай, сур болон саарал өнгийн хавтгай мяндсан оосортой галт зэвсэг 1 ширхэг, 5513 дугаартай замаг 1 ширхэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 25-32 дугаар тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Тулгын өгсөн: "... Тухайн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед Батчулуун нь манай гэр лүү 2 буудсаны дараа би гэрээс гарах гээд хаалгаа нээгээд зогсоход Батчулуун над руу буу шагайгаад ална шүү пизда минь гэж хэлэхээр нь би Батчулууныг намайг буудчих гэж хэлсэн чинь Батчулуун надад хандаж би хүн буудаж алдаг хүн биш гэж хэлэхээр нь би тэгвэл яах гээд гэрийн гадаа ирээд буудаад байгаа юм бэ? гэж асуухад Батчулуун нь би хярс буудсан гэж хэлэхээр нь би Батчулууныг зүгээр байгаарай яахаараа гэрийн гадаа хярс явдаг юм бэ? гэж хэлсэн чинь Батчулуун нь намайг чи ер нь яах гээд ингээд зам хаагаад байгаа пизда вэ? гэж хэлэхээр нь би үгүй ээ ахаа тэр хавийн талбайг би хаддаг юм шүү дээ гэж хэлсэн чинь Батчулуун надад чи пизда минь тэгээд нутгаа өмчирхөөд намайг бас хавчаад байгаа юм уу? лалар минь гэж хэлэхээр нь би Батчулуунд үгүй ээ би таныг хавчсан юм байхгүй гэж хэлэхэд Батчулуун намайг чи миний дүүгийн 3 үхрийг аваад баяжиж байна уу? гэж хэлэхээр нь би Батчулууныг хуц пизда минь чиний дүүгийн 3 үхэр гэж хаашаа харсан юм байдаг юм гэж хэлсэн. Тэгээд жоохон маргалдаж байгаад бид хоёр хоёулаа чимээгүй болоод байж байгаад Батчулуун надаас тамхи асуугаад бид 2 тамхи татаад надаас Батчулуун 3 ширхэг тамхи аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

6. Гэрч Б.Энхтуяагийн өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэртээ нөхөр Хишигбатын хамт байж байгаад 14 цагийн орчимд хажуу айлын Отгоо түүний эхнэр Лхагва нартай бид 4 Батчулуун гэх залуугийн гэрт очсон.Тэгээд бид нар Батчулууны гэрт очоод Батчулуун түүний эхнэр Соко Батдалай түүний эхнэр Цэцэгмаа, Лхагвадорж түүний эхнэр Даваасүрэн, Эрдэнэбат түүний эхнэр Бямбаа нар Батчулууны гэрт байсан.Тэгээд Батчулууны гэрт байсан нутгийн хүмүүс бид нар архи болон пиво ууцгаасан.Тэгээд нөхөр бид хоёр, найз Батдалайгийн гэрт очиж хоночихоод маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өглөө гэрт ирээд байж байгаад саахалт айлын Тулга гэх залуу манай айлын Мягмарсүрэн ахын гэрт ирсэн.Тэгээд Мягмарсүрэн ах бид хоёрт Тулга гэх залуу намайг урд шөнө гэрт унтаж байхад Батчулуун гэрийн гадаа ирээд 2 удаа буудсан гэж ярьж байсан.Тэгээд би Тулга гэх залуу руу Батчулуун буудсан юм байна гэдгийг мэдсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

7. Гэрч П.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Тэгээд би 06 дугаар сарын 02-ны өглөө айлын Энхтуяа бид 2 манай гэрийн хаяаны манаас аваад байж байхад манай саахалтын Тулга гэх залуу ирээд надаас Батчулууны дугаар хэд вэ? урд шөнө Батчулуун ах манай гэрийн гадна ирээд манай гэр лүү 2 удаа буудсан.Тэгэхээр нь би гэрээсээ гарч Батчулуун ахтай уулзсан. Би Тулга, Батчулуун нарыг хоорондоо маргалдаж байхыг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

8. Гэрч Ц.Хишигбатын өгсөн: “...Тулгаа, Батчулуун нарын өвөлжөө нь 300-400 орчим метрийн зайтай байдаг.Би хэрүүл маргаан хийж байхыг харсан зүйл байхгүй.2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манайх өвөлжөөн дээрээ байсан бөгөөд Батчулуун зусландаа буучихсан байсан бөгөөд эх үрсийн баярыг Батчулууны гэрт тэмдэглэхээр би эхнэр Энхтуяагийн хамтаар очсон. Батчулууны гэрт нутгийн иргэд цугларч баяр тэмдэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар согтоод маргааш нь эхнэр Энхтуяагийн хамтаар Баянмөнх гэх айлд очиж хоносон.Тэгээд маргааш өглөө гэртээ ирэхэд Батчулуун нь Тулгын гэр лүү буудсан талаар мэдсэн.Тухайн орой болохоор бид нараас хойш Батчулуун гэрээсээ гарч Тулгын гэр лүү очсон юм шиг байна лээ. Намайг явахад бол Батчулуун гайгүй байсан, намайг явснаас хойш хэр зэрэг яаж согтсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

9. Гэрч М.Сараннямын өгсөн: “...Батчулуун нь энэ нутгийн унаган хүүхэд байгаа юм.Батчулууны ээж Дэлгэрсайхан гэх хүнтэй 2018 оны үед гэр бүл болж хамт амьдарсан улмаар Батчулуун нь ээжийнхээ орсон гэрт энэ нутгаар мал маллаж амьдрах болсон мөн шинээр өвөлжөө барьж суурьшиж амьдрах болсон.Тулга нь бол энэ нутгийн унаган хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

10. Гэрч О.Лхагвадоржийн өгсөн: “...Миний хувьд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Даваасүрэнгийн хамтаар Батчулууны гэрт нутгийн хүмүүсийн хамтаар найрлаж баяр тэмдэглэсэн.Улмаар 20 цагийн үед гэр лүгээ харьсан бөгөөд маргааш өдөр нь сураг сонсоход Батчулуун нь Тулгын гэр лүү буудсан гэсэн яриа өгүүлэл гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

11. Гэрч Н.Батсүхийн өгсөн:“...Д.Тулгын аав О.Батчулууны ээж нар хоорондоо гэр бүл болж байсан.О.Батчулуун нь манай нутгийн уугуул хүүхэд биш. 3,4 жилийн өмнө ээжийнхээ хамтаар манай нутагт ирж байсан.Д.Тулга бол манай нутгийн унаган хүүхэд юм.Тулга маргааш өглөө нь О.Батчулуун ахыг ирээд уулзаад өг гээд хэлээд өгөөч гэж байсан.Тэгээд О.Батчулуун нь Тулгын гэр лүү буудсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

12. Гэрч П.Батмөнхийн өгсөн: “...Би О.Батчулуун, Тулга гэх хүмүүсийг бол танина. Д.Тулга бол манай голын унаган хүүхэд, харин Батчулуун бол манай нутагт ирж суурьшаад удаагүй, 2-3 жил болж байгаа байх. 2023 оны 06 дугаар сарын 01- ний өдөр манай нутгийн айлууд Батчулууныд цугларч эх үрсийн баяр тэмдэглэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

13. Шинжээч Г.Мөнхсайханы “...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг сум нь 1982 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсын сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62*54П мм-ийн калибиртай ган зүрхэвчтэй ердийн сум байна. Шинжилгээнд ирүүлсэн 7,62*54К мм-ийн калибиртай 1 ширхэг сум нь шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгтэй тохирч буудлага үйлдэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

14.Шинжээч Г.Мөнхсайханы өгсөн: “...1.шинжилгээнд ирүүлсэн 5513 дугаартай замаг нь шинжилгээнд хүргүүлсэн гол төмөр ЧБ5513 дугаартай галт зэвсгийн эд анги бөгөөд уг галт зэвсэг буудлага үйлдэх боломжтой... “ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дэх тал/,

15.Шинжээч Г.Мөнхсайханы “...Шинжилгээнд ирүүлсэн ЧБ-5513 гол төмрийн дугаартай, замаг 5513 дугаартай буу нь галт зэвсэг мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн буу нь ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн КО-91/30 загварын винтов буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 2012 онд Оросын холбооны улсын ВГМЗ Молот үйлдвэрт үйлдвэрлэгдсэн. шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7,62*54К мм-ийн калибртай шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг эвдрэл, гэмтэл байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэж болно...” гэх замаг нь шинжилгээнд хүргүүлсэн гол төмөр ЧБ5513 дугаартай галт зэвсгийн эд анги бөгөөд уг галт зэвсэг буудлага үйлдэх боломжтой...“ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дэх тал/,

16.Шинжээч Г.Мөнхсайханы 88 дугаартай дүгнэлт: “...шинжилгээнд ирүүлсэн хонгионууд ажиллагаагүй. Уг хонгионууд нь буудлагад хэрэглэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хонгио нь 7,62*54 мм-ийн калибртай бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хонгио нь 1982 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ган зүрхэвчтэй ердийн сумны буудлагад хэрэглэгдсэн хонгионууд байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгионуудад буудлагын явцад мөр үүссэн. Харин хонгионд гэмтэл, өөрчлөлт гараагүй. Хэргийн газраас олдсон хонгио нь хурааж авсан сумтай нэг төрлийн сумны хонгил мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд үйлдвэрийн хийцийнх байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь шинжилгээнд ирүүлсэн КО-91/30 загварын винтов буунаас хаягдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь шинжилгээнд ирүүлсэн КО- 91/30 загварын винтов буугаар буудагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хонгио нь нэг галт зэвсгээр буудагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хонгио нь нэг төрлийн сумны хонгионууд байна...” гэх /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

17. Мөрдөгч Б.Лхагвадорж нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилох тогтоолд “... цагаан бүрээс 1 ширхэг, 2.Монгол гэрийн дээврийн эсгий, туурга 8 ширхэг, З.монгол гэрийн брезент 2 ширхэг, 4.модон авдар 1 ширхэг, монгол цамц 1 ширхэг, дээл 1 ширхэг ”-ийг тус тус үнэлүүлэхээр Ашид билгүүн ХХК-ыг томилсон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ....цагаан бүрээс нэгжийн үнэ 100.000 төгрөг, 2. Монгол гэрийн дээврийн эсгий нэгжийн үнэ 150.000 төгрөг, 3. туурга нэгжийн үнэ 150,000 төгрөг, брезент нэгжийн үнэ 350.000 төгрөг, 5. Модон авдар нэгжийн үнэ 80.000 төгрөг, монгол цамц нэгжийн үнэ 70,000 төгрөг, дээл нэгжийн үнэ 150.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111-116 дахь тал/, зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэн дараахь дүгнэлтийг хийв.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Шүүгдэгч О.Батчулуун нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн Бугат сум Хан Жаргалант 2 дугаар баг “Хүрэн булаг” гэх газарт хохирогч Д.Тулгыг гэртээ амарч байх үед нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр ангийн зориулалттай винтов маркын буугаар гэрийн гаднаас нь 2 удаа буудаж алахыг завдсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Тулга, гэрч Б.Энхтуяа, П.Мягмарсүрэн нарын мэдүүлэг болон шинжээчийн 88, 89, 90, 91 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, уг нотлох баримтууд нь  агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд  "галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг ойлгоно гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч О.Батчулуун нь хохирогч Д.Тулгын гэрийн гаднаас галт зэвсгээр хоёр удаа буудлага үйлдэхэд хохирогчийн амь биед халдах боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд хохирол учруулах үйлдлийг хүсэж санаатай хийсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Батчулууны хохирогч Д.Тулгын унтаж байсан гэрийн баруун талын хэсэгт 2 удаа буудсан үйлдэл нь хүний амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч О.Батчулууны хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас  туйлдаа хүрч чадаагүй буюу гэмт хэрэг төгсөөгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч О.Батчулууны буудлага үйлдсэн эхний сум гэрийн баруун хойд талд байрлуулсан авдрыг, дараагийн сум хохирогч Д.Тулгын дээгүүр гарч гэрийн баруун хэсэгт байрлах унийг оножээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч О.Батчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэх  дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Батчулуун: Хүн буудах санаа зорилго байгаагүй, хярс буудсан гэж,

Шүүгдэгч О.Батчулууны өмгөөлөгч Б.Баасанжав: Шүүгдэгч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан, нүдний урдуур гарсан зүйлийг хярс гэж бодоод буудлагыг хийсэн, 2 дахь удаагаа хярс гүйсэн болохоор анчдын зангаар дээгүүр буудсан, 2 буудлага хийсний дараа Д.Тулгын гэр лүү буудсан гэдгээ мэдсэн, шүүгдэгчийн хувьд хохирогчийг алах, эрүүл мэндэд нь санаатай гэмтэл учруулах зорилго байгаагүй, хярс гүйж байгаа гэж андуурсанаас буудсаныг хүн алах зорилготой гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч А.Баасансүрэн: О.Батчулуун санамсаргүй хийсэн гэж үзэж байгаа тул гэм буруугүй гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж, талууд харилцан мэтгэлцэн оролцсон болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжавын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, иргэдийн төлөөлөгч А.Баасансүрэнгийн шүүгдэгч гэм буруугүй гэх дүгнэлтүүдийг тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Д.Тулгын гэр лүү буудах зорилго байгаагүй, хярс буудсан, Д.Тулгын гэрийн гадаа очсон гэдгээ мэдээгүй, 2 дахь буудлага үйлдсэний дараа Д.Тулгын гэрийн гадаа байгаа гэдгээ мэдсэн гэм буруугүй гэж  мэтгэлцдэг боловч,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр үйл баримт болсон гэх газар нь хүн амьдрах зориулалтаар хашсан хашаатай, монгол гэр, модон амбаар, дүнзэн байшинтай хохирогч Д.Тулгын байнга амьдардаг / өвөл, зун/  газар болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг газар нутаг, орон зайн баримжаа алдсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч О.Батчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тулгын гэрийг сайн мэддэг, хэрэг болохоос сарын өмнө хамгийн сүүлд нь гэрт нь ирсэн талаар мэдүүлжээ.

Шүүгдэгч О.Батчулууны эхний буудлага үйлдэгдэж сум орж нүх үүссэн цэг нь газрын хөрснөөс дээш 61 см, дараагийн буудлага газрын хөрснөөс дээш 2 м 12 см-т байсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүгдэгч О.Батчулууны хярс буудсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хохирогч Д.Тулгын хэрэг гардаг өдөр 23 цагийн орчимд мотоциклтой хүн ирсэн, гэрийн гаднаас бууны чимээ гарсан би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан сум гэрийн баруун тал хэсгээр орж ирж зүүн талын авдрыг оносон, гэрийн гаднаас хөөе гараад ир гэж дуудахаар нь би орноосоо босч гутлаа өмсөөд өндийх үед дахин гэрийн гаднаас буудаж гэрийн хананы толгойноос дээгүүр сум орж ирж миний толгойны дээд талаар гарсан гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалжийг  гэрч П.Мягмарсүрэнгийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний орой 23 цагийн орчимд өөрийн гэртээ унтах гээд хэвтэж байхад манай гэрээс ертөнцийн зүгээр баруун зүгт 1 удаа буу дуугарч минут хүрэхгүй хугацааны дараа дахин 1 удаа буу дуугарсан гэх мэдүүлэг давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр батлагдсан, тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Батчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Батчулууны  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Тулгад 2.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.Батчулуун 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүх бүрэлдэхүүн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Батчулууны үйлдсэн хүнийг алахыг завдсан гэмт хэрэг нотлогдож, шүүх бүрэлдэхүүн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Батчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 133-136 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.Батчулуун нь хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Бага Төгөл Дүнхэний өвөр гэх газар оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч О.Батчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  8 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцүүлэн ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан. Эрүүгийн хуулийг хэрэглэх ерөнхий зарчимд доод хэмжээг заагаагүй бол хорих ялын хамгийн бага хугацаагаар 6 сар байна гэж заасан. Монгол Улсад хорих ялын доод хэмжээ 6 сар байна. Шүүгдэгчид 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ял оноох боломж байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан. Эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг ба өнөөгийн хувьд цас зуд их байгааг харгалзан ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг,

Хохирогч Д.Тулга: Тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна,

          Мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батчулуунд 1 /нэг/ жил 2  /хоёр/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Батчулуунаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2012 онд ОХУ-ын ВГМЗ Молот үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, ЧБ-5513 гол төмрийн дугаартай, КО-91/30 загварын винтов буу-1 ширхэг, 5513 дугаартай замаг-1 ширхэг, 60 болон 82 гэсэн дугаартай сум 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр,

Гэрийн цагаан бүрээсний хэлтэрхий голдоо 0,7 см радиус бүхий цоорсон шинэ урагдалтай 14*15 см хэмжээтэй гэрийн цагаан бүрээс, цоорсон эсгийний хэлтэрхий 1 ширхэг 0,21 см диаметр бүхий цоорсон шинэ урагдалтай 10*11 см хэмжээтэй эсгийн 1 ширхэг, цоорсон брезентны хэлтэрхий 1 ширхэг, 5,5*1,8 см хэмжээ бүхий цоорсон шинэ урагдалтай 8*11,5 см хэмжээтэй брезент 1 ширхэг, ягаан өнгийн даавуун монгол цамц 1 ширхэг, хүрэн улаан өнгийн босоо захтай дээл 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Одонгуагийн Батчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батчулууныг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Батчулуунд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Батчулуунд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч О.Батчулуун нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2012 онд Оросын холбооны улсын ВГМЗ Молот үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, ЧБ-5513 гол төмрийн дугаартай, КО-91/30 загварын винтов буу-1 ширхэг, 5513 дугаартай замаг-1 ширхэг, 60 болон 82 гэсэн дугаартай сум 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, гэрийн цагаан бүрээсний хэлтэрхий /голдоо 0,7 см радиус бүхий цоорсон шинэ урагдалтай 14*15 см хэмжээтэй гэрийн цагаан бүрээс, цоорсон эсгийний хэлтэрхий 1 ширхэг /0,21 см диаметр бүхий цоорсон шинэ урагдалтай 10*11 см хэмжээтэй эсгийн 1 ширхэг, цоорсон брезентны хэлтэрхий 1 ширхэг, 5,5*1,8 см хэмжээ бүхий цоорсон шинэ урагдалтай 8*11,5 см хэмжээтэй брезент 1 ширхэг, ягаан өнгийн даавуун монгол цамц 1 ширхэг, хүрэн улаан өнгийн босоо захтай дээл 1 ширхэг тус бүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЭНЭРЭЛ

 

                                              ШҮҮГЧ                                С.ЁНДОНСАМБУУ