Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

 

 

2024         03            05                                   2024/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Ц.*******,

шинжээч Ц.Бадрах /цахимаар/,

гэрч С.Должинсүрэн /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2415000000018 дугаартай, 163/2024/0046/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *******ийн *******, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Бэрх гэх газарт оршин суух бүртгэлтэй, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар ширээн дээр байсан шилтэй цуу, аяга авч шидэж нүүрэн тус газарт цохисон, сураар ороолгох зэргээр бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас хохирогч Ц.*******гийн биед хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамарт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн  өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000018 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар ширээн дээр байсан шилтэй цуу, аяга авч шидэж нүүрэн тус газарт цохисон, сураар ороолгох зэргээр бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас Ц.*******гийн эрүүл мэндэд  хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамарт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******гийн өгсөн: Тухайн үед хаалга нүдэх хугацаа 5-10 минут байсан. Нойр нь сэргэсэн гэж үзэж байна. Хаалгаа онгойлгоод буцаад унтсан. Гэрт ороод гэрлээ асаа гэсэн асаагаагүй. Гэрэл Мөнх-Эрдэнийн толгой дээр байдаг тул алгадчихаад гэрлээ асаасан. Мөнх-Эрдэнийг алгадахад хүүхэд сэрээгүй. Мөнх-Эрдэнийг хөнжлөө хүчтэй сэвж босож ирэхэд хүүхэд сэрсэн. Гэм буруутай гэж үзэж байна гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Должинсүрэнгийн өгсөн: Өмнө нь мэдүүлэг өгсөн. Үнэн зөв. Одоо тухайн үйл явдлыг санахгүй байна гэх мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Бадралын өгсөн: Иргэн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийг нь болон Гэмтэл согог судлалын эмчийн онош, Лазар мед эмнэлэгт хийлгэсэн хариуг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Духны баруун хэсэгт шархтай байсан. Шарх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Томографикийн шинжээчийн хариугаар зүүн талд хугаралтай гэсэн. Хуучин гэж байгаагүй тул шинэ гэж үзсэн. Хуучин таславчийн муруйлттай бол шинжилгээний хариун дээр хуучин гэж бичих ёстой байсан. Журамдаа гэмтлийн хөнгөнийг аль хүндэд нь хамааруулж ойлгодог. Хөнгөн гэмтлийг хүндэд хамааруулж ойлгодог. Хамрын ясны хугарал, няцарсан шарх нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Няцарсан шарх, хамрын гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарч байгаа. Жижиг олон тооны хөхрөлтүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.*******гийн өгсөн: “...2023 оны 12 сарын 26-нд манай сургуулийн Шинэ жил болоод хуучин ажиллаж байсан ахмад настнуудаа хүлээж аваад шөнийн 01 цагт тараад сургуульд цуг ажилладаг найз Должинсүрэнгийн хамт манайд очихоор болоод гэртээ очтол манай нөхөр болох ******* хаалгаа тайлж өгөхгүй байсан. Би зөндөө хаалга нүдэж байгаад гэртэй ортол манай нөхөр согтуу байх шиг байсан. Тэгээд орон дээр хэвтэж байгаад намайг янз бүрээр хэлээд доромжпоод хэвтээд байхаар нь би нүүр лүү нь зөөлөн алгадсан чинь босч ирээд ширээн дээр байсан хоолны цууг авч шидээд миний толгойг хагалсан. Мөн шилэн аяга авч шидсэн. Миний толгойноос цус гараад миний өмсөж явсан цэнхэр өнгийн цамц болон ор, хөнжлийн даавууг тайлуулж байгаад гадаа гаргаад хогийн поошгинд хийгээд шатааж орж ирээд хаалгаа түгжиж байгаад хананд өлгөөтэй байсан жирэм сураар ороолгож “цагдаад хэлбэл үр удмаар чинь ална” гэж айлган сүрдүүлж байгаад шөнийн 03 цагийн үед өөрөө унтаад өгсөн. Би өглөө нь босоод миний толгой өвдөөд байна эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна гэтэл “намайг явуулахгүй байсан” болохоор нь би “биеэ засах хэрэгтэй байна” гэж худлаа ярьж гараад хажуу талын айл болох ******* эгч дээр ороод “Цагдаа дуудаад өг” гэж хэлээд хурдан гараад төрсөн дүү болох *******ийг дуудаад шууд хотод байгаа ээж рүүгээ явсан юм. ******* бид хоёр албан ёсны гэр бүлийн хүмүүс мөн. Өмнө намайг зодож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

6. Гэрч Т.*******ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 30 минутын үед манай хажуу талын айлын хүн болох ******* гэж хүүхэн хаалга нүдэж орж ирээд цагдаа дуудаад өгөөч манай нөхөр намайг хаалгаа түгжиж байгаад зодлоо гээд гараад гүйсэн. Зүүн хацар болон хөмсөгний дээд талд нь хагарсан цус болсон байдалтай орж ирээд гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

7. Гэрч Ц.*******ийн өгсөн: “...Би ******* эгч рүү 2023 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан болохоор муу юм бодогдоод шууд гэрт нь яваад очсон чинь аймар зодуулсан байдалтай байсан болохоор *******д хандаж “та яагаад миний эгчийг зодож байгаа юм бэ” гэж хэлтэл ******* шууд хувцсаа өмсөөд гараад яваад өгсөн... өмнө нь манай эгчийг зодсон байсан нүүр ам нь хөхөрсөн надтай таарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 997 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Ц.*******гийн биед хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамарт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

9. Яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...араас шилэн аяга шидсэн тэгэхээр нь буцаагаад шидсэн чинь эхнэрийн духан дээр нь оноод цус гарсан. Тэгээд цус хараад балмагдаад юу болсныг сайн санахгүй байна... эхнэрийн гуян дээр улаасан байхаар нь асуухад чи сая сураар ороолгоод ийм болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.  

Маргалдах явцдаа  шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.*******гийн биед шилтэй цуу, аяга авч шидэж нүүрэн тус газарт нь цохисон, сураар ороолгох зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч Т.*******, Ц.*******, С.Должинсүрэн нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 997 дугаартай дүгнэлтээр  Ц.*******гийн биед хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамарт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт  бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

          Мөн Б.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ц.******* нь шүүгдэгч Б.*******тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон ба түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат: Хэрэгт хангалттай нотлох баримт цуглараагүй, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Учир нь хохирогч Ц.******* нь нөхөр Б.*******д зодуулж, эрүүл мэнддээ гэмтэл авсан талаарх мэдүүлгийн эх сурвалжаа заан тогтвортойгоор мэдүүлэг өгдөг бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар гэрч Т.*******, Ц.******* нар гэрчлэн мэдүүлж, шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Ц.******* нь эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4 заасныг баримтлан урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай шийтгэх оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 35 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан торгох ялын доод хэмжээг оноож өгнө үү. Шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 19 хоногийн эдлээгүй үлдсэн ялын тэнсэн харгалзсан гэтэл 8 сар 13 хоног үлдсэн байхад гэмт хэрэг үйлдсэн байгаа. Ялын санал дээр прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзаад хянан харгалзах хугацааг сэргээнэ гэвэл 8 сар 13 хоногоор шийтгэж өгнө үү гэх ялын саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 65-68, 72-85 дугаар талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоол, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Булган аймгийн ******* сумын Бэрх багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамж зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Бэрх гэх газарт оршин суух бүртгэлтэй, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оршин суугаа газар болох  Булган аймгийн *******  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг  1 сарын хугацаагаар хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.25 метр урттай сур 1 ширхэг, “Maggi Seasoning” гэсэн бичиглэлтэй шилтэй цуу нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  заасныг тус тус  баримтлан урьд  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай шийтгэх оногдуулсан 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сар 19  /арван есөн/ хоногоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

8. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ц.******* нь эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.25 метр урттай сур 1 ширхэг, “Maggi Seasoning” гэсэн бичиглэлтэй шилтэй цуу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ