| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0047/Э/220/2024/0226 |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
2024 01 17 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаа,
Хохирогч Д.З,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бэд холбогдох эрүүгийн 2309031352750 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20.... оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, ..................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн .................... гудамжинд байрлах агуулахын гадна иргэн Д.Зтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг руу гараараа цохиж газарт унагааж, түүнийг өшиглөсний улмаас баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309031352750 дугаартай хэрэгт авагдсан;
Хохирогч Д.Зн өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн ........................тоотод байх өөрийн гэрт байсан. Утсаар нэг эмэгтэй /99..................../ залгаад ачаагаа авъя гэсэн. Манай компани тайз, дэлгэц, хөгжим түрээсийн компани Төв аймгаас арга хэмжээний ачааг ачихдаа тухайн эмэгтэйн ачаа хамт ирснийг би мэдээгүй байсан. Тэр эмэгтэй залгаад "ачаагаа авъя, одоо хүн очиж байгаа" гэж хэлсэн. Удалгүй хаалган дээр нэг залуу, найз охины хамт Лексус маркийн машинтай орж ирсэн. Ачаа байгаа машиныг нь харуулаад "манай ажилчид амарч байгаа, та танай ачаа энэ машинд байгаа, яг одоо буулгаж өгөх хүн байхгүй байна, өөрөө буулгаад авбал авч болно" гэж би хэлсэн. Гэтэл тэр залуу ачаагаа авмаар байна гээд уурлаад байсан. Энэ үед би ажлынхантайгаа яриад ирэх хүн байгаа эсэхийг асуухаар дотогш орсон. Тэгээд нэг ажилчин ирэхээр болоод машинаа ойртуулж өөрийн ачаагаа складанд буулгахаар болсон. Тэр үед тухайн залуугийн ээж болох эмэгтэй над руу мессэжээр "би юмаа авмаар байна новшоо" гэж бичихээр нь би тухайн залуу дээр очоод "би юмыг чинь өгөхгүй гэж хэлээгүй, ээж чинь яагаад хүн доромжлоод байгаа юм бэ" гэж хэлэхэд тэр залуу "би ямар чиний ажилтан уу, намайг ирэхэд л ачаагаа буулгаад өгчихгүй" гэж дайраад байсан. Тэгээд би дайраад байхаар нь цээж рүү нь өөрөөсөө холдуулахаар түлхсэн. Тэгтэл тэр залуу миний толгой руу 2 удаа цохихоор нь би нэг удаа алгадсан. Тэгтэл тэр залуу миний толгой руу нэг удаа цохиход би унасан. Намайг унахад 2 удаа өшиглөсөн. Тэгээд л би тэр залуугаас зайгаа барьж холдсон. Тэр өдөр би зодуулсны дараа зурar дарж өөрийгөө баримтжуулсан. Намайг зодуулаад дууссаны дараа ачаа буулгахаар ирсэн М орж ирж таарсан, дараа нь жолооч Б ирсэн. М ирээд тэр залууг машинаас нь татаад "чи аав шигээ хүнийг яаж байгаа юм бууж ирээд хар" гэж татсан. Манай ажилтан М машинаас нь буулгаж чадалгүй холдоход тэр залуу өөрөө машинаас гарч ирээд Мг гэдэс рүү өшиглөөд байхаар М тэр залууг хувцаснаас нь зуураад хөдөлгөөнгүй барьсан. Тэр залуугийн найз охин гэх эмэгтэй цагдаад "3 хүн манай найз залууг зодчихлоо" гэж дуудлага өгсөн. Тухайн үед манай жолооч Б тэр залууд огт гар хүрээгүй, салгах гэж нэг удаа оролдсон байдаг. Тухайн үед би унахдаа бетонон шалан дээр савж унаснаас болж маш их зовуурилж өвдсөн. Одоо байнгын эм ууж байна. Тэр залууд баруун нүд хэсэг рүүгээ цохиулж эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархайн хана хугарсан, ерөнхий мэс заслын имплант тавиулна гэж хэлсэн. Би зодуулсныхаа дараа Болормэлмий, Люкс мед, Баяр мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн. Би эрүүл мэндээ дээрээ хохирсон. Надад хагалгаа хийхэд 3000000-4000000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Гэрч Г.Мгийн өгсөн: "...Би гэрт байж байхад ажлаас Д.З ах залгаад ачаа буулгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би маш хурдан Дамбад ачаа буулгах гээд ирэхэд хамт ажилдаг Д.З ах нүүр нь цус болчихсон, нэг нүд нь хөхрөөд хавдчихсан хүнд зодуулсан байдалтай байсан. Би таныг хэн зодсон, хаана байна гэхэд З ах тэр байна гэж "Ар Экс" маркийн машинтай залууг заасан. Би тухайн машин дээр очоод тэр залууд хандан "чи яагаад хөгшин хүн зодож байгаа юм бэ, аав шигээ хүнийг зодоод" гэж хэлсэн. Гэтэл тэр залуу миний урдаас "миний аав ийм хүн биш" гэх мэтээр элдвээр хараасан би буугаад ир гээд машинаас нь татаад "энэ хүнээ ямар болгосон оо хар" гэж татаад дийлээгүй. Тэр үед З ах, тэр залуугийн найз охин хоёр хамт байсан. Нэлээн хугацаанд машин дотроос тэр залуу машины гадна би хэрэлдсэн. Тэр залуу машинаас бууж ирээд эхлээд өшиглөсөн би хамгаалж эргүүлэн өшиглөж доош нь дараад чамайг би зүгээр болбол тавина гэж хэлсэн. Тэгээд тэр залуу удалгүй тайвшрахаар нь би тавьсан. Хэсэг хугацааны дараа би ачаа буулгахаар машин дээр байж байхад тэр залуу "буугаад ир, дахиж зодолдъё" гээд над руу чулуу авч шидээд байсан...тэр залуугийн нүүр ам зүгээр байсан, хэл ам нь дийлдэхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
Гэрч Ц.Гын "...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад зөрчлийн гомдол мэдээллийн хохирогч Д.Згаас тайлбар авч, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол санал бичиж прокурор руу явуулсан. Д.З тогтоолын дагуу шүүх эмнэлэгт үзүүлээд шүүх эмнэлэгт үзүүлээд шүүх эмнэлгийн хөнгөн зэргийн дүгнэлт гарсан. Тус гомдол мэдээллийн гэрч Бийн 91.......... дугаар руу өөрийн утас болох 88............ дугаараас ирж мэдүүлэг өгөх тайлбар өгөх тухай ярихад "би тэгж байгаад очно" гэж хэлээд утсаа тасалж эргэн холбогдоогүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх боломжгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13321 дугаартай "1. Д.Згийн биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь "С о м" ХХК-нд түрээслүүлсэн 20 коктейль босоо ширээгээ авахаар очихдоо ширээг буулгах хүнгүйгээс болж Д.Зтай маргалдаж түүний эрх чөлөөнд нүүр рүү нь алгадаж газарт унахаар нь өшиглөж зодсоны улмаас Д.Зн эрүүл мэндэд "Баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт." бүхий гэмтлүүд учруулжээ.
Хохирогч Д.Зн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13321 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд,
шүүгдэгч Б.Бийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................ гудамжинд байрлах агуулахын гадна иргэн Д.Зтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг руу гараараа цохиж газарт унагааж, түүнийг өшиглөсний улмаас баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.З нь шүүгдэгчээс эрүүл мэндийн хохиролд 143 000 төгрөг авсан болохыг дурдаж, "шүүгдэгч надаас нэг удаа уучлалт гуйгаагүй, нүдний хагалгаа Монголд хийхгүй, нүдний ухархайн хана нөхөх хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Нүд цаашдаа ширгэх үр дагавартай гэсэн" гэх гомдол, хүсэлтийг харгалзан хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч Д.Зн сэтгэцэд учирсан хор уршгийг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1, 2.2, Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр хоёрдугаар зэрэглэлээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 750 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Зд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлсөн, оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
20.... оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн .......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар төрийн үйлчилгээний нэгдсэн системийн авсан тодорхойлолт, лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 70-76/ зэрэг авагджээ.
Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцогдсон зүйл хэсгээр 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруутайд тооцсон зүйл хэсгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь: Шүүгдэгч Б.Б нь үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт буруутайд тооцсон зүйл хэсгээр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2309031352750 дугаартай хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Нийслэлийн Хот тохижилтын газарт эдлүүлсүгэй.
4.Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс нийт 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, .............................. тоотод оршин суух хохирогч Д.З /РД:................./-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ