Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

       2024         01          19                                          2024/ШЦТ/91

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

Шүүгдэгч Л.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Цид холбогдох эрүүгийн 2303006990554 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .....-т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ..................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Ц, ...................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Цнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Цнь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг, Ш төвийн зүүн талын замд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд "Тоёота Приус-20" маркийн ...-..... УНО улсын дугаартай автомашины жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас "Scooter" унаж явсан М.Дтэй мөргөлдөж М.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2303006990554 дугаартай хэрэгт авагдсан;

 

Хохирогч М.Дгийн өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүрэг ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй буюу Ш төвийн зүүн талд scooter-тэй зам дээр явж байхад Приус-20 маркийн автомашин үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн. Тэгээд машин ирж байгаа эсэхийг харахын завдалгүй хурдтай эргээд мөргөсөн. ...Сэтгэл санааны болон эмчилгээний зардал нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн "...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Д нь эрүүл мэндийн тайлга үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13127 дугаартай дүгнэлт: "1.М.Дгийн биед духны хөндийн гадна, дотор ялтас руу үргэлжилсэн шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх /хх-ийн 40-41/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1161 дугаартай: "Scooter-тэй жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно" гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч Л.Цнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10. "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", тус дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна." гэх магадалгаа /хх-ийн 55/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/,

Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76-77/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Л.Цийг Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг, Ш төвийн зүүн талын замд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд "Тоёота Приус-20" маркийн ...-.... УНО улсын дугаартай автомашины жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас "Scooter" унаж явсан М.Дтэй мөргөлдөж М.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Дгийн эрүүл мэндэд "духны хөндийн гадна, дотор ялтас руу үргэлжилсэн шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 10 000 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь эрүүл мэнд нийгмийн даатгалын санд 160 000 төгрөг, хохирогч М.Дд 10 000 000 төгрөгийг төлсөн болох нь “Төлбөр барагдуулах гэрээ” /хх-ийн 69/ болон хэрэгт авагдсан Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд аюултай хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогч нэхэмжлэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Л.Цид Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

19.... оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ..... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, :.........-т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ........................................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад баримтууд /хх-ийн 74-80, 81/ авагджээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Л.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүрэг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хохирогч М.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7.Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгасугай.

 

             8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Цнь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ