Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00469

 

 

 

 

 

 

 

 

      2021        02          05                                       101/ШШ2021/00469

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,647,907 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 235 дугаар зүйлээс үндэслэн фидуцийн гэрээ зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхтэй уялдуулж М.Г  нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 281, 282-дугаар заалтыг үндэслэн манай компанитай 20-25 тоот зээлийн гэрээ хийж 2091 УНЗ улсын дугаартай, Hyundai Sonata-YF маркийн KMHEC41BBAA120374 арлын дугаартай Сувдан цагаан өнгийн машиныг барьцаалж сарын 5 хувийн хүүтэйгээр нэмэлт гэрээний сунгалтаар 5,000,000 зээлж авсан бөгөөд зээлийн гэрээ хийхдээ сар, сардаа зээл хүүгээ төлнө гэж 24 сарын хугацаатай зээл авсан. Зээл авсны дараа 2019 оны 02 дугаар сарын 05-нд үндсэн зээл төлөлт 100,000 төгрөг, хүү 58,333 төлж түүний дараа 2019 оны 3 дугаар сарын 05-нд үндсэн зээл төлөлт 100,333 төгрөг, хүү 228,666 төгрөг төлж, дараа сард 2019 оны 4 дүгээр сарын 05-нд үндсэн зээл төлөлт 100,017 төгрөг, хүү 247,982 төгрөг төлж, дараа сард 2019 оны 5 дугаар сарын 05-нд үндсэн зээл төлөлт 100,017 төгрөг, хүү 234,982 төгрөг төлсөн. Түүний дараа 2019 оны 6 дугаар сарын 05-нд үндсэн зээл төлөлт 217,422 төгрөг, хүү 237.647 төгрөг төлж. 2019 оны 6 дугаар сарын 26-нд нэмэлтээр 1,300,000 төгрөг авч үндсэн зээл нь 5,680,000 төгрөг болсон. Нэмэлт авснаас хойш 2019 оны 7 дугаар сарын 26-нд үндсэн зээлээс 236,600 хүүнд 284,000 төгрөг төлж, Түүний дараа 2019 оны 8 дугаар сарын 26-нд үндсэн төлөлт хийгээгүй хүүнээс 281,250 төгрөг төлж, 2019 оны 9 дүгээр сарын 26-нд үндсэн зээл төлөлт 168,758 хүүнд 281,241 төгрөг төлж, 2019 оны 10 дугаар сарын 26-нд үндсэн зээл төлөлт 221,378 хүүнээс 263,731 төгрөг төлж, 2019 оны 11 дүгээр сарын 26-нд хүүнд 261,100 төгрөг төлж, 2019 оны 12 дугаар сарын 26-нд хүүнд 225,000 төгрөг төлж, 2020 оны 01 дүгээр сард төлөлт хоцорсон 2020 оны 02 дугаар сарын 01-нд үндсэн зээл 100,028 төгрөг, хүүнд 431,921 төгрөг төлж, 2020 оны 3 дүгээр сард дахин төлөлт хоцорч 2020 оны 4 дүгээр сарын 16-нд хүүнд 400,000 төгрөг төлж, 2020 оны 5 дугаар сарын 16-нд үндсэн зээлээс 13,996 төгрөг, хүүнд 376,000 төгрөг төлсөн. Гэвч 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 4,829,215 төгрөг, хүүний үлдэгдэл 1,167,060 төгрөг болж, алданги 2020 оны 6 дугаар сарын 16-с хойш 114 хоногийн хэтэрсэн хоногийн 0,3 хувиар үндсэн зээлээс бодож алданги нь 1.651.632 төгрөг болж, нийт 7,647,907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Г  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.Г т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 7,647,907 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №20-25 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-нээс үзэхэд, “Б” ХХК нь М.Г т 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдэгч төлөх, өдрийн төлөлтийн график зөрчиж 1-с дээш өдөр хоцорсон тохиолдолд эхний сард хонг тутамд үндсэн зээлийн дүнгээс 0,1 хувь, 2 дахь сард 0,2 хувь, 3 дахь сард 0,3 хувийн алданги тооцох, зээлдэгч сард 1-2 удаа төлбөр төлөхөөр график гаргуулаад төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дээрх гэрээний хугацааг сунгаж 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатайгаар мөн өдрөө 1,300,000 төгрөгийг зээлдэгч нэмж зээлэн нийт 5,680,000 төгрөгийн зээлийн сунгалтын гэрээг үйлдэж, төлбөрийн график шинэчлэн үйлджээ.

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №20-25 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн, фидуцийн зүйл хэмээн 2091 УНЗ улсын дугаартай, Hyundai Sonata-YF маркийн KMHEC41BBAA120374 арлын дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалсан байх боловч тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлсэн гэж үзэхээргүй байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлд тухайлан заасан харилцаа талуудын хооронд бодитоор үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.

Талуудын байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №20-25 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн сунгалтын гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.2.-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.”, 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус гэж заасантай нийцжээ.  

Нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй үндсэн зээлийн үлдэгдлийн талаар буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлсэн эсэхээ, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хариуцагч хариу тайлбар гаргаагүй, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийн график зөрчсөний улмаас үүссэн алданги 1,651,632 төгрөгийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх цахим шүүх хуралдаанд холбогдоогүйд хүндэтгэх шалтгаангүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд тухайлан заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М.Г өөс 7,647,907 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,316 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г өөс улсын тэмдэгтийн хураамж 137,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА