Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

    2024        03        04                                          2024/ШЦТ/234

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Б.С,

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч О.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн 2309019622766 дугаартай 2 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19........................ оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .......... настай, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Б.П, ........................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны  шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............................ тоотод оршин суух иргэн Г.Гийн хамтран амьдрагчийг хамт архи уухгүй гэхэд нь дургүйцэн улмаар Монгол гэрийн гадна талаас нь тамхины асаагуур ашиглан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах үйлдлийн аргаар санаатайгаар гал тавьж эд хөрөнгийг нь гэмтээн 700.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ......................... тоотод оршин суух хохирогч Н.Аийн монгол гэрийг гадна талаас нь галдан шатааж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар санаатайгаар гал тавьж, эд хөрөнгийг нь гэмтээн 983.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ...................орчим байрлах хохирогч Ч.Сгийн эзэмшлийн байшинг хууль бусаар шатааж гэмтээн 4.176.748 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих Сүхбаатар дүүргийн ................................. тоотод байрлах Б.Сын эзэмшлийн байшинг хууль бусаар шатааж гэмтээсний улмаас 18.213.100 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309019622766 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/,

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 267/мэдээлэл/26 дугаартай "...3 дугаар асуултын хариулт. Хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр гал түймэр гарсан байх шинж тэмдэг байна" гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн химич судлаачийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12/160 дугаартай “...шатах тослох материал илрээгүй" гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 571 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “... Б.П нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.П нь хэргийн талаар бодит үнэн мэдээлэл өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/,

"Д" ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-23-624 дугаартай “....Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 6 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 700 400 /долоон зуун мянга дөрвөн зуун/ төгрөгөөр үнэлэгдэв....” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 44-47/,

Хохирогч Г.Гийн өгсөн: "... Би 2023 оны 6 дугаар сарын 16-аас 17-ны шилжих шөнө гэртээ байж байтал 00 цагийн орчим гаднаас П орж ирээд хамтран амьдрагч Баярсайханыг сэрээгээд хамт архи ууя гэсэн тэгэхээр нь үгүй гэж хэлээд П амандаа нэг үг хэлээд гараад явсан юм. Тэгээд гэртээ унтаж байсан чинь охин Сгэр шатаж байна гээд орилоод ороод ирсэн юм. Тэгээд би сэрээд гүйж гараад ус цацаад гэрийнхээ хойд талыг шатаж байхад нь унтраасан юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Хөргөгчийн араар орж ирдэг цахилгааны зүгээс гал гарсан зүйл байгаагүй гэрийн гадна талаас хойд хэсгээс шатаасан байсан юм. Манай гэрийн хоёр туурга, 1 дээвэр, гэрийн брезент, гялгар уут, цагаан цаваг гэрийн бүслүүр 3 ширхэг шатсан байдалтай байна. Би эдгээр зүйлсийг 2 туургийг 1 жилийн өмнө Нзахаас 800,000, 1 дээврийг 400,000, гэрийн брезентийг 3 жилийн өмнө 300,000 төгрөг, гялгар уут-30,000, цагаан цаваг-70,000 төгрөг, гэрийн бүслүүр 3 ширхэг нь 25,0000 төгрөгийн үнэтэй...Би гомдолтой байна. Хэрэв манай охин мэдээгүй байсан бол гэртээ шатаад үхэх байлаа." гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Хохирогч Н.Аийн өгсөн: "...Би 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө гэртээ байж байтал 01 цагийн орчим унтаж байсан чинь гэнэт хэншүү хярвас үнэртээд унасан тэгээд гэртээ сэрээд харсан чинь ханаа дагаад гал гарч байсан тэгэхээр нь нөхрөө сэрээгээд гэрт байсан усаараа галыг унтраасан юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гэрийн /Цахилгааны утас/ зүүн талаар орж ирдэг. Гал гарсан хэсэг нь гэрийн хойд хэсгийн гадна талаас шатсан байдалтай байсан юм. Манай гэрийн хоёр туурга, хоёр хана, нэг бүрээс, гэрийн хулдаас, гэрийн бүслүүр, хаяавч, гэрийн шал зэрэг шатсан байдалтай байсан юм. Би эдгээр зүйлсийг 2 туургийг 1 хоногийн өмнө 300,000 төгрөгөөр, хоёр хана нь 360,000 төгрөг, гэрийн бүрээс 95000 төгрөг, гэрийн хулдаас 48,000 төгрөг гэрийн бүслүүр 30,000 төгрөг, гэрийн шал-400,000 төгрөг, хаяавч-45,000 төгрөгийн үнэтэй. Би гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 108/,

 "Д" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-23-623 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 06 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 983 000 /есөн зуун наян гурван мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 113-116/,

Хохирогч Ч.Сгийн өгсөн: "... Би 2023 оны 6 дугаар сарын 17-ны үүрээр 05 цагийн орчим Дорноговь аймгийн Хамрын хийдэд явж байтал цагдаагаас над руу залгаад танай байшин шатсан байна та эзэн нь мөн үү гэж асуухаар нь би мөн гэж хариулаад цагдаа гомдол саналын асуудлыг асуусан бөгөөд би тухайн байшинг 7-8 жилийн өмнө барьж байгаад ханыг нь босгоод дээврийг нь тавиад гадна дотор заслаа хийгээгүй байсан юм. Тэгээд би хөдөө байгаа учир очиж чадахгүй байна гэж хэлсэн юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 140/,

 "Д" ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн СБ2-23-953 дугаартай "... Дээрх үнэлэгдэж буй хөрөнгүүд нь хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага буюу барилгын төсөвт тооцооллоор тооцсоныг 100 хувийн ач холбогдолд тооцон нийт 4,176,748 төгрөгийн үнэлгээ тогтоогдов..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 144-161/,

Хохирогч Б.Сын "...манай гэр бараг 2 жил эзэнгүй байгаа. Ирж шалгачхаад л явдаг байсан. Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэртээ очиж хувцас аваад гараад явсан. Тэр үед манай гэр зүгээр байсан. Дотроосоо шатаад дотор талын бүх зүйл шатсан. Байшингийн дээвэр шатсан байсан. Манай гэрт эд хогшил, тавилга гээд байхгүй байсан. Нэг орны матрас л байсан. 2012 онд хоосон хашаа 8,300,000 төгрөгөөр худалдаж аваад байшингаа 20,000,000 төгрөгөөр барьсан. Одоо байшингаа 20,000,000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 185-186/,

"Д" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн СБ2-23-954 дугаартай "...Дээрх үнэлэгдэж буй хөрөнгүүд нь хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага буюу барилгын төсөвт тооцооллоор тооцсоныг 100 хувийн ач холбогдолд тооцон нийт 18,213,100 төгрөгийн үнэлгээ тогтоогдов..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 190-209/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шууд санаатай, өөрөөр хэлбэл эд зүйлсийг устгах, гэмтээх зорилгоор үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч Б.Пгийн согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............................ тоотод оршин суух иргэн Г.Гийн хамтран амьдрагчийг хамт архи уухгүй гэхэд нь дургүйцэн улмаар Монгол гэрийн гадна талаас нь тамхины асаагуур ашиглан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах үйлдлийн аргаар санаатайгаар гал тавьж эд хөрөнгийг нь гэмтээн 700 400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ......................... тоотод оршин суух хохирогч Н.Аийн монгол гэрийг гадна талаас нь галдан шатааж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар санаатайгаар гал тавьж, эд хөрөнгийг нь гэмтээн 983 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............................... орчим байрлах хохирогч Ч.Сгийн эзэмшлийн байшинг хууль бусаар шатааж гэмтээн 4 176 748 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих Сүхбаатар дүүргийн ......................... тоотод байрлах Б.Сын эзэмшлийн байшинг хууль бусаар шатааж гэмтээсний улмаас 18 213 100 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Гт 700 400 төгрөг, хохирогч Н.Ат 983 000 төгрөг, хохирогч Ч.Сд 4 176 748 төгрөг, хохирогч Б.Сд 18 213 100 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч Г.Гт 700 000 төгрөг, Н.Ат 983 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогч Ч.Сд мэдэгдэхэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Г.Г, Н.А, Ч.С нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С нь “...Бид хохирол төлбөрийг 10 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд би бэлнээр 400 000 төгрөг авсан. Б.П нь үлдэх хохирлыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон...” гэдгийг илэрхийлсэн.    

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пгаас 9 600 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Сд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгч 3 хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Нэг хохирогчийн хохирлыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар миний үйлчлүүлэгчид нэг жилийн хорих ял оногдуулж,  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн бус дунд боловсролтой, 33 настай, машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өөрт ногдох эд хөрөнгөгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 60, 62-66/ зэрэг авагджээ.

 

Өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг  үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэх эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үндэслэн гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2309019622766 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Пд 3 /гурав/ жил хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пгаас 9 600 000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүргийн .................. тоотод оршин суух хохирогч Б.С /РД:...............1/-д олгосугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

  

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ