| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2020/0607/Э |
| Дугаар | 2020/ДШМ/798 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2020/ДШМ/798
Д.Г, Ц.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Гэрэлмаа,
хохирогч, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Б.Баярмаа,
хохирогч, шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгч Э.Золбоо,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/673 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Д.Г, Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 1906067832790 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Дын Г, 1965 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 33 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
2. Ч овгийн Цийн У, 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат апартмент хотхон 1432-702 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Д.Г, Ц.У нар нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Палаззо” төвийн 1 давхрын 101 тоот хаалганы үүдэнд таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие биесээ түлхэх, цохих зэргээр бие биедээ хүч хэрэглэн халдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Г, Ц.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Дын Г, Ч овгийн Цийн У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Д.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ггаас 204.150 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат апартмент хотхон 1432-702 тоотод оршин суух Чонос овогт Цолмонгийн Уд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.У нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч, шүүгдэгч Ц.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн байрандаа зургийн ажил гүйцэтгэж байсан бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Ггийн яриад байгаа шиг хүн зодож цохиогүй юм. Гэвч уг асуудлыг үнэн зөвөөр гэрчлэх хүмүүс нь бүгд Д.Ггийн ажилчин, түүнтэй хамаарал бүхий этгээдүүд байсан бөгөөд мэдүүлгийг нь үнэн зөв эсэх талаар маргах нотлох баримтгүй болж байна. Учир нь, уг асуудлыг гэрчлэх байсан гар утасны бичлэгийг Д.Ггийн ажилчид нь устгасан гээд өгдөггүй, цагдаа нь үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээж авахгүй зэрэг байдлаас Ц.У миний бие өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлж чадсангүй. Гэтэл өрөөндөө өөрийнхөө зургийг хийж байсан намайг ямар ч үндэслэлгүйгээр шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэг маргаанаар өдөөн хатгаж, улмаар харьцахгүй гээд хаалгаа утсаар татаад хаахаар, тас татаад орж ирээд ажил хийлгэхгүй зориуд ийм хэрэг өдүүлж үйлдлээ. Д.Ггийн ярьж байгаа шиг иргэн Ц.Уд миний бие үгийн зөрүүгүй хүн зодож цохидог гэвэл өнөөдрийг хүртэл олон эрүүгийн хэрэг үүсч ял шийтгэл авсан байх биз ээ. Гэтэл Д.Г нь өөрийн ажилчинтайгаа нийлж, камер байхгүйг далимдуулж, ийм үндэслэлгүй гүтгэлгээр намайг шүүхэд яллагдагчаар татуулж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “Байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдах гэмт хэрэг үйлдэх” гэж заасан байдаг бөгөөд Д.Г нь байнга тог цахилгаан тасалж, үйл ажиллагаа явуулахгүй намайг дарамталж байдаг хүн билээ. Улмаар тог цахилгаан таслуулахгүй байх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар Д.Г өөрөө хэрэгт баримтаар гаргаж өгсөн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасны дагуу Ц.У миний бие Д.Гд өөрт учирснаас илүү хохирол учруулаагүй байна. Түүнчлэн, Д.Г нь өрөөнд орж ирж элдэв авир гаргаж, харьцахгүй гээд хаалга хаахаар тас тастаад орж ирж байгаа нь өөрийнх нь мэдүүлэг, шүүх хурал дээр хэлсэн үг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, би өрөөнөөсөө гаргахгүй бол эд хөрөнгө эвдэж сүйтгээд, улмаар элдвээр харааж доромжлоод байсан тул гаргах гэж ноцолдсоноос өөр үйлдэл хийгээгүй билээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/673 дугаартай шийтгэх тогтоолоос надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч, шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо: “...мөрдөн байцаалтын үед Д.Ггийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 9-12/, Ц.Уын мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 16-18/, мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч Ж.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх 19-21/, мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч Э.Золбаярын өгсөн мэдүүлэг /хх 69-70/, шинжээчийн дүгнэлт /хх 41-42, 48/ зэрэг нотлох баримтуудаар Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байгаа тул гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасныг мөрдөгч, прокурор биелүүлээгүй. Тухайлбал, хохирогч Д.Г нь мөрдөн байцаалтын явцад 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр /хх 6/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр /хх 11-12/, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр /хх 9-10/ өгсөн болон яллагдагчаар татагдан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгт тэрээр хохирогч Ц.Уыг цохисон зодсон талаар мэдүүлсэн зүйл огт байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч Ж.Батжаргалд хууль сануулан авсан мэдүүлэгт “ ... У гэгч эмэгтэй чамд ямар хамаатай юм, чи гичий зайл гэж хэлээд Г гуайг түлхсэн чинь Г гуай зуурах гэсэн, богино гартай учраас хүрэхгүй байх шиг байсан, тэгсэн У гэгч эмэгтэй түүнийг хөл рүү нь өшиглөөд авахаар нь би “чи одоо яаж байгаа юм бэ, өөрийнхөө ээж шиг хүнийг ингэж болохгүй, арай дэндэж байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь тэр хүүхэн больсон. Тухайн үед тэр эмэгтэй арай дэндүү улаан галзуу дайрч байсан. ...” гэсэн мэдүүлгээс үзэхэд Д.Г нь Ц.Уыг зодож цохисон байдал тогтоогдохгүй, харин Ц.У нь Д.Гг түлхсэн, өшиглөсөн байдал тогтоогдож байна. /хх 19-21/, Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч Э.Золбаярын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж /хх 69-70/ дүгнэсэн байна. Гэтэл гэрч Э.Золбаяр нь Д.Г, Ц.У нарын хооронд маргаан үүсээд дууссаны дараа хэргийн газарт ирсэн тул Д.Г, Ц.У нарын хэн нь хэнийгээ зодож цохисныг мэдүүлэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Мөн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.” гэж заасны дагуу хохирогч Д.Г, гэрч Ж.Батжаргал нарын мэдүүлэг, хохирогч Ц.У, гэрч Ж.Батжаргал нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байхад тэднийг нүүрэлдүүлэн байцааж, хэргийн бодит байдлыг тогтоох талаар арга хэмжээ аваагүй байна. Түүнчлэн, Д.Г, Ц.У нараас 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэхдээ “... Бие биедээ гэмтэл учруулаагүй, тэгсэн мөртлөө өөрөө өөртөө гэмтэл авсан ийм нөхцөл байдал байгаа. ...Хохирогчоор хэн аль нь мэдүүлэг өгсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Г, У нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байсан учир Г, У нарыг яллагдагчаар татсан, ... гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэсэн үүргийн дагуу шүүгдэгч нарын гэм буруутайг нотолж чадаагүйг гэрчилж байна. Түүнчлэн, хэргийн бодит байдлыг гэрчлэх гэрч Ж.Батжаргалаас мэдүүлэг авахуулах тухай Д.Ггийн хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гэрчийг оролцуулж мэдүүлэг авах боломжтой гэж хариу өгсөн /хх 88/ боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй. Ц.Уын өмгөөлөгч Э.Золбоо, Д.Ггийн өмгөөлөгч Учралсайхан нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн газар байсан гэрч Ж.Батжаргал, Болдбаатар нарыг гэрчээр оролцуулъя гэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байна. Д.Ггийн үйлдлээр Ц.Уын биед гэмтэл, хор уршиг учирсан гэдгийг улсын яллагч тогтоож чадаагүй атлаа гэм буруутайд тооцох санал гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар гэм буруу нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “гэм буруутай нь хангалттай нотлогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолын Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хэлэхдээ “бие биедээ гэмтэл учруулаагүй, тэгсэн атлаа өөрөө өөртөө гэмтэл авсан ийм нөхцөл байдал байгаа. Хохирогчоор хэн аль нь мэдүүлэг өгсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Г, У нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учир Г, У нарыг яллагдагчаар татсан, ... гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна” гэсэн нь шүүгдэгч Д.Ггийн гэм бурууг нотолж чадаагүйг нотолж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Ггийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ц.Уын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Батжаргал, Э.Золбаяр нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байгаа тул гэм буруутайд тооцсугай. ...” гэж нөгөө нотлогдоогүй нотлох баримтуудаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үндэслэл нь, Д.Г нь Ц.Уын биед цохих үйлдэл хийсэн тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Гэрч нарын мэдүүлэгт Д.Г нь Ц.Уын биед цохих үйлдэл хийсэн тухай мэдүүлэг байхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Д.Г, Ц.У нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж прокуророос үзсэн, мөн шүүх ингэж дүгнэсэн. Баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэхүү гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Хавтас хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан шинжээчээс авсан мэдүүлэгт Ц.Уын биед учирсан гэмтлүүд нь бүгд хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн хариултад дүгнэлт хийх ёстой. Д.Г нь Ц.Уыг нэг ч удаа цохиогүй. Харин шүүх эмнэлэгт үзүүлэх үеэр илэрсэн “Сайн хөрш” эмнэлгийн хөхний ЭХО-ны хариуд “... зүүн талын гэмтлийн мастит ...” гэсэн оношийг тавьсан байсан. Шинжээч эмч сүүний цорго бөглөрснөөс үүсдэг үрэвсэл тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж хариулсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Ц.У мэдүүлэхдээ “би гараа хаалганд цохиж гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн байдаг. Дээрх байдлаас харахад Ц.Уын биед учирсан гэмтлүүдийг Д.Г үүсгээгүй гэдэг нь нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасныг мөрдөгч, прокурор биелүүлээгүй. Тухайлбал, мэдүүлгийн зөрүү, эргэлзээг арилгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Иймд Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Г болон өмгөөлөгч Б.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ёстой атал тогтоох ажиллагааг хийгээгүй. Шүүгдэгч Ц.У болон Батжаргал нар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Эдгээр хүмүүсээс нүүрэлдүүлэн байцаалт аваагүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй ба шийдвэрлэлгүй орхисон. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад шүүгдэгч Д.Ггийн гэм буруутай эсэхийг нотлох баримт гэвэл ганцхан шинжээчийн дүгнэлт байдаг. Шүүгдэгч Ц.У удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тухайн үед хоёр хүн байсан учраас Ц.Уд Д.Г гэмтэл учруулсан гэх таамаг байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгч Э.Золбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн 75 дугаар хуудсанд шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол гаргахдаа “Ц.Уын өмгөөлөгч зальтай арга ашигласан” гэж намайг доромжилсон байдлаар бичсэн байсан. Мөн Ц.У анхнаасаа мэдүүлгээ тогтвортой мэдүүлсэн. Шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ “зодолдоод, үсдэлцээд байсан зүйл байхгүй. Шүүгдэгч Д.Гд учирсан гэмтэл нь зөвхөн намайг байрнаасаа гаргах гэж элдвээр доромжилсныхоо үр дүнд учирсан гэмтлүүд байгаа” гэдэг. Гэмтэл учирсан учраас прокурор, шүүхийн байгууллагаас тодорхой хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Д.Г гэх хүн удаа дараа Ц.Уыг дарамталж, үйл ажиллагааг нь байнга эсэргүүцдэг байсан. Энэ нь Д.Ггийн удаа дараагийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ асуудал нь 101 тоот өрөөнд болсон болохоос биш гадаа болсон асуудал биш. Ц.У нь Д.Ггийн үйлдлээс өөрийнхөө халдашгүй байдлыг хамгаалахын тулд Д.Гг түлхэх байдал гаргасан гэдэг. Шүүгдэгч Ц.У нялх хүүхэдтэй, сэтгэцийн хувьд эрүүл хүн байгаа. Хүнийг ямар ч үгийн зөрүүгүй цохих, зодох хүн биш. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.
Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хоёулаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэн хэн нь зодуулсан талаараа мэдүүлдэг. Шүүгдэгчээр хоёулаа мэдүүлэг өгөхдөө хэн хэн нь зодоогүй талаараа мэдүүлдэг. Хавтас хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан. Аль алиныг нь гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэж шийдвэрлэсэн. Ялын шүүмжийн үед прокурорын зүгээс “аль аль нь хохирогч, тэгсэн атлаа хэн хэндээ гэмтэл учруулаагүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Гэхдээ бусад үйл баримтуудаар гэм буруу тогтоогдсон” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй нь миний алдаа болсон. Гэрч Батжаргал мэдүүлэхдээ “...Сарвалзаад хүрэхгүй байх шиг байсан. ...” гэдэг. Энэ нь бусад байдлаар тухайн үед болсон асуудлыг нотолж байгаа юм. Гэрч Батжаргал нь шүүгдэгч Д.Гтай хамт явж байсан хүн болохоор Д.Гд ашигтай байдлаар мэдүүлсэн гэж үзсэн. Гол нь дуудлагаар очсон цагдаа мэдүүлэхдээ “бие биетэйгээ ноцолдсон байдалтай байсан” гэсэн. Тэгэхээр үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг шүүхээс ялгамжтай оногдуулсан. Учир нь, шүүгдэгч Ц.У нь шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, завсарлах хугацаанд хохирлоо төлсөн тул шүүхээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Харин шүүгдэгч Д.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Палаззо” төвийн 1 давхрын 101 тоот хаалганы үүдэнд хохирогч Ц.Утай таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түлхэх, гар руу нь цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун гарын долоовор, дунд хуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Ц.У нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Палаззо” төвийн 1 давхрын 101 тоот хаалганы үүдэнд хохирогч Д.Гтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түлхэх, толгой руу нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Д.Ггийн хохирогчоор өгсөн “...У намайг “зайл гичий минь, болдог бол чамайг алчихмаар байна шүү” гэж хэлээд миний толгой руу гараараа цохиод, хэвлийн хэсэг болон өвдөг рүү өшиглөхөд ... жижүүр Ж.Батжаргал ... биднийг салгасан. ...Дээрх гэмтлүүдийг У учруулсан. ...” /хх 9-12/,
Ц.Уын хохирогчоор өгсөн “...Би хаалга хаах гээд Гг түлхсэн чинь надад гар хүрлээ гээд намайг хойш цохиж унагасан. Ингээд би хаалга хаах гээд цааш түлхсэн чинь нэг эрэгтэй нь гар утсаараа бичлэг хийж, гурвуулаа намайг хэл амаар доромжлоод байсан. ...Би арай гэж хаалганы бариулаас татаад хаалга хаах гэсэн чинь миний гар руу цохиод гар гэмтээсэн. ...” /хх 16-18/,
гэрч Ж.Батжаргалын "...У гэх эмэгтэй “чамд ямар хамаатай юм, чи гичий, зайл” гэж хэлээд Г гуайг түлхсэн чинь Г зуурах гэсэн богино гартай учраас гар нь хүрэхгүй байх шиг байсан. ...У гэх эмэгтэй түүний хөл рүү нь өшиглөөд авахаар нь би “арай дэндэж байгаа юм биш үү” гэсэн чинь тэр хүүхэн больсон. Тухайн үед тэр эмэгтэй арай дэндүү аашилж байсан. ..." /хх 19-21/
гэрч Э.Золбаярын "... “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Г гэх эмэгтэй, ... Ц.У нар маргалдан, харилцан зодолдсон байдалтай байсан. ...Тэр хоёр нэг нэгэндээ зодуулсан учир шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгон цаашид өргөдлөөр хандана гэсэн учир сүлд-10 буюу жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. ...Г нь намайг өшиглөсөн гээд өмдөн дээрх гутлын улны мөрийг харуулаад байсан. Ц.У хэлэхдээ “би байрныхаа хаалгыг хаах гэтэл Г гэгч ... хаалга хаалгахгүй байхаар нь би түүнийг түлхсэн, ер нь бие биенийгээ түлхэлцсэн. ...” гэж хэлж байсан..." /хх 69-70/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13624 дугаартай "...Ц.Уын биед баруун гарын долоовор, дунд хуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ..." /хх 41-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13618 дугаартай "...Д.Ггийн биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." /хх 46/ гэх дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2-4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Д.Г, Ц.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Г, Ц.У нар нь харилцан бие биедээ хүч хэрэглэсний улмаас хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч болон гэрчийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч Ж.Батжаргал, дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгасан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Сүлд 113 чиглэлийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Золбаяр нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.
Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд Д.Г хохирогчоор “...У намайг “зайл гичий минь, болдог бол чамайг алчихмаар байна шүү” гэж хэлээд миний толгой руу гараараа цохиод, хэвлийн хэсэг болон өвдөг рүү өшиглөхөд ... жижүүр Ж.Батжаргал ... биднийг салгасан. ...” гэж,
Ц.У хохирогчоор “...Би хаалга хаах гээд Гг түлхсэн чинь надад гар хүрлээ гээд намайг хойш цохиж унагасан. Ингээд би хаалга хаах гээд цааш түлхсэн чинь нэг эрэгтэй нь гар утсаараа бичлэг хийж, гурвуулаа намайг хэл амаар доромжлоод байсан. ...Би арай гэж хаалганы бариулаас татаад хаалга хаах гэсэн чинь миний гар руу цохиод гар гэмтээсэн. ...” гэж тус тус мэдүүлдэг бөгөөд эдгээр мэдүүлэг нь гэрч Ж.Батжаргалын мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогджээ.
Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч нар хоорондоо маргалдаж, бие биенээ түлхэх, зууралдах, ноцолдох зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл дээрээ маргаагүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч нар маргалдсаны улмаас ноцолдох, зууралдах зэргээр хүч хэрэглэх явцдаа бие биедээ хөнгөн хохирол учруулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Г, Ц.У нарын харилцан зодолдсоны улмаас хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хэн алинд нь ялгамжтай байдлаар буюу шүүгдэгч Д.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Ггийн “...Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар гэм буруу нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “гэм буруутай нь хангалттай нотлогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Ц.Уын “...Би өрөөнөөсөө гаргахгүй бол эд хөрөнгө эвдэж сүйтгээд, улмаар элдвээр харааж доромжлоод байсан тул гаргах гэж ноцолдсоноос өөр үйлдэл хийгээгүй билээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/673 дугаартай шийтгэх тогтоолоос надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Д.Г, Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/673 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Д.Г, Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ