Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2018/00084

 

Т.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00299 дүгээр шийдвэртэй,

тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, Т.М-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газар, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б-ын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин хөлсний олговор болон ажилгүй байсан хугацааны цалин 2957599 төгрөг гаргуулан, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Монгол улсын иргэн Т.М би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 110\ШШ2017\0071 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын “газрын даамал”-ын ажилд эгүүлэн томилогдсон. Шүүхийн шийдвэрт хариуцагч хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 8-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 766630 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 76630 төгрөгийг нөхөн төлөхийг ажил олгогчид нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөх, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 08-ыг хүртэл 1 сар 8 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 766630 төгрөг, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 76630 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид шилжүүлэх.” гэжээ.  

 

            Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: “Ажил олгогчоос Т.М миний сарын үндсэн цалин хөлсийг шинээр тодорхойлон ирүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна.

 

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 2017 оны 11 дүгээр сарын 08-аас 2017 оны 12 дугаар сарын 31-ыг хүртэл авах цалингийн зөрүү 139697 төгрөгийг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөх. Өмнөх шаардлага нь 766630 төгрөг хэвээр байна. Нийт нэхэмжлэлийн үнийн дүн 906327 төгрөг

 

2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 04 дугаар сарын 30-ыг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2051272 төгрөг, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөхийг хүсэж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь 2957599 төгрөг болж байна. Өсгөн нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн нь 1424339 төгрөг болж байна.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Т-ний тайлбарт: “Нэхэмжлэгч Т.М 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 766630 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахыг шаардсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг "хариуцагч" гэж заасан байдаг. Гэтэл Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн албан тушаалтны хувьд тушаал, шийдвэр гараагүй газрын даамал Т.М-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга "хариуцагч” биш гэж үзсэн учраас давж заалдах шатны шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч Т.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 766630 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс нөхөн төлж өгөх боломжгүй байна. Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тушаал шийдвэр гаргасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга хууль ёсны "хариуцагч" мөн учраас цалин хөлсний нөхөн олговор болох 766,630 төгрөгийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Б-аас гаргуулах нь зүйтэй гэж ойлгож байна.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б-ын тайлбарт: Т.М-ийн нэхэмжлэлтэй танилцав. Газрын даамлын асуудал 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс шинэ бүтэц зохион байгуулалтад орж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтцэд багтсан байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинэ бүтцээр шинэ ажлын байранд үр дүнгийн гэрээ хийж ажилд томилогдоогүй тул цалин өгөх боломжгүй болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00299 дугаар шийдвэрээр:

 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс 891725 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс 2045024 төгрөгийг тус тус гаргуулан Т.М-т олгосугай.

 

2. Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг баримтлан Т.М-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 891725 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 113249 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт, ажил олгогчоос Т.М-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 2045024 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 259718 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус үүрэг болгосугай.” шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б-ын давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00299 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд :

 

1. Т.М нь Ногооннуур сумын газрын даамлаар ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлж Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцогдон ажлаасаа чөлөөлөгдсөн.

 

2. 2018 оны 1 дүгээр сараас эхлэн сумдын газрын даамлуудын ажлын байрны тодорхойлолт нь өөрчлөгдөж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын харьяанд орж ирсэн бөгөөд тус газрын дарга Т.М-ийг ажилд томилсон шийдвэр гаргаагүй, үр дүнгийн гэрээ хийгээгүй, цалин тогтоогоогүй байхад шүүх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өмнөөс цалин тогтоосон шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Т.М нь анх шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 766630 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 76630 төгрөгийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөх, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 сар 8 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 766630 төгрөг, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 76630 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл авах цалингийн зөрүү 139697 төгрөгийг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөх. Өмнөх шаардлага нь 766630 төгрөгтэйгээ нийт 906327 төгрөг гаргуулах, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2051272 төгрөг, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс 891725 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс 2045024 төгрөгийг тус тус гаргуулан Т.М-т олгож, Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг баримтлан Т.М-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 891725 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 113249 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт, ажил олгогчоос Т.М-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 2045024 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 259718 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.М-ийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Ногооннуур сумын газрын даамлын албан тушаалаас түр чөлөөлсөн бөгөөд Т.М нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2017/0071 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2591961 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гарсан боловч Т.Мийг урьд эрхэлж байсан ажил томилоогүй байна.    

 

Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 389574 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

 

Сумдын газрын даамлын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж шинэ бүтэц зохион байгуулалтад орж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтцэд хамаарч цалингийн сан тухайн сумдын Засаг даргын Тамгын газраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагчийн “Т.М-ийг ажилд томилсон шийдвэр гараагүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тогтоогоогүй байхад шүүх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өмнөөс цалин тогтоосон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2017/0071 дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр биелэгдээгүйг тэмдэглэж, ажилтан Т.М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 891725 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2045024 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Т.М-т олгож, тус хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулан тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б-ын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ