| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/04740/И |
| Дугаар | 101/ШШ2021/00169 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/00169
2021 01 15 101/ШШ2021/00169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.О,
Хариуцагч: Б.Г нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 69.525.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Г болон П.О, Б.Г нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 45.000.000 төгрөгийг, 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан.
Мөн өдрийн барьцааны гэрээгээр П.О, Б.Г нар өөрсдийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204102117 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13321/, 0 гудамж, 0а байрны 5 тоот хаягт байршилтай, 67.8 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Нэхэмжлэгч нь 2019.07.02-ны өдөр 45.000.000 төгрөгийг хариуцагч П.О-н ХААН банкны дансанд шилжүүлсэн.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар зээлээ төлөөгүй бөгөөд мөнгөө шаардахаар удахгүй өгнө эх боловч нэг ч төгрөг төлөөгүй учраас тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уулзалтад ирээгүй учир шүүхэд 2020.06.04-ний өдөр, 2020.06.22-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан.
Гэтэл хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 181/ШШ2020/02168 дугаартай эрэн сурвалжлах шийдвэр гарч, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хариуцагч нарыг анх нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаг болохыг олж тогтоож өгсөн.
Хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүрэг шаардахаар бөөнд нь төлнө гэдэг хариу өгдөг байсан. Зээл авах үедээ П.О нь хөдөө ажилладаг гэдэг байснаа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас хойш компани тендерт оролцох болсон, гадны хөрөнгө оруулалт зогссон гэж ярих болсон.
2020.12.18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс эвлэрэхийг хүсч, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад нь зөвшөөрсөн, гэтэл 2020.12.25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулчихвал 26-ны өдөр тендерийн мөнгө орж ирэх болочихлоо гэсэн мөртлөө өнөөдрийг хүртэл эвлэрэлд хүрээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу П.О, Б.Г нараас үндсэн зээл 45.000.000 төгрөг, гэрээний 3.7-д зааснаар алданги 22.500.000 төгрөг, 6 сарын хугацааны хүү 8.100.000 төгрөг, нийт 75.600.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
П.О, Б.Г нар зээлийн гэрээний хугацаанд 2019.10.19-ний өдөр 1.350.000 төгрөг, 2019.09.05-ны өдөр 1.350.000 төгрөг, 2019.07.30-ны өдөр 1.350.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөг төлсөн.
Иймд хариуцагч П.О, Б.Г нарын төлсөн 4.050.000 төгрөгийг үндсэн зээл 45.000.000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 40.950.000 төгрөг, 6 сарын хугацааны хүү 8.100.000 төгрөг, алданги 20.475.000 төгрөг, нийт 69.525.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.О, Б.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Бид нар тодорхой хэмжээний хүү төлж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ковид-19 цар тахал гарсны улмаас Солонгос хөрөнгө оруулагч ирж чадахгүй болж ажил зогссон. Ажилгүй болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэжээ.
/хх-ийн 24-25 тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч П.О, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45.000.000 төгрөг, алданги 22.500.000 төгрөг, хүү 8.100.000 төгрөг, нийт 75.600.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх шаардлагаас хариуцагч нарын төлсөн 4.050.000 төгрөгийг хасч, 69.525.000 төгрөг болгож, уг шаардлагаа дэмжиж байна.
Зээлдүүлэгч Э.Г нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 45.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, /2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл/ сарын 3 хувийн хүүтэйгээр П.О, Б.Г нарт зээлдүүлэх, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгч нараар төлүүлэх,
Зээлдэгч П.О, Б.Г нар зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний зээлдүүлэгч талд Э.Г, зээлдэгч талд П.О, Б.Г нар гарын үсэг зурцгаасан байна.
/хх-ийн 6 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож П.О, Б.Г нар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204102117 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13321/, 0 гудамж, 0а байр, 5 тоот хаягт байршилтай, 67.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг Э.Г-тэй байгуулсан байх бөгөөд уг гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
/хх-ийн 7-8 тал/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ”үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу талууд барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээний талаар зохигч маргаагүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, тухайн гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”
Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д: ”Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд хүү авах зээлийн гэрээг бичгээр хийсэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө талдаа анз төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Г нь гэрээний зүйл болох 45.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч П.О-н ХААН банк ХХК дах 0 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч П.О нь зээлийн гэрээний үүрэгт 2019.10.19-ний өдөр 1.350.000 төгрөг, 2019.09.05-ны өдөр 1.350.000 төгрөг, 2019.07.30-ны өдөр 1.350.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Г-н 5037522688 тоот дансанд буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч П.О, Б.Г нар нь зээлийн гэрээний үүрэгт тодорхой хэмжээний хүү төлсөн, Ковид-19 цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажил зогссон, үүнээс шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн гэж маргасан.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас төлсөн 4.050.000 төгрөгийг үндсэн зээл 45.000.000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 40.950.000 төгрөг, 6 сарын хугацааны хүү 8.100.000 төгрөг, алданги 20.475.000 төгрөг, нийт 69.525.000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх ба хариуцагч нарын зүгээс үүнээс өөр төлөлт хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Дээр дурдсан байдлаас дүгнэхэд хариуцагч П.О, Б.Г нар нь зээлийн гэрээний үүрэгт 4.050.000 төгрөгөөс өөр төлөлт хийсэн болон Ковид-19 цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажил зогссон гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болжээ.
Иймд хариуцагч П.О, Б.Г нар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Э.Г-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 40.950.000 төгрөг, 6 сарын хугацааны хүү 8.100.000 төгрөг, алданги 20.475.000 төгрөг, нийт 69.525.000 төгрөг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйл болох
Эрхийн улсын бүртгэлийн Y-2204102117 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13321/, 0 гудамж, 0 а байр, 5 тоот хаягт байршилтай, 67.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг 69.525.000 төгрөг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч П.О, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 40.950.000 төгрөг, хүү 8.100.000 төгрөг, алданги 20.475.000 төгрөг, нийт 69.525.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.О, Б.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г, П.О нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13321/, 0 гудамж, 0а байр, 5 тоот хаягт байршилтай, 67.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.О, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 575.775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 606.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ