| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/77 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-д холбогдох эрүүгийн 2338003680470 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ү-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ү- нь 2022 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөндийн даваа гэх газарт талбай тусгаарлалтын ойд улсын дугааргүй ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэн ачиж уулнаас буух үедээ жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь уул уруу өнхөрч ургаа модыг очиж мөргөсний улмаас зорчин явсан М.А-ийн гавал тархинд хавсарсан битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338003680470 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ү- нь 2022 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөндийн даваа гэх газарт талбай тусгаарлалтын ойд улсын дугааргүй Газ-66 маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэн ачиж уулнаас буух үедээ жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь уул уруу өнхөрч ургаа модыг очиж мөргөсний улмаас зорчин явсан М.А-ийн гавал тархинд хавсарсан битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ү-: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /модны холтос мөргөсөн гэх талдаа халцарсан, ховхорсон, модны гол хэсэг харалдаа байв. Зураг авсан хэсгийн доод талд салхины шилний хагархай хэсэг, суудлын зөөлөн порлон, гэрлийн шилний цайрын хэсэг, гишгүүрийн төмөр хэсэг ...байв/ гэх тэмдэглэл /хх-ийн 29-32 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /ерөнхийдөө эвдрэл гэмтэл ихтэй, мод мөргөсөн гэх жолооч талын салхины шил хагарсан, жолоочийн эсрэг талын арыг харах цонхны шил байхгүй, жолооч талын их гэрэл болон дохионы гэрэл хагарч ажиллахгүй болсон. Кабины хэсэг хонхойж чихэгдсэн/ гэх тэмдэглэл /хх-ийн 33-36 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Н-н өгсөн: “...Би талийгаач дүү М.А-тай 2022 оны 09 сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд таарсан юм. Талийгаач надад "Эрдэнэбулган сум руу самарт явна, танайд очно" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би "за тэгээрэй, манай гэрт очоод байж бай, би хот орчихоод ирье" гэж хэлээд салсан. Тэрнээс хойш огт уулзаж, холбоо бариагүй, би утас руу нь хааяа хааяадаа залгахад ерөөсөө холбогдох боломжгүй байгаад байсан. ...Түнэл сумын хэсгийн төлөөлөгч Н-с дүүгээ нас барсан болохыг нь дуулсан. Миний мэдэх зүйл энэ л байна. Амь хохирогч М.А- нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Ер нь өвчин зовлон яриад байдаггүй хүн байсан, хааяа нэг над руу залгахаараа архины мөнгө л асуудаг байсан. Надад яг мэдэх зүйл бол байхгүй. Би Д.Ү-гийн хүргэн Ө.Б-ээс сонсоход "У- ах, Д.Ү- ах, М.А- ах эд нар хамт Түнэл сумын нутагт Газ-66 машинтай явж байгаад осолдож мод мөргөсөн" гэж хэлсэн. Би энэ талаар лавлаж сумын иргэн "Х- У-" /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/-гаас тодруулахад "тийм, ийм зүйл болсон, талийгч М.А- тухайн үед ослоос болж машины шил толгойгоороо мөргөж, нэлээн манарчихсан буюу ухаан балартсан байсан" гэж л хэлсэн. Д.Ү-гийн хоньчин Г- гэх хүн бол юу болсон талаар хамгийн сайн мэдэх хүн гэж Ө.Б- надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэрч Ө.Б-ий өгсөн: “...Намайг Д.Ү- ахынд очиход Д.Ү- ах, түүний эхнэр О-, талийгч М.А-, Ц- ахын хамаатны хүн болох Г- нар байсан. Ц- ахынд ирээд цай уучихаад удаагүй Ц- ахын мод тусгаарлалтын талбайгаас мод ачихаар явсан. Би явахдаа талийгаач М.А-, Ц- ахын хамаатны ах болох Г- нарыг авч явсан. Энэ хоёр хүнийг авч явахад хоёулаа архи уусан байсан. Талийгаач М.А- ах нилээн согтолттой, Г- ах арай гайгүй байсан. Бид нар 16 цагийн орчим мод руу яваад модондоо 17 цагийн орчим очсон. Модонд очоод талбай тусгаарлалтын талбайд өмнө бэлтгэсэн байсан бэлэн модыг Г- ахтай хамт ачсан. Тухайн үед талийгаачийг мод ачаад өг гэхэд "ахынх нь толгой өвдөөд байна" гээд буугаагүй, модыг 18 цагийн орчим ачиж дууссан, тухайн үед нар бүрэн жаргаагүй байсан. Тэгээд наашаа уруудаад явж байтал цас орж эхэлсэн. Мөн миний машины ремэн амраагч нь мултарч унаад тэрэнтэйгээ ноцолдсоор байгаад бараг 20 цагийн үед янзалж дууссан. Тэгээд явж байтал цас нилээн орж цасаар шуураад явж болохгүй замгүй болчихоор нь Ц- ахын малыг нь хардаг З- гэх ахынд очсон. З- ахынд очиход 22 цаг 30 минут болж байсан. З- ахынд байхад талийгаач толгой өвдөөд байна гэхээр нь З- ахаас толгойны эм авч өгсөн. З- ахынд очиход З- ах хоёр хүүхдийнхээ хамт байсан. Тэндээ хоноод өглөө 09 цагийн орчим босоод явъя гэхэд талийгаач хурхираад унтаад байсан. Тэгээд 10 цагийн орчим дуудаж сэрээхэд урдаас буруу зөрүү юм яриад ухаан санаа нь орж гараад байх шиг байсан. Тухайн үед "амьддаа ээж дээрээ очмоор байна" гээд байсан. Тэгээд би З- ахын эхнэр Э- эгчтэй уулзаад "энэ хүн холын хүн байгаа юм, би суманд хүн танихгүй, Ц- ах аймгийн төв явсан байна, та эмнэлэг рүү авч яваад хэвтүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд шууд сумын эмнэлэг дээр авчраад эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. ... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Талийгч М.А- ахын дээрээс мод унасан зүйл байхгүй. Мод бэлтгэж байх үед талийгч "миний үзүү рүү хатгачихлаа, толгой өвдөөд байна" гэхээр нь мод унагаахад модны үзүүр цохичихсон юм биш биз дээ гэж ярилцаж байсан. Ер нь талийгч мод бэлтгэхээс өмнө толгой өвдөөд байна гэж ярьж байсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө нэг зүйлийг хэлээгүй орхигдуулсан байна. 2022 оны 09 дүгээр 20-д нилээн гарчихсан байсан. Миний хадам ах Д.Ү-, Х-, Т-, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Х-ын У-, Д.Ү- ахын малчин Г-, Х-ын найз Д-, Ш-, талийгч М.А- нар Д.Ү- ахын талбай тусгаарлалтын ойгоос мод бэлтгэсэн гэсэн. Энэ үед Д.Ү- ах өөрийн эзэмшлийн улсын дугаарыг мэдэхгүй ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад ойгоос мод бэлтгэсэн тээврийн хэрэгсэлдээ ачсан ба уулнаас Д.Ү- ах жолоодоод бууж явахад нь уг тээврийн хэрэгслийн мост мултраад өнхрөх үедээ ургаа бүдүүн мод мөргөөд зогссон байсан. Осол болох үед тээврийн хэрэгсэл дотор Д.Ү- ахтай хамт талийгч М.А- ах явсан бөгөөд тээврийн хэрэгслийн мост нь мултраад байсан учир мостны ричак бариад явж байсан гэсэн. Ослын дараа Д.Ү-, М.А- ах нар ярихдаа хоёулаа ухаан алдсан бөгөөд нилээн хэсэг хугацааны дараа ухаан ороод өвчнөө намдаах зорилгоор нэмж архи уусан юм шиг байсан лээ. Миний хувьд тэнд байгаагүй учраас болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй. Тэнд байсан хүмүүсийн ярьсан зүйлийг ярьж байна. Осол болсноос хойш талийгч хаяа хаяа бөөлжиж, толгой нь өвдөөд, өвдөлтөө намжаах зорилгоор байнга л архи ууж байсан юм шиг байна лээ. Г-, М.А- ах нар архи уугаад сууж байхдаа "чи их азтай хүн шүү, тийм зүйлээс амьд үлдэж байдаг" гээд ярьдаг л байсан. Үүний дараа Д.Ү-, Х-, Т-, Г-, талийгч Аптанхуяг, Ц- ахын эхнэр О-, Т-ын эхнэр О- нар самарт явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-32, 74-75 тал/,
Гэрч Б.Г-ын өгсөн: “...Модонд очоод мод бэлтгэж Ө.Б-ий машинд эхэлж ачиж дуусгаад З-гийн машинд ачих модоо бэлтгэж байтал үүр цайсан. Намайг дээрээс мод ташаалдаад уруудаж явтал Ө.Б- дуудсан. Яваад очиход М.А- газарт ёолоод хэвтэж байсан. Тэгээд яачив гэж асуухад Ө.Б- хариулахдаа "мод унагаасан чинь модны нарийн үзүүрт цохиулчихлаа" гэсэн. Тухайн үед З- ойрхон мод ярлаж байгаад ирсэн гээд зогсож байсан. Болсон асуудлын талаар мэдэж байгаа. Сүүлийн машин модыг талийгч ачилцаагүй, миний толгой өвдөөд байна гээд машины кабинд хэвтээд унтаад байгаа бололтой байсан. Мод ачиж дуусаад наашаа хөдлөөд явж байхад талийгч толгой өвдөөд байна гээд ёолоод, унтаад явсан. З-гийн гадаа ирэхэд талийгч ухаангүй, амьсгаатай байсан ба бид нар өргөж талийгчийг З-гийнд өргөж оруулсан. Тухайн үед талийгч өмдөндөө шээчихсэн байсан ба өмд болон дотоожийг З-гийн эхнэр Энхээ сольж З-гийн өмд, дотоожийг өмсүүлсэн. З-гийн нэлээн хэсэг унтуулаад З-гийн машинд суулгаж би түшээд сумын төв орж ирээд Ц-гийнд ирсэн. Ц-гийнд ирэх замдаа унтаад байгаа юм уу гэлтэй байсан. Бид нартай юу ч яриагүй. Тэгээд сумын эмнэлэгт дуудлага өгөөд С- гэх эмч ирж үзээд цагаан өнгийн Приус маркийн машинаар сумын хүн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд намайг Ө.Б-ий хамт аймгийн төв рүү орж Ө.Б-ий хадам ах Ү-ын хашаанд ачсан модоо буулгаад байж байтал утсаар эмч залгаад нас барчихлаа гэж мэдэгдсэн. Тэгээд аймгийн төвөөс Д.Ү-гийн ээж Э-, Ө.Б-ээ, Д.Ү-, О- бид нар хоёр машинтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/,
Гэрч Б.Г-ын өгсөн: “...Яг цохиулчихлаа гэсэн зүйл Ө.Б- яриагүй юм. Тухайн үед Ө.Б- зүгээр таамаглаж ярьж байсан. Мод унагаах үед модны үзүүр цохичихсон юм биш биз дээ гэж л бид нарын хооронд харилцан яриа болсон юм. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бага зэргийн буруу ойлгуулж ярьсан юм байна. Би талийгч М.А-, Д.Ү-, Х-, Д-, Ш-, У- гэх хүмүүсийн хамт 2022 оны 09 сар нэлээн гарчихсан байхад бил үү эсхүл 2022 оны 10 сарын 02-ны өдрөөс лав хэтрээгүй байсан, ямар ч байсан цас ороогүй байсан юм, бид нар Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр "Хөндийн даваа" гэх газар буюу Д.Ү-гийн талбай тусгаарлалтын ойгоос мод бэлтгэсэн юм. Бид нар Д.Ү-гийн ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл болон Д-гийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очицгоосон. Модоо бэлтгээд ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Д.Ү- өөрөө машинаа жолоодоод хажууд нь талийгч М.А- сууж арааг нь бариад, тэр хоёр уулын уруу уруудсан юм. Үлдсэн бид нар уулын уруу алхацгаасан. Тэгтэл Д.Ү- жолоогоо алдаж, машин хурдаараа уруудаж, нойтон бүдүүн модыг машин мөргөж зогссон. Бид нар яваад очиход машины урд тал нь айхтар эвдрэл гэмтэлтэй, кабины шил хагарсан гээд л машин бол авах юмгүй болсон байсан. Дотор нь Д.Ү- руль, суудал хоёрынхоо дунд хавчуулагдсан байхаар нь Х- өргөж буулгасан. Тэр үед талийгч М.А- өөрөө машинаас буугаад ирсэн. Бууж ирээд байж байхдаа М.А- толгойныхоо ар дагз хэсгийг бариад "толгой өвдөөд байна" гэж хэлж байсан. Ослоос болж машины хойд талын цонхоор ачиж явж байсан мод кабин дотор луу ороод ирсэн байсан болохоор би бодохдоо талийгчийн толгой руу мод цохисон байж магадгүй гэж бодсон. Эсхүл кабины шил ч юм уу өөр зүйлийг хүчтэй мөргөсөн байж магадгүй. Ямар ч л байсан М.А- толгой өвдөөд байна гэж тухайн үед ярьж байсан. Тэгээд бид нар осолдсон машинаа орхиод Д-гийн машинд сууж Д.Ү-гийн гэрт очоод хоносон. Энэ явдлаас хойш талийгч М.А- толгой өвдөөд байна гэж хааяа хааяа ярьдаг байсан, бас бөөлждөг үе ч байсан. Гэхдээ архинаас болж бөөлждөг байсан юм уу эсхүл толгойн өвдөлтөөсөө болдог байсныг нь би мэдэхгүй. Талийгч М.А- ер нь байнгын л архи уудаг байсан даа. Талийгч М.А- бид хоёр л ер нь хамт байдаг байсан. Хамтдаа өвсөнд явна, модонд явна гэх мэт хийх ажил байвал хийгээд Д.Ү-гийн гэрт байдаг байсан. Дээрх явдлаас хойш толгой өвдөж байна гээд үе үе надад хэлэхээр нь би түүнд хандаж "тэгэхгүй яадаг юм, тийм аймар осол болсон юм чинь, харин ч азтай байна, машин тийм аймар болсон байхад" гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/,
Гэрч Д.Э-ы өгсөн: “...тэгээд өчигдөр өглөө бид нар аажуу босоод нөгөө хүнээ явъя гэхэд унтаад байх шиг болохоор нь унтаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Миний хувьд тэр хүмүүсийг сумын төвд таних хүн байхгүй гэхээр нь зуучилж эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/,
Гэрч Ш.БатЗ-гийн өгсөн: “...Тэгээд хамт цаашаа яваад ойгоос мод бэлтгэсэн. Мод бэлтгэж байтал Г-г талийгч залуу дуудлаа гээд цаашаа явахаар нь юу болсон юм бол гэж бодоод араас нь яваад очтол газарт унасан байсан модон дээр талийгч залуу сууж байсан. Талийгч залуу надад ярихдаа "дээрээс модны үзүүр уначихлаа гээд хүзүү рүүгээ заагаад энүүгээр их өвдөж байна гэж байсан. Тухайн үед Г- толгойг нь барьж өгч байгаа харагдсан. Удалгүй тэр залуу арай гайгүй болсон юм уу гэлтэй бие засаад яваад байсан. Жаахан байж байгаад харсан чинь машин руугаа ороод суучихсан харагдсан. Миний хувьд машиндаа түлээгээд ачиж дуусаагүй байсан учраас машин руу очсон. Намайг машин дээрээ очоод удаагүй байхад араас Ө.Б-, Г- хоёр очиж хамт мод ачилцаад наашаа хөдөлсөн. Манай гэрийн гадаа ирэхэд талийгч залуу унтаад байгаа юм уу гэлтэй, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгсэн Ө.Б-, Г- хоёр машинаас өргөж буулгаад манай гэрт өргөж оруулсан. Би тэр залууд ор засаж өгөөд бид нар унтаж амарсан. Би өглөө эрт босоод малаа эргэж тойрч яваад 10 цагийн үед ирэхэд талийгч залуугийн бие нь муу байна гэж ярьцгаагаад, манай эхнэрийг хүн таньдгаараа та хамт яваад өгөөч гээд манай эхнэрийг дагуулаад явсан. Тэгээд эмнэлэгт аваачсан гэсэн. Ийм л зүйл болсон. Надтай хамт явж байхдаа архи уусан зүйл байхгүй. Тэрнээс өмнө уучихсан байсан. Миний машинд сууж явахдаа бие жаахан арзайгаад өвдөөд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,
Гэрч И.Ө-ын өгсөн: “...Би амь хохирогчийг танихгүй. Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 30-ны өдрийн 14:30 цагийн үед С- эмч эмнэлэг дээр бие муутай хүн ирлээ гэж хэлээд би дээрх иргэнийг үзсэн. Тухайн хүний биеийн байдал маш хүнд ухаангүй ирсэн байсан. Даралт пульс нь унасан хэлбэлзэлтэй сатуурац нь бага 53-тай байсан. Хүчилтөрөгчийн хангамж гэсэн үг л дээ. Нүүр нь хөхөлбөр туяатай уруул хөхөлбөр туяатай амьсгал тасалдаг маш муу байсан. Бөөлжисний ул мөртэй хувцас хунар нь заваарсан байсан. Үе үе таталт өгч байсан. Тухайн үед яаралтай шаардлагатай эм тариа хийсэн боловч үр дүн өгөлгүй 15 цаг 10 минутад амьсгал, судасны үйл ажиллагаа шууд зогссон. Тэгээд 30 орчим минут сэхээн амьдруулах, амьсгалуулах ажиллагаа хийсэн боловч амьсгалын үйл ажиллагаа сэргээгүй нас барсан. Энэ талаар сумын хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдэж ажилласан. Эмнэлэгт ирээд 40 орчим минут болоод нас барсан. Биеийн гадна хэсэгт ямар нэгэн ил шарх сорвигүй байсан. Зүүн өвдөгний дээд, доод талд нь хуучин сорви байсан. Лаборонт дуудаж шинжилгээ авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,
Гэрч Д.М-ы өгсөн: “...Би амь хохирогчийг танина. Манай нөхрийн найз байгаа юм. Манайд 2022 оны 08 сарын сүүлээр байх Мөрөн суманд бид хоёрыг явж байхад таарч Түнэлд манайд ирсэн. Манайд ирээд хадлан авалцсан. Тэгээд бид нар 2022 оны 09 сарын 20-ны орчим самарт Эрдэнэбулган сумын Зэрлэг гэх газарт очиж бид 10 гаруй хоноод ирсэн. Бидэнтэй М.А- нь байнга хамт байсан. Тэгээд самраас ирээд манайх нүүдэл суудал хийгээд, мөн өвлийн бэлтгэл мод түлээ бэлдэхэд хамт яваад манайд байсан. Тэгээд хөдөө манай гэрт манай малыг харж хөдөө хэд хоносон. Самарт явж ирсэн цагаас хойш архи их ууж байсан. Тэгсэн бие нь ядарч цагаан мах гарчихаад эмчилгээ хийлгэж байсан. Манай нөхөр бид хоёр аймгийн төв орох болгондоо авч ордог. Нэлээн хэдэн удаа хот явуулах гэж мөнгө өгч явуулах гэж үзсэн. Өгсөн мөнгөөр архи уучихаад л согтуу ирдэг. Тэгээд аймгийн Төвөөс Түнэл суманд ирэхэд дагаад л гараад ирдэг. 2022 оны 10 сарын 29-ний өдөр байх Д.Ү- бид хоёр аймаг явах гэж байсан чинь хамт явна гэж байснаа Ө.Б- манайд ирсэн чинь Ө.Б- дүүтэй хамт модыг нь ачиж өгөөд орно гээд үлдсэн юм. М.А- болохоор ээж маань эмнэлэгт хэвтэж байгаа эмнэлгээс гарахаар хот явна гэж байсан. Би нөхөр Д.Ү-гийн хамт Мөрөн орж хоноод өчигдөр буюу 2022 оны 10 сарны 30-ны өдөр гарч ирэх гэж байхад М.А- ах сумын төвд гэрт ирээд унтаад бие муу байна гэж байсан. Тэгээд эмчид үзүүлсэн юм уу гэхэд эмнэлэг дээр аваад ирсэн хэвтүүлэх гэж байна гэж Ө.Б- утсаар холбогдсон. Тэгээд удалгүй дахин юу болж байна гэхэд эмнэлэг очоод нас барчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Д-гийн өгсөн: “...Тэгээд хоолоо идээд, дахиж ачиж ирнэ гээд сууцгааж байсан. Би хоол идээд тэнд байсан хүмүүсийн хамт Ц- ахын ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл суугаад мод ачихаар дээшээ авсан. Тухайн үед Ц- ах өөрөө машинаа жолоодож явсан ба мод бэлтгэсэн талбай руу очиж бэлтгэсэн модыг ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Ц- ах машинаа өөрөө жолоодоод, машиных араа мултардаг гээд найз нь гэх ах арааг нь хоёр гараараа бариад уруудсан. Харин Х-, У- бид гурав явган буухаар болсон. Х- бид хоёр түрүүлж явган бууж явсан ба Ц- ах машин замаар машинаа жолоодоод зөөлөн бууж яваа харагдсан. Ц- ахын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хажууд У- дагаад явж байсан. Удалгүй У- "хөөе машинаа алдчихлаа" гээд Х- бид хоёрын араас орилохоор нь эргээд хартал Ц- ахын жолоодож явсан ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл огцом уруу руу хурдаараа орж байгаа харагдсан. Удалгүй тас няс хийх чимээ гараад ургаа бүдүүн мод мөргөөд зогссон. Модыг тээврийн хэрэгслийн хамрын гол хэсгээр мөргөсөн байсан ба тэвшин дээр ачиж явсан мод нь юм мөргөх үед арагшаа түрж ороод хойд шилийг нь хагалаад кабин руу орсон байсан. Х- бид хоёр очоод Х- Ц- ахын талын хаалгыг онгойлгоход Ц- ах тээврийн хэрэгслийн үрүүл, суудал хоёрын дунд хавчуулагдах маягтай байсан. Ц- ахыг Х- өргөж буулгасан. Ц- ахыг машинаас буулгахад шоконд орсон байдалтай байсан, би доошоо гүйж гудас авчраад дээр хэвтүүлсэн. Харин хамт найз нь өөрөө машинаас буусан ба машинаас буугаад Ц- хөгшөөн гайгүй юу гэж асууж байсан. Намайг тэр ахаас таны бие гайгүй юу гэхэд "толгойн ар дагзаараа шил мөргөчихлөө гэхдээ гайгүй байна" гэж байсан. Ц- ахын найз нь машины кабинд мотор дээр хойшоо харсан байрлалтай суугаад арааг барьж явсан. Бид нар тэндээ хэсэг байж байгаад гэр лүү нь явсан. Ц- ахын гэрт очоод нэг шил архи, нэг пиво уугаад унтаж амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 тал/,
Гэрч А.М-ийн өгсөн: “...2022 оны 05 сард байх би түүнтэй таарч ГАЗ-66 машины ойр зуурын сэлбэг байна уу дүү гэж асуухад “манай хашаанд эвдэрхий явахаа байсан ГАЗ-66 байгаа, та хэрэгтэй бол авахгүй юу гэхээр нь ахад нь амьжиргаа цагаан гэх машин байна хоёулаа түүгээр үнэ тохиръё гэж хэлээд хашаанд нь байсан ГАЗ-66 машиныг авч явсан. Улсын дугааргүй, гэрчилгээ гэх зүйлгүй байсан. Би задалж эд ангийг нь машины сэлбэг болгосон болохоор гэрчилгээг нь сонирхоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 тал/,
Гэрч Д.Ш-ийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр байх сар өдрийг нь сайн санахгүй байна. Д-тэй уулзахад Ц- ах мод ачиж байгаад уулнаас бууж байгаад мост нь мултраад машин нь өнхрөөд бүдүүн мод мөргөөд зогссон” гээд өөрийн гар утсан дээр дарсан зургаа үзүүлсэн. Зургийг харахад машин урд хэсгээрээ ургаа бүдүүн мод мөргөөд зогссон байсан. Машин урд хэсгээрээ нэлээн чихэгдсэн хонхойж эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,
Гэрч Э.Б-ын өгсөн: “...Би Д.Ү-гийн тусгаарласан талбайгаас мод ачилцсан. Тэндээс моднуудаа бага багаар нь уулын доошоо зөөж байсан. Д.Ү- машинаа бариад хажууд нь М.А- суугаад явж байсан. Тэгээд нэлээн хэд зөөсний дараа Д.Ү-, М.А- нар доошоо очоод ирэхгүй удаад байхаар нь урдаас нь явж байсан чинь байсан чинь хоёулаа урдаас явж байсан. Та хоёр юу болов гэсэн чинь доошоо уруудаж яваад мод мөргөчихлөө гэсэн явж байсан. Д.Ү- нь толгой жаахан өвдөөд байна гэж байсан. М.А- бол зүгээр байсан. Машиныг үзэхэд жолооч талаараа мод мөргөсөн байсан. Машиных нь араа мултардаг гээд М.А-ийг хажуудаа суулгаад яваад байсныг бол би мэдэхгүй. Би машиныг нь дагаж яваагүй. Модыг нь ачиж өгөөд уулан дээрээ үлдсэн. Ирэхгүй удаад байхаар нь урдаас нь явж байтал мод мөргөчихлөө гээд урдаас ирж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаартай: “...1. Амь хохирогч М.А- нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 2. М.А-ийн цогцост гавал тархинд хавсарсан битүү гэмтэл болон баруун гуянд хуучин зулгаралт, зүүн ухархайн дээд хананд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь нас барахаас 7 ба түүнээс дээш хугацаа /21 хоног/-нд мохоо зүйлээр зүүн шанаа хэсэг рүү цохих үед үүсгэгдсэн бөгөөд нас барахад шууд нөлөөлжээ. Биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь нас барахаас 7 ба түүнээс дээш хугацаанд мохоо зүйлээр үүсгэгдсэн ба амь насанд нөлөөлөөгүй гэмтлүүд болно. 3. М.А-ийн цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч М.А- нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс 4-5 цагийн өмнө нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 108-109 тал/,
Шинжээч эмч М.Батмөнхийн өгсөн: “Эмнэлгийн тусламжийг нас барахаас өмнө нь 1-2 хоног хүртэлх хугацаанд авсан бол аврагдах боломжтой байсан. Амь хохирогч М.А-ийн тархинд үүссэн цусан хурааны шинж байдлаар тогтоосон. Уг бүлэн нь биежсэн, хатуу хальсандаа нягт наалдсан, тогтвортой, мөн уг бүлэн дотор шимэгдэлтийн жижиг шохойжилттой зэргээр харахад бол 7-21, түүнээс дээш хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой архаг хэлбэрийн цусан хураа байсан. М.А-ийн тархинд үүссэн гэмтэл нь нэг удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Энэ нь хуйханд үүссэн цус хуралт, тархинд үүссэн цусан хураа хоёрын чанх харалдаа байгаа байдлаар харагдаж байна. Толгойнд өөр гэмтэл байхгүй зэрэг шинж тэмдгээр тогтоогдож байна. Тухайн гэмтэл авснаас хойш тархины цус алдалтын байдлаас хамаарч толгой өвдөх, дотор муухай оргих, сэтгэл санаа өөрчлөгдөх, цаашлаад цус алдалтын хэмжээ нэмэгдэх тусам явах, ярих, энгийн үйлдэл хийхэд бэрхшээлтэй болж ирнэ. Цусан хураа аажим нэмэгдээд үхэлд хүргэхүйц хэмжээнд хүрсэн тохиолдолд нас барж байгаа юм. Гавал тархины ийм гэмтэлтэй хүн бол тархины цус алдалтын байдлаасаа хамаарч 1-2 сар цаашлаад 3 сар хүртэлх хугацаанд алхаж явах гэх мэт энгийн үйлдэл хийж амьдрах боломжтой байдаг. Биеийн ачаалал авсан тохиолдолд цус алдалтын хэмжээ эрс нэмэгдэж, хоромхон зуур нас барах ч боломжтой байдаг. Тухайн үедээ эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн бол амьд гарах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 575 дугаартай нэмэлт шинжилгээ: “...М.А-ийн цогцост задлан шинжилгээний явцад тогтоогдсон гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд... зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 132-133 тал/,
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдийн: “...1. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6. "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; 2. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4."зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж тус тус заасан байх бөгөөд хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Хөндийн даваа гэх газар байлаа. Хөндийн давааг давалгүй ертөнцийн зүгээр хойноос урагш сунаж тогтсон уулын ам хэсэг буюу ууланд мод ихтэй газар байна. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад тухайн газар нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвасгүй байх тул зам тээврийн осол үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 123-124 тал/,
Шүүгдэгч Д.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар баг Хөндийн даваа гэх газарт М.А-, Д-, Г-, У- гэх мэт хүмүүсийн хамт мод бэлтгэж байсан юм. Тэгээд тухайн үедээ би өөрийнхөө эзэмшлийн ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл дээр модоо ачаад өөрөө жолоогоо бариад хажууд минь талийгч М.А- суугаад бид хоёр уулнаас уруудаж явах үед хоёр модны завсраар гарах үед машин багтахгүй ухасхийгээд л нэг мод мөргөж зогссон юм. Зогссон газраас машинаа ухраагаад хөдөлгөх гэхэд ухрахгүй байхаар нь модоо буулгаад Д-гийн портер дээр ачаад тэндээс явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 138 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хохирогч М.Н-, гэрч Ө.Б-, Б.Г-, Д.Э-, Ш.БатЗ-, И.Ө-, Д.М-, О.Д-, А.М-э, Д.Ш-, Э.Б- нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 575 дугаартай нэмэлт дүгнэлт шинжилгээ, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдийн магадалгаа зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Ү- нь 2022 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөндийн даваа гэх газарт талбай тусгаарлалтын ойд улсын дугааргүй ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэн ачиж уулнаас буух үедээ жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь уул уруу өнхөрч ургаа модыг очиж мөргөсний улмаас зорчин явсан М.А-ийн эрүүл мэндэд гавал тархинд хавсарсан битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.А-ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Ү-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Ү- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Д.Ү- нь өөрийн үйлдлийг хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах санаа зорилгогүйгээр буюу автотээврийн хэрэгсэл эзэмших ашиглах дүрэм, журмыг мөрдөөгүйн улмаас ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр мод ачиж уулнаас буух явцдаа мод мөргөж, автомашинд зорчиж явсан хохирогч М.А-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Д.Ү-гийн гэм буруутай үйлдэл хохирогч М.А-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Ү-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-109 тал/, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 575 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 132-133 тал/-ээр дүгнэлтээр тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...би гомдолтой...” /хх-ийн 40 тал/ гэх мэдүүлгийг өгсөн байх боловч хохирол, хор уршигтай холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ү-гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Оногдуулах ялын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч нас барсан, хохирол төлбөр төлөөгүй болохыг харгалзаж үзээд шүүгдэгч Д.Ү-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол, хор уршгийг зориуд бий болгоогүй. ...Эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 80% акт тогтоогдсон. Байнгын асаргаа сувилгаанд байдаг. Түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Эрх хасах хугацааны тухайд хуульд 2 жил хүртэл гэж байгаа учир мөн эрх хасах ялын тухайд 6 сарын хугацаагаар эрх хасах саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна...” гэж тус тус мэтгэлцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй”, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 139, 141-142, 144-149, 165, 171-183, 185-189 талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ... зэргээр шүүгдэгч Д.Ү- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйл, хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүхээс сонгож хэрэглэсэн тухайд шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч М.А-ийн эрүүл мэндэд гавал тархинд хавсарсан битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан ба үүнээс үүдэлтэй хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н- гаргаагүй боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ү-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Н- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ү-гоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ү- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР