Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/00381

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        01         29                                    101/ШШ2021/00381         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Ц,

 

Хариуцагч: Ш.Ө нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 44,110,718.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагч Ш.Ц, Ш.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш.Ц нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус банктай №06-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №06/5-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 23,000.00 (хорин гурван мянган) ам.долларын зээлийг, сарын 1,1 хувийн хүүтэй, 180-н сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь №06-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ш.Ц, Ш.Ө нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13374/, 0 гудамж, 0В дүгээр байр, 0 тоотын 50.31 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч нь “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгосон боловч зээлдэгч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгчийн бизнесийн орлого, цалинг орлогын эх үүсвэр гэж тодорхойлсон бөгөөд хамтран үүрэг гйүцэтгэгч нас барсан нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг хязгаарлахгүй байхаас гадна гэрээнд нас барснаар үүүргийн гүйцэтгэлээс зохих хасалт хийх талаар тусгасан зүйл байхгүй.   

Зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэхийг 2019.01.11, 2019.08.05, 2020.07.30-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан. Үүнээс гадна гэрээг цуцлахаар тус шүүхэд хандсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.31-ний өдрийн 101/ШШ/2019/00000 дугаартай шийдвэрээр зээлдэгч нарыг үүрэг ялимгүй зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчсөн, мөн өдрөөс хойш зөрчлийг арилгаагүй өдий хүрч байна.

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нараас үндсэн зээлд 10.346,02 ам.доллар, хүүд 18.993,89 ам.доллар, хүүд 27.76 ам.доллар, нийт 29.367.67 ам.доллар төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй. Дээрх зөрчлийн улмаас талуудын хооронд байгуулагдсан №06-н тоот "Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2.-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах нь Иргэний хуулийн 225, 226-д заасантай нийцсэн гэж үзэж байна.

Зээлийн хорооноос ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх боломжгүй гэдэг шийдвэр гаргасан бөгөөд банкнаас бүх зээлдэгчид Ковидтой холбогдуулан зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан талаарх хариуг өгсөн, үүнээс гадна дээрх хүсэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020.12.24-ний өдөр гаргасан байна. Түүнчлэн Монгол банкнаас ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх талаар үүрэг болгосон шийдвэр гараагүй. Гэрээ бол талуудын хүсэл, зоригийн илэрхийлэл, дээрх гэрээний талаар талуудын хэн нэг нь шаардлага гаргаагүй тул хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.  

Зээлдэгч Ш.Ц-той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тэрээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 12,853.98 (арван хоёр мянга найман зуун тавин гурван ам.доллар, ерэн найман цент) ам.доллар, зээлийн үндсэн хүү: 2,568.89 (хоёр мянга таван зуун жаран найман ам.доллар, наян есөн цент) ам.доллар, нэмэгдүүлсэн хүү: 23.80 (хорин гурван ам.доллар, наян цент) ам.доллар, нийт 15,446.67 ам.долларын төлбөр төлөхөөр байгаа бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 16,500.00 (арван зургаан мянган таван зуун) төгрөг болж байна.

Дээрх үндэслэлээр зээлдэгч Ш.Ц-той байгуулсан №06-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 15,446.67 (арван таван мянга дөрвөн зуун дөчин зургаан ам.доллар, жаран долоон цент) ам.доллар, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 16,500.00 (арван зургаан мянган таван зуун) төгрөг буюу нийт 44,110,718.65 (дөчин дөрвөн сая нэг зуун арван мянга долоон зуун арван найман төгрөг, жаран таван мөнгө) төгрөгийг нэхэмжилж байна.

2020.10.08-ны өдрийн Монголбанкны албан ханш 2,854.61 төгрөгөөр ам.долларын ханшийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тооцсон болно.

Хариуцагч Ш.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №06-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Ш.Ц, Ш.Ө нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарг бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13374/, 0 гудамж, 0В дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, 50.31 м.кв талбай бүхий хоёр ороо орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Ш.Ц, Ш.Ө нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ш овогтой Ц нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х банктай өөрийн аав Ч овогтой Ш хамт “Орон сууцны гэрээ” байгуулсан. Энэхүү зээл 23,200 ам.долларын дүнтэй гэрээ билээ. Банк нь биднийг 2019.04.24-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй гэж байна, банкны салбартай удаа дараа уулзаж, ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх хүсэлт гаргахад хариу өгөөгүй өдий хүртэл шийдвэрлээгүй билээ.

Гэрээний үндсэн зээлдэгч нь Ш.Ц, хамтран зээлдэгч нь аав Ч.Ш байсан бөгөөд уг байрыг дүү Ш.Ө-т авч өгсөн юм. Зээлдэгч нас барснаар гэрээний зохих хэсгээс хасалт хийнэ гэж заасны дагуу хасалт хийсэн эсэхийг мэдэхгүй байна.

Өдрөөс өдөрт өсөх долларын ханшны хэлбэлзлийн уршгаар бидэнд зээл төлөхөд хүндрэл учирч эхэлсэн. Анх 2011 онд долларын ханш 1,279 төгрөг байсан бол өнөөдөр 2020 онд ойролцоогоор 2,850 төгрөг хүртэл өссөн. Зээлээ эргүүлэн төлөх хүсэл эрмэлзэлтэй байсан боловч  Ковид 19-ийн улмаас бизнес маань түр зогссон байдалтай болчихоод байна. Биднес доголдсон талаар банкинд бичгээр мэдэгдэж байгаагүй, амаар мэдэгдэж байсан, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардлага гаргасан зүйл байхгүй. 2020 оны 4 болон 11 сард бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээл төлөлтийг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 10.346,02 ам.доллар, хүүд 18.993,89 ам.доллар, хүүд 27.76 ам.доллар, нийт 29.367.67 ам.доллар төлсөн, үүнтэй маргахгүй.

Монголбанкнаас “ханшийн эрсдэлгүйгээр төгрөгт хөрвүүлэх иргэдэд төгрөгөөр зээл олгох боломжийг” бүрдүүлж өгсөн байдаг. Одоо үлдсэн үндсэн зээл, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 15,446.67 ам долларын төлбөрийг 2,000 төгрөгт /2016 оны дундаж ханш/ хөрвүүлэн, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 16,500 төгрөг, нийт 30,909,840 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Мөн ковид-19 цар тахлын энэ онцгой байдлын үед бид зээлийн төлбөрөө хэдий төлөх эрмэлзэлтэй байвч төлбөрөө төлөх боломж алга байна. Миний хувийн бизнест гадаадын хөрөнгө оруулалт батлагдсан байтал хил хаагдсаны улмаас бизнес маань түр зогссон байдалтай байна. Засгийн газар болон банкны зүгээс цар тахалтай холбоотойгоор авч буй арга хэмжээний хүрээнд бид “зээлийн төлбөрийг хойшлуулах” хүсэлт тавьсан бөгөөд банк үүнийг хүлээн авсан билээ.

Иймд “Х” ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 44,110,718.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өвлийн цагт байрыг суллаж өгөх боломж байхгүй.

Харин Ковид 19 өвчин гайгүй болсон тохиолдолд төлөлтийг нэг дор төлөх боломжтой бөгөөд 2021 оны 07 дугаар сар хүртэл дээрх зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хойшлуулах, хойшлуулсан хугацаанд хүү хуримтлагдахгүй, сарын эргэн төлөлтийн дүнд өөрчлөлт орохгүй байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х” ХХК нь хариуцагч Ш.Ц, Ш.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,110,718.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

“Х” ХХК, зээлдэгч Ш.Ц, хамтран зээлдэгч Ч.Ш нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №06 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр 23,200 ам.долларыг, жилийн 13,2 хувь, сарын 1.1 хувийн хүүтэй, зээлийн ерөнхий хугацаа 15 жил буюу 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

/хх-ийн 10-11, 15-16 тал/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №06/5 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр зээлдэгч Ш.Ц, хамтран зээлдэгч Ч.Ш, Ш.Ө нар нь Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13374/, 0 гудамж, 0 в байр, 0 тоот хаягт байршилтай, 50,31 м.кв талбай бүхий, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай, №0 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №06 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т:”Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т:“үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №06/5 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

/хх-ийн 17-19 тал/

Зээлдүүлэгч “Х” ХХК нь зээлдэгчийн ам.доллараар хүссэн зээлийн хариуд зээлийн хорооноос ам.доллараар зээл олгохоор шийдвэрлэсэн, гэрээний зүйл 23,200 ам.долларыг 2011.01.12-ны өдөр зээлдэгчид шилжүүлэн өгчээ.

/хх-ийн 12-14 тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д:”Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Ш.Ц, хамтран зээлдэгч Ч.Ш нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч Ш.Ц шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох...”, 242 дугаар зүйлийн 242.13-д : ”Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” эрхтэй байхаар зохицуулсны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4-т заасан зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч Ш.Ц нь удаа дараа зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч биелүүлээгүй, түүнд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй  тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1-т зааснаар талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тооцон гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

Хариуцагч Ш.Ц, Ш.Ө нар валютын зээлийг төгрөгт шилжүүлэх талаар гэрээнд өөрчлөлт оруулах, зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг зээлдүүлэгчид удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй, ам.долларын ханшийг 2016 оны дундаж 2,000 төгрөгөөр тооцох боломжтой тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн №06 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа 180 сар, тодруулбал 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай, зээлийг, хүүгийн хамт эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсоноос үзэхэд уг гэрээ нь урт хугацаатай гэрээ байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.

Зээлдэгч Ш.Ц нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 9-д гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэлийг тохиролцсон, 9.2-т гэрээг зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах, 9.2.2-т:”Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлийг зохицуулжээ.

Зээлдэгч Ш.Ц нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд үндсэн зээлд 10,346.02 ам.доллар, хүүд 18,993.89 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 27.76 ам.доллар, нийт 29,367.67 ам.доллар төлсөн байх бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

/хх-ийн 50-58 тал/

 

         Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00000 тоот шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болсон нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгэүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж болохгүй талаар дурьджээ. 

 

/хх-ийн 23-29 тал/

 

Хариуцагч Ш.Ц нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус тус  мэдэгдэж байсан байх ба дээрх шийдвэрээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

/хх-ийн 20-22 тал/

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн амьдран суух зорилгоор орон сууц худалдан авахад нь зориулан зээл олгохдоо зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг зээлдэгчийн бизнесийн болон түүний цалин хөлсний орлогыг тодорхойлон үзсэний үндсэн дээр олгосон болох нь  тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, зээлийг төгрөгт шилжүүлэх, зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан боловч шийдвэрлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөхөд хүргэсэн гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Төв болон арилжааны банкнаас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д:”Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтарч хэрэгжүүлнэ” гэж заасан байх ба уг хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

Хариуцагч нь дээрх үндэслэлээр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан эсэх, мөн өөрийн бизнесийн орлого буурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй,  түүнээс гадна Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал дэгдэж эхлэхээс өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй нь зээлдүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулаагүйгээс түүнд учирсан хүндэтгэн үзэх шалтгаан, өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тоцооо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д: ”Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

Зээлдэгч Ш.Ц нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн,  2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т зааснаар гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ. 

Иймд хариуцагч Ш.Ц-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,853.98 ам.доллар, зээлийн үндсэн хүү 2,568.89 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 23.80 ам.доллар, нийт 15,446.67 ам.доллар буюу /2020.10.08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2,854.61 төгрөг/ 44,094,218.65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар зээлээр авсан мөнгөний ханш түүнийг эргүүлэн төлөхөөс өмнө өөрчлөгдсөн, өссөн ба буурсан явдал зээлийг буцаан төлөх мөнгөний дүнд хамаарахгүй юм.

Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харилцан тооцохоор тохиролцсон бол гэрээний нөхцлийн дагуу үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзан тооцох болох бөгөөд талууд 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээндээ ханшны өөрчлөлтийг харгалзан зээлийг төлөх талаар тохиролцоогүй, гэрээний 5.2, 6.2.2-т заасны дагуу зээлийг, хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу валютын дансанд төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулсан байна.

Гадаад валютын зээлийн үүргийг тухайн валютаар нь гүйцэтгэх ба хэрвээ уг мөнгийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.

Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийг зээл байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн болон хариуцагч нарын тайлбарлаж буй 2016 оны Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох боломжгүй байх ба харин нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2,854.61 төгрөгөөр  тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 16,500 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1:”Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т:”Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцногэж заасны дагуу хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосон болно.

/хх-ийн 9 тал/

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Ш.Ц, Ш.Ө нарын өмчлөлийн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13374/, 0 гудамж, 0 в байр, 0 тоот хаягт байршилтай, №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 50,31 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Ш.Ц зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч Ш.Цогт-с зээлийн гэрээний үүрэгт 44,110,718.65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

         2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

Ш.Ц, Ш.Ө нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13374/, 0 гудамж, 0 в байр, 0 тоот хаягт байршилтай, №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 50,31 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Ш.Ц, Ш.Ө нараас  улсын тэмдэгтийн хураамжид 448,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ