Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0202 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

 

 

        

   2024       03        07                                          2024/ШЦТ/82

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч П.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.З-т холбогдох эрүүгийн 2438000000077 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.З-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Доргио” гэх цэнгээний газарт найзыгаа өмөөрөн хохирогч Т.А-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000077 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Доргио” гэх цэнгээний газарт найзыгаа өмөөрөн хохирогч Т.А-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.З-ын өгсөн: “...Тухайн өдөр өмнө болсон үйл явдлыг хараагүй. Тэгээд манай найзыг түлхээд байхаар манай найзыг жижигхэн болохоор нь дээрэлхээд байна гээд очоод цохиод авсан.  ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед найз Б.П-, Б-, Б-, Б- нарын хамт Од караоке орж 1 цаг 30 минут дуу дуулсан юм. Дуу дуулж байх үедээ би 2 шилтэй пиво уусан. Б.П- жолоо барьж явсан болохоор согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэгээд бид нар 23 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Доргио бааранд бүжиглэхээр орсон юм. Тэндээ би бас 2 шил пиво уугаад найзуудынхаа хамт бүжиглээд байж байтал үл таних жижигхэн биетэй залуу миний хажууд ирснээ намайг биеэрээ шахаж, тохойгоороо миний нуруу руу түлхээд байсан. Тэгэхээр нь би эргээд хартал тэр жижигхэн биетэй нүдний шил зүүсэн залуу миний хоёр мөр рүү гараараа түлхтэл цаанаас нь түүнтэй хамт явж байсан бас нэг үл таних туранхай, өндөр залуу гараараа миний хамар луу нэг удаа хүчтэй цохьсон. Цохиулаад миний хамраас шууд л цус гарсан, намайг цохиулахыг манай найз Б.П- сайн харсан байсан. Би шууд нойл руу хамрынхаа цусыг тогтоогоод гарч ирэхэд баар хааж, хүмүүс гарцгаасан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Тэр хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тэр хүнтэй огт юм яриагүй, гэнэт л намайг цохичихсон. Бодвол тэр жижигхэн биетэй найзыгаа өмөөрч л намайг цохисон юм шиг байсан. Би бол хэн нэгний биед огт халдаагүй. ...Миний хамар маш их өвдөж байна. Хамар битүүрээд амьсгаа авахад хүндрэлтэй байна. ...Би гомдолтой байна. Би хамраа эмчлүүлмээр байна. Эмчилгээнд гарсан зардлыг намайг цохисон залуугаас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр найз П.З-, Б- бид гурав өөр өөр газар өөр хүмүүстэй архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Доргио бааранд 00 цагийн үед л уулзацгаасан юм. Тэндээ бид гурав бүжиглэж байсан, би бол нэлээн согтсон байсан, бүжиглэж байх үедээ би хоёр найзаа андуураад тэр гомдол гаргаад байгаа залуутай ойрхон наалдаж бүжиглэчихсэн юм шиг байсан. Тэгсэн чинь нөгөө залуу намайг бага зэргийн түлхэж, бид хоёрын хооронд үл ойлголцол хальт болсон юм шиг байсан. Тэгтэл манай найз П.З- намайг өмөөрөөд тэр гомдол гаргаад байгаа залуугийн хамар руу нь цохичихсон гэдгээ өнөөдөр өглөө л надад хэлсэн. Надад бол урд шөнө Доргио бааранд харсан зүйл байхгүй, өнөөдөр өглөө л П.З-аас юу болсон талаар сонслоо. П.З- бид хоёр хоёулаа л нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бүжиглээд байцгааж байхад Т.А-тай үл таних жижигхэн биетэй, нүдний шил зүүсэн нэг залуу нуруугаараа мөргөлдсөнөө эргэж харангуутаа манай найз Т.А-ыг гараараа мөр лүү нь түлхсэн. Тэгтэл тэр залуутай хамт бүжиглэж байсан найз нь бололтой өндөр, туранхай биетэй, шаргалдуу өнгийн бомбер куртик өмссөн залуу гараараа Т.А-ын хамар руу нь 1 удаа цохисон. Цохиулангуутаа Т.А- нойл руу гүйсэн, хамраас нь цус гараад байсан болохоор цусаа тогтоочихоод гарч ирсэн. Би цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирээд манай найзыг цохисон залууг аваад явсан. Т.А-ын хамрыг цохиулсных нь дараа хартал хонхойгоод муруйчихсан, ер нь хугарчихсан нь илт харагдаж байсан... Т.А- болон манай найзууд тэд нартай огт юм ярьж маргалдсан зүйл болоогүй, Т.А- хэн нэгнийг зодож цохиогүй. Тэр залуу бол ер нь Т.А-ыг шалтгаангүй л цохичихсон, бодвол их согтсон, манай найзыг буруу ойлгосон байх, найзтай нь хальт шүргэлцсэн л зүйл болсон юм. Тэгтэл тэр залуу найзыгаа өмөөрч уурандаа манай найзыг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай: “...Т.А-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Т.А-ын биед үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Шүүгдэгч П.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Доргио бааранд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө би найзуудынхаа хамт орсон юм.  Тухайн бааранд үйлчлүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бүжгийн талбай дээр найз П.Ц-той хамт бүжиглэж байтал үл таних залуу /сүүлд нэрийг нь мэддэг болсон Т.А- гэх залуу/ манай найз П.Ц-ыг жижигхэн биетэй болохоор нь дээрэлхэх маягтай харагдаад байхаар нь миний дургүй хүрээд гараараа Т.А- гэх залуугийн хамар руу нэг удаа цохьчихсон юм. Би түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.А-, гэрч П.Ц-, Б.П- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Доргио” гэх цэнгээний газарт найзыгаа өмөөрөн хохирогч Т.А-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.З-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.З-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Т.А-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.З-ын хохирогч Т.А-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 150.000 төгрөгийг хүлээн авсан талаарх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 38 тал/ авагдсан, хохирогч Т.А-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 27, 29-31 талд авагдсан ....зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.З- нь ...зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.З- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч П.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч П.З-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2438000000077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.З-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2438000000077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР