Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00457

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        02         05                                    101/ШШ2021/00457         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т  холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол /13330/, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг үнэлсэн ”МТ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д,

Гэрч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00000 дугаар захирамжаар Г.Б, Н.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 58,659,739.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах “УБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч НШШГГ нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4-166/00000 дугаартай үнэлгээний мэдэгдлээр нэхэмжпэгч Г.Б миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр 0 тоот байрлах 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг МТ ХХК-иар үнэлгээ тогтоолгож 92,298,800 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн.

Нэхэмжпэгч нь хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Хөрөнгийн үнэлгээний түхай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасны дагуу үнэлгээчин нь үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгахаар заасан. Үнэлгээний тайлангийн 1.2 дахь хэсэгт үнэлгээчин Б.Э-н хариуцлагын даатгалын хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Үнэлгээчний даатгалын хугацааг сунгасан баримт байдаг боловч өнгөрсөн жилийнх нь байхгүй байсан. Үнэлгээчин тогтоолыг 2020.09.07-нд аваад 11-нд дүгнэлтээ гаргаад 12-нд дүгнэлтийг НШШГГ-т өгснийг бидэнд 15-ны өдөр мэдэгдсэн. Үнэлгээний талаарх гомдлыг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан.

Иймд холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж хариуцлагын даатгалд хамрагдаагүй үнэлгээчний гаргасан үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2. Үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй. Тодруулбал, зах зээлийн хандлагын үнэлгээний тооцоолол хийхдээ ашигласан жишиг хөрөнгүүдийн зарлагдсан үнэ, худалдах боломжтой үнэ, нэгж талбайн үнэ, хэмжээ зэрэг нь үнэлж буй хөрөнгийн шинж байдалтай харьцуулахад эрс ялгаатай байна.

 Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан мэдээллийн санг ашиглаагүй тул түүний гаргасан үнэлгээ үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2014 онд байрыг 120,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг банктай хийж, 36,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, 2014.09 сараас хойш 41 сарын хугацаанд /1 сарын төлбөр 1,089,000 төгрөг/ 41,000,000 гаруй төгрөг төлсөн байдаг. Үүнээс үзэхэд байрны нийт үнэлгээ нь 120,000,000 төгрөг байхад уг үнэлгээг бууруулан 92,298,800 төгрөг гэж үнэлснийг өмчлөгч нь өөрийнхөө өмчийг өөрөө үнэлэх эрхийг НШШГГ болон үнэлгээчин зөрчсөн гэж үзэж байна. Анх хийсэн худалдах, худалдан авах  гэрээ нь банкид байгаа, шүүхэд өгөөгүй.

Дээрх дурдсан үндэслэлээр үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул НШШГГ-с Г.Б миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот байрлах 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг “МТ” ХХК-иар үнэлгээ тогтоолгон 92,298,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00000 дүгээр захирамжаар Н.Х, Г.Б нараас 58,659,739.58 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 260,724.35 төгрөг гаргуулж “УБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Г.Б, Н.Х нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20380596/07 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Шүүхийн шийдвэрт заасны дагуу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, /13330/ 0 гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах 55,9 м.кв талбайтай /2 өрөө орон сууц/ сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өдөр 20380596/08 тоот тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20380596/09 дугаар тогтоолоор хурааж, талуудад үнийн санал ирүүлэхийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20380596/12 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Н.Х 156,520,000 төгрөгөөр, Г.Б 156,560,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч хуучнаар Улаанбаатар хотын банк одоо Худалдаа хөгжлийн банк хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/5626 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

Үнэлгээн дээр талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/414 дүгээр шинжээч томилох тогтоолоор “МТ" ХХК-ийн захирал, үнэлгээчин 0 дугаар тусгай зөвшөөрөлтэй Б.Э-г томилон, эрх үүргийг тайлбарлан өгсөн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгоход 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш албан тоот, үнэлгээний тайлангаар 92,298,800 төгрөг гэж тогтоосон.

Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4-166/33316, 4-166/33311, 4-166/33315, 4-166/33317 дугаар албан бичиг, үнэлгээний тайланг хуулбарлан үнэлгээг мэдэгдэж, эрх, үүргийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/37 тогтоолыг талуудад мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Б.Э-н мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГ-т  холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол /13330/, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг үнэлсэн ”МТ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгчийн өмчөө үнэлэх эрхийг хариуцагч болон “МТ” ХХК зөрчсөн, үнэлгээний компанийн хариуцлагын даатгалын хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон, хөрөнгийн үнэлгээг гаргахад ашигласан жишиг хөрөнгүүдийн зарлагдсан үнэ, худалдах боломжтой үнэ, нэгж талбайн үнэ, хэмжээ зэрэг нь үнэлж буй хөрөнгийн шинж байдалтай харьцуулахад эрс ялгаатай, мэдээллийн санг ашиглаагүй гэжээ.

 

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00000 дугаартай захирамжаар :

“УБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б, Н.Х нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 58,659,739.85 төрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Г.Б, Н.Х нар нь 58,659,739.85 /тавин найман сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун гучин есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд буюу 1-11 дэх саруудад 4,900,000 төгрөгөөр, 12 дах сар буюу 2021 оны 4 сарын 29-ний өдөр 4,759,739.85 төгрөгөөр нэхэмжлэгч “УБ” ХХК-д төлөхөөр, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол /13330/, 0 гудамж, 0 дүгээр байрны, 0 тоот, улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

                           /хх-ийн 38-40 тал/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Г.Б, Н.Х нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “УБ” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/00000 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/00872 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

/хх-ийн 41-134 тал/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Г.Б, Н.Х нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан Г.Б-н өмчлөлийн

 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол /13330/, 0 гудамж, 0байр, 0 тоот хаягт байршилтай, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагааны явцад  тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

/хх-ийн 52-61 тал/

 

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч Г.Б нь 156,520,000 төгрөг, Н.Х нь 156,520,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох  хүсэлт гаргажээ.

/хх-ийн 63-73 тал/

 

Төлбөр авагч “Х“ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 0 тоот регистрийн дугаартай “УБ”-г нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн байна.

 

/хх-ийн 69-71 тал/

Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул НШШГГ-с 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №9/414 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “МТ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

/хх-ийн 74-76 тал/

 

“МТ” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №90/Ш тоот үнэлгээний тайлангаар Г.Б-н өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнийг “92,298,800” төгрөг гэж үнэлжээ.

 

/хх-ийн 80-105 тал/

 

Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “МТ” ХХК-ийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан, уг үнэлгээг  төлбөр төлөгч Г.Б, Н.Х нарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан, мөн өдөр тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д:”Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасантай нийцжээ.

 

/хх-ийн 106-108 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д:”Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу Г.Б нь дээрх үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзнэ.

/хх-ийн 2 тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. “Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана”, 9.3.1.үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл”, 14 дүгээр зүйлийн 14.1.Үнэлгээчин дараахь үүрэг хүлээнэ”, 14.1.6. “үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх” гэж заасан.

 

Үнэлгээчин нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №90/Ш тоот хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.2-т даатгалын компанийн нэр хэсэгт “МД” ХХК, даатгалын хугацаа хэсэгт 2020.09.11-ний өдөр хүртэл, даатгалын хэмжээ, сая төг хэсэгт 50,0, даатгалын гэрээний дугаар хэсэгт 90С1920053488 гэж тусгасан байна. 

/хх-ийн 82 тал/

 

“МТ” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “МД” ХХК-тай №90С2020009126 тоот даатгалын гэрээг 2020.09.12-ны өдрөөс 2021.09.11-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх, даатгуулагч нь энэхүү гэрээний хавсралтад дурдсан даатгалын зүйлийг даатгуулж даатгалын хураамж төлөхөөр тохиролцжээ. 

 

/хх-ийн 117-134 тал/

 

Үүнээс үзэхэд үнэлгээчин нь хариуцлагын даатгалын талаархи мэдээлэлийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан, тэрээр үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх гэх хуульд заасан үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т: “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д: “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заажээ.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Олон Улсын Стандарт /IVS/-2020-105-д заасан зах зээлийн, орлогын, өртгийн хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагыг сонгож үнэлгээг хийсэн, үнэлгээний явцад өртгийн хандлагын үнэлгээ 67,599,500 төгрөг, зах зээлийн хандлагын үнэлгээ 92,298,800 төгрөг болохыг тогтоож, эдгээр үнэлгээний зах зээлийн харьцуулалтын аргаар тооцсон үнэлгээ нь тухайн орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлсэн, үнэ цэнийн суурь нь зах зээлийн үнэ цэнэ, уг хөрөнгийн талаар захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох баримт бичгүүд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээлэлийг магадлан шинжилсэн болохыг шүүх хуралдаанд мэдүүлж байх ба үүнийг үнэлгээний тайланд тусгажээ.

 

/хх-ийн 83-97 тал/

 

Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд үнэлэх гэж буй орон сууцны байршил,  ашиглалтын байдал зэрэг хөрөнгийн шинж байдлыг тодорхой тусгаж, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, эцсийн дүгнэлтийг гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзэхээр байна.

 

Зохигчийн тайлбар, гэрч Б.Э-н мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч “МТ” ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ үнэлэх өмчлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00000 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол /13330/, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг үнэлсэн ”МТ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01ий өдрийн 101/ШШ2020/00000 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол /13330/, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг үнэлсэн ”МТ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/00000 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ