| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 114/2026/0016/З |
| Дугаар | 221/МА2026/0764 |
| Огноо | 2026-11-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0764
М.Агийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: М.А
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 114/2026/0016/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 114/ШШ2026/0031 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 288 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Агийн Дархан сумын 11 дүгээр багийн 6 дугаар хороололд байрлах нэгж талбарын 000 дугаар бүхий 1558 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэх олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын нэхэмжлэгч М.Агийн хүсэлтийг /Газар эзэмшүүлэх захирамж гаргуулах/ шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалган” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
“...Нэгдүгээрт Үндэслэх нь хэсгийн 2-т “М.Ад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1111 дугаар бүхий 1558 м2 газрыг 20 жилийн хугацаатай 11 дүгээр багийн 6 дугаар хороололд зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэх гээд газрын даамал А.Н баталгаажуулж олгосон байгаагаас үзэхэд М.Ад нэгж талбарын 1111 дугаартай 1558 м2 газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсжээ” гэдэгтэй санал нийлэхгүй байна.
3.1-т “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн..” гэж тодорхой дурдсан боловч “газар эзэмшүүлэх тухай шийдвэр”-ийг үндэслэн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх үйл дарааллыг буруу тайлбарлаж, эрхийн гэрчилгээ, гэрээн дээр шийдвэр дурдсан байхад болох мэтээр тайлбарласан. Мөн “.. М.Ад олгогдсон 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 0359356 дугаар гэрчилгээг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан газрын даамал А.Н нь эрх хэмжээнийхээ хүрээнд олгосон...” гэсэн нь А.Н нь чиг үүргийнхээ дагуу гэрчилгээ бичих үүрэгтэй боловч “газар эзэмшүүлэх шийдвэр”-ийг гаргах эрх бүхий этгээдийн газар олгох эрх хэмжээнд халдсан, хууль бусаар, үндэслэлгүйгээр газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж гэрчилгээ бичсэн нь илэрхий тодорхой байсаар байтал А.Н нь “газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр’’-ийг гуйвуулан, талбайн хэмжээг өөрчилж гэрчилгээ бичих эрх хэмжээтэй мэтээр тайлбарласан.
3.2-т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 000 нэгж талбарын дугаартай газрын зургийг Google Earth-ийн 2008-2026 оны зурагтай давхцуулсан байдлаас харахад 2014 оноос өөрийн гэрчилгээ дээрх 1558 м.кв газраас илүү гарган гараж болон бусад үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж тайлбарласныг гуйвуулан тайлбарласан.
3.3-т нэхэмжлэгч М.А нь А.Над өгсөн гэх 3 сая төгрөгийг анхнаасаа газрын дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр, татвар гэж тайлбарлаагүй бөгөөд холбогдох албан тушаалтан иргэн нарын авч өгөлцсөн гэх холбогдох мэдээллийг захиргааны байгууллага болон шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлээгүй байхад газрын үнэ төлбөр төлбөр эсвэл нотлох баримттай, үнэн бодит мэдээлэл мэтээр тайлбарласан. Мөн Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.4-т “Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч М.А нь ... газрын үнэ болох 3 сая төгрөгийг төлснөөр, эрх бүхий албан тушаалтнаас 1558 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож ... эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд хариуцагчаас ... иргэний эрхэд халдах нь мөн хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчимтай зөрчилдөж байна..." гэсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй. авсан өгсөн үйл баримт тогтоогдоогүй нөхцөл байдал, нотлох баримтад үндэслэж дүгнэсэн.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1,1."авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах. бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг; 7.1 .Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусдад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн хэдий ч тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, нотлох баримтаар баталгаажуулаагүй үйл баримт бөгөөд тус захиргааны хэргээр шийдвэрлэх асуудал биш тул шүүх хуралдааны явцад маргаагүй.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна. 106.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг зөрчсөн.
Хоёрдугаарт 2021 оноос хойш нэхэмжлэгчийн хариуцагч талд ирүүлсэн 4-5 удаагийн хүсэлтүүдийг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухай бүрт холбогдох хариу, тайлбар, зөвлөгөө, мэдээлэл өгч, хэрхэн шийдвэрлэх боломжтойг мэдэгдсэн, мөн тухайн иргэний газрын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх талаар хариу өөрчлөгдөөгүй байхад шүүхээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар газар эзэмших эрхтэй холбоотойгоор санал хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд тухайн /2021 оноос хойших/ газрын зөрүүтэй байдлуудыг тодруулах, алдааг нь засаж, залруулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс ...” гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т М.Агаас 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт, түүний шийдвэрлэлтийн талаар дүгнэхдээ шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судалсан, нотлох баримттай холбоотой нэхэмжлэгчийн мэдүүлсэн байдлыг авч үзэн бодитойгоор үнэлээгүй. Учир нь шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь газрын даамал Б.Энтай уулзаж. Б.Эн нь Газрын эрх зүйн хурлаар танилцуулсан, өмнө нь хариу өгч байсанчлан 800 м2 талбайг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд илүү талбайн хэмжээг баталгаажуулахад хуульд нийцүүлэн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал тусгуулах шаардлагатай, мөн дуудлага худалдааны анхны үнийн талаар мэдэж хариу авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, М.А өөрөө мэдүүлсэн. Тус уулзалтын үр дүнд М.Агаас эргэж холбогдоно гээд холбогдоогүй байсаар 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаж, Засгийн газрын хянасан тогтоол шийдвэр гарсан тул уулзалтын үр дүн хэрэгжих боломжгүй болж 2026.04.21 -ний 288 хариу өгсөн М.Агийн 2026.04.24-нд Дархан-Уул аймгийн Засаг даргад “Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн өмнөх хүсэлтийн хариу болох 2026.04.21-ний 288 хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. үндэслэлгүйгээр гэрчилгээ олгохоос татгалзаж байгаад гомдолтой байгаа тул гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгах”-аар гомдол гаргасан нь өмнөх хүсэлтдээ эцсийн байдлаар хариу авсныг нотолж байна. 2026 оны 4 дүгээр сарын хүсэлт нь Засаг даргаас цохогдсоны дагуу ГХБХБГ-ын 2026.05.26-ны 367 дугаартай албан бичгээр “таны ашиглаж буй газрын шийдвэрээр баталгаажуулсан газраас илүү талбай нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн хэсгийг зөрчиж байгаа тул шууд баталгаажуулан олгох боломжгүй” хариу өгсөн буюу захиргааны байгууллагын анхны шийдвэрээс өөрчлөгдөөгүй бөгөөд иргэн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөөгүй, холбогдох арга хэмжээ аваагүй тул эерэгээр шийдвэрлэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад М.Агийн хүсэлтүүдэд тухай бүрт хариу өгч, холбогдож уулзах, зөвлөгөө өгөх ажиллагаа хийгдэж байсан бөгөөд маргаан бүхий газрын талбайн хэмжээг 800 м2 хэмжээтэйгээр захирамж гаргах гэрчилгээ олгох боломжтойг зөвшөөрч, мэдэгдсэн боловч иргэн М.А нь өөрөө 800 м2 талбайг хүлээн зөвшөөрөхгүй 1558 м2 талбайтай гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасаар байсан тул төрийн байгууллага эс үйлдэхүй хийсэн гэж үзэхгүй байна.
Гуравдугаарт хариуцагч талаас захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн 2021 оноос хойших гэрчилгээ шинэчлүүлэх хүсэлтүүдэд хуульд үндэслэж 800 м2 талбайгаар шийдвэрлэх боломжтой, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй байгаа гэдгийг хариу мэдэгдсээр байтал Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.4-т “Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч М.А нь ... газрын үнэ болох 3 сая төгрөгийг төлснөөр, эрх бүхий албан тушаалтнаас 1558 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож ... эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд хариуцагчаас ... иргэний эрхэд халдах нь мөн хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчимтай зөрчилдөж байна.." гэж үзсэн нь нотлогдоогүй баримтад тулгуурлан хууль ёсны итгэлийг хамгаалаагүй гэж үзсэн.
Хэдийгээр зарчмуудын энэ нь илүү гэдгийг дүгнэх боломжгүй боловч захиргааны эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагын хувьд эхний гол зарчим бол хуульд үндэслэн шийдвэр гаргах шаардлагатай тул Нэгдүгээрт “хуульд үндэслэх” зарчмыг Захиргааны ерөнхий хуулиар хуульчилсан.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу газар олголтын асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх бөгөөд тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т заасан эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчлөх эрх зүйн зохицуулалтын хүрээнд дурдсан тохиолдлуудад М.Агийн дээрх нөхцөл хамаарахгүй тул талбайн хэмжээг өөрчлөн шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум. нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан тул шууд эзэмшүүлэх мөн эрх зүйн үндэслэлгүй. Үүнээс гадна Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмаар зохицуулсан байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад судлан, шинжилснийг энд дурдъя. М.Агаас үндэслэлгүйгээр газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчлөхийг шаардаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтална, 47 дугаар зүйлийн 47.1 Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт болох үр дагавартай.
Дөрөвдүгээрт М.Атай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 16-нд олгосон 0359356 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчиж, гэрчилгээ олгосон. Учир нь тухайн эрхийн гэрчилгээ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг үндэслэн бичигдсэн боловч тус захирамж нь иргэн Эгээс авсан 400 м2 газрыг баталгаажуулсан болохыг нотлох баримтаар баталгаажуулж, хавтаст хэрэгт авагдсан. Иймд М.Агийн 0359356 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ” гэж үзэж болохгүй юм. Гэвч шүүхийн шийдвэрийн “Шүүхийн шийдвэр биелэгдэх аргачлал: 1. Дархан-Уул аймгийн Засаг даргаас иргэн М.Агийн өргөдлийг шийдвэрлэх замаар нэгэнт хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хүрээнд...” гэж үзэж байгаа нь анхнаасаа М.Агийн 0359356 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсан мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.09.28-ны 114/ШШ2026/0031 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулж дараах тайлбарыг гаргажээ. Үүнд “... Миний бие М А нь 2008 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг. 6 дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай 400 м.кв газрыг иргэн Б.Э-аас, мөн үйлчилгээний зориулалттай 400 м.кв газрыг ШШ" ХХК-иас тус тус хууль ёсны дагуу шилжүүлж авсан. Уг 2 газраа нийлүүлэн хашаалж, дунд нь байрлах газрыг нэмж эзэмших хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хэмжилт хийж, кадастрын зураг гаргуулахад 1558 м.кв хэмжээтэй байсан, уг хэмжээгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгогдож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх гэрээг байгуулснаас хойш одоог хүртэл нэхэмжлэгч маргаан бүхий газруудыг эзэмшиж, ашиглаж, 1558 м.кв хэмжээгээр газрын төлбөрийг төлсөөр ирсэн.
Уг газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2012 оноос хойш банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч, барьцааны гэрээг тухай бүрд нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэдэгдэж, бүртгүүлдэг байсан.
Мөн тухайн газар дээрээ зочид буудал болон караокены зориулалттай барилгууд болон автомашины гаражийг барьж холбогдох хууль журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн.
Энэ талаар анхан шатны шүүхээс үнэн зөв дүгнэлт хийж, иргэн миний хууль ёсны итгэлийг хамгаалж, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоож, зөрчигдсөн эрхийг маань сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцсэн шударга шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 114/ШШ2026/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч М.Агаас “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан тус газрын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 288 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг даалгах, аймгийн Засаг даргад холбогдуулан Газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Дархан сумын 11 дүгээр багийн 6 дугаар хороололд байрлах нэгж талбарын 000 дугаар бүхий 1558 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Анх нэхэмжлэгч М.А нь маргаан бүхий газрыг 2008 онд иргэн н.Э болон “ШШ” ХХК-аас тус бүр 400 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байх ба ингэхдээ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд газрын хэмжээг “1558 м.кв” гэжээ.
4. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь дээрх 288 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.Агийн “бусдаас 2008 онд шилжүүлэн авсан хөрш газрууд болох тус бүр 400 м.кв газрыг нэгтгэж, эргэн тойрны газар нийт 1558 м.кв газрыг эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлүүлэх” хүсэлтэд нь “Дээрх хоёр талбайн хэмжээг нийлүүлж 800 м.кв-аар газрын захирамж гараагүй байхад ... мэдээллийн санд өөрчлөлт оруулж баталгаажуулах гадна илүү ашиглалттай газар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчиж байгаа тул тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтойг мэдэгдэж байна” гэж дурдан, гэрчилгээ, гэрээг шинэчилж олгоогүй байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... анх кадастр хийхэд 1558 м.кв талбай бүхий хэмжээтэй газар байсан ба газрыг актаар хүлээлгэн өгч, газар эзэмшүүлэх гэрээг 1558 м.кв-аар байгуулж, гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж кадастрын зургийг гаргаж өгснөөр уг газраа 2012 оноос хойш банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч байсан, тухайн газрын хаяг шинэчлэгдэж, банкнаас гэрчилгээг шинэчлэх шаардлагатай гэсний дагуу газрын албанд гэрчилгээг шинэчлэх тухай хүсэлт гаргахад хариуцагчаас ... шийдвэр, захирамж гараагүй гэсэн агуулгаар татгалзаж албан бичгээр хариу өгч байгаа нь үндэслэлгүй” гэж,
Хариуцагчаас “... тухайн 2 нэгжийг нэгтгэж газрын талбайн хэмжээг өөрчлөгдсөн талаар шийдвэр гараагүй байхад 1558 м.кв талбайтай газар эзэмших гэрээг байгуулан гэрчилгээг олгож, газрын кадастрын цахим системд бүртгэсэн нь хууль зөрчсөн, ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан тул шууд газрыг эзэмшүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан байна.
6. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч М.А нь .. шилжүүлэн авсан 2 газрын дундах газрыг газрын үнэ болох 3 сая төгрөгийг төлснөөр, эрх бүхий албан тушаалтнаас 1558 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээг байгуулан тухайн газрыг актаар хүлээлгэн өгсөн, зохих журмын дагуу олгогдсон газраа эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд нэгэнт эзэмших эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа..., Түүнчлэн ... газар дээр /”б” ХХК-ийн байрны ард/ “х” ХХК-ийн 162.0 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-200 дугаартай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 1440.0 м.кв талбай бүхий Ү-2 дугаартай 1 давхар, мөн 157.2 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүд тус тус бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байна..., хариуцагч аймгийн Засаг дарга нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна... “ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад М.Агийн хүсэлтүүдэд тухай бүрт хариу өгч, холбогдож уулзах, зөвлөгөө өгөх ажиллагаа хийгдэж байсан бөгөөд маргаан бүхий газрын талбайн хэмжээг 800 м.кв хэмжээтэйгээр захирамж гаргах гэрчилгээ олгох боломжтойг зөвшөөрч, мэдэгдсэн боловч иргэн М.А нь өөрөө 800 м.кв талбайг хүлээн зөвшөөрөхгүй 1558 м.кв талбайтай гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасаар байсан тул төрийн байгууллага эс үйлдэхүй хийсэн гэж үзэхгүй байна....” гэснийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан тухайн газрын 2008-2026 он хүртэлх агаар сансрын зургийг мэдээллийн сангийн кадастрын зурагтай давхцуулсан зураг болон тойм зураг (1 хавтас 144-145, 176-195 дугаар хуудас)-аас үзвэл нэхэмжлэгчийн нэмж авахыг хүссэн газар нь 2008 онд шилжүүлэн авсан хөрш орших тус бүр 400 м.кв газрын дунд болон эргэн тойрны газар байх бөгөөд бодит байдалд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар, эсхүл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгайлан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт нийтэд нээлттэй зарласны үндсэн дээр бусдад эзэмшүүлэх хангалттай талбай байхгүй байна.
8. Мөн тухайн талбайд хэн нэгэн этгээд газар эзэмших хүсэлт гаргаагүй, бусдын эзэмшил үүсгэх боломжгүйгээс гадна Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна” гэж заасанд хамаарах нийтээр ашиглах зайлшгүй шаардлагатай газар байхгүй болох нь 2008 оноос хойш нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авч, төлбөрийг төлж, тухайн газар дээр 3 үл хөдлөх хөрөнгө барьж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн эзэмшсэн, хариуцагчаас гэрээ гэрчилгээг хүчингүй болгох, нийтээр ашиглах шаардлагатай нийтийн эдэлбэр газар чөлөөлөхийг шаардах, илүү авсан төлбөрийг буцаах зэргээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна.
9. Бодит нөхцөл байдалд хариуцагч нараас маргаан бүхий газар нь “нийтийн эдэлбэр газар” болон “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах” зарчмаар шийдвэрлэнэ гэх үндэслэлээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохгүй гэж үзэх үндэслэлгүй байхад татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; ... 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: … 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэж тус тус заасан зарчимд нийцээгүй байна.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх бөгөөд харин энэхүү нөхцөл байдалд хариуцагч нар нь нэхэмжлэгчээр тухайн газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаатай холбоотой газрын суурь үнэлгээг нөхөн төлүүлж, зохих журмаар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож газар эзэмших эрхийг баталгаажуулах боломжтой, энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: ... 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасан зарчимд нийцэхээр байна.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... А.Н нь чиг үүргийнхээ дагуу гэрчилгээ бичих үүрэгтэй боловч “газар эзэмшүүлэх шийдвэр”-ийг гаргах эрх бүхий этгээдийн газар олгох эрх хэмжээнд халдсан, хууль бусаар, үндэслэлгүйгээр газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж гэрчилгээ бичсэн нь илэрхий тодорхой байсаар байтал А.Н нь “газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр’’-ийг гуйвуулан, талбайн хэмжээг өөрчилж гэрчилгээ бичих эрх хэмжээтэй мэтээр тайлбарласан...” гэх боловч нэхэмжлэгч нь тухайн /шилжүүлж авснаас илүү/ газрыг 2008 оноос хойш ямар эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр эзэмшээгүй, Газрын албаны дарга/ сумын газрын даамал А.Н газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон, түүнтэй гэрээ байгуулж, мэдээллийн санд бүртгүүлсний үндсэн дээр газрын төлбөрөө тухайн хэмжээгээр бүрэн төлж, үл хөдлөх хөрөнгө барьж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсаар байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
11. Мөн Газрын тухай хуулиар бусад этгээдэд олгох боломжгүй, нийтээр ашиглах зайлшгүй шаардлагагүй, өөрийн эзэмшил газрын эргэн тойронд байгаа зурвас газрыг эзэмших хүсэлт гаргахыг хориглоогүй, мөн хариуцагч нь эдгээр нөхцөл байдлыг шалгасны үндсэн дээр газрын суурь үнийг төлүүлж, эзэмшүүлэх боломжтой газрыг зохих журмаар эзэмшүүлэх нь газар эзэмшигчийг чөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, орлого олж амьдрах боломжийг дээшлүүлэх, нөгөө талаас ажлын байр бий болгох, үйлдвэрлэл үйлчилгээний орлогоос татвар төлүүлэх, газрын төлбөр төлүүлэх зэргээр газрыг эзэмшүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах Газрын тухай хуулийн зорилго, төрийн болон нийтийн ашиг сонирхолд харшлахааргүй байх тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гомдолдоо “... нэхэмжлэгч М.А нь А.Над өгсөн гэх 3 сая төгрөгийг анхнаасаа газрын дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр, татвар гэж тайлбарлаагүй бөгөөд холбогдох албан тушаалтан иргэн нарын авч өгөлцсөн гэх холбогдох мэдээллийг захиргааны байгууллага болон шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлээгүй байхад газрын үнэ төлбөр төлбөр эсвэл нотлох баримттай, үнэн бодит мэдээлэл мэтээр тайлбарласан... “ гэх боловч уг 3 сая төгрөгийг газрын үнэд төлөөгүй нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчээр газрын үнийг нөхөн төлүүлэх /нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар боломжтой гэж тайлбарласан/ арга хэмжээг авсны үндсэн дээр зохих журмаар шийдвэрлэх бүрэн эрх нь нээлттэй тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.
13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 114/ШШ2026/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ