Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2022/0002

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ДБИХХК,

Хариуцагч: Төв аймгийн СсЗД нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, түүний өмгөөлөгч Ш.М, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ДБИХХК-иас Төв аймгийн СсЗДд холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн ДБИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ДБИХХК-ийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байх тул газрын байршлыг сольж өөр газар олгохыг Төв аймгийн СсЗД даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 377 дугаар захирамжаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Оорцгийн ар Дундговийн засмал замын баруун талд 10 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн байна. Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх үнлэслэлээр нэхэмжлэгч ДБИХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг 2020 оны газрын төлбөрийг төлөх гэтэл нэхэмжлэл үүсээгүй учир Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар луу газрын төлбөр төлөх боломжийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 07/557 дугаар албан бичигт ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж бичсэнээр мэдсэн ба 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дээд шатны захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07/653 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан.

4. Нэхэмжлэгч ДБИХХК 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий захиргааны акт дараах үндэслэлээр хууль бус байна гэжээ. Үүнд:

1) Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчсөн.

2). Газрыг зориулалтын дагуу ашиглана гэдэг нь зориулалтын дагуу ашиглах нөхцөл байдлыг төр өөрөө бүрдүүлсэний үндсэн ашиглах нөхцөл бүрдэнэ. Тухайн газартаа үйл ажиллагаа явуулахаар төсөл хөтөлбөрүүд хэлэлцээний түвшинд явж байсан.

3). Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшил газрын газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн. Энэ талаарх баримтууд нь хэрэгт авагдсан.

5. ДБИХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 377 тоот захирамжийн дагуу тус сумын "Оорцгийн Ар" байршилд 10 га газрыг 15 жилийн хугацаатай Үйлдвэрлэл, Үйлчилгээний зориулалтаар 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 000297936 дугаартай газар эзэмших гэрчилгээг "Дабль Би Икс" ХХК-д олгосон. Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрт 1.600.000.00 төгрөгийг жил бүр тогтоосон хугацаанд төлж байсан ба 2020 оны газрын төлбөрийг төлөх гэтэл нэхэмжлэх үүсээгүйгээс төлж чадаагүй тул Төв аймгийн Татварын хэлтэс болон Татварын Ерөнхий Газраас асуухад системийн шинэчлэл хийж байгаа, газрын албанаас мэдээлэл ирээгүй тул нэхэмжлэх үүсээгүй байна гэсэн хариу өгсний дагуу Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2020-2021 оны эхний хагас жилийн төлбөрийн мэдээллийг татварын албанд өгч нэхэмжлэх үүсгэн төлбөр төлөх боломжийг гарган өгнө үү гэсэн хүсэлт өгөхөд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 07/557 дугаар хариу мэдэгдэх хуудсанд танай 000297936 тоот газар эзэмших гэрчилгээний үйлдвэр үйлчилгээний зориулалттай 10 га газар нь Хөшгтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар Монгол улсын Засгийн газрын 2016 оны 154-р тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан 12000 га газартай давхацсан гэсэн үндэслэлээр Сэргэлэн сумын засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Иймд 2020-2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэх боломжгүй байна" гэсэн хариу өгсөн байна. А/113 тоот захирамжийн үндэслэх хэсэгт заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг манай компани огт зөрчөөгүй бөгөөд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар газар эзэмших эрх хүчингүй болгосныг сая мэдэж 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргахад Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын 2021 оны 09 дүгээр сарнын 14-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамж нь хуулийн дагуу шийдвэрлэсэн тул хүчингүй болгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн болно. Төв аймгийн СсЗД Э.Энхбаяр А/113 тоот захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий Хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь хууль ёсоор газар эзэмших эрхийг шууд зөрчиж, иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гэж үзэж байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэргэлэн сумын засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын дагуу манай компанийн эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байх ба газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлага доорх шаардлагаар нэмэгдүүлж байна. Үүнд: Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох гэж, 20 дугаар зүйлийн 20.1.4, 42 дугаар зүйлийн 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж заасны дагуу Засаг дарга нь өөр байршилд газрыг сольж эзэмшүүлэх боломжтой байх тул өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр СсЗДд газрын байршлыг сольж өөр газар олгохыг даалгаж шийдвэрлүүлэхээр нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. ... Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар хариуцагч тал өөрсдөө судалж үзээгүйгээр, эзэмших эрхийг нь хэлэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр цуцлах нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гаргахдаа хэрхэн яаж мэдэгдэх вэ, баримтжуулах сонсох ажиллагаа явуулах нь тодорхой байхад энэ ажиллагааг хийгээгүй. Газрын төлбөрийг дараа нь хожимдуулж төлөөд байна гэж хэлээд байна. 2018 оны төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн. Энэ нь Татварын Ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан сүүлийн дөрөвдүгээр улирлын дараагийн ажлын өдөр төлнө гэсэн зохицуулалт байдаг. Үүний дагуу төлсөн байгаа. Нэг оны төлбөрийг 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн. Төлбөр төлөөгүй гэдэг үндэслэл болохгүй гэж үзэж байна. Бид нар цахилгаан дулаан татах асуудлаар аймгийн Цахилгаан сүлжээний газартай уулзаж байсан. Албан ёсоор бичгээр хүсэлт тавиагүй ч 17км-ээс жижиг трансформатор татахад 30 сая төгрөгийн зардал гарах юм байна гээд тооцоо судалгааг өөрсдөө очиж танилцуулж байсан. Бид нар шийдвэрлэхгүй гэж тухайн үедээ татгалзсан тайлбар өгч байсан гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ДБИХХК нь 2020 онд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдсэн. Энэ талаар Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. 2018 оны Засгийн газрын шийдвэрээр тусгай хэрэгцээнд авагдсан байгаа учраас танай газар эзэмших эрхийн цуцалсан гэх хариуг авч уг захиргааны актыг мэдсэн. Захиргааны актыг гаргахдаа холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж тус актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж адил чанарын газар олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захигааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан. Шийдвэр гаргахад хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд сонсох ажиллагаа хийлгэх ажиллагаа огт хэрэгжээгүй байгаа. Нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч тал буюу ДБИХХК-ийн газар эзэмших эрхийн хөндсөн шийдвэр гаргасан. Ийм учраас захиргааны актын ДБИкомпанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын байршил солиод адил чанарын газрыг ийм хуулийн үндэслэл гаргасан. Зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад байгаа акт дээр заасан байгаа. Тухайн Оорцогийн ар гэдэг газар газар авсан нэг ч аж ахуй нэгж байгууллага дэд бүтцийн хөгжилгүй улмаас ямар нэгэн байдлаар газар ашиглах үйл ажиллага эхлүүлээгүй байгаа. Өөрөөр хэлбэл хууль болон төрийн захиргааны байгууллагын өмнө харилцагч иргэд хуулийн этгээд адил тэгш эрхтэй байх ёстой. Ийм газрын маргаан дээр өмнө нь кэйсийг судалсан. Бүгд газар зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргасан байдаг. Энэ зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь ор худлаа захиргааны актын гаргах үндэслэл огт байхгүй байна. Зориулалтын дагуу ашиглана гэдэг нь зориулалтын дагуу ашиглах нөхцөл байдлыг төр өөрөө бүрдүүлж өгөх ёстой гэдгийг дүгнэсэн. Дэд бүтэц, цахилгаан, дулаан гээд ялангуяа шинэ нисэх онгоцны буудлыг барих ашиглалтад өгөх гээд төр үүргээ биелүүлэх боломжгүй байсан. Эрчим хүчний газруудад ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгөөгүй. Тэгэхээр энэ газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шийдвэрлэх эрх биш болох нь тодрохой байгаа. Газрын төлбөрийн хувьд тодорхой заасан. Газрын тухай хуулийн 18, 20, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгоход урьдчилсан тохиргоо талууд хийх юм байна гэдгийг нотлох баримтууд дээр тайлбарлах боломжтой гэжээ.

8. Хариуцагч Төв аймгийн СсЗД Л.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ДБИХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Засаг даргын 377 дугаартай захирамжаар тус сумын Оорцгийн ар гэх газар 10 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар тус газрыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дугаартай тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан 12000 га газартай давхцалтай, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тул хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

9. Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх газар эзэмших хүсэлт гаргахдаа дэд бүтцийн хөгжилгүй газар байсан гэдгийг мэдэж байсан байх. Дэд бүтцийн хөгжилгүй гэдэг нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж байна гэжээ.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үндэслэл нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай. Үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэл байгаа. Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засгийн газрын 2010, 2016 оны тогтоолуудаар энэ газар нь улсын тусгай хэрэгцээнд авсан газар. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгээр улсын тусгай хэрэгцээнд авсан газартай ДБИХХК-ийн газар давхцаж байна гэх зураглалыг ирүүлсэн. Газар эзэмшиж байсан этгээд газартаа үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан цуцлах үндэслэл болж байна. Мөн газрын төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл сүүлд өгсөн баримтуудаас үзвэл 2015, 2016 оны баримтууд байгаа. Газар эзэмшсэнээс хойш тооцвол 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 оны газрын төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл 2015 оны газрын төлбөр төлсөн. 2017, 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй байдаг. Газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл тогтоогдож байна. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 02/322 дугаар албан бичгээр мэдэгдэл явуулсан байдаг. Нэг тайлбар хэлэхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэхэд байхгүй гэсэн. Гэвч 2017 оны явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь шинжлэн судлуулмаар байна. Энэ бүртгэлийн 322 дугаарт ДБИХХК-д албан бичиг хүргүүлж байсан нь тогтоогдох болно. Хуулбарлаж тэмдгээ дарж ирүүлж амжаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь улсын тусгай хэрэгцээний газартай хуулийн этгээдийн газар давхцалтай, үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн Газрын тухай хуульд заасан үндэслэл тогтоогдсон. Тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал газрын төлбөрийг манайх жил болгон төлөөд явж байгаа энэ талаар баримтуудаа өгсөн гэж байна. Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Сүүлийн шүүх хуралдаан дээр хэрэгт өгсөн баримтууд нь өмнөх оны газрын төлбөрийг нөхөж төлсөн. Хавтаст хэрэгт өгсөн баримтууд дээр амины орон сууц барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй цалин тооцоо судалгаа гээд зүйл гаргаад ирдэг. Захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуулийн этгээдүүдийг судлахгүйгээр шийдвэр гаргасан гэж хэлээд байна. Үүн дээр аль аль тал нь харилцан адил эрхтэй. Нэхэмжлэгч манайх газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд ийм ийм үйл ажиллагаа явуулаад байгаа шүү гэдгийг тухайн сумын эрх бүхий албан тушаалтанд танилцуулаад хувийн хэрэгт баяжуулалт хийгээд газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгээ танилцуулах эрх үүрэг нь нэхэмжлэгч талд байсан. А/113 дугаар захирамж гарснаас хойш газрын төлбөрийг төлүүлээд яваад байсан гэж хэлээд байна. Үүн дээр тодорхой тайлбар хэлэхэд хэцүү байна. Тухайн үед газрын даамал нь өөр хүн байсан. Ерөнхийдөө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бол Төв аймгийн Газрын албандаа мэдэгдэж цуцалсан бүртгэлээ хийгээд нэхэмжлэлийг үүсгүүлэхгүй байх ёстой байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ДБИХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн СсЗДд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч ДБИХХК нь дараахь үндэслэлээр маргаан бүхий актыг хууль зөрчсөн, хууль зүйн зөрчилтэй гэж маргасан байна. Үүнд:

- Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшил газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн.

- Газрыг зориулалтын дагуу ашиглана гэдэг нь зориулалтын дагуу ашиглах нөхцөл байдлыг төр өөрөө бүрдүүлсэний үндсэн ашиглах нөхцөл бүрдэнэ. Тухайн газартаа үйл ажиллагаа явуулахаар төсөл хөтөлбөрүүд хэлэлцээний түвшинд явж байсан. Маргаан бүхий газарт дэд бүтцийн хөгжилгүй улмаас ямар нэгэн байдлаар газар ашиглах боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлээгүй.

- Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор авсан 12000 га газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад дурдсан үндэслэлээр захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэгч ДБИХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[1].

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/377 дугаар захирамжаар ДБИХХК-д тус сумын нутаг Оорцгийн ар Дундговийн засмал замын баруун талд 10 га газрыг Үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн[2] эзэмшүүлж, улмаар 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ДБИХХК-д үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] олгож, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[4] байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалтаар 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг-ийг өөрчлөх тогтоолыг гаргажээ.

ДБИХХК-д газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулах үед түүний газар улсын тусгай хэрэгцээнд авагдсан байх бөгөөд тухайн үед Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх эсхүл Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулж ажиллах ёстой байжээ.

Гэтэл маргаан бүхий газрыг 5 жил эзэмшүүлсний дараагаар улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна.

4. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/835 дугаар албан бичигт нэхэмжлэгч ДБИХХК нь 2015, 2016, 2019 онуудад газрын төлбөр төлсөн талаарх лавлагаа, холбогдох баримтыг ирүүлжээ.[5]

Мөн Татварын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09/2741 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ДБИХХК-ийг 2015, 2016, 2017, 2019 онуудад газрын төлбөр төлсөн талаарх лавлагаа, баримтуудыг ирүүлсэн байна.[6]

Түүнчлэн нэхэмжлэгчээс ирүүлсэн газрын төлбөр төлсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, бусад баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газрын төлбөрт жил бүр 1.600.000 төгрөг буюу 8.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасны дагуу төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

5. Нэхэмжлэгч 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 377 дугаар захирамжаар эзэмшсэн газартаа Амины орон сууцны хороолол барихаар 2013 онд төсөл боловсруулсан талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.[7]

Нэхэмжлэгч талаас тус газрыг зориулалтын дагуу ашиглах нөхцөл байдлыг төр өөрөө бүрдүүлсэний үндсэн дээр ашиглах нөхцөл бүрдэнэ. Тухайн газартаа үйл ажиллагаа явуулахаар төсөл хөтөлбөрүүд хэлэлцээрийн түвшинд явж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгчээс гаргадаг.

Захиргааны байгууллага улсын тусгай хэрэгцээнд авагдсан байгаа газарт иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах боломжгүй тул нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

6. Нэхэмжлэгч ДБИХХК нь хариуцагчийг газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлан маргаж байна.

Харин хариуцагчаас Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд[8] газар эзэмших захирамж хүчингүй болгож байгаа талаар мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байна.

Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд Засгийн газрыг 2010 оны 140 дүгээр тогтоол болон 2016 оны 154 дүгээр тогтоолоор батлагдсан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай иргэн, аж ахуй нэгжүүдийн жагсаалт гэж гарчиглан иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэрсийг жагсаан дурджээ. Энд нэр дурдагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар нь улсын тусгай хэрэгцээнд давхцалтай гэсэн боловч давхцалтай газрыг хэрхэн шийдвэрлэх, газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх талаар дурдаагүй байна.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/322 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ДБИХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар сонсох ажиллагаа явуулсан гэх боловч шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн 2017 оны явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрээс үзвэл 322 дугаар албан бичгийг хэн хүлээн авсан, нэхэмжлэгч ДБИХХК-д хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Төв аймгийн СсЗД нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж эрх ашиг нь хөндөгдөж буй ДБИХХК-ийн оролцоог хангаж тайлбар баримтыг судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгов.

Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмыг баримталж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид газрын төлбөр болон бусад зардал гарч хохирол учирсан нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж заасны дагуу ДБИХХК-д 10 га газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлээгүй өөр газраар солих гэрээ байгуулахыг Төв аймгийн СсЗДд даалгаж, шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8 дахь заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ДБИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн ДБИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ДБИХХК-ийн 10 га газрыг өөр газраар солих гэрээ байгуулахыг Төв аймгийн СсЗДд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан ДБИХХК-д 10 га газрыг бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй өөр газар эзэмшүүлсэн захирамж гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажиллагааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сарын дотор хийж гүйцэтгэхийг Төв аймгийн СсЗДд үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДБИХХК-д олгож, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 60-61 хуудас

[2] Хавтаст хэргийн 9-р хуудас

[3] Хавтаст хэргийн 10-р хуудас

[4] Хавтаст хэргийн 11-12-р хуудас,

[5] Хавтаст хэргийн 65-68-р хуудас,

[6] Хавтаст хэргийн 104-105-р хуудас,

[7] Хавтаст хэргийн 23-24-р хуудас,

[8] Хавтаст хэргийн 96-98 хуудас