Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00068

 

Ц сумын Бүрэн дунд сургуулийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00247 дугаар шийдвэртэй, тус аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй, М.Е-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хуурамч диплом ашиглаж гэмт хэрэг үйлдэх замаар улсын төсвөөс ашиглан завшсан 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар цалин хөлсөнд авсан 52443839 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 

Нэхэмжлэлд: “М.Е нь 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ц сумын бүрэн дунд сургуульд “Биеийн тамир, эрүүл мэнд”-ийн мэргэжлийн багшаар томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан тухай захирлын 64 тоот тушаал гарган Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2002 онд “Биеийн тамир, эрүүл мэндийн багш” мэргэжлээр төгссөн гэх 0200212301 дугаартай хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол”, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 албан бичиг, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 7/811 тоот лавлагаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Диплом хүчингүй болгох тухай” 04-05-046/74 тоот акт зэргээр батлагдсан байна.

Хариуцагч М.Е нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2002 онд төгссөн гэх D200212301 дугаартай, 02053 тоот улсын бүртгэлтэй хуурамч дипломыг ашиглаж 2004 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл Ц сумын бүрэн дунд сургуульд багшаар ажилласан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй үйлдсэн болох нь батлагдаж байна. Иймд М.Е-ын 2004 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл хуурамч диплом ашиглаж улсын төсвөөс завшсан мөнгийг гэмт хэргийн хохирол төлбөрт нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар М.Е-ын хуурамч диплом ашиглаж авсан 2004 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд улсын төсвөөс цалин хөлсөнд авсан 52443839 төгрөгийг төлүүлэн өгч, сургуулийн төсөвт оруулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, хариуцагч М.Е би Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А-гийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

М.Е би тус сургуулийн захирлын 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Биеийн тамир, эрүүл мэндийн багш”-аар 02 тоот тушаалаар томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан 13 дахь жилдээ ажиллаж байна. Би анх биеийн тамирын багшийн ажилд томилогдох үед хуурамч диплом ашиглаагүй ба Шонхор биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар дамжаанд суралцаж байсан оюутны үнэмлэхийг тэр үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.М-д үзүүлж уг ажилд хууль ёсоор томилогдсон. Өнгөрсөн 13 жилдээ хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж хөдөөгийн хүүхдэд биеийн тамирын хичээлийг чанартай зааж, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл тус сургуулийн захирлаар шинээр томилогдсон Ж.А нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн намайг янз бүрийн байдлаар хавчин гадуурхан, элдэв шалтаг шалтгаан зааж хоёр ч удаа хууль бусаар ажлаас халсан тушаал гарган ажлаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 тоот, 2018 оны 130/ШШ2018/00058 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Түүнчлэн захирал Ж.А нь намайг хуурамч диплом ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/55 тоот тогтоол гарсан. Хяналтын прокурорын тогтоолыг захирал Ж.А эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүх болон Улсын Ерөнхий прокурорын газарт удаа дараа гомдол гаргасан боловч хяналтын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, түүний гомдлыг хангахгүй орхисон. Одоо хяналтын прокурорын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байна. М.Е би 2004 оны 1 дүгээр сараас хойш өнгөрсөн 13 жилд Ц сумын 10 жилийн дунд сургуульд ажлын өдрүүдэд өглөө 08 цагт ажилд очиж, орой 17 цагт ажлаас тарж улсад биеийн хүчээ үнэлүүлэн хөдөлмөр хийсэн. Би улсад ажилласны төлөө, сурагч нарт хичээл заасны төлөө төрөөс цалин хөлс авч байсан. Энэхүү цалин хөлсийг тус сургуулийн санхүүгээс тухай бүрд цагийн бүртгэлийг үндэслэн олгож байсан. Өнөөдөр хүртэл М.Е намайг хуурамч диплом ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхээс шийдвэр гараагүй. Захирал Ж.А намайг удаа дараа урьд эрхэлж байсан ажилд шүүхээс эгүүлэн тогтоосон шийдвэрт өширхөн, урьд хувийн өш хонзонтой байсныг далимдуулан удаа дараа хууль бус асуудал гаргаж байгаа явдалд гомдолтой байна. Ж.А тус сургуулийн захирлаар томилогдсон үеэс хойш гэм зэмгүй олон багш, ажилтан нарыг ажлаас хууль бусаар халж тэд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсоны улмаас улсын төсөвт учруулсан бодит хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хуурамч диплом ашиглаж гэмт хэрэг үйлдэх замаар улсын төсвөөс ашиглан завшсан 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар цалин хөлсөнд авсан 52443893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00247 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан М.Е-аас 52443839 төгрөг гаргуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00247 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2,161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. М.Е нь 2004 оноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ц сумын бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа тэрээр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх 0200212301 дугаартай хуурамч дипломыг сургуулийн удирдлагад үзүүлэн дээд боловсролтой хэмээн итгүүлэн хуурамч диплом ашиглан багшаар ажиллаж ирсэн нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай тогтоол, УЕПГ-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар, мөн нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон. Нэхэмжлэгч М.Е-ын 13 жилийн турш сургуулийн удирдлагад дээд боловсролтой хэмээн үзүүлсээр ирсэн диплом нь Монгол Улсын БСШУСЯ-ны төгсөгчдийн мэдээллийн санд Лхагвадоржийн Чинзориг гэх нэрээр бүртгэлтэй, М.Е нь Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаагүй болох нь мөн дээрх хуурамч дипломыг ашиглан 2009 онд багшлах эрх авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тус тус нотлогдсоныг шүүх анхаараагүй.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай тогтоолоор М.Е-ын хуурамч диплом ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдсон боловч зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээгүй болохоос гэм буруугүй болох нь буюу хуурамч баримт бичиг ашиглаагүй нь нотлогдон тогтоогдоогүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “ Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбекээс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэн тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Хариуцагч М.Е нь 2004 оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Ц сумын ахлах сургуульд биеийн тамирын багшаар томилогдон, түүнээс хойш 13 жил тасралтгүй ажилласан, тэрээр ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийж, цагаа бүртгүүлэн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. М.Е нь анх ажилд ороход хуурамч диплом ашиглаагүй болох нь тэр үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.Манкейн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 2017 оны 02 дугаар сард үйлдэгдсэн хяналтын прокурорын тогтоолоор тус тус нотлогдож байгаа. Иймд, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбекийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130\МА2018\00247 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургууль нь  хариуцагч М.Е-д холбогдуулан хуурамч диплом ашиглах замаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар авсан цалин 52443839 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Хариуцагч М.Е-ын D200212301 дугаартай диплом нь хуурамч болох нь Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжилэх ухаан, Спортын яамны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/811 дугаартай лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/10324 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046/74 дугаартай “Диплом хүчингүй болгох тухай” актаар нотлогдож байна гэж үзэж Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтыг үндэслэн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гэх D200212301 дугаартай диплом нь хуурамч болох нь тогтоогдож, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нооцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр  М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагч М.Е нь анх /2004 онд/ ажилд орохдоо ажил олгогчийн ажилд авах шийдвэрийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, ажил олгогчоос ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгож байсан зэргээс үзэхэд М.Е нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасан гэм хор учруулсан үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч анхнаасаа дээд боловсролын дипломгүй ажилд орсон, тодорхой ажил үүргийг гүйцэтгэж түүндээ тохирсон цалин хөлс авч байсныг бусдад хохирол учруулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэгэнт хариуцагч М.Е-ын үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үнэдэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтын хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00247 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “498 дугаар зүйлийн 498.5” гэснийг хасаж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ