| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/04806/И |
| Дугаар | 101/ШШ2021/00459 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А,
Нэхэмжлэгч: Н.Т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б-д холбогдох,
1,370,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.А, Н.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А, Н.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.А, Н.Т бид 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Улсын Их хурлын сонгуулийн 0 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Э*******ын Б*******ы сонгуулийн штабт ажилласан.
0 дүүргийн 0 дугаар тойрогт 17 хороо харьяалагдсан бөгөөд үүнд тус дүүргийн 32 дугаар хороо хамрагдсан бөгөөд уг хороонд 88 ухуулагч ажилласан. 88 ухуулагч бүр дэмжигч 10 гишүүнтэй, ингээд гэрийн хаяг, регистрийн дугаарыг бүртгээд ухуулагчаар ажиллуулахаар болсон. 88 ухуулагчийн 8 нь хэсгийн ахлагч, хэсгийн ахлагч нь 100-200 хүн хариуцсан.
Нэр дэвшигч Э.Бы 0 дүүргийн 4 дүгээр хорооны шадар туслах Э.Б, тус хороонд ахлах ухуулагчаар ажилласан Б.Б нараар зуучлуулан 0 дүүргийн 32 дугаар хорооны шадар туслах Э-тэй гэрээ байгуулсан. Ухуулагчтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний 2.5, 2.4 заалтын дагуу бусад ухуулагч нартай тохиролцсон.
Ахлах ухуулагч Н.Т нь 600,000 төгрөг /400,000+200,000/, гишүүн Д.А нь 400,000 төгрөгийн хөлстэй ажиллахаар тохирсон.
Мөн Д.Агийн өмчлөлийн 66-89 УАА дугаартай Старекс маркийн автомашинаар явуулын штабыг ажиллуулах зөвшөөрлийг 0 дүүргийн Сонгуулийн хорооноос 2020.06.22-ны өдөр авч өгсний дагуу 0 дүүрэг, 0 дугаар хороо, Баруун түрүү, 0 дүгээр гарам орчмын гудамж талбай, хувийн хэвшил, худаг, автобусны буудал орчмоор явж ухуулга сурталчилгаа хийх, сурталчилгааны материалыг тараахаар тохиролцож бензин шатахуун, машины элэгдэл хорогдлын төлбөрт хоногийн 50,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож ажилласан.
Гэвч гэрээгээр, амаар тохиролцсоны дагуух тооцооноос эдгээр хоногуудын хугацаанд маш их хэл ам, дарамт, бухимдлын дунд урьдчилгаа болон бензиний төлбөрийг өгсөн.
Н.Тт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр 200,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны ******* тоот дансаар 200,000 төгрөг,
Д.Ад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг бэлнээр, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Н.Тийн ХААН банкны 0 тоот дансаар 100,000 төгрөг, 66-89 УАА машины шатахуунд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ХААН банкны 0 тоот дансаар 200,000 төгрөг өгсөн.
Үлдэгдэл ажлын хөлс болон хоолны зардал, машины түрээсийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээн дээр заасанчлан 2.4, 2.5-г үндэслэн өгөхөөр тохиролцсон.
Нэр дэвшигч Э.Б нь Улсын их хурлын сонгуулийн 0 дугаар тойрогт нийт сонгогчдоос 2800 гаран хүний санал авч нийт 23 нэр дэвшигчдээс 8 дугаар байрт жагсаж бидний хичээл зүтгэлээр маш том амжилтанд хүрсэнээ чамлаж биднийг уг гэрээний 3.1, 3.3, 3.4 дүгээр заалтыг зөрчиж, сайн ажилласангүй гэж буруутган “Сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байна, үр дүн муу байна, хүмүүс саналаа өгөөгүй, Улсын их хурлын гишүүн болж чадаагүй” гэж үзэн гэрээний 4.1.1-д заасныг зөрчин сонгогчдын сонгох эрхэнд нөлөөлөөгүй учраас ажлын хөлс болон бусад зардлыг өгөхгүй гэсэн.
Гэрээний 2.4-д ажилласан өдөрт хоолоор хангана гэж тохиролцсон боловч хоол битгий хэл цэвэр ус ч өгөөгүй. Хоолны мөнгийг бид хамгийн бага буюу хоногийн 5,000 төгрөгөөр тооцож байгаа болно.
Э.Б нь өөрийгөө 0 дүүрэгт төрж өссөн, энэхүү газартаа амьдардаг гээд бидэнд болон сонгогч нарт 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суудаг хаяг бичигдсэн нэрийн хуудсаа тараасан.
Уг хаягаар нь 0 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч түүнийг уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэдэг хариуг тус хорооны Засаг дарга тодорхойлсон тул тус шүүхийн шүүгчийн 2020.07.02-ны өдрийн 184/ШЗ2020/00000 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Э.Бы өөрийнх нь өгсөн хаягийн дагуу шүүхэд хандсан, түүнээс өөрөөр түүний хаягийг олох боломжгүй учраас түүний оршин суух хаягийг тогтоолгохоор мөн шүүхэд дахин хандсан.
Ингээд 0 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.21-ний өдрийн 184/ШШ2020/00000 тоот шийдвэрээр Э.Быг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасан, шүүхийн шийдвэрийн дагуу 0 дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс түүний хаягийг тогтоож өгснөөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
Түүнийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоолгохын тулд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн, уг зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагч Э.Баас гэрээний дагуу Н.Тийн цалингийн үлдэгдэл 200,000 төгрөг, Д.Агийн цалингийн үлдэгдэл 200,000 төгрөг, 20 хоногийн хоолны зардалд Д.А 20х5,000 төгрөг=100,000 төгрөг, Н.Т 20х5,000 төгрөг=100,000 төгрөг,
0 УАА дугаартай автомашинаар идэвхитэй үйл ажиллагаа явуулсан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх 14 хоногт өдөрт /08:00-12:00, 14:00-17:00, 19:00-21:00/ 9 цаг тасралтгүй явуулын сурталчилгаа хийсэн хоногийг түүний шадар туслахтай амаар тохиролцсоны дагуу 14 хоног х 50,000=700,000 төгрөг,
Э.Бы хаяг тодорхой бус шалтгааны улмаас эрэн сурвалжлах тэмдэгтийн хураамж төлсөн төлбөр болох 70,200 төгрөг, нийт 1,370,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд гаргасан Д.А, Н.Т нарын 1,370,200 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Э.Б нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 0 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн ба ийнхүү нэр дэвшихдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу менежер, шадар туслагч, ухуулагчийг хөлсөөр ажиллуулсан.
1. Ажлын хөлс /үлдэгдэл 400,000 төгрөгийн шаардлагын тухайд/ :
Нэхэмжлэл гаргасан Н.Ттэй ухуулагчаар ажиллуулахаар гэрээ байгуулан 0 дүүргийн сонгуулийн штабаас ухуулагчийн үнэмлэх авч ажилласан. Харин нэхэмжлэгч Д.Атэй ухуулагчаар ажиллуулахаар харилцан тохиролцоогүй, ухуулагчийн үнэмлэхгүй ба зөвхөн түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хөлсөлж ажиллахаар харилцан тохиролцсон.
Н.Ттэй 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 22 өдрийн ажлын хөлс 400,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж, гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэлд дурьдсанчлан 2020.06.04-ний өдөр 200,000 төгрөг, 2020.06.22-ны өдөр 200.000 төгрөг, нийт 400,000 төгрөгийг өгч дуусгасан. Харин нэмж 200,000 төгрөг ажлын хөлсөнд төлөх талаар тохиролцоогүй болно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тээврийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа хийх тохиолдолд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал буюу ухуулах хуудас, зурагт самбар болон дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулахыг зөвшөөрдөг. Нэр дэвшигчийн сонгуулийн штабын зүгээс зөвхөн ухуулах хуудас, далбаа байрлуулахаар Д.Атэй тохиролцсон ба энэ ажлыг Д.А нь өөрийн эзэмшлийн 0 УАА улсын дугаартай, Тоёота Старекс маркийн тээврийн хэрэгслээр гүйцэтгэхээр болсон тул дүүргийн сонгуулийн хорооноос сурталчилгааны тээврийн хэрэгслийн таних тэмдгийг авсан. Д.Агийн энэ ажлын хөлс нь мөн л 400,000 төгрөг байсан энэ төлбөрийг нэхэмжлэлд дурьдсанаар төлсөн.
2. Хоолны зардал /200,000 төгрөгийн тухайд/:
Мөн нэхэмжлэгч тус бүр хоолны зардал 100.000 төгрөг, нийт 200,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба энэ төлбөрийг ч мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний байгуулсан гэрээгээр хоолны зардлыг хариуцахаар заасан нь хоолны мөнгө олгох бус өдрийн хоолыг тухайн ажилласан өдөрт нь өгөхөөр заасан юм. Ингэж заасны дагуу сонгуулийн штабын зүгээс ажилласан өдөр бүрт нь хоолыг нь хүргэж өгч, өдрийн хоолоор хангаж байсан.
3. Тээврийн хэрэгсэл ашигласан 700,000 төгрөг гэх шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Д.Атэй энэ тайлбарын 1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож ажил гүйцэтгүүлсэн ба тухайн ажлыг өөрийн тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн тул ажлын хөлсийг бүрэн төлсөн. Харин тээврийн хэрэгслийн ашигласны өдрийн 50,000 төгрөг гэж тохиролцоогүй тул мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
4. Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тухайд :
Нэхэмжлэгч тал хэдийгээр өөрийн эpx, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчсөн гэж үзэж байгаа этгээдээ шүүхэд хариуцагчаар дуудан нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэдэг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн эхний 3 үндэслэлийг эс зөвшөөрч маргаж байгаа ба ямар нэг байдлаар нэхэмжлэгчдийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул мөн уг шаардлагыг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
/хх-ийн 36-37 тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А, Н.Т нар хариуцагч Э.Бд холбогдуулан 1,370,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Н.Т, Д.А нар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 0 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бы сонгуулийн штаб, түүнийг төлөөлж менежер Б.А-тай “Ухуулагчтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээгээр Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу ухуулагч болон нэр дэвшигчийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тохиролцжээ.
Гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл байх, ухуулагч буюу Н.Т, Д.А нар нь Сонгуулийн сурталчилгааг хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн биечлэн гүйцэтгэх, нэр дэвшигч буюу Э.Б нь харилцан тохиролцсон хөлс төлөхөөр тусгасан байна.
/хх-ийн 10-11, 15-16 тал/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д:”Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-т:”Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохыг шаардана.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Тийг ухуулагчаар ажиллуулахаар гэрээ байгуулж, дүүргийн Сонгуулийн штабаас ухуулагчийн үнэмлэх авч ажилласан, ажлын хөлсийг 400,000 төгрөг байхаар тохиролцож, уг хөлсийг төлсөн, 600,000 төгрөг байхаар тохиролцоогүй,
Д.Аг ухуулагчаар ажиллуулахаар тохиролцоогүй, ухуулагчийн үнэмлэхгүй, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ухуулах хуудас, далбаа байрлуулах, үүний хөлс 400,000 төгрөг байхаар тохиролцсон, уг хөлсийг төлсөн, харин өдрийн 50,000 төгрөг гэж тохиролцоогүй,
Гэрээнд хоолны мөнгө олгох бус, тухайн ажилласан өдөрт нь өдрийн хоолоор хангахаар заасны дагуу хоолоор хангах үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй тул эрэн сурвалжлах зардлыг хариуцах үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.
Тэрээр ийнхүү маргаж буй байдлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т:”Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно” гэж заажээ.
37.5-т:”Нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно”, 37.6-д:”Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно” гэж заасан.
0 дүүргийн 0 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Э.Бы сонгуулийн штаб, түүнийг төлөөлж менежер Б.А нь нэхэмжлэгч Н.Т, Д.А нартай “Ухуулагчтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан, үүний үндсэн дээр 0 дүүргийн Сонгуулийн хорооноос Н.Тийг ухуулагчаар бүртгэж, үнэмлэх олгосон нь түүнд олгосон ухуулагчийн үнэмлэх, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2021.01.13-ны өдрийн 04/30 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн ухуулагчийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогджээ.
/хх-ийн 9, 62-66 тал/
Э.Бы сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгсэл болох Д.Агийн өмчлөлийн 0 УАА улсын дугаартай Хьюндэй старекс маркийн тээврийн хэрэгслийг 0 дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн, уг тээврийн хэрэгсэлд таних тэмдэг олгож, уг тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, уриа, чанга яригч байрлуулсан нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасантай нийцжээ.
/хх-ийн 16-21 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 0 дүүргийн 0 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Э.Бы сонгуулийн штабт Н.Т, Д.А нар ухуулагчаар ажиллах, ийнхүү ажиллахдаа Сонгуулийн сурталчилгааг хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн биечлэн гүйцэтгэх, хариуцагч Э.Б нь харилцан тохиролцсон хөлс төлөхөөр тохирсон үйл баримт бий болжээ.
0 дүүргийн 0 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Э.Бы ухуулагчийн бүртгэлд Д.Аг бүртгэж, түүнд үнэмлэх олгоогүй нь түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг байгуулагдаагүй гэж үзэх, үүний үндсэн дээр түүнд гэрээгээр тохиролцсон хийж гүйцэтгэсэн ажлын хөлс олгохыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Дээрх гэрээний дагуу Н.Т нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр 200,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк ХХК дах ******* тоот дансаар 200,000 төгрөг,
Д.А нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг бэлнээр, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк дах ******* тоот дансаар 100,000 төгрөг,
66-89 УАА машины шатахуунд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ХААН банк дах 5029156405 тоот дансаар 200,000 төгрөг хүлээн авсан талаар тайлбарласан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-д гэрээний хүчин төгөлдөр хугацаанд нэр дэвшигчийн сонгуулийн штабаас ухуулагч Н.Тт 400,0+200,0=600,0 төгрөг, Д.Ад 400,0 төгрөгийн ажлын хөлс олгохоор тус тус тусгасан байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу гэрээг үгийн шууд утгаар тайлбарлавал хариуцагч Э.Б нь ажлын хөлсөнд Н.Тт 600,000 төгрөг, Д.Ад 400,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, ийнхүү тохиролцсоны дагуу Н.Тт 400,000 төгрөг, Д.Ад 200,000 төгрөгийн хөлс төлсөн, үлдэх хөлсийг төлөөгүй гэж үзэхээр байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.А, Н.Т нар нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 0 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Э.Бы сонгуулийн сурталчилгааг сонгуулийн хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн биечлэн гүйцэтгэсэн, Д.Агийн өмчлөлийн 6689 УАА улсын дугаартай Хьюндэй старекс маркийн тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, уриа, чанга яригч байрлуулан ажиллуулсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч Э.Б нь дээрх үйл баримтыг баримтаар няцаасангүй.
Нэхэмжлэгч нар гэрээний 2.4-т заасны дагуу өдрийн хоолны зардалд /1хоногх5.000төгрөгх20хоногх2хүн/ 200,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагаа баримтаар нотолсонгүй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нар хоолны зардалд 200,000 төгрөг шаардсан шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь гэрээгээр болон амаар тохиролцсон ажлын хөлсийг төлөхөөс татгалзсан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болжээ.
0 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2020/08912 тоот захирамжаар 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт Э.Б нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Мөн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/00000 тоот шийдвэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Быг эрэн сурвалжилж, оршин суух хаяг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг 0 дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгаж, хүсэлт гаргагч Д.А, Н.Т нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийн дагуу 0 дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Э.Бы оршин суух хаягийг тогтоож, нэхэмжлэгч нарт мэдэгдэж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болохыг мэдэгджээ.
/хх-ийн 9, 23-25 тал/
Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардахаар хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг тогтоолгохын тулд улсын тэмдэгтийн хураамж төлж, зардал гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т:”Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т:”Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хохиролд тооцох нь зүйтэй гэж үзэв.
/хх-ийн 25 тал/
Иймд хариуцагч Э.Баас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт Н.Тт 200,000 төгрөг, Д.Ад 200,000 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээс 700,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 1,170,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т, Д.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хоолны зардал болох 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч Э.Баас 1,170,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А, Н.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжид 32,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А, Н.Т нарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ