Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/00622

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        02         26                                    101/ШШ2021/00622         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Ж-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Ш-т холбогдох,

 

2.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ж миний бие 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш.Ш-т  0 УБҮ улсын дугаартай Соната 7 маркийн автомашинаа түрээслүүлж, хоногийн төлбөр нь 100.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан.

Ш.Ш нь 2020.10.10-ны өдрөөс 2020.10.12-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэхээр тохирсон боловч уг хугацаа дууссанаас хойш дахин сунгуулах хүсэлт гаргасан. Үүнээс хойш тэрээр түрээсээ төлөхгүй, автомашинаа буцааж өгөхгүй, холбоо барихгүй сураггүй болсон тул Баянгол дүүргийн Цагдаагийн газарт автомашинаа хулгайд алдсан гэж хандсан.

Ийнхүү хандсанаар  2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дугуй нь хагарсан, шатахуун нь дууссан байдалтайгаар Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан,  иргэд хоорондын маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн болно. Ш.Ш нь цагдаа шалгах явцад 10 сарын төлбөр болох 2.000.000 төгрөг өгсөн. Түүний тайлбарт бичсэнээр 2.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй, зах зээл дээр үүнээс илүү төлбөртэй байдаг.

Иймд Ш.Ш-с 2020.11.27-ны өдөр хүртэлх 28 хоногийн түрээсийн үлдэгдэл төлбөр болох 2.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Ш нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ш.Ш би А.Ж-н нэхэмжилсэн 2.800.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулах хүсэлтэй байна.

Учир нь А.Ж-н өмч болох машиныг хүлээлгэн өгч дээрээс нь түрээсийн мөнгө гэж 2.900.000 төгрөг өгч байсан. Тухайн үед ковид 19-с болж зам хорьж, ажил зогсож хэцүү байсан.

Иймд миний хүсэлт бол 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

/хх-ийн 25 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ш.Ш-т холбогдуулан 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 0 УБҮ улсын дугаартай, Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай, хоногийн 100.000 төгрөгийн төлбөр авах нөхцөлтэйгөөр хариуцагч Ш.Ш-т хөлслүүлэх, дээрх хугацаанд зорчигчийн амь нас, эрүүл мэнд, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг Ш.Ш хариуцахаар тохиролцжээ.

 

Ш.Ш нь хүсэл зоригийн илэрхийлэл болгож мөн өдөр дээр дурдсан агуулгыг тусгасан баримт үйлдсэн, уг баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д:”Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан ãýæ ¿çэв.

/хх-ийн 7 тал/

 

Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д:”Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно” , мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д:”Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж тус тус заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд гэрээг 2 хоногийн хугацаатай байгуулсан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй болох нь тогтоогдож байх тул дээрх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ш.Ш нь түрээсийн төлбөрт 2.900.000 төгрөг төлсөн тул  нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч тэрээр 2.900.000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.   

 

Энэ нь түүний түрээсийн төлбөрт 2.900.000 төгрөг төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Гэрээний зүйл болох 0 УБҮ улсын дугаартай, Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, нийт 48 хоногийн хугацаанд хариуцагч Ш.Ш-н эзэмшил, ашиглалтад байсан, тэрээр 20 хоногийн хөлс 2.000.000 төгрөг төлсөн, үлдэх 28 хоногийн хөлс төлөх үүргээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т:”эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж зааснаар биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Ш.Ш-с 2.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ш.Ш нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч А.Ж-н хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Ш.Ш-с 2.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ш.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ