| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0035/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/34 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/34
2024 02 02 2024/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Д.****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д ийн Т д холбогдох эрүүгийн 2439000000012 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.****** нь Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Бэрх тосгон 62 дугаар байрны хойд талын гудамжинд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр О.****** ын халааснаас (Хаан банкны виза карт), “Самсунг галакси” А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, түүнд 960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч О.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Бэрх тосгонд ажиллаж амьдардаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгаас миний танил ****** гэх хүн Баян-Овоо сум орж идэш хийхээр явах гэсэн чинь цас ихтэй явж чадалгүй буцаж байна гээд над руу ярихаар нь найзтайгаа ойрд уулзаагүй юм чинь жоохон ярьж сууя гээд манай ажлын гадаа машин дотор нь сууж 0,75 литрийн “Хараа” архийг хоёулаа хувааж уугаад манай найз явлаа гээд явсан. Би тэндээсээ гараад “Оргил” гэх хүнсний дэлгүүрээс дахин нэг шил архи авах гэж ороод авалгүй эргээд гарсан юм. Тэгтэл миний араас Бэрх тосгоны иргэн ****** гэх залуу ирээд надтай хэсэг юм ярьж хамт явж байгаад салаад явсан. Би гэртээ орж ирэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Миний гар утас 2023 оны 09 дүгээр сард 1,470,000 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр Хэнтий аймгаас Лизингээр худалдан авч байсан. Миний гар утас хамгийн сүүлд “Оргил” хүнсний дэлгүүрт ороод утасныхаа араас Хаан банкны виза картаа аваад архины мөнгө уншуулах гэхэд миний карт блоклогдоод уншиж болохгүй болохоор нь эргүүлж утасныхаа ард хийгээд гарахад байсан. Тэгээд намайг дэлгүүрээс гараад харих замд алга болсон байсан. Намайг дэлгүүрээс гараад харих замд бүтэн нэрийг нь мэдэхгүй ****** гэж дууддаг залуу тааралдаж юм ярьж хамт алхаж байгаад салсан. Надтай өөр хүн тааралдаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас өөрийгөө хянах чадвар бага зэрэг алдсан байсан тул надад сэжиглэх хүн байхгүй байна. Миний хувьд алдсан гар утсаа олоод авчихвал өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэжээ. (хх-ийн 14-15)
Шүүгдэгч Д.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 62 дугаар байрны хойд талын гудамжинд өөрийн танил ****** гэх ахын халааснаас нь “Самсунг галакси А-54” маркийн гар утас, мөн уг гар утасны кэйсний арын хэсэгт нь байсан Хаан банкны виза карт зэргийг нь хулгайлсан. ... би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед архи уучихсан согтуу явж байсан болохоор согтуурхсанаасаа болоод л хулгай хийчихлээ. Би тухайн үед дунд зэргийн л согтолттой байсан, би тухайн үед болсон асуудлыг бол санаж, мэдэж байгаа. ...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ахиж ийм асуудал гаргахгүй.” гэжээ. (хх-ийн 49-50)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШД-302 дугаартай “...Samsung A54 маркийн гар утас, Хаан банкны зах зээлийн үнэлгээ 960,000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт (хх-ийн 39-42)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6)
Гэрч Д.****** ийн мэдүүлэг (хх-ийн 22-23)
Гэрч Б.****** ийн мэдүүлэг (хх-ийн 25-26)
Гэрч С.****** ийн мэдүүлэг (хх-ийн 28-29)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51)
Хохирол төлсөн баримт (хх-ийн 76)
Д.****** ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 54, 55, 56, 57, 58, 59) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.****** д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Т овогт Д ийн Т нь Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Бэрх тосгон 62 дугаар байрны хойд талын гудамжинд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч О.****** ын халааснаас Хаан банкны виза карт, “Самсунг галакси” А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 62 дугаар байрны хойд талын гудамжинд өөрийн танил ****** гэх ахын халааснаас нь “Самсунг галакси А-54” маркийн гар утас, мөн уг гар утасны кэйсний арын хэсэгт нь байсан Хаан банкны виза карт зэргийг нь хулгайлсан. ... би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна...” гэх, хохирогч О.****** ын “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгаас миний танил ****** гэх хүн Баян-Овоо сум орж идэш хийхээр явах гэсэн чинь цас ихтэй явж чадалгүй буцаж байна гээд над руу ярихаар нь найзтайгаа ойрд уулзаагүй юм чинь жоохон ярьж сууя гээд манай ажлын гадаа машин дотор нь сууж 0,75 литрийн “Хараа” архийг хоёулаа хувааж уугаад манай найз явлаа гээд явсан. Би тэндээсээ гараад “Оргил” гэх хүнсний дэлгүүрээс дахин нэг шил архи авах гэж ороод авалгүй эргээд гарсан юм. Тэгтэл миний араас Бэрх тосгоны иргэн ****** гэх залуу ирээд надтай хэсэг юм ярьж хамт явж байгаад салаад явсан. Би гэртээ орж ирэхэд миний гар утас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШД-302 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.****** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Д.****** од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.****** ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5
болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.****** ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 960,000 төгрөг төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****** од 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.****** ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.****** д 960,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШД-302 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч О.****** ын “...Д.****** оос гар утсаа авсан нь үнэн болно. Хохиролгүй болсон учраас гомдол санал байхгүй” гэх хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.****** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.****** нь хохирогч О.****** д төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Д ийн Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****** д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. ****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө
орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.****** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.****** д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.****** од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР