| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/04473/И |
| Дугаар | 102/ШШ2021/00254 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/00254
2021 оны 01 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2021/00254 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, “Ханжаргалан”-гийн 7 дугаар гудамжны 12 тоотод оршин суух РД:ДГ65072901, Иргэн уургач овогт Тангадын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, “Дунд гол” үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарын 403 тоотод байрлах РД:5613914, “Ласти интернэшнл” ХХК
Хариуцагч Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, “Яргайт”-ын 25 дугаар гудамжны 390 тоотод оршин суух Цогт овогт Батаад холбогдох 10.191.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.******* 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Ласти интернешнл” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан.
Энэ гэрээний дагуу нийт 8.580.000 төгрөгийг “Ласти интернешнл” ХХК-ийн захирал байсан н.Батаагийн “Хаан” банкин дахь дансанд тушаасан.
Энэ данс руу хийчих, байгууллагын данс руу орно гээд компанийн тамга тэмдэг дарж хүчин төгөлдөр болсон.
Анх н.Батаагаас өгсөн мөнгөө авъя гэсэн боловч хаяг дээрээ байхгүй, олдохгүй байсан тул Т.Чимэддулам, н.Батаа нар холбоотой, уулзаж байдаг байж хаяг дээрээ байхгүй гэдэг.
Тиймээс “Ласти интернешнл” ХХК-тай гэрээ байгуулсан, н.Батаа хүлээн зөвшөөрсөн тул энэ мөнгийг хариуцагч компаниас нэхэмжилж байна.
Энэ байранд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулах үед баригдаж дуусаагүй байрны засварыг өөрсдөө хийгээд орчих, засвар хийсэн мөнгийг гэрээний мөнгөн дүнгээс хасна гэж талууд “Орон сууц захиалан байгуулах гэрээ”-ээр тохиолцсон.
Ингээд байрандаа ороход н.Батаа захирал, компаниа нягтлан болох Т.Чимэддулам руу шилжүүлсэн байдаг ба одоогийн захирал Т.Чимэддулам юм.
Гэтэл уг байрны өмчлөлийн гэрчилгээг иргэн Д.Болормаа гэдэг хүний нэр дээр гаргуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар оршин суугчдыг албадан гаргуулах ажиллагаа Дархан-Уул аймагт явагдаж байна.
Иймээс нэгэнт өөр хүний өмчлөлд орон сууц бүхэлдээ шилжсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, дансаар байрны урьдчилгаанд өгсөн 8.580.000 төгрөг, байрны засварын зардал 1.611.900 төгрөг нийт 10.191.900 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.******* “Ласти интернешнл” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөр 8.580.000 төгрөг, засварын зардал 1.611.900 төгрөг нийт 10.191.900 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр талууд “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Т.******* одоог хүртэл уг байранд амьдарч байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “Орон сууц захиалан бариулах гэрээ” болон “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г ойлгохгүй байх шиг байна. 2020 оны эхээр “Ласти интернешнл” ХХК-тай холбоотой маргаан шүүхэд үүссэн тул төлбөр төлөхийг түр хүлээж байна уу” гэх мэдэгдлийг өгөөд хэн ч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Д.Болормаад нэгэнт шилжсэн байранд нэхэмжлэгчийг гэрээгээ шинэчилж байгуулаад амьдарч болно гэж хэлсэн.
Уг орон сууцтай холбоотойгоор 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байгуулсан гэрээний дагуу 2020 оноос төлбөр төлөлтийг “Ласти интернешнл” ХХК болон Д.Болормаагийн зүгээс зогсоож, компаниас маргааныг эцэслэн шийдвэрлэтэл төлбөрийг авахгүй гэдгээ мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т. *******, хариуцагч “Ласти интернэшнл” ХХК, Ц.Батаад холбогдуулан орон сууцны үнэ 10.191.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 28 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Дархан-Уул аймаг, 13 дугаар хороолол, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах 10-Б дугаар байрны 2 дугаар орцны 6 дугаар давхарын 1 өрөө, 41.3 метр квадрат талбайтай, орон сууцыг 51.625.000 төгрөгөөр захиалан бариулахаар гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр зохигчид бичгээр байр захиалах гэрээг байгуулсан ч талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас үзэхэд, хариуцагч, нэхэмжлэгчээс байрны урьдчилгаа төлбөр авсан, тухайн байрыг хөрөнгө оруулагч Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлж, Дархан-Уул аймагт маргаан бүхий 10 дугаар байранд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж битүүмжлэгдснийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба нэхэмжлэгчийг байрны төлсөн мөнгөө Д.Болормаагаас авах нь зүйтэй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан байдаг ба хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөлд дээрх орон сууцыг хүлээлгэн өгөөгүй болох нь Монгол улсын иргэн, РД:ЧЛ7122002, Дорж овогт Доржийн Болормаагийн нэр дээр Дархан-Уул аймаг, 13 дугаар хороолол, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах 10-Б дугаар байрны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000691001 дугаартай, Ү-2003021862 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ олгогдсоноор нотлогдож, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчийг захиалсан орон сууцыг өөр хүний нэр дээр шилжүүлснийг мэдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг шүүхээс мэдэгдснээр мэдсэн учраас гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгө, засварын зардлаа буцаан авахаар нэхэмжилж байгаа” гэж тайлбарласан нь үндэслэлтэй бөгөөд бичгийн баримтуудаар нотлогдож, гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаах буюу өөрөөр хэлбэл ажлын үр дүн болох барилга баригдсан хэдий ч нэхэмжлэгч өмчлөх болох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахад хүргэсэн байх тул зохигчид өгсөн авснаа буцаах нь хуульд нийцнэ гэж үзээд, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагчаас нэхэмжлэгчийн байрны урьдчилгаанд төлсөн 8.580.000 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 5 дахь хэсэгт нэмэлт тодотголд заасны дагуу ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур, шал, плита наасны засварын зардалд 885.000 төгрөг нийт 9.465.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 726.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батаад холбогдох шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 166.390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ласти интернэшнл” ХХК-иас 9.465.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 726.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.020 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 166.390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Ц.Батаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА