Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

  2024           02           02                                             2024/ШЦТ/32

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч У.******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт У ийн Т т холбогдох эрүүгийн 2339000000451 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч У.******  нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 24-23 тоот хаягт байрлах бусдын гэрт 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд хохирогч Х.****** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэгт нь хундгаар 1 удаа, мөн хамар хэсэг рүү 1 удаа гараараа цохисны улмаас Х.****** ын биед духанд шарх, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

           

Хохирогч Х.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний дүүгийн том охиныг хадмууд нь гуйна гэхээр нь би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой Хэнтий аймагт ирсэн байсан. Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай дүүгийн охиныг хадмууд нь гуйгаад найр болоод хүмүүс ирцгээсэн байсан. Тэгээд дүүгийндээ байж байтал худ талын хүмүүс болон манай дүүгийн найз гэх ******  гэх хүн ирчихсэн байсан. Тэгээд тэр ******  гэх хүн ирээд намайг танимхайраад “би Норовлингийн Шиврийн голынх юм аа” гэхээр нь “би тэр нутгийн хүн чамайг танихгүй юм байна” гээд хоорондоо юм яриад байж байтал ******  нь гартаа барьж байсан хундагаараа миний нүүр лүү цохиж байсан. Тэгснээ гэнэт манай бэр ****** тэй муудалцаад гадаа гарахаар нь би юу болов яав ийв гээд гараад салгах гэтэл ******  гээд залуу нь гараараа миний хамар луу нэг удаа цохиод хамраас маань цус гараад явчихсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж намайг авч эмнэлэг рүү хүргэж өгөөд үзүүлэхэд миний зүүн хөмсөгний дээд талд зүсэгдсэн шарх байсныг 4 оёдол тавьж оёсон. Мөн миний хамар хугарсан байна гэж хэлж байсан. Би өнөөдөр өөр хүн амьтантай маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тэр ******  гээд залуу л миний биед гэмтэл учруулсан. Би уусан байсан, гэхдээ болсон асуудлын талаар санахаар хэмжээний согтолттой байсан. Би хугарсан хамраа янзлуулчихвал өөр гомдол санал байхгүй.” гэжээ. (хх-ийн 6-7)

 

Гэрч Ц.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 24-23 тоотод айлын хашаанд саяхан буугаад амьдарч байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай том охиныг хадмууд нь гуйгаад бэр гуйгаад найр хийсэн юм. Тэгээд манай нөхрийн төрсөн ах ******  Улаанбаатар хотоос ирээд мөн манайд буусан хашааны эзэн болох манай нөхрийн найз ******  ч манайд ороод ирчихсэн аль аль нь уусан байсан. Тэгээд яг ямар шалтгааны улмаас болж муудалцсаныг мэдэхгүй өдөр 17 цаг 30-40 минутын үед гэнэт гэрийн гадаа ****** , ******  ах хоёр муудалцаад ******  нь ******  ахын хамар луу цохиод цус гаргачихсан байсан. Миний харснаар ******  ах цус нөжтэйгөө холилдчихсон ******  цохичихлоо гээд байж байсан. Тэгээд ******  ах өөрөө цагдаа дуудсан. ... зүгээр байсан. ******  цохисны дараа цус гарч мөн зүүн хөмсөгнийх нь дээд талд шалбарчихсан байсан...” гэжээ. (хх-ийн 10-11)

 

Шүүгдэгч У.******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай хашаанд байдаг айлд найр болсон. Тэгээд намайг ор гэхээр нь өдөр 14 цагийн үед ороод архи уусан. Тэгээд байж байтал манай арын хашааны айлын хүн орж ирээд гадаа нүх ухсан гэрлээ цуг залгуулья гэхээр нь гараад нүх ухаад байж байтал ******  гарч ирээд чи “Шийрийн гол”-ын хүүхэд биш писда минь гэж хэлээд намайг нэг цохихоор нь би уур хүрээд эргүүлээд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон маань үнэн. Тэр үед ****** ын бэр бас над руу агсраад дайраад байсан. Би тэр үед Х.****** ын биед гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хамрыг нь бол хугалаагүй. ******  нь надад гомдол санал байхгүй гэж хэлсэн.” гэжээ. (хх-ийн 78-79)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 559 дугаартай “...1.Х.****** ын биед духанд шарх, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3.4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт  (хх-ийн 18-19)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаартай “...1.У.****** ын биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт  (хх-ийн 23-24)

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай (хх-ийн 1)

Гэрч Г.Цэндцэрэнгийн мэдүүлэг (хх-ийн 14-15)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34)

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 33)

У.****** ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 28, 29)

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 70) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч У.****** т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Б овогт У ийн Т т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 24-23 тоотод байх гэрт болон хашаанд хохирогч Х.****** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт хундгаар 1 удаа, мөн хамар хэсэг рүү 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч У.****** ын “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай хашаанд байдаг айлд найр болсон. Тэгээд намайг ор гэхээр нь өдөр 14 цагийн үед ороод архи уусан. Тэгээд байж байтал манай арын хашааны айлын хүн орж ирээд гадаа нүх ухсан гэрлээ цуг залгуулья гэхээр нь гараад нүх ухаад байж байтал ******  гарч ирээд чи “Шийрийн гол”-ын хүүхэд биш писда минь гэж хэлээд намайг нэг цохихоор нь би уур хүрээд эргүүлээд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон маань үнэн. Тэр үед ****** ын бэр бас над руу агсраад дайраад байсан. Би тэр үед Х.****** ын биед гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.****** ын “...миний дүүгийн том охиныг хадмууд нь гуйна гэхээр нь би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой Хэнтий аймагт ирсэн байсан. Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай дүүгийн охиныг хадмууд нь гуйгаад найр болоод хүмүүс ирцгээсэн байсан. Тэгээд дүүгийндээ байж байтал худ талын хүмүүс болон манай дүүгийн найз гэх ******  гэх хүн ирчихсэн байсан. Тэгээд тэр ******  гэх хүн ирээд намайг танимхайраад “би Норовлингийн Шиврийн голынх юм аа” гэхээр нь “би тэр нутгийн хүн чамайг танихгүй юм байна” гээд хоорондоо юм яриад байж байтал ******  нь гартаа барьж байсан хундагаараа миний нүүр лүү цохиж байсан. Тэгснээ гэнэт манай бэр ****** тэй муудалцаад гадаа гарахаар нь би юу болов яав ийв гээд гараад салгах гэтэл ******  гээд залуу нь гараараа миний хамар луу нэг удаа цохиод хамраас маань цус гараад явчихсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж намайг авч эмнэлэг рүү хүргэж өгөөд үзүүлэхэд миний зүүн хөмсөгний дээд талд зүсэгдсэн шарх байсныг 4 оёдол тавьж оёсон. Мөн миний хамар хугарсан байна гэж хэлж байсан. Би өнөөдөр өөр хүн амьтантай маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тэр ******  гээд залуу л миний биед гэмтэл учруулсан...” гэх, гэрч Ц.****** ийн “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай том охиныг хадмууд нь гуйгаад бэр гуйгаад найр хийсэн юм. Тэгээд манай нөхрийн төрсөн ах ******  Улаанбаатар хотоос ирээд мөн манайд буусан хашааны эзэн болох манай нөхрийн найз ******  ч манайд ороод ирчихсэн аль аль нь уусан байсан. Тэгээд яг ямар шалтгааны улмаас болж муудалцсаныг мэдэхгүй өдөр 17 цаг 30-40 минутын үед гэнэт гэрийн гадаа ****** , ******  ах хоёр муудалцаад ******  нь ******  ахын хамар луу цохиод цус гаргачихсан байсан. Миний харснаар ******  ах цус нөжтэйгөө холилдчихсон ******  цохичихлоо гээд байж байсан. Тэгээд ******  ах өөрөө цагдаа дуудсан. ... зүгээр байсан. ******  цохисны дараа цус гарч мөн зүүн хөмсөгнийх нь дээд талд шалбарчихсан байсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 559 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч У.******  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч У.******  нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.****** ын үйлдлийн улмаас хохирогч Х.****** ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 559 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч У.****** т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.****** ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч У.****** ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.****** ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.****** ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.******  нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч У.****** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Х.******  нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд У.****** аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.******  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У.******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт У ийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уртнасангийн ****** т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.****** ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.******  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд У.****** аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У.******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.****** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР