Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

  2024          02           16                                            2024/ШЦТ/41

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн

Улсын яллагч Г.Анхбаяр

Хохирогч С.****** ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******

Шүүгдэгч Б.******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б ийн Б т холбогдох эрүүгийн 2339000000452 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.******  нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах автобусны буудал дээр хохирогч С.****** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зүүн хөлөөрөө мэх хийн газар унагаан С.****** ын биед зүүн шилбэ ясны гадна хавчаар ясны хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С.******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хоёр найзтайгаа архи уугаад гараад такси барих гээд явж байхад нэг залуу хажуугаар зөрж өнгөрөхдөө маргалдаад барьж аваад намайг унагаасан. Тэгээд шууд яваад өгсөн...” гэв.

 

Хохирогч С.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Өнгөрсөн Даваа гараг буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт жоохон ажил хийчхээд өдрийн 12 цагийн үед Хэнтий аймгийн төвд Портер маркийн ****** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ирж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах “Комфорт импекс” ХХК-ийн хашаанд унаж ирсэн тээврийн хэрэгсэл болон хувцсаа тавиад үсээ засуулахаар манай байгууллагын нярав Амгалангаар аймгийн төвд байрлах нэг үсчний гадаа буусан. Үсээ засуулчхаад Хэнтий аймгийн төвийн дэлгүүрээр болон аймгийн зүүн зах хэсгээр явж байгаад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй танилцсан. Тэр хоёр хүн надтай адилхан сонсголын бэршээлтэй байсан. Тэгээд бид гурав архи, пиво зардаг баар руу орж тэндээ зургаан ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пивыг бүгдийг нь хувааж ууж дуусаад гарч байснаа санаж байна. Тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байж байгаад эмнэлэг дээр өвдөлт мэдрэн сэргэснээ санаж байна. Удалгүй нэг эрэгтэй эмч ирээд миний зүүн хөлийг боож, шохойдож өгөөд намайг хоёр цагдаагаар миний ажилладаг “Комфорт импекс” ХХК-ийн хашаанд хүргэж өгсөн. Тухайн үед согтуу байсан болохоор юм санахгүй байна. Эмнэлэгт очоод өвдөлт мэдрээд сэргэсэн. Өмнө биеийн байдал хэвийн байсан. Би тэр баарнаас гарч байсныг санаж байна. Тэр явдлаас хойш юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 29),

 

Гэрч С.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Сүхбаатарын ****** ын төрсөн дүү юм. Манай ax С.******  нь төрөлхийн сонсгол болон ярианы бэрхшээлтэй. Ажил хийх чадамжтай. Саяхан 2023 оны 05 дугаар сард миний ажилладаг “Комфорт импекс” ХХК нь Хэнтий аймгийн төв гэр хорооллын дулаан болон цэвэр усны шугамын ажлыг хариуцаж хийхээр болсон. Би тус компанид ерөнхий инженерээр ажилладаг болохоор төрсөн ах болон түүний эхнэр хоёрт ажиллах санал тавьж надтай цуг Хэнтий аймагт ирсэн. Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ах С.******  Дорнод аймгаас 12 цагийн үед Хэнтий аймгийн төвд Портер маркийн ****** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ирж Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн баруун талд байрлах манай түр кемпэд очсон. Би тэр үед Бор-Өндөр сумаас Хэнтий аймгийн төв рүү замд явж байх үед таарсан. Ах ажлын байр дээр хувцас болон тээврийн хэрэгслээ тавьчихаад гарсан талаар манай байгууллагын нярав Амгалангаар аймгийн төвд байрлах нэг үсчний гадна буусан гэсэн. Тэрнээс хойш би болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны 23 цагийн үед манай ажлын ажилтан ****** над руу залгаад “Танай ах кемпэд ирсэн. Ирэхдээ хөл бэртсэн бололтой гипстэй ирсэн. Хоёр цагдаа хүргэж ирлээ” гэхээр нь маргааш учир нь олдох байх гээд өнгөрсөн. Харин өглөө уулзахад биеийн байдал нь хүндэвтэр ёолоод байхаар нь шууд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр төрсөн эгч С. ****** н хамтаар 11 цагийн орчимд явуулсан. Өглөө асуухад ах Хэрлэн сумын 5 дугаар баг дөрвөн замын уулзварын хойд талд зүүн тийш харсан автобусны буудлын орчимд машин намайг дайраад явсан гэж хэлсэн. Өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 34)

 

Гэрч М.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тасгийн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Билгүүний хамтаар хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэн явж байсан юм. Билгүүнийг тасгийн дарга дуудсан болохоор ажил руу нь хүргэж өгчихөөд Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Тулга” үйлчилгээний төвийн орчмоор хяналт шалгалт хийх үед урьд нь харж байсан ******  гэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн байдалтай сууж байхаар нь албаны машинд сугадан суулгаж гэрийн хаяг болон очих газрыг нь асуухад тус багт байдаг автобусны буудлын хойд байдаг зургаан давхар байрны гадаа бууна гэсэн. Тэгээд би “Тулга” пабын гаднаас хөдлөн Ц-03 байрны зүүн талд очиж ямар хэдэн давхар, хэдэн тоотод очих бэ? Би оруулж өгөх үү? гэж асуухад би өөрөө орчихно гээд машинаас буусан юм. Хар хөх өнгийн саравчтай зуны малгай, адил өнгийн цамц, түрүүтэй хром маягийн гутал өмссөн явж байсан. Гадуур куртик хүрэмгүй буусан. Бас саарал цайвар өнгийн ширэн бүс бүсэлсэн харагдсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бас “Тулга” орчмоор явж байхыг харсан юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 48)

 

Гэрч М.****** гийн мэдүүлэг (хх-ийн 44)

Гэрч Ж.****** ын мэдүүлэг (хх-ийн 50-51)

Гэрч Д.****** гийн мэдүүлэг (хх-ийн 53-54)

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 533 дугаартай “...1.С.****** ын биед зүүн шилбэ ясны гадна хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 60-61),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 9)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-15)

Б.****** ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа,  (хх-ийн 75, 76)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72), сиди бичлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.****** ээс шинээр гаргаж өгсөн “Жаст ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын эрхлэгч Б.****** гийн тодорхойлолт 1 хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн “Комфорт импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.****** ийн тодорхойлолт, 240,390 төгрөгийн үнийн дүн бүхий эмчилгээний баримт 2 хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.****** т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Б овогт Б ийн Б  нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах автобусны буудал дээр хохирогч С.****** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зүүн хөлөөрөө мэх хийн газар унагаж, эрүүл мэндэд нь “зүүн шилбэ ясны гадна хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.****** ийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.****** ын “...Үсээ засуулчхаад Хэнтий аймгийн төвийн дэлгүүрээр болон аймгийн зүүн зах хэсгээр явж байгаад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй танилцсан. Тэр хоёр хүн надтай адилхан сонсголын бэршээлтэй байсан. Тэгээд бид гурав архи, пиво зардаг баар руу орж тэндээ зургаан ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пивыг бүгдийг нь хувааж ууж дуусаад гарч байснаа санаж байна. Тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байж байгаад эмнэлэг дээр өвдөлт мэдрэн сэргэснээ санаж байна. Удалгүй нэг эрэгтэй эмч ирээд миний зүүн хөлийг боож, шохойдож өгөөд намайг хоёр цагдаагаар миний ажилладаг “Комфорт импекс” ХХК-ийн хашаанд хүргэж өгсөн. Тухайн үед согтуу байсан болохоор юм санахгүй байна...” гэх, гэрч М.Билэгтийн “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тасгийн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Билгүүний хамтаар хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэн явж байсан юм. Билгүүнийг тасгийн дарга дуудсан болохоор ажил руу нь хүргэж өгчихөөд Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Тулга” үйлчилгээний төвийн орчмоор хяналт шалгалт хийх үед урьд нь харж байсан ******  гэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн байдалтай сууж байхаар нь албаны машинд сугадан суулгаж гэрийн хаяг болон очих газрыг нь асуухад тус багт байдаг автобусны буудлын хойд байдаг зургаан давхар байрны гадаа бууна гэсэн. Тэгээд би “Тулга” пабын гаднаас хөдлөн Ц-03 байрны зүүн талд очиж ямар хэдэн давхар, хэдэн тоотод очих бэ? Би оруулж өгөх үү? гэж асуухад би өөрөө орчихно гээд машинаас буусан юм. Хар хөх өнгийн саравчтай зуны малгай, адил өнгийн цамц, түрүүтэй хром маягийн гутал өмссөн явж байсан. Гадуур куртик хүрэмгүй буусан. Бас саарал цайвар өнгийн ширэн бүс бүсэлсэн харагдсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 533 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.******  нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч Б.****** ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 533 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.****** т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.****** ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.******  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.****** ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.****** ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаан дээр хохирогч С.******  нь шүүгдэгч Б.****** аас эмчилгээний зардалд 240,390 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 3,600,000 төгрөг, нийт 3,840,390 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******  нь эмчилгээний зардал болох 240,390 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.****** ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Харин хохирогч С.****** ын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Комфорт импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24/09 дугаартай тодорхойлолтоос үзэхэд хохирогч С.******  нь тухайн компанид сард хэдэн төгрөгийн цалин авдаг болох нь тодорхойгүй байх тул шүүх энэ талаар тодорхой тооцоо гаргах боломжгүй байна. Иймд хохирогч С.******  нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.****** аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б ийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батмөнхийн ****** т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хохирогч С.******  нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.****** аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.****** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР