| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 02 02 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгч Ч.***** нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ч ын З т холбогдох эрүүгийн 2339000000431 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.***** нь Хэнтий аймгийн ***** сумын 1 дүгээр баг, “Жавхлант” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 ширхэг шинэс мод, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 ширхэг нийт 21 ширхэг буюу 5,4м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж байгаль экологид 910,737 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.***** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Хэнтий аймгийн ***** сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2022 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Намайг засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоот захирамжаар орон нутгийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Харин ойн санд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хараагүй учир одоогоор мэдэхгүй байна. Миний хувьд ***** сумын ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэжээ. (хх-ийн 14-15)
Гэрч О.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...миний бие ... тус сумын “Хэнтий Шинэс” сум дундын ойн ангид 2021 оноос эхлэн одоог хүртэл Ойн инженер албан тушаалд ажиллаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус сумын Наран нэгдүгээр багийн иргэн Ариунаа гэх эмэгтэй нөхөр болох ***** гэх хүний нэрээр /мод бэлтгэгч/ 23-014304 ХЭА сери дугаартай ойн цэвэрлэгээний ажлаар буюу 6 метр куб модны /гоожин/ эрхийн бичиг авсан. Ингээд тухайн эрхийн бичгийг Наран нэгдүгээр багийн “Асгат” гэх газраас буюу 683 хэсэглэлийн талбайгаас авна гэхээр нь миний бие тухайн иргэнд эрхийн бичиг олгосон. Эрхийн бичиг олгосноор тухайн багийг хариуцдаг байгаль хамгаалагчид хэлж хяналт тавих талаар тухай бүр мэдэгддэг. Мөн тухайн эрхийн бичиг авсан иргэн байгаль хамгаалагч нарт мэдэгддэг....” гэжээ. (хх-ийн 21-22),
Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороолол 3 дугаар байр 22 тоотод эхнэрийн хамтаар амьдарч байгаа. ***** сум Наран нэгдүгээр багт ээж, аав дээрээ хотоос ирэн очин байдаг. ***** суманд ирээд 10 дугаар сарын сүүл 10 хоногт хөдөө гэр Жавхлант уулын баруун хойд талд “Бадрах” гэх газарт малаа хариулаад явах үед тус багийн “Жавхлант” ууланд хөрөө дуугарч мод унах чимээ гарахаар нь очиход тус багт ганц гэрээрээ мал маллаж амьдардаг ***** гэх хүн ганцаараа хөрөө барьсан мод унагаж, бэлтгэж байсан. Би ***** гэх хүнд хандан “мод бэлтгэж болохгүй, та мод бэлтгэх зөвшөөрлөө авсан уу” гэхэд надад хандан “эрхийн бичигтэй” гэж хэлээд өнгөрч байсан. Тэгээд миний бие хэд хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 98130192 утасны дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэжээ. (хх-ийн 27-28),
Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие тус сумын ойн ангийн инженерээр 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн шинжээч томилж дүгнэлт хийлгэх тогтоолтой танилцаад хураан авсан гэх 68 ширхэг /1.6 метрийн/ урттай модонд хэмжилт хийж нүдээр үзэн түлшний модны стандарт /MNS5413:2011/-ын дагуу сийрэг шоо метрээр хэмжин нийт- 5.4 метр куб модыг Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4 дахь заалт, БОНХ-ын сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаал, БОАЖ-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Тухайн мод бэлтгэл хийгдсэн “Жавхлант” гэх газарт нь хамгаалалтын бүсийн нэгдүгээр мужид хамаарах тул бүх төрлийн хуурай модны нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг ойгоос түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалд заасны дагуу нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ 168655 төгрөг болон мод модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу /түлээний хуурай мод 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлэн тооцож 910.737 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээгээр гаргасан болно. БОНХСайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөрийн муж тогтоох 325 дугаар дугаар тушаалын хавсралтад хамгаалалтын бүсийн бүх ой нь 1 дүгээр мужид хамаарна гэж заасан байдаг..” гэжээ. (хх-ийн 31-32),
Шүүгдэгч Ч.***** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би Хэнтий аймгийн ***** сумын 1 дүгээр баг хөдөө хэсэгт мал маллан эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5-6 метрийн шинэс төрлийн түлээний хуурай модыг ***** сумын 1 дүгээр багт байрлах “Жавхлант” гэх газраас өөрийнхөө эзэмшлийн Пад /Бага оврын/ трактор тээврийн хэрэгслээр, ганцаараа, цагаан цэнхэр өнгийн гинжит хөрөө ашиглан бэлтгэж, хөдөө ***** сумын 1 дүгээр баг “Соглоо” гэх газарт өвөлжөөндөө буулгасан. Дараа нь Жавхлант гэх газарт дахин очиж мөн адил түлээний хуурай модыг ганцаараа бэлтгэж, уг бэлтгэсэн модоо ***** сумын төвд байрлах гэртээ буулгасан юм. Харин түүний дараа цагдаа ирсэн. Би “Асгатын даваа” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч тухайн газар нь манай өвөлжөөнөөс 7 км орчим зайтай байдаг ба тухайн үед би өвөлжөөндөө ойрхон гэж бодоод “Жавхлант” гэх газраас мод бэлтгэж авсан юм. Би хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх гэжээ. (хх-ийн 100-101),
Хэнтий аймгийн ***** сум дахь “Хэнтий шинэс” сум дундын ойн ангийн
инженер Б.***** ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөрийн муж тогтоох тухай 325 дугаар тушаалын хавсралт: Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалд заасны дагуу Монгол Улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой нь “Нэгдүгээр муж”-д хамаардаг. Тус мод бэлтгэл хийсэн газар нутаг нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид хамаарна. Экологи эдийн засгийн үнэлгээ 5.4 м³х168,655x1.0=910737 төгрөг. Тайлбар: Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу дараах итгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд: ... Түлээ /хуурай/ -1.0
Тухайн мод нь түлээний хуурай мод тул 1.0 итгэлцүүрээр үржүүлэв.
Тухайн мод нь хатсан, хуурай түлээний шилмүүст төрлийн шинэс мод байна..” гэх дүгнэлт (хх-ийн 40-41)
Хэнтий аймгийн ***** сум дахь “Хэнтий шинэс” сум дундын ойн ангийн инженер Б.***** ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай “...Тухайн хэргийн газарт тусгагдсан 52 ширхэг хожуулын шинж байдал, өнгөний хувирал, модны үртэснээс үзэхэд 21 ширхэг хожуул буюу дугаар 1, 4, 10, 18, 19, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28, 31, 33, 34, 38, 40, 49, 50, 51 хожуулууд шинэ, 31 ширхэг хожуул буюу дугаар 2, 3, 5, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 24, 29, 30, 32, 35, 36, 37, 39, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 52 хуучин хожуул байна. Хуучин хожуулын цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. Дээрх 52 хожуулаас 21 ширхэг хожуул нь тухайн хэрэг болсон гэх 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны хугацаанд тайралтад өртсөн байх боломжтой байна” гэх дүгнэлт (хх-ийн 42)
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 71-80)
Хэнтий аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/159 дугаартай захирамж (хх-ийн 16)
Мод бэлтгэх эрхийн бичиг, санамж (хх-ийн 33-34)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-286 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-69)
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаартай албан бичиг (хх-ийн 91)
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 81-84)
Шинжээч С.Амгаланбаатарын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 50-51)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104)
Ч.***** ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны малын тооллого, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, (хх-ийн 105, 106, 107, 108-109)
Хэнтий аймгийн “Авто тээврийн төв”-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дугаартай албан бичиг (хх-ийн 89)
Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл (хх-ийн 122-126)
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 128),
ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, хохирол төлсөн баримт (хх-ийн 133) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цэнхэр өнгийн бензин моторт хөрөө 1 ширхгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ч.***** т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Г овогт Ч ын З нь Хэнтий аймгийн ***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жавхлант” гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 ширхэг шинэс мод, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 ширхэг нийт 21 ширхэг буюу 5,4м3 хэмжээтэй шинэс модыг хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй, ногоон өнгийн, чиргүүлтэй пад трактороор тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 910,737 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Т.***** ийн “...Миний бие Хэнтий аймгийн ***** сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2022 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Намайг засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоот захирамжаар орон нутгийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Харин ойн санд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хараагүй учир одоогоор мэдэхгүй байна. Миний хувьд ***** сумын ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэх, гэрч О.***** ын “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус сумын Наран нэгдүгээр багийн иргэн Ариунаа гэх эмэгтэй нөхөр болох ***** гэх хүний нэрээр /мод бэлтгэгч/ 23-014304 ХЭА сери дугаартай ойн цэвэрлэгээний ажлаар буюу 6 метр куб модны /гоожин/ эрхийн бичиг авсан. Ингээд тухайн эрхийн бичгийг Наран нэгдүгээр багийн “Асгат” гэх газраас буюу 683 хэсэглэлийн талбайгаас авна гэхээр нь миний бие тухайн иргэнд эрхийн бичиг олгосон. Эрхийн бичиг олгосноор тухайн багийг хариуцдаг байгаль хамгаалагчид хэлж хяналт тавих талаар тухай бүр мэдэгддэг. Мөн тухайн эрхийн бичиг авсан иргэн байгаль хамгаалагч нарт мэдэгддэг...” гэх, гэрч Б.***** ы “...***** суманд ирээд 10 дугаар сарын сүүл 10 хоногт хөдөө гэр Жавхлант уулын баруун хойд талд “Бадрах” гэх газарт малаа хариулаад явах үед тус багийн “Жавхлант” ууланд хөрөө дуугарч мод унах чимээ гарахаар нь очиход тус багт ганц гэрээрээ мал маллаж амьдардаг ***** гэх хүн ганцаараа хөрөө барьсан мод унагаж, бэлтгэж байсан. Би ***** гэх хүнд хандан “мод бэлтгэж болохгүй, та мод бэлтгэх зөвшөөрлөө авсан уу” гэхэд надад хандан “эрхийн бичигтэй” гэж хэлээд өнгөрч байсан. Тэгээд миний бие хэд хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 98130192 утасны дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-286 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн ***** сум дахь “Хэнтий шинэс” сум дундын ойн ангийн инженер Б.***** ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №02, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №04 дугаартай дугаартай дүгнэлтүүд, шинжээч С.Амгаланбаатарын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.***** нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн ***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жавхлант” гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 ширхэг шинэс мод, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 ширхэг нийт 21 ширхэг буюу 5,4м3 хэмжээтэй шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 910,737 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ч.***** т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.***** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.***** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***** т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.***** нь хууль бусаар бэлтгэсэн 5.4 м³ шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 910,737 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,732,211 төгрөгийг төрийн сангийн 100180800988 тоот дансанд шилжүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.***** ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, ногоон өнгийн пад трактор, чиргүүл зэрэг нь шүүгдэгч Ч.***** ын өмчлөлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.***** аас 2,947,491 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, ногоон өнгийн, пад трактор, 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн чиргүүл, эд мөрийн баримтаар хураагдсан 120,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан цэнхэр өнгийн бензин моторт хөрөө 1 ширхэг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 5.4м3 хэмжээтэй шинэс модыг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цэнхэр өнгийн бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.***** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Ч ын З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чойжамцын ***** т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***** ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.***** аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,947,491 төгрөгөөр үнэлэгдсэн, улсын дугааргүй ногоон өнгийн пад трактор, 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн чиргүүл, эд мөрийн баримтаар хураагдсан 120,000 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан цэнхэр өнгийн бензин моторт гинжит хөрөө нэг ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 5.4 м3 мод зэргийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120,000 төгрөгийн үнэлгээтэй, 1 ширхэг цэнхэр өнгийн бензин моторт гинжит хөрөөг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Ч.***** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.***** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР