Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Готовын Уламбаяр |
Хэргийн индекс | 131/2018/0082/И |
Дугаар | 213/МА2018/00017 |
Огноо | 2018-04-17 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 213/МА2018/00017
*******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
МАНА БУД миний маркет үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч *******уянхишигийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******уянхишиг, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч *******, ******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын иргэн *******, ******* нар хамтарч зоогийн газар, дэлгүүр, караоке хүнсний худалдааны төв баръя гэж гуйсан. Ингэхдээ тухайн барьсан хөрөнгийг хамтарч өмчлөх буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр хамтарч нэрээ бичүүлнэ, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогоо 50, 50 хувиар хувааж авна гэж гэрээ байгуулан тохиролцсон юм. Ингээд бид 5 сарын хугацаанд 16x11 хэмжээтэй зоогийн газар, дэлгүүр, караоке хүнсний дэлгүүрийн зориулалттай худалдаа үйлчилгээний төв барьсан. Энэ хооронд *******, ******* бид хоёр малаа малчнаар хөлс төлөн хариулуулан, хөлсний ажилчдын хамт хоёргүй сэтгэлээр, цаг наргүй барилгын ажлыг эхнээс нь дуустал ажиллаж дуусгасан бөгөөд ******* хамтран барилцсан. Бидний зүгээс 35000000 /Гучин таван сая/ төгрөг гаргасан. Гэтэл *******, ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж аван үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш зангаа хувирган биднийг та нарын хэрэг байхгүй бид нар өөр хүнд зарсан хэмээн хэл амаар доромжлон 2017 оны 11 дүгээр сарын 29-нд хөөж гаргасан.
Иймд Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар эрхийг хүлээн зөвшөөрүүлэн, бидний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг зогсоож, сэргээн 16x11 хэмжээтэй зоогийн газар, дэлгүүр, караоке хүнсний дэлгүүрийн зориулалттай МАНА БУД Мини маркетын дундаа хамтран өмчлөгчөөр *******, ******* бид хоёрыг тогтоож өгнө үү..гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2016 оны 9 сард ******* Баян-Өндөр сумаас ирж миний үйлчлүүлэгч *******, ******* нарыг тус Бунхатын голд нутаглаж байхад уулзаж хамтарч зоогийн газар, караоке, хүнсний худалдааны төв баръя, тухайн барьсан хөрөнгийг хамтарч өмчлөх буюу үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээн дээр хамтарч нэрээ бичүүлнэ, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогоо 50, 50, хувиар хувааж авна гэж ярьж тохиролцсон. Тухайн барилга баригдах үйл явц, барилгын материалын зураг, барилгын нээлт хийж байгааг баримтжуулсан фото зургууд тухайн барилгыг хамтран барьсан дундын өмч гэдгийг нотолж байгаа. Уг барилгыг барихад *******, ******* нараас 27.727.000 төгрөг гарсан байдаг. Барилгыг барихад хөлсөөр ажилласан 14 хүн байдаг. Бусад хүмүүс нь 2 талын найз нөхөд хамаатан садангууд байдаг. Барилгыг эхнээс дуустал нь ажилласан хүмүүс бол *******, *******, хариуцагчийн нөхөр ******* нар байдаг. Барилга барихад Ч.А гэдэг хүн оролцоогүй. Бүх зүйлийг бэлэн болгосон хойно ******* ирээд барилгын нээлтийн үйл ажиллагаа явагдсан байдаг. Үйл ажиллагаа нь жигдрээд ашиг орлого хэвийн болоод явж байхад хариуцагч *******г удаа дараа хэл амаар доромжилж, хөөж явуулсан байдаг. Дараа нь ******* ирээд үйл ажиллагаа эв найрамдалтай явуулъя гэсэн боловч зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Би *******, ******* хоёрт барилга барьж байгуулахад та хоёроос нийт хэдэн төгрөгийн зардал гардаг юм. Энэ гарсан зардлаа тооцож, ашгаа аваад явахаар ярилцсан. Гэхдээ эхлээд миний нэр дээр авсан бүх зээлийг хамтарч төлөөд дараа нь ашиг гарч эхлэх үед ийм байдлаар ашгаа аваад явна гэж хэлснээр тэдэнтэй ингэж тохиролцсон. Бид нар барилгаа барьж дуусгахад манайхаас 65.300.000 төгрөг, Агийнхаас 6.900.000 төгрөг зарцуулагдсан.
Барилга байгууламжийн өмчлөл, гэрчилгээ авахтай холбоотой асуудлын тухайд би эхнээсээ газар болон эд хөрөнгийнхөө өмчлөгч нь би өөрөө учраас дийлэнх мөнгөө би өөрөө гаргана, энэнтэй маргахаар бол одоо энэ тохиролцооноос гарч болно гэдгийг хэлж байсан. Бидний хувьд хэн хэнийх нь малтай, малчин хүмүүс. Аль аль нь малаа малчнаар маллуулж, ах дүүс найз нөхдөө хамт ажиллуулан, хоол хүнс, зардлаа тэгш гаргаж ар амьдралаа дээрх хугацаанд адилхан зохицуулж явсан. *******, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан бүх зүйлс ер яригдаагүй, тохиролцсон зүйл биш, ор худлаа зүйлс бичсэн байна. Барилга байгууламжид болон үйл ажиллагааны эд зүйлд бага хэмжээгээр хөрөнгө оруулсан байх нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүсгэх шууд үндэслэл болохгүй. ******* миний өмчлөлийн МАНА-БУД миний маркетын дундаа хамтран өмчлөх эрхтэйг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Барилга баръя гэж эхэлж гуйсан гэж хэлж байна. Тийм зүйл байхгүй. Намайг Баянхонгор аймагт бичигт баримтаа хөөцөлдөөд явж байхад ******* үйлчлүүлэгчтэйгээ хэрэлдээд уйлаад над руу утсаар ярьсан. Барилга барихад эхлээд *******, ******* нараас 6.900.000, сүүлд 2.700.000 төгрөгийг өгсөн. Нийт 9.600.000 төгрөг өгсөн. Өөр ямар ч мөнгө аваагүй. Газар эзэмших гэрчилгээ миний нэр дээр байсан. Эд хөрөнгө өмчлөгч нь би байгаа. Дийлэнх мөнгөө би гаргасан. Бичиг баримтын асуудал дээр маргах зүйл байхгүй.
С.Цогбадрахаас 10.000.000 төгрөгийг миний нэр дээр зээлсэн байдаг. *******, ******* нар надтай хамт явсан асуудал байхгүй. Бүх зээлийг миний нэр дээр гарсан. Ц.Ганбат ахаас 5.000.000 төгрөг зээлсэн. Энэ хоёр хүнээс гадна Д.Чинзориг ахаас 4.000.000 төгрөг, А.Ариунцэцэгээс 5.000.000 төгрөг, Б.Эрдэнэбаатараас 10.000.000 төгрөг, “Төрийн банк”-аас 10.000.000 төгрөгийг тус тус зээлсэн. Миний нэр дээр нийт 44.000.000 төгрөгийн зээл байгаа. *******, ******* нарыг хөөж туусан асуудал байхгүй гэжээ.
Шүүх: 1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4, 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өндөр сумын 3-р баг Булган, Өгөөмөр 8 дугаар гудамж, 807 б тоотод байршилтай 170.9 м.кв талбайтай, Ү-0308000019 улсын бүртгэлийн дугаар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай МАНА-БУД нэртэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******, ******* нарыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар Ү-0308000019 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд хамтран өмчлөгч нарыг нэмж бүртгэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч *******уянхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Хариуцагч ******* нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөө бүрэн барьж босгоход 72.200.000 төгрөг, дараа нь бараа татахад 22.700.000 төгрөг, нийтдээ 94.900.000 төгрөгийн зардлыг гаргасан. Ингээд өөрийн нэр дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр өөрийн албан ёсны бүртгэлтэй компанийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Нэхэмжлэгч *******, ******* нараас нийт 9.600.000 төгрөгийг хариуцагч *******ийн хаан банк болон төрийн банкны дансанд шилжүүлэн хөрөнгө оруулсан. Энэ гүйлгээнүүдийн баримтыг шүүхэд гаргаж, хэрэгт авагдсан байгаа.
Үл хөдлөх хөрөнгө баригдсан 280 м.кв бүхий газар бол хариуцагч *******ийн нэр дээр албан ёсоор бүртгэлтэй. Уг газар дээр хоёр талын хөдлөх хөрөнгө болох мөнгө нийлж холигдсоноор дээрх салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө бий болсон явдал нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, эд хөрөнгө нийлж холилдсоны үр дүн нь мөн хуулийн 119.2, эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарсан нь мөн хуулийн 119.3-д заасан шаардлагуудыг хангаж байхад шүүх энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглэсэнгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг дээрх үл хөдлөх хөрөнгийг барихад нийлүүлсэн гэж зөрүүтэй тайлбарлаад байгаа хөрөнгөө хэрхэн нийлүүлж, хэлцлийн үндсэн дээр дундын эд хөрөнгө бий болгосон баримтаар нотолж чадаагүй байхад уг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон атлаа дундын өмчийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Нэхэмжлэгч *******, ******* нар анх нэхэмжлэлдээ мөнгө, ажилласан хөлс, хүнс зэрэг нийт 35.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гээд, дараа нь тайлбартаа энэ дүнгээ 39.420.000 төгрөг гээд, шүүх хурал дээр өмгөөлөгч нь 27.727.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж зөрүүтэй тайлбарладаг хэдий ч эдгээр хөрөнгө оруулалтаа нотолж чаддаггүй.
Хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээх, удирдлагын бүтэц, эрх үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах гэх мэт шаардлагуудыг зохицуулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний шинж хэлбэрийн төдий байгааг шүүх анхаарсангүй.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь төв дээр зүгээр байж байхаар барилга барихад чинь туслах зорилгоор барилга барихад оролцоод, хүнээс мөнгө зээлж 9.600.000 төгрөг буюу нийт зардлын дөнгөж 10 хувиар хөрөнгө оруулаад, одоо өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж өмчлөгчийн Үндсэн хуулинд заасан өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд манай гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгээгүй бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Дээрх “МАНА БУД” Мини маркетыг барихад тухай бүр янз бүрийн барилгын материал дутах, ажилчид ундаа, ус, бээлий, багаж нэхэх, элс шороо татах гээд тооцоолоогүй зөндөө зардал гардаг байсан бөгөөд тухай бүр барилгын ажлаа зогсоохгүйн тулд мөнгө гарган авч байсныг хариуцагч И А барилга барихад оролцоогүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй юм мөн *******, ******* нарын ажилласан өдрийг цалинжуулна гэж бодохоор нийт 39 420 000 төгрөг болж байсан болно.
Нэхэмжлэгч нар сайн сайхан зүйл бодож дэлгүүрээ барьж байсан болохоос биш ийм зүйл бодож байгаагүй болохоор баримт цуглуулж байгаагүй болно. Нэхэмжлэгч талаас анх барилгын материал авахад зарцуулсан мөнгө баримтаар гаргаж байна.
1. 10.000.000 /Арван сая/ төгрөг гарган Хил гаран барилгын материал авсанаа *******, ******* нарын фото зураг болон, хил гарсныг нотлох гадаад паспорт, хятадаас авчирсан барилгын материалын зураг байгаа болно.
2. 4.400.000 /Дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ *******ын дансруу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга байгаа.
3. 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган төгрөг/ 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******ын дансруу шилжүүлсэн дансны хуулга.
4. 7 000 000 /Долоон сая төгрөг/ Төрийн банкнаас зээлсэн холбогдох баримт.
5. 2.080.000 /Хоёр сая наян мянган төгрөг/ ажилчдын хоол хүнс, цалин хөлсөнд зарцуулсан мөнгө
6. 1.240.000 /Нэг сая хоёр зуун дөчин мянган төгрөг/ 20 толгой мал барилгад зарцуулсан.
нийт 27.720.000 /Хорин долоон сая, долоон зуун хорин мянган төгрөг/ зарцуулсан баримтаа гаргаж өгсөн болно. Бараа татахад 2.700.000 *******ын дансруу шилжүүлсэн ингээд нийт *******, ******* нараас баримтаар 30.420.000 төгрөг гарсан байдаг.
Бусдаас барилга барихад хамтарч авсан зээл /*******ийн нэрээр/ Ц.Ганбатаас 5.000.000, Ш.Цогбадрахаас 10.000.000, бусдаас бараа татахад хамтарч авсан зээл /*******ийн нэрээр/ В.Эрдэнэбаатараас 5.000.000, Д.Чинзоригоос 4.000.000, хариуцагч *******, ******* нараас гарсан мөнгө барилгын материал хил гарч авахад 10.000.000 /арван сая/, банкнаас зээлсэн 10.000.000 /арван сая/, бараа татахад 1.000.000 /Нэг сая/ нийт 21.000.000 /хорин нэг сая/ төгрөг хариуцагч талаас гарсан. “МАНА БУД” Мини маркетыг барихад 62.480.000 төрөг зарцуулж, дэлгүүрт бараа татахад 12.700.000 төгрөг тус тус зарцуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ МАНА БУД мини маркетыг дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа хариуцагч *******, ******* нар нь бид хоёрыг хамтарч зоогийн газар, дэлгүүр, караоке худалдааны төв баръя гэж гуйсан. Ингэхдээ тухайн барьсан хөрөнгийг хамтарч өмчлөх буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр хамтарч нэрээ бичүүлнэ. Тухайн үйл ажиллагаанаас олсон орлогоо 50,50 хувь хувааж авна гэж тохиролцсон гэж тайлбарладаг.
Хариуцагч талаас тайлбарлахдаа барилгыг барьж байгуулахад *******, ******* хоёрт та хоёроос нийт хэдэн төгрөгийн зардал гардаг байна, энэ гарсан мөнгөнийхөө хэмжээгээр тооцоод ашигаа аваад явахаар ярилцаж тохирсон гэж тайлбарлажээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч талууд хамтарч тухайн барилгыг барихдаа хоорондоо харилцан тохирч бичгээр гэрээ байгуулаагүй байх тул зохигч талууд анх барилгыг барихдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх асуудлыг хэрхэн зохицуулах, ашиг орлогоо хэрхэн хуваах талаар харилцан тохиролцоогүй маргаантай байна.
Нэхэмжлэгч *******, ******* нараас 9.600.000 төгрөгийг нийлүүлсэн болох нь баримтаар тогтоогддог бөгөөд үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг.
Харин *******, ******* нар нь 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдөр /хх-ийн 145-147 дугаар тал/ төрийн банкнаас 7.000.000 төгрөгийн зээл авсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ мөнгийг тухайн барилгад зарцуулсан болохоо нотлож чадахгүй байна.
Нэхэмжлэгч *******, ******* нараас гаргасан нотлох баримтанд /хх-ийн 102-104 дүгээр тал/ барилгын материал нийт 10.000.000 төгрөгөнд авч том гэрт хураасан байдал гэж тайлбарласан фото зураг байгаа боловч хариуцагч үүнийг үгүйсгэж байгаа ба энэ нь нэхэмжлэгч талаас тухайн барилгад 10.000.000 төгрөг зарцуулсан гэдгийг нотлож байгаа баримт болохгүй юм.
Нэхэмжлэгч *******, ******* нараас МАНА БУД мини маркетыг дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч *******, ******* нараас энэ барилгыг дундаа хамтран өмчлөх эрхийг шаардах үндэслэл байна уу гэдгийг шалгаж үзэхэд, нэхэмжлэгч *******, ******* нар нь тухайн барилгыг барихад тусалж өөрсдийн биеэр оролцсон болох нь тогтоогдож байгаа, 9.600.000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн болох нь тогтоогдож байгаа, 1.240.000 төгрөгийн мал хүнс зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа хэдий ч эдгээр байдлууд нь тухайн барилгыг дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж тогтоох үндэслэл болохгүй байна. Тухайлбал
1. МАНА БУД мини маркет нэртэй тухайн барилгыг барихад нийт хэдэн төгрөгөөр босгож бүтээн байгуулалт хийсэн нь тодорхойгүй.
2. нэхэмжлэгч талын оруулсан хөрөнгө нь тухайн барилгыг барьж байгуулсан үнийн дүнтэй харьцуулахад хэдэн хувийг эзэлж байгаа нь тодорхойгүй.
3. нэхэмжлэгч, хариуцагч талын оруулсан хөрөнгийн харьцаа тэгш биш, өөрөөр хэлбэл оруулсан хөрөнгө нь 50, 50 хувийн харьцаатай хөрөнгө оруулжээ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй.
4. нэхэмжлэгч талаас тухайн барилгыг барихад 27.720.000 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг боловч үүнээс 9.600.000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн болох нь тогтоогддог боловч бусад зарцуулсан хөрөнгийн тухайгаа нотлох баримтаар нотолж чадаагүй.
5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцох бөгөөд нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбогдуулж ямар нэг гомдол, нэхэмжлэл гаргаагүй.
Иймд эдгээр байдлуудаас дүгнэлт хийж үзвэл тухайн барилгыг дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж тогтоох үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгч *******, ******* нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь МАНА БУД мини маркетын дундаа хамтран өмчлөгчөөр бид хоёрыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага байгаа болохоос нэхэмжлэгч талаас хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсныг тогтоож өгнө үү гэсэн шаардлага байгаагүй, нэхэмжлэгч талаас оруулсан хөрөнгө ашигаа нэхэмжлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гаргаагүй байна.
Иймд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах МАНА БУД мини маркет нэртэй үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчөөр *******, ******* бид хоёрыг тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч *******уянхишигийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч *******т олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж *******т олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Г.УЛАМБАЯР