| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2020/0229/Э |
| Дугаар | 2020/ДШМ/808 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ДШМ/808
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч Б.Г,
шүүгдэгч Б.М,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 2011001940099 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Бийн М, 1973 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал, чимэглэлчин мэргэжилтэй, “Шайнингхаус” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 4, хүү, бэр, ач нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол, Намъяанжүгийн гудамжны 49-122а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Б.М нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд архины шилэн хундага шидэж хохирогч Б.Гийн эрүүл мэндэд дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Бн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 183.916 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 24-534 тоотод оршин суух Бадамдоржийн Г /ХЙ85041808/-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 316.084 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд архины шилэн хундага шидэж миний эрүүл мэндэд дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Хавтас хэрэг прокурорт шилжсэний дараа 316.084 төгрөгийн баримтыг прокурорын туслах Пүрэвдоржид өгсөн. Гэтэл туслах нь утсаар “баримтыг чинь алга болгочихлоо” дахин аваад ирэх боломж байна уу” гэсэн тул 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баримтаа дахин бүрдүүлж нөхөр С.Өнөрбуянгаар хүргүүлсэн. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр миний бие уг баримтыг 2 удаа гаргаж өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл прокурор энэ талаар юм хэлээгүй. Хохирлоос 316.084 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад мөнгөө жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчоос хохиролтой холбоотой баримт өгсөн эсэхийг туслах ажилтнаас асуухад “надад өгсөн, хавтас хэрэгт хавсаргалгүйгээр шүүх рүү шилжүүлсэн” гэж хэлсэн. Хэрэг шүүхэд шилжсэний дараа баримтыг туслах ажилтанд өгсөн гэж хэлсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд архины шилэн хундага шидэж хохирогч Б.Гийн эрүүл мэндэд дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Гийн “...Гэнэт ардаас архины хундага шидээд, толгой хагараад цус гарсан. ...Тэр эгч “та нар яагаад юм шидээд байгаа юм бэ” гээд дахиад юм авч шидэх гээд байсан. ...Тэгээд тэр эгчтэй маргалдаад цагдаа дуудсан. ... “ /хх 12-14/,
гэрч Т.Батнямын “...Манай ширээ рүү бор өнгөтэй хоосон пивоны шил шидээд М эгчийн зүүн талд нь унасан. ...М эгч ... нөгөө пивоны шилийг буцаагаад ... шидчихээд гадаа гараад тамхи татаад зогсож байтал нэг эмэгтэй гарч ирээд толгой хагалчихлаа гээд хэрэлдээд байсан. ...” /хх 15/,
гэрч Б.Намжилсүрэнгийн “...Цаад талын ширээний эгч ... вискиний дөрвөлжин шилэн хундага шидээд Гийн толгойн дагз руу оноод хагалчихсан. ...” /хх 18-19/,
Б.Мын яллагдагчаар өгсөн “...Гэнэт манай ширээ рүү пивоны шил шидээд миний хажууд ... унасан. ...Гэнэт уур хүрээд ширээн дээр байсан архины шилэн хундагыг аваад тэр хүүхнүүд рүү ... шидчихээд хувцсаа өмсөөд гараад явсан. ...Гадаа байж байхад хэдэн хүүхэн гарч ирээд нэг эмэгтэй нь “та миний толгойг хагалчихлаа” гээд толгойныхоо ар дагз хэсэгт гараараа бариад цус болчихлоо гээд харуулаад байсан. ...Би түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Гийн биед дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /хх 21-22/ гэх дүгнэлт,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.
Шүүгдэгч Б.Мын архины шилэн хундага шидэж хохирогч Б.Гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн архины шилэн хундага шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдалд дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Г “...316.084 төгрөгийн хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин прокурорын туслах Пүрэвдоржид өгсөн. ...”, прокурор Б.Итгэл “...хохирогч хохирлын баримт өгсөн эсэхийг туслах ажилтнаас асуухад “хэрэг шүүхэд шилжсэний дараа баримтыг туслах ажилтанд өгсөн, уг баримтыг хавтас хэрэгт хавсаргалгүйгээр шүүх рүү шилжүүлсэн” гэж хэлсэн. ...” гэсэн тайлбаруудаар хохирогч Б.Г нь эмчилгээ болон бусад зардалд нийт 500.000 төгрөг нэхэмжилснээс хавтас хэрэгт 183.916 төгрөгийн баримт авагдсаныг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд хохирогч Б.Гийн гомдлын энэ хэсгийг хүлээж авах боломжгүй.
Гэхдээ анхан шатны шүүхээс хохирогч Б.Гийн “...хохиролтой холбоотой 316,084 төгрөгийн баримт хэрэгт байхгүй...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар гомдол гаргах эрхийг хязгаарласан нь буруу болжээ.
Хохирогч Б.Гийн давж заалдах гомдлын “...Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өнгө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нэмэлт заалт оруулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирлын баримтыг прокурорын туслахад өгсөн боловч алга болгосон гэх асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 183.916 төгрөгийг гаргуулж хохирогч Бийн Г-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 316.084 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоос “...Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өнгө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ