| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 125/2025/0056/З |
| Дугаар | 221/МА2026/0791 |
| Огноо | 2026-11-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2026/0791
“М” ГХОХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 125/ШШ2026/0034 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “М” ГХОХХК
Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нр, Б.Хо
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 125/2025/0056/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 125/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Төрийн аудитын тухай 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 дугаартай актаар “М” ХХК-д ногдуулсан нийт 399,499,680 /гурван зуун ерэн есөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга зургаан зуун наян/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 384,006,660 /гурван зуун наян дөрвөн сая зургаан мянга зургаан зуун жаран/ төгрөгөөр багасгаж, үлдэх 15,493,200 /арван таван сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун/ төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ндээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
. “... Нэг. “М” ХХК-иас Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон 122/А2161067 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тогтоосон төлбөрийн акт хууль зүйн үндэслэл бүхий эсэх, тогтоосон дүн зөв эсэхийг тогтоох байтал Ховд аймгийн Дарви сумын ИТХ-ын 2018 оны 07 дугаар тогтоолын хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж, тус тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэж төлбөрийн актаас холбогдох төлбөрийг хасаж тооцсон нь маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.
Дарви сумын ИТХ-ын 07 дугаар тогтоол нь эрх зүйн мэдээллийн системд бүртгэгдээгүй ч аймгийн ИТХ-ын 2021 оны 5/08 тогтоолоор түүнийг хүчингүй болсон, 2019-2021 онуудад тус тогтоолыг бүх газар, эзэмшигч, ашиглагч нарт эрх тэгш мөрдүүлэн төлбөрийг төсөвт төлсөн, Дарви сумын газрын ажилтан, “М” ХХК-ийн захирал нарын байгуулсан гэрээнд уг тогтоолыг үндэслэсэн, түүнчлэн уг тогтоолыг хүчингүй болгуулах гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргийг тус тус аудитын стандартад заасны дагуу үр нөлөө, арвилан хэмнэлт, үр ашиг, залилангийн эрсдэлийг үнэлэн төлбөрийн акт тогтоосон болно.
Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацаа хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заажээ.
Гэтэл шүүх шийдвэрийнхээ 8.13-д “нэхэмжлэгчийг уг тогтоолыг мэдэж байсан, 2019 оноос эхлэн уг тогтоолоор ногдуулсан газрын төлбөрийн төлж байсан, тогтоолтой маргаж байгаагүй” гэдгийг тогтоосон атлаа ЗЕХ-ийн 94 дүгээр зүйлтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг дүгнээгүй орхигдуулсан байна.
Тухайлбал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс тухайн тогтоолын талаар хэзээ мэдсэн, тогтоолыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл хуульд заасан хугацааны дотор гарсан эсэх, хугацаа өнгөрсөн бол хугацаа сэргээх үндэслэл байсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн шинжилж, харьцуулан үнэлээгүй байна.
Гурав. Шүүх шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 5, 59, 67 дугаар зүйлийг үндэслэсэн боловч маргаан бүхий тогтоолд хамааралтай тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 64 дүгээр зүйлийн зохицуулалтыг тайлбарлаагүй. Хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд ИТХ-ын тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой зохицуулалт байсан боловч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр тухайлсан зохицуулалтыг нэмж хуульчилсан нь хуулийг нэг мөр ойлгох, практик дахь хэрэгжилттэй холбоотой бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг үнэлээгүй.
Дөрөв. Нэхэмжлэгч нь Дарви сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзэн газар ашиглалтын гэрээ байгуулсан, газрын төлбөр төлсөн, тухайн тогтоолоор тогтоосон эрх зүйн үр дагаврыг олон жилийн турш хүлээн зөвшөөрсөн байна.
Гэтэл төлбөрийн акт тогтоогдсоны дараа нэхэмжлэгчээс уг тогтоолыг эрх зүйн үйлчлэлгүй гэж маргаж эхэлсэн /гэтэл шүүхийн шийдвэрийн 8.13-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоолыг ЗХХА-ын бүртгэлд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсэн гэж дүгнэсэн/бөгөөд нэхэмжлэгч нь уг тогтоолыг 2020 онд мэдсэн гэх боловч мэдсэн даруй захиргааны актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах гомдол гаргаагүй, өөрт ашигтай байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын даргын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан ” газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ын дагуу төлж болох байсан /48000 төгрөг/ хэмжээнээс бага байхаар мөрдөж ирсэн нөхцөл байдлыг үнэлээгүй, өмнө нь хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байсан эрх зүйн байдлаа үгүйсгэн ашигтай үр дүн бий болгохыг эрмэлзсэн байдлыг харгалзан үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга ёс, төрд итгэх итгэл, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай нийцэхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна гэж заасныг бүрэн хэрэгжүүлэлгүйгээр, нийтийн ашиг сонирхолд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 125/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гарсан эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт захиргааны актыг “илт хууль бус” тогтоосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч “М” ГХОХХК-аас “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 ХОА-2024/30-4-ШТА-ГА дугаартай, нийт 399,499,680 төгрөг ногдуулсан төлбөрийн актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
... Дарви сумын Засаг дарга, газрын даамал нь “М” ХХК-ийн газрын төлбөрийг дутуу ноогдуулж, төсөвт төвлөрүүлээгүй 399,499,860 /гурван зуун ерөн есөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга найман зуун жар/ төгрөгийг Дарви сумын газрын төлбөрийн орлогын төрийн сангийн 100160400943 тоот дансанд 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төвлөрүүлэх...” гэж шийдвэрлэсэн байна.
4. Дээрх актаар ногдуулсан төлбөр 399,499, 860 төгрөг нь “М” ГХОХХК-ийн төлөх ёстой газрын төлбөрийг нөхөн ногдуулсан агуулгатай байх бөгөөд газрын төлбөр ногдуулж, төлүүлэх асуудлыг Газрын төлбөрийн тухай болон Татварын ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
4.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-д "Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина" гэж,
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ.
7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна: ... 7.2.18. газрын төлбөр;” гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.”,
42.2-т “Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүг нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно.” гэж тус тус нарийвчлан зохицуулснаас үзвэл татварын нэг төрөл болох газрын төлбөрийн ногдуулалтад хяналт тавьж, нөхөн ногдуулах актаар төлбөрийг төлүүлэх чиг үүргийг гагцхүү татварын албанд хуулиар тусгайлан харьяалуулсан байна.
4.2. Харин хариуцагчийн үндэслэл болгож буй Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;” гэж заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд газрын төлбөрийн нөхөн ногдуулалт хийж маргаан бүхий “Төлбөр барагдуулах акт” гаргах эрх хэмжээ олгогдоогүй байна.
4.3. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж заасан хүрээнд төсвийн байгууллага болох газрын төлбөрийн талаар үүрэг хүлээсэн Засаг дарга, Газрын албаны үйл ажиллагаанд хяналт тавьж хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийж, таслан зогсоох, хууль тогтоомжийг мөрдүүлэх бүрэн эрхтэй байх боловч газрын төлбөр төлөгч аж ахуйн нэгжийн татвар ногдуулалт, төлөлтийг хянаж, нөхөн ногдуулалт хийж “төлбөрийн акт” гаргах эрхгүй гэж үзэхээр байна.
4.4. Гэтэл хариуцагч Ховд аймгийн Төрийн аудитын газар нь хуулиар өөрт олгогдоогүй буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар газрын төлбөр барагдуулах тухай акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасанд хамаарч байна.
4.5. Анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэлийг хангаж, актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд тус шүүх нэгэнт эрх хэмжээгүй этгээдийн гаргасан маргаан бүхий актын агуулгад дүгнэлт хийх боломжгүй.
Учир нь энэхүү шүүхийн шийдвэр нь төрийн аудитын байгууллагын өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар бусад төрлийн захиргааны акт гаргах, татварын байгууллага нь хяналт шалгалт хийж, татвар /газрын төлбөр/ нөхөн ногдуулах акт гаргах эсэх нь нээлттэй тул тухайн байгууллагуудын бүрэн эрхэд тус шүүх урьдчилан нөлөөлөх эрхгүй.
5. Дээрхээс үзвэл нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д “... Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй” гэж тайлбарласан тул маргаан бүхий Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 ХОА-2024/30-4-ШТА-ГА дугаар “Төлбөр барагдуулах акт”-ыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 125/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийн хуулийн зохицуулалт удирдлага болгосон хэсгийн “...106.3.6, 106.3.13...” гэснийг “... 106.3.2, 106.3.12 ...” гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 ХОА-2024/30-4-ШТА-ГА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ