Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 127

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

          Шүүгдэгч М.Энхжаргал, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Сүрэгчин овогт Мажигийн Энхжаргалд холбогдох эрүүгийн 2017 2601 0191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт :     

          Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод Хэрлэн 4 дүгээр баг, ШСТТС байр 3-7 тоот хаягтай боловч, одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-161-А тоотод оршин суух,

          - урьд: 2001 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 190 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          - 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 535 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулинд хамрагдан суллагдсан,

          - 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          - 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 569 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, гавъяа шагналгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

          Сүрэгчин овогт Мажигийн Энхжаргал РД:ЖЯ74080218,

      

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч М.Энхжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сутайн буянт захын зүүн талд байрлах дугуй засварын гадаа зогсож байсан иргэн Д.Батбаярын 69-69 УНС улсын дугаартай Бенз МЛ-350 маркийн тээврийн хэрэгслэлийн кабинаас хохирогч С.Нямдоржийн цүнхтэй дунд гарын цагаан хаш, алтан нуухтай чулуун толгойтой хөөрөг 1 ширхэг, дунд гарын алтан нуухтай, даваа толгойтой, манан хөөрөг 1 ширхэг, хулганы дүрстэй сийлбэртэй цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 60D зургийн аппарат /хол ойрын дуран, цэнэглэгчийн хамт/ 1 ширхэг, 2 ширхэг гар утас, хүрэн өнгийн түрийвч зэрэг нийт 8.806.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,

            - хохирогч С.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 17 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн төв рүү явахаар гарч яваад замдаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сутайн буянт захын зүүн талын дугуй засварын газрын үүдэнд зогсоод 4 дугуйныхаа хийг азотоор жигд болгож нэмүүлсэн юм. Машин дотор надаас гадна арын суудал дээр хүүхэд залуу 2 хөзөр тоглоод байж байсан. Жолооч манай дүү Батбаяр байсан бөгөөд би дүүгийнхээ хамт буугаад машиныхаа хийг нэмүүлчихээд эргэж буцаж суугаад хөдөлсөн. Тэр үед цүнхээ алдсанаа мэдээгүй явж байсан. Цаашаа хальт хөдлөөд Сутайн буянт захын үүдэнд зогсоод кофе уух гээд үүргэвчээ үзэхэд байхгүй болсон байгааг мэдсэн. Ингээд л цагдаад мэдэгдсэн. Цагдаа шалгаад орой нь миний цүнхтэй эд зүйлийг олж өгсөн...намайг бууж суух үед л хулгай хийсэн болов уу..машины хаалга түгжээгүй онгорхой байсан. Дотор нь арын суудал дээр хүүхэд залуу 2 хөзөр тоглож байж байсан...тэр 2 ч анзаараагүй юм байна лээ..миний хувьд алдсан зүйлээ олж авсан тул ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна. Хуулийн дагуу л шийднэ биз. Ямар нэгэн нэхэмжлэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-17-22/,

          - гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн эзэмшлийн 69-69 УНС улсын дугаартай МЛ-350 Бенз маркийн машинтай авга ах Нямдорж, нагац дүү Пүрэвдорж, миний 13 настай хүү Сосорбарам нарын хамт Өвөрхангай аймгийн Гучин ус сум руу явахаар төв замаар баруун тийш явж байгаад дугуйны хий жигд бус байхаар нь Сутайн буянт захын зүүн талд байрлах дугуй засварын гадаа зогссон. Арын суудал дээр манай хүү Сосорбарам, дүү Пүрэвдоржтой хөзөр тоглоод явж байсан. Би жолоо бариад Нямдорж ах жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Тэгээд дугуй засварын гадаа очоод зогсож би буухад Нямдорж ах миний араас буусан. Тэгээд тэнд дугуйн хийгээ үзүүлээд удалгүй хөдөлсөн. Тэгэхэд Нямдорж ах үүргэвчтэй зүйлээ асуухад мэдэхгүй байснаас алдагдсаныг мэдэж цагдаад мэдэгдсэн. Тэгээд орой цагдаа дээр ирэхэд хулгай хийсэн хүнийг барьчихсан. Цүнхийг нь бүрэн бүтэн олж өгсөн. Үүргэвчинд нь 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас, нэмэгдэл дурантайгаа зургийн аппарат, түрүүвч, сахлын машин, үнэртэй ус гээд л олон зүйл байсан гэж байсан. Түүний үүргэвчинд юу байсныг нь хараагүй. Алдагдсаны дараа л Нямдорж ах тийм зүйлүүд байсан талаар ярьж байсан. Тэр үүргэвч нь фото аппарат хийх зориулалтын үүргэвч байсан...гэх мэдүүлэг /хх-26-27/,

          - гэрч Ч.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:...тэгээд 5 шар өнгөрөөд явж байгаад дугуйны хий жигд бус байхаар нь Сутайн буянт захын зүүн талд байрлах дугуй засварын гадаа зогссон. Би арын суудал дээр Батбаяр ахын хүү Сосорбарамтай хөзөр тоглоод байж байсан. Батбаяр ах Нямдорж ах нар бууж дугуйныхаа хийг шалгуулсан. Тэр үед арын суудал дээр Сосорбарамтай хөзөр тоглоод анзаараагүй байж байсан. Тэр 2 болчихоод орж ирж суугаад хөдлөөд явахад Нямдорж ах урд суудалд суухдаа үүргэвчээ хажуудаа аваад суусан байсан, түүнийгээ асуусан. Сосорбарам бид 2 ч анзаараагүй байсан болохоор мэдэхгүй гэж хэлээд машин дотроо хайж үзээд олоогүй болохоор алдчихсан гэдгээ мэдэж цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-28-29/,

          - эд зүйлийн үнэлгээ-8.806.000 төгрөг /хх-24/,

          - эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14-16/,

          - ял шалгах хуудас /хх-51/,

          - шийтгэх тогтоолууд /хх-53-62, 65/,

          - шүүгдэгч М.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хороололд манай эхнэр Оюунбат нь найз Мөөгий гэх эмэгтэйгийнд байж байна хүрээд ир гэсэн. Би тэгэхэд нь архи уучихсан явж байсан бөгөөд нилээд халамцуу 5 шарын автобусны буудалд буугаад баруун тийшээ алхсан. Замдаа Сутайн буянт захын зүүн талд байх дугуй засварын гадаа хар өнгийн бенз маркийн машин зогсож байхаар нь хаалгыг нь татахад онгорхой байсан. Урд талын суудал дээр хар өнгийн үүргэвч байхаар нь аваад шууд баруун тийшээ явсан. Намайг машины хаалга онгойлгох үед арын суудал дээр нь хүн байгаа бололтой байсан ямар хүн байгааг нь хараагүй. Тэгээд би эхнэрийнхээ найзынд ороод архи уусан. Үүргэвчтэй зүйлээ задалж үзээгүй...хальт нүдээр харахад даалимбатай 3 хөөрөг, 2 гар утас,, зургийн аппарат том дуран зэрэг зүйлүүд байгааг нь нүдээр гүйлгээд л харснаас нарийн үзээгүй. Цуг хүмүүстэй ч хулгайлсан гэж юм яриагүй. Тэгээд орой дахин гарч яваад цагдаад баригдсан. Цүнхтэй эд зүйлийг буцааж өгсөн. Цүнхтэй эд зүйлээс хэрэглэсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-42-47/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг болно.    

           

          Шүүгдэгч М.Энхжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сутайн буянт захын зүүн талд байрлах дугуй засварын гадаа зогсож байсан иргэн Д.Батбаярын 69-69 УНС улсын дугаартай Бенз МЛ-350 маркийн тээврийн хэрэгсэлийн кабинаас хохирогч С.Нямдоржийн цүнхтэй дунд гарын цагаан хаш, алтан нуухтай чулуун толгойтой хөөрөг 1 ширхэг, дунд гарын алтан нуухтай, даваа толгойтой, манан хөөрөг 1 ширхэг, хулганы дүрстэй сийлбэртэй цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 60D зургийн аппарат /хол ойрын дуран, цэнэглэгчийн хамт/ 1 ширхэг, 2 ширхэг гар утас, хүрэн өнгийн түрийвч зэрэг нийт 8.806.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэрэг тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын эх сурвалжаар нотлогдож тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Хулгайлагдсан эд зүйлийг хохирогч талд хүлээлгэн өгсөн /х-16/, хохирогч  нэхэмжлэх зүйлгүй /х-86/ болохоо илэрхийлжээ.     

            Шүүгдэгч М.Энхжаргал урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 535 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 18 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулинд хамрагдан суллагдсан /хх-54/, 

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /хх-58/,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 569 дугаартай шийтгэх тогтоол /хх-58-60/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт зааснаар ялтай байдал нь тоологдох үндэслэлтэй боловч тухайн хэргийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх тул ялтай байдалгүй гэж үзнэ.    

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.  

            Шүүгдэгч М.Энхжаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.  

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Энхжаргалд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Энхжаргалд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

            5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР