| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч З.Бат-Амгалан, хохирогч ***, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2310000002177 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашны дээд мэргэжилтэй, Голден буддад маркетингийн менежер, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаа тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, *** (РД:***)
Холбогдсон хэргийн талаар яллах:
Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Голден будда цогцолборын урд талын авто машины зогсоол дээр хохирогч ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч *** “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Хохирогч *** “...2023 оны 11 дүгээр сарын 24-ны өглөө 8 цагийн орчим аавын хамт “Голден Будда” төвд байх Хаан банк руу орох гээд автомашинаа зогсоолд байрлуулаад ар талаараа гарах гэхэд *** сигналдаад ёс бус үг хэлж доромжилсон. Тэрэнд нь би бухимдаад автомашиныг нь цохиод, хаалгыг нь онгойлгоод чи яагаад ингэж байгаа юм бэ гэхэд автомашинаасаа гарч ирээд нүдний шилээ халаасандаа хийгээд миний биед олон удаагийн давтамжтай халдсан. Манай аав байгаагүй бол зогсох шинжгүй байсан. Манай хөгшин настай аавын биед халдах гэж оролдсон. Би автомашин руу биеэрээ нааж зогсож байж *** тайвширч больсон. Аав бид 2 цагдаа дуудсан. Тэгэхэд би ажилтай байна явлаа гэхэд нь цагдаа дуудсан, учраа олж байж сална гэж би хэлсэн. *** та нар хүний дургүйг хүргэж байгаад цохиулж мөнгө олдог хүмүүс юм уу гэж хэлж байсан. Бас ээж нь ирээд би хуулийн хүн, хууль шүүхийн байгууллагад танил ихтэй, та нар хүний дургүй хүргэж байж зодуулсан гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад очоод мэдүүлэг өгсөн...
...Хохиролд 12,500,000 вон нэхэмжилж байна. Миний хамар хугараад амьсгалах боломжгүй болж, хавирганаас яс аваад хугарсан хамрыг босгох хагалгаа хийлгэсэн... гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өглөө 8 цагийн орчимд аав ***ын хамт яармагийн Мөнххада дээр очиж машин үзээд тэндээсээ Голден будда дээр очиж Хаан банк руу орох гээд Голден буддагийн авто зогсоол дээр машинаа байрлуулчхаад аавыг буулгахад би араас нь бууж машины урд очиж аавыг ганцаараа бууж чадах эсэхийг харахад машины урд очоод хараад зогсож байтал миний араас гэнэт жижиг цэнхэр өнгийн суудлын тэрэг хүрч ирж зогсоод удаа дараа сигнаалдаад намайг хэл амаар доромжлоод өнгөрөөд явах гэтэл би арын цонхийг нь гараараа цохитол нөгөө цэнхэр өнгийн машины жолооч нь бууж над руу хүрч ирээд бид 2-оос 3 секунд маргалдтал нөгөө үл таних жолооч намайг түрүүлж миний нүүр хэсэг рүү цохиод авсан. Тэгээд хэсэг манараад миний шил унахад нь би биеэ хамгаалах гээд өөрөөс нь холдох гэтэл миний баруун чих хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авахад нь манай аав салгах гээд хүрж ирэхэд тухайн үл таних жолооч аавын толгой хэсэг рүү 2-оос 3 удаа цохиод авсан чинь би хөгшин настай хүнийг яаж байгаа юм бэ гээд болиулах гээд очтол тухайн үл таних жолооч над руу дахиж дайраад миний толгой руу дахин цохисон, хажууд явж байсан танихгүй хүмүүс хүрж ирээд салгасан...” (хавтас хэргийн 14 дэх тал) гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед хүү ***ын хамт Голден будда цогцолборын автомашины зогсоол руу орж машинаа байрлуулаад манай хүү түрүүлж буугаад араас нь би хаалгаа хагас нээж хажуу талын машинтай тулж буусан. Би удаан буусан учраас манай хүү машины ар талд эргэж харж зогсоод та багтах уу гэж асуусан, тэр хооронд нэг цэнхэр өнгийн жижиг машин тулж хүрж ирснээ хүү *** руу сигналдсан, тухайн үл таних машины жолооч нь *** руу зам зайл пизда гэх мэтээр хэл амаар доромжлоод өнгөрөөд явах гэтэл *** тухайн жолоочийн эсрэг талын хаалганы цонх руу цохиод чи өөрөө зөв яваач яагаад учиргүй сигналдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө үл таних машины жолооч машинаасаа буугаад машиныхаа араар тойрж ирээд ***ыг нүүр хэсэг рүү нь цохиход *** гараараа хаахад би энэ хоёр зодолдох гээд байхаар нь би салгах гээд тухайн үл таних машины жолоочийг чиний буруу, явган хүн явах газар танхайрч байгаа юм бэ гээд загнаад тухайн жолоочийн куртикнээс нь бариад автал тэр жолооч нь над руу цохих гэтэл би холдоод бултахад манай хүү наад хүн чинь өвчтэй хүн гээд хажуугаас өмөөрөх маягтай орж ирээд салгах гэтэл нөгөө жолооч миний хүүгийн нүүр рүү 2-оос 3 удаа гараараа цохиод авсан. Би дахиж очиж барьж аваад хүү рүү хартал ***ын хамраас цус гарч нүүр хэсэг нь гэмтэл бэртэл авсан байсан. Хажууд байсан үл таних хүмүүс тэр хоёрыг барьж аваад салгасан...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн мэдүүлэг,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Голден будда дээр ажил дээрээ байсан бөгөөд ажлаасаа гараад дэлгүүр ороод буцаад ажил руугаа ороод буцаад ажлаасаа гараад иртэл гар утсаараа ярьж байхдаа гэнэт нэг газраас чанга чимээ гарахад нь би машин мөргөлдчихлөө гэж бодоод эргээд хартал нэг цэнхэр ногоон өнгийн машинаас нэг үл таних урт үстэй залуу бууж ирээд нөгөө талаас нь нүдний шилтэй залуу нь дөхөж ирээд тэр хоёр хэсэг маргалдаж байгаад гэнэт нүдний шилтэй залуу нь түрүүлээд тухайн урт үстэй залуугийн хөл рүү нь өшиглөхөд нь урт үстэй залуу нь эргүүлээд хаашаа нь мэдэгдэхгүй цохиод авсан тэгээд би тоолгүй гар утсаараа яриад буцаад ажил руугаа орох гэтэл хоёр үл таних эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь би эргээд хартал үл таних хоёр эгч маргалдаад байгаа хоёр залууг салгах гэтэл салгаж чадахгүй байсан учир би очиж салгах гээд очиход нүдний шилтэй залуутай хамт явж байсан ах нь тухайн урт үстэй залуугийн үснээс хоёр гараараа үстсэн доош нь дарсан байдалтай хажууд нь нүдний шилтэй залуу нь тус урт үстэй залуугийн цээж рүү хий цохиод байсан гэж харагдсан тэгээд би очоод арай хийж салгахад тухайн урт үстэй залуу дээр хүүхэд очиж дайраад байсан тэгээд дараа нь аав нь урд үстэй залуу руу дахиж дайраад байхаар нь би зүүн гараас нь бариад болиулахад нь дахиад дайрсан тэгээд би машин суугаад яваад өгөхөд дараа нь дахин ард тухайн урт үстэй залууг хоёулаа доош нь дараад машин руу түлхээд үлдсэн...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 14813 дугаар “...***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 21-22 дахь тал) гэсэн дүгнэлт,
102 тусгай дугаар өгсөн гомдол мэдээллийн тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал)
Хохирогчоос Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн дэвсгэртээ төлөгдсөн баримт (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримт (хавтас хэргийн 44-47 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 62-95 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын Живонжи (GNG hospital) эмнэлээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх 11 хуудас баримт зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Голден будда цогцолборын урд талын автомашины зогсоол дээр хохирогч ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаан улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 14813 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг нь шүүгдэгч *** нь түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***, хохирогч ***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***ийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс 35,969,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэсэн санал дүгнэлтийг гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч ***ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Монголд эмчилгээ хийлгэх боломжтой байсан боловч дахин дахин хагалгаа хийлгэх магадлалтай, гарах зардал нь Солонгос улсад хийлгэсэн эмчилгээний зардалтай ижил хэмжээнд байсан. Монголд хагалгаа хийлгэсэн эдгэрэлт нь бүрэн биш болох байсан. Учир нь одоо болтол хамраас нь байнга шингэн нус ялгарч байгаа. Иймд Солонгос улсад очиж хямд үнэлгээтэй эмнэлэг судалж хагалгаа хийлгэсэн. Тухайн үед миний үйлчлүүлэгчийн эцэг нь хамт байсан, энэ хэргийн улмаас сэтгэл санаа нь хямарч, хүүхдийнхээ төлөө санаа чилээж байсан. Ийм учраас сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар яригдсан боловч өмгөөлөгчийн хувьд одоо сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоох боломжгүй болсон байхаа гэсэн зөвлөгөө өгсөн тул нэмж сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Миний үйлчлүүлэгч 2 удаа Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэсэн. Шүүх хуралдаанд оролцохын тулд өчигдөр шөнө ирсэн. Маргааш дахин шинжилгээ хийлгэж хамраас гарч байгаа шингэнийг эмчлүүлэх гэж дахиад буцаж явна. Энэ зардлыг нэхэмжлээгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, хохирол төлсөн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үздэг. Шүүгдэгч урьд нь ял шийтгэл эдэлж байсан нь одоо яригдахгүй ч сургамж аваагүй, торгууль төлөөд болоод байдаг, торгох ялыг ял шийтгэл гэж ойлгохгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй гэж харагдаж байна. Ээж нь хуулийн байгууллагад ажилладаг учраас түүнд нь найдаж бусдын биед халдаад байдаг юм уу гэсэн зүйл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй нийгэмших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Иймд шүүгдэгчээс хохирол төлбөрийг нотлох баримтын дагуу гаргуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна... гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ***ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний биед учирсан гэмтэл, хор уршиг, үйл баримтыг тогтоосон хугацаа хөдөлбөргүй байх ёстой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Мед травма” эмнэлгийн компьютер томографын хариунд үндэслэж хохирогчид гэмтлийн зэрэг тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлт, компьютер томографын хариу, хохирогч талаас шинээр гаргаж өгсөн баримтуудаас харахад эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хохирол хор уршгийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Тухайн хэрэг 2023 оны 11 дүгээр 24-нд үйлдэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө эмнэлэгт үзүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө компьютер томографын хариу гарч, шинжээчийн дүгнэлт 2023 оны 11 дүгээр сарын 30-нд гарсан байна. Шүүхийн шинжилгээний байгууллага зовиур хэсэг, хэсэг газрын үзлэг, ерөнхий биеийн үзлэг гэсэн дарааллаар дүгнэлт гаргадаг. Дээрх цаг хугацаанууд хоорондоо зөрүүтэй байна. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө эмнэлэгт үзүүлсэн байхад “Мед травма” эмнэлгийн хариу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө хариу гарсан байна. Шинжээч эмчид үзүүлсний дараа “Мед травма” эмнэлэгт үзүүлсэн байх тул хэзээ нь компьютер томографын шинжилгээний хариугаа өгч дүгнэлт гаргуулсан бэ? 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүгнэлт гаргасан гэсэн баримт байхгүй. Яагаад гэвэл шинжээч эмч хэсэг газрын үзлэг хийхдээ 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бусдад зодуулсан гэж хэргийн үйл баримтын товч утгыг бичсэн. Шинээр гаргаж өгсөн баримтаар 2023 оны 11 дүгээр сарын 29-нд Солонгос улс руу нисээд 30-ны өдөр эмчийн үзлэгт орсон байна. 2023 оны 11 дүгээр сарын 29-нд онгоцонд суугаад явж байхад нь 30-ны өдөр шинжээч эмч дүгнэлт гаргасан байна. Дүгнэлт гаргахдаа 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжилгээгээр гэж бичээгүй. Тэгэхээр бид өөрт ашигтай байдлаар тайлбарлаж ойлгоно. 2023 оны 11 дүгээр сарын 25-нд шинжээч эмчид үзүүлсэн гэдгийг хэн тогтоох вэ? Шинжээч эмч хэсэг газрын үзлэгтээ он, сар, өдөр бичээгүй. Солонгос улсын эмнэлгийн тодорхойлолт нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байна, дараагийн шинжилгээний хариу нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж байгаа бол 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байсан эсэх нь тодорхойгүй байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтэд гарсан ч цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Улсын яллагч хяналт тавихдаа хохирогчийн явсан зам буюу тухайн хэрэг гарахаас өмнө хаана байсан, ямар гэмтэл байсан, гэмтэл ямар цаг хугацаанд үүсэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй байсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, шинжээчийн дүгнэлтийн цаг хугацаа, эмнэлгийн баримт бичгүүдийн цаг хугацаа бүгд харилцан адилгүй зөрүүтэй тул ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг баримтын дагуу төлж барагдуулсныг хохирол төлсөнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч баримтаар мөнгө нэхэмжлээгүй, онгоцны тасалбарын үнэ 3,160,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж миний үйлчлүүлэгч мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Солонгос улсад төлсөн воныг нотлох боломжгүй гэж үзэж байна. Албан ёсоор хохирогчийн ямар банкны ямар данснаас хэзээ мөнгө шилжүүлсэн талаар лавлагаа байхгүй, зөвхөн Солонгос улсын эмнэлэгт төлбөр төлсөн гэж бичсэн байна. Иймд шинээр гаргаж өгсөн баримтын дагуу хохирол төлөх боломжгүй. Солонгос улсын мөнгөн дэвсгэртээр тооцож байгааг ойлгохгүй байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь хохирогч талд нээлттэй. Бидний зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, ямар учраас миний үйлчлүүлэгч автомашинаасаа буух болсон бэ? Хоёр хүн байсан, өөрөө үсдүүлсэн, энэ талаар гэрч нар мэдүүлсэн зэргийг шүүх харгалзан үзнэ үү. Хувийн байдлын хувьд бага насны 6 хүүхэдтэй, сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг. Аав нь эрүүгийн хариуцлага хүлээлээ гээд бусад гэр бүлийн гишүүдэд халдах байдлаар оногдуулах нь зохимжгүй. Миний үйлчлүүлэгч “Голден Будда”-д маркетингийн менежер ажилтай, тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр оногдуулж өгнө үү... гэж тус тус мэтгэлцэв.
2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг зэргээс шүүгдэгч, хохирогч нарын бусадтай харилцах хувийн таарамжгүй зан, харилцаанаас үүдэлтэй, цаашид шүүгдэгч, хохирогч өөртөө дүгнэлт хийж зан, харилцаандаа анхаарвал зохионо.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор гаргасан санал, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчдийн өмгөөллийн дүгнэлт зэргийг харгалзан шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч ***т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар ***т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ы биед биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн эмчилгээний зардалд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх нэхэмжлэл /Бүгд Найрамдах Солонгос Улсын Живонжи (GNG hospital) эмнэлээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх 11 хуудас баримт/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 35,969,000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргажээ.
Шүүх дээрх 11 хуудас баримтыг шинжлээд хохирогч талын шинээр гаргасан баримтаас эмнэлгийн баталгаажуулалт гэсэн Живонжи (GNG) эмнэлгийн тодорхойлолтоос харахад ...2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн он, сартай эмчийн гарын үсэг, ...2024 оны 12 сарын 28-ны өдөр шинжилгээнд хамрагдаж, дараах үр дүн гарсан болохыг тодорхойлов... гэсэн байх ба хохирогч *** нь Живонжи (GNG) эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авсан, үүний үр дүнд 35,969,000 төгрөгийн хохирол учирсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжилж, төлбөр төлсөн талаарх баримтуудыг хавсаргасан нь шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургадугаар бүлэгт заасанчлан шүүх нотлох баримтыг таамаглал дэвшүүлэн үнэлэх боломжгүй юм.
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Бүгд Найрамдах Солонгос Улсын Живонжи (GNG hospital) эмнэлээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх 11 хуудас баримтыг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учрах гэм хор, уршиг, цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй зэргийг харгалзан шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***т оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учрах гэм хор, уршиг, цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ