Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч П.Болормаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Д.Цолмон, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2310035742161 дугаартай хэргийг өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Эн Би-Си” ХХК-д суурилуулалтын ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***а нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-д ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдөр тухайн зочид буудалд зохион байгуулагдсан үйл ажиллагааны заалны түрээсийн төлбөр болох 11,635,000 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *** тоот дансаар шилжүүлэн авч завшсаны улмаас тус компанид бага хэмжээнээс дээш буюу 11,635,000 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч ***а: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “...Би ***д нягтлан хийдэг. ***тай хамт ажилладаг байсан. Манай компанийн зааланд Амвей компани сургалт зохион байгуулсан. Түүний төлбөр 11.635.000 төгрөгийг *** авсан. Төлөх байх гэж харж байсан боловч төлөхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...

            ...Заал түрээслүүлэх ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулж, төлбөрийг байгууллагын дансанд шилжүүлэх үүрэгтэй...

          ...Төлбөрийг дараа төлнө гэсэн гэж явуулсан байсан. Бид ***ас яагаад төлбөр төлөгдөхгүй байна вэ гэхэд төлнө гэсэн гэж хэлсэн. Бид үйлчилгээ авсан байгууллагаас төлбөрөө яагаад төлөхгүй байна вэ гэж асуухад төлбөрөө төлсөн гэж хэлсэн. Яаж төлсөн бэ гэхэд ***н данс руу шилжүүлсэн гэж хэлсэн... гэв

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч *** ХХК-ний хууль ёсны төлөөлөгч ***гийн: “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай зочид буудалд “Ат\л/ау” гэх нэртэй сүлжээ компанийн сургалт зохион байгуулагдсан юм. Уг сургалт хоёр хоногийн хугацаатай болсон. Тухайн үед манай зочид буудалд менежерээр ажиллаж байсан ***ын *** гэх хүн хоёр өдөр манай зочид буудалд зохион байгуулагдсан төлбөрийг “Аnwау” гэх компанийн ажилтантай холбогдоод өөрийн хувийн дансаараа авч ашигласан учир цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Манай зочид буудалд сургалт зохион байгуулсны төлбөр нийтдээ 11,635,000 төгрөг болж байгаа. *** гэдэг хүн манай зочид буудалд 2010 оноос хойш ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдөр уг сургалтын төлбөрийг өөрийн дансаараа аваад ажилдаа ирэхээ больсон. *** мөнгөө Хаан банкны *** гэсэн дугаартай дансаар авсан... ***г “*** ресорт нүхт” ХХК-ны захирал *** нь 2018 оны 06-р сарын 01-ний өдрийн Б18/03 дугаартай тушаалаар тус компанид 1Т инженерээр томилсон. 1 сарын дараа буюу 2018 оны 07-р сарын 01-ний өдрийн Б18/14 дугаартай тушаалаар тус компанид ахлах менежерээр томилогдсон... хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан... “*** ресорт нүхт” ХХК-ны танхимын түрээсийн төлбөрийг тухайн байгууллагын нэр дээрх албан ёсны данс болох *** дугаартай голомт банкны дансаар төлбөрөө төлөх ёстой байдаг. Танхим түрээслүүлэх асуудлыг тухайн үед ахлах менежер *** хариуцаж байсан... компани дансанд гүйлгээ хийгдээгүй харин *** нь өөрийн эзэмшлийн дансандаа авсан байсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13-14 дэх тал) гэсэн,

 

Гэрч *** “Би *** тоот дугаарын данс миний данс байгаа юм. Энэхүү дансыг би одоо барагцаагаар ашиглаад 6-7 жил орчим болж байна.... 2023 оны 01 дүгээр сард шинэ оны лидерүүдэд сургалт орсон. Тэрхүү сургалтаа “***” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан. Тэрхүү хурлын заалыг 1 өдөр ашигласан. Нийт 1 өдрийн түрээсийн төлбөр нь 11.635.000 төгрөг болсон... Тэгтэл дараа нь манай ажлын нэг ах надад “Нүхт”-ийн “Корпорэйт” зочид буудал төлбөрөө төлөөгүй байна, төлөөрэй гээд байна” гэж хэлэхээр нь би мөнгө шилжүүлсэн баримтаа явуулж байсан... Нүхт корпрейт хотел ресорт”-ын менежер *** гэх хүнтэй *** дугаарын утсаар холбогдож, танхим түрээслэх асуудлын талаар ярилцаж, тохиролцсон юм... Би менежер ***ас өөр хүнтэй огт харьцаж байгаагүй... Танхимын нийт түрээсийн төлбөрийг тооцож өгөөд, танхим түрээслэхийн тулд урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би ***тай холбогдож урьдчилгаа төлбөр болох 6,000,000 төгрөгийг Ч.***н *** гэсэн дугаартай данс руу *** тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Нүхт корпрет хотел ресорт”-ын танхимд сургалтаа зохион байгуулчхаад үлдэгдэл төлбөр болох 5,635,000 төгрөгийг Ч.***н *** дугаартай данс руу Хан-Уул дүүрэг 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүхт корпрейт хотел ресорт”-д байхдаа шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 70 дахь тал)

 

*** ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/34 дугаартай тодорхойлолт болон хавсралтууд (хавтаст хэргийн 37-49 дэх тал)

 

Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29/11655 дугаартай албан бичиг болон Ч.***н эзэмшдэг *** тоот дансны, ***ийн эзэмшдэг *** дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

Яллагдагч Ч.***н Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

 

Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...сургалтын үйл ажиллагааны 11.635.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн хаан банкны *** дугаар дансруу шилжүүлэг хийлгэн авсан. ...өртэй хүнийхээ өрийг дарахаар данснаасаа бэлнээр авч авч өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) гэсэн,

 

Шүүгдэгч Ч.***н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 22-30, 74 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгчийн хувийн байдал болон *** ХХК-д хохирол төлсөн зэрэг нийт 9 хуудас баримт гаргасан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, ***д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ***а нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-д ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдөр тухайн зочид буудалд зохион байгуулагдсан үйл ажиллагааны заалны түрээсийн төлбөр болох 11,635,000 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *** тоот дансаар шилжүүлэн авч завшсаны улмаас тус компанид бага хэмжээнээс дээш буюу 11,635,000 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***, хохирогч  *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

*** ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/34 дугаартай тодорхойлолт болон хавсралтууд (хавтаст хэргийн 37-49 дэх тал)

Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29/11655 дугаартай албан бичиг болон Ч.***н эзэмшдэг *** тоот дансны, ***ийн эзэмшдэг *** дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

Яллагдагч Ч.***н Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-д ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдөр тухайн зочид буудалд зохион байгуулагдсан үйл ажиллагааны заалны түрээсийн төлбөр болох 11,635,000 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *** тоот дансаар шилжүүлэн авч завшсаны улмаас тус компанид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.***н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч Ч.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид 5.635.000 төгрөгийн төлөх төлбөртэй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэж шүүхэд гаргажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч ***н гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хохирол төлбөрийн хувьд төлөөгүй явж байгаад 2 хоногийн өмнө өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр 6.000.000 төлсөн байна гэж ойлголоо. Өнгөрсөн хугацаанд хохирол төлөх санаачилга гаргалгүй явж байсан. Үлдсэн хохирлыг төлнө гэж байгаа боловч илэрхийлнэ гэдэг нь бодитой байх ёстой. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү... гэж,

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн гэм бурууг шударгаар хүлээж мэдүүлэг өгч байсан байна. Ар гэр, ахуйн амьдрал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Торгох ял оногдуулах гэхэд ажилд ороод жинхэлж байгаа, хохирол төлбөр дутуу төлөгдсөн, ар гэрээ тэжээж явах тул энэ саналыг гаргахгүй байгаа. Мөн ажил хийж байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаагүй. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд хөдөө явж ажилладаг, хүүхдээ хардаг, магадгүй эмнэлэг явах шаардлага гарч болзошгүй тул энэ ялын саналыг гаргаагүй. Тиймээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү... гэж тус тус мэтгэлцэв.  

2. Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг төлсөн, цаашид үлдэгдлийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал, хохирогч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн өмгөөллийн дүгнэлт зэргийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ч.***г 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 9 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 5 (тав) сар, 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч ***д оногдуулсан 5 (тав) сар, 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнийг “Эн Би-Си” ХХК-д суурилуулалтын ажилтан хийдэг нөхцөл байдлыг шүүх харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар ***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас *** ХХК-д 11.635.000 төгрөгийн учруулсан ба эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр төлөгдөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ХХК-ийн Голомт банкны эзэмшлийн *** тоот дансан 6.000.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***ас үлдэх 5.635.000 төгрөгийг гаргуулж, *** ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2310035742161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ***д 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***н цагдан хоригдсон нийт 9 (ес) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 5 (тав) сар, 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***н эдлэх 5 (тав) сар, 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ас 5.635.000 төгрөгийг гаргуулж, *** ХХК-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ